Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 2022/ДШМ/55

 

  

 

 

 

  

   

 

 

      2022           12            12                                       2022/ДШМ/55

 

 

 

Ц.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Н.Болормаа, Ерөнхий шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

                                                                                           

Прокурор: Б.А,

Шүүгдэгч: Ц.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Т.У /зайнаас цахимаар/,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Золбоо нарыг оролцуулан,

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж, ерөнхий шүүгч Н.Адъяа, шүүгч Ж.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2022/ШТ/11 дугаартай шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Угийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн шүүгдэгч Ц.Бд холбогдох 2219001870212 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Батчимэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Б  урьд

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн №79 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн албадан ажил хийлгэх ялаар,

 

 Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн №66 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дэх хэсэгт зааснаар 3 сар 10 хоног баривчлах ялаар,

 

 Сум дундын 8 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн №63 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар тус тус шийтгүүлсэн.

 

 Шүүгдэгч Ц.Б нь 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ Дорноговь аймгийн Сайншанд сумын **** тоотод иргэн С.Чыг "гэрт шалдан унтаж байна" гэх зүйлээр шалтаглан түүний биед халдаж эрүүл мэндэд нь хүнд хохирлыг зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Аөөс шүүгдэгч Ц.Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

 

Анхан шатны шүүх: “Шүүгдэгч нь ... хохирол нөхөн төлбөрөө төлсөн, төлөхөө илэрхийлсэн эсэх нь тодорхойгүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт хэрэгт авагдаагүй, 1,652,000 төгрөгийн хохирлыг хохирогч болон аймгийн Нэгдсэн эмнэлгийн хэнд төлж барагдуулсан нь тодорхойгүй байхад хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан шаардлагууд бүрэн хангагдсан гэж үзэх үндэслэл байхгүй...” гэж үзэн шүүгдэгч Ц.Бд холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар шаардлагатай гэсэн үндэслэлээр Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт Ц.Бд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 221900180212 дугаартай хэргийг прокурор буцааж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “121969у8” гэсэн бичлэгтэй гагнаастай сүхийг хэрийн хамт прокурор хүргүүлж,  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.У давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “... Ц.Б нь хохирогч С.Чаас гаргаж өгсөн хохирлын нотлох баримтын хүрээнд нийт 1,652,500 төгрөгийг 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр өгсөн. ...Ц.Б нь хэргийн мөрдөн байцаалтын шатанд хохирогчид хохирлоо барагдуулах хүсэл зорилгын үүднээс түүний нэхэмжилсэн 1,652,500 төгрөгийг өгсөн байдаг. Хохирогч нь хохирлын баримт 1,354,000 төгрөг эмнэлгийн баримт, эм тарианы / и-баримт/ 298,500 төгрөгийн баримтыг үндэслэн төлсөн. Энэ хохирлоо төлчихвөл хохирол төлбөргүйд тооцогдоно гэсэн санаа зорилгын үндсэн дээр төлсөн.

 

 Гэтэл эмнэлгийн байгууллага нь хэргийг шалгаж буй цагдаа, прокурорын байгууллагад хохирлын баримтаа өгөхийн оронд хохирогчид өгснөөс үүдэн хохирогч уг 1,354,000 төгрөгийг өөрт авах ёстой гэж ойлгон Ц.Баас нэхэмжилсэн, улмаар хэрэв эмнэлэг эмчилгээ хийсний төлбөрөө аваагүй бол тус хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдож, иргэний нэхэмжлэгчийн зүгээс хэрэгт хохирлын баримтаа өгөх ёстой. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа буруу явагдсанаас Ц.Б дахин эмнэлгийн байгууллагад хохирол төлбөр төлөх ёстой болж байна. Гэтэл Ц.Б нь анхнаасаа хохирол барагдуулах санаа зорилготой байсан. Иймд дээрх байдлыг харгалзан анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаана уу.”гэв. 

 

Прокурор Б.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс хохирлын талаар эргэлзээтэй нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд хохирогчийг оролцуулж нэгдсэн эмнэлгээс юм уу эсвэл хохирогч нараас хэн нь хохирлыг төлж барагдуулах талаар тодруулах боломжтой гэж улсын яллагчийн зүгээс үзэж байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “мөрдөгч, прокурор, шүүх тогтоол гаргаж иргэний нэхэмжлэгчээр тогтооно” гэж заасан байгаа. Шүүх хуралдааны явцад хохирол төлбөрийн талаарх зүйлийг тодорхойгүй гэж үзвэл Нэгдсэн эмнэлгээс төлөөлөгч буюу иргэний нэхэмжлэгчийг оролцуулаад тухайн хохирол төлбөрийг хохирогчийн Нийгмийн даатгал юм уу Эрүүл мэндийн даатгалаас төлөгдөж тухайн мөнгийг хохирогч авах нь зүй ёсны байсан уу гэдгийг анхан шатны шүүхээс тодруулах боломжтой байсан гэж улсын яллагчийн зүгээс үзэж байгаа. Энэхүү хохирлын эргэлзээтэй баримт нь хэргийг шийдвэрлэхэд саад учруулахгүй гэж улсын яллагчийн зүгээс үзэж байгаа. Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.6 дугаар зүйлд хэргийг нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон. Харин хохиролтой холбоотой асуудлыг шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлаад гэм буруугийн шүүх хуралдаанд шилжүүлэх боломжтой байсан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн хэргийг прокурорт буцаасан шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж улсын яллагчийн зүгээс үзэж байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Угийн давж заалдсан гомдлыг үндэслэн хэргийг хүлээн авч,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн  тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

 

1. Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Аөөс шүүгдэгч Ц.Быг 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Сайншанд сумын **** тоотод иргэн С.Чыг "гэрт шалдан унтаж байна" гэх зүйлээр шалтаглан түүний биед халдаж эрүүл мэндэд нь “... баруун талын хацрын сэртэн болон чамархайн ясны хайрст эхэлж цааш гавлын суурь хэсэг, суурь ясны баруун талын их бага далавч дайрсан хоёрлосон хөндлөн хугарал, тархины баруун тал бөмбөлөгийн хатуу хальсан дээрх цусан хураа, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, дух, дагзны шарх” бүхий хүнд хохирлыг сүх буюу зэвсгийн чанартай зүйл хэрэглэж санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд  шилжүүлжээ.

 

2. Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд “шүүгдэгч нь ... хохирол төлбөрөө төлсөн, төлөхөө илэрхийлсэн эсэх нь тодорхойгүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй, 1,652,000 төгрөгийн хохирлыг хохирогч болон аймгийн Нэгдсэн эмнэлгийн хэнд төлж барагдуулсан нь тодорхойгүй байхад хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан шаардлагууд бүрэн хангагдсан гэж үзэх үндэслэлгүй ...” гэж үзэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6-д заасныг үндэслэн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар прокурорт буцаажээ.

 

3. Шүүгдэгч өмгөөлөгч Т.Угоос ийнхүү хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар хэргийг прокурорт буцаасныг эс зөвшөөрч “шүүгдэгч Ц.Б нь хохирогч С.Чаас гаргаж өгсөн хохирлын нотлох баримтын хүрээнд нийт 1,652,500 төгрөгийг 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр төлсөн. ...” гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдлыг гаргажээ.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3, 17.4 дүгээр зүйлийн 4.5-д тус  тус зааснаар “яллагдагч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтэд хохирлоо нөхөн төлсөн баримтыг хавсаргах”, шүүх хуралдаанаар “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн” эсэх нөхцөл байдлыг хянана.

 

Хэрэгт авагдсан хохирлын талаарх нотлох баримтыг хянаж үзэхэд хохирогч С.Ч 1652000 төгрөг нэхэмжилж, иргэний нэхэмжлэл гаргасан байх ба хохирогч С.Ч хэргийн материалтай танилцахдаа ямар нэгэн хүсэлт гаргаагүй, мөн түүнд шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “... хохирлоо барагдуулж авсан, эмнэлгийн төлбөрийг миний нийгмийн даатгалаас төлсөн” гэсэн нь шүүхийн мэдэгдэх хуудсанд тэмдэглэгдсэн /хх147/,  прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад болон шүүх хуралдаанд шүүгдэгч мэдүүлэхдээ уг нэхэмжилсэн төлбөрийг төлсөн талаар дурдсан байхад анхан шатны шүүх хохирлын талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй, хохирлыг хэнд төлөх нь тодорхойгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

 

Хэдийгээр Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх боловч энэ талаар хэрэгт иргэний нэхэмжлэл гаргаагүй байгааг анхан шатны шүүх анхаараагүй.

 

Тодруулбал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1, 3-т зааснаар гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд  хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэж ойлгох, ийнхүү шаардлага тавьж байгаа хүн хуулийн этгээдийг ... шүүгч захирамж гаргаж иргэний нэхэмжлэгчээр тогтоож болох юм.

 

Өөрөөр хэлбэл энэхүү хуульд заасан үндэслэл, нөхцөлийг тодруулах шаардлагатай гэж шүүх үзсэн тохиолдолд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэг хянан хэлэлцэхийг хойшлуулж болох ба энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад энэ хуульд заасан ердийн журмыг ... баримтална.” гэснийг зөрчихгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

5. Иймд давж заалдах шатны шүүхээс шүүх хуралдааныг 15 хоногийн хугацаагаар хойшлуулж, энэ хугацаанд  хохирогч С.Чаас хохирол төлбөр, түүний иргэний нэхэмжлэлийн талаар тодруулж, өөр иргэний нэхэмжлэгчээр тогтоогдвол зохих этгээд байгаа эсэхийг нягталж, шаардлагатай гэж үзвэл иргэний нэхэмжлэгчээр тогтоох ажиллагааг хийсний дараа шүүгдэгчээс хохирлоо төлсөн баримтыг гаргуулж, улмаар яллах дүгнэлт гаргахыг прокурорт даалгах нь зүйтэй гэж үзэв.

 

Харин дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан давж заалдсан гомдлыг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулахаар шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Мөн анхан шатны шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч  “гэм буруутай нь үнэн” гэсэн дүгнэлт гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.26 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3,  39.4, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2022/ШТ/11 дүгээр шүүхийн тогтоолын тогтоох хэсгийн  1 дүгээр заалтын “Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт Ц.Бд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 221900180212 дугаартай хэргийг прокурорт буцаасугай.” гэснийг

 

“Шүүгдэгч Ц.Бд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 15 хоногоор хойшлуулж, шүүхээс тогтоосон энэ хугацаанд шүүхийн шийдвэрт заасан асуудлыг шийдвэрлэхийг прокурорт даалгасугай.” гэж өөрчлөн,

 

4 дүгээр заалтыг хүчингүй болгож, 4 дүгээр заалтад “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүх хуралдаан хойшлуулсан шийдвэрт гомдол гаргахгүй.” гэж нэмж, бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Угийн давж заалдсан гомдлыг хангасугай.

 

            2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шүүгдэгч С.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.2, 1.3, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   А.САЙНТӨГС

 

                                              ШҮҮГЧИД                                   Н.БОЛОРМАА

                                                                                                   

                                                                                                  Н.БАТЧИМЭГ