| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувсааралын Дашдэчмаа |
| Хэргийн индекс | 182/2024/04662/И |
| Дугаар | 182/ШШ2024/03562 |
| Огноо | 2024-09-03 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 182/ШШ2024/03562
2024 09 03 182/ШШ2024/03562
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: ............. давхарт байрлах, Н ББСБ ХХК /РД:00000000/-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.Б /РД:000000000/-ийг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Е оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Н ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Д шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Иргэн М.Б нь 2022.02.28-ны өдөр жижиг дунд бизнесийг дэмжих зориулалтаар №ЗГ202202-321 тоот зээлийн гэрээ байгуулан сарын 3,2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай 3,960,000 төгрөгийн зээлийг авсан. Зээл, зээлийн хүү төлөх хуваарийг Монгол банкны Ерөнхийлөгчийн 2018 оны А-203 дугаар тушаалаар баталсан Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам-ын дагуу бодож, батлагдсан хуваарийн дагуу №ЗГ202202-321 тоот зээлийн эргэн төлөлт нь 2022.03.24-нд 255,700 төгрөг, 2022.05.13-нд 309,440 төгрөг, 2022.05.24-нд 480,000 төгрөг. Энэ оны 04 сарын 29-ны өдрийн байдлаар зээлийн эргэн төлөлт хийлгүй нийт 706 хоногийн хугацаа хэтрэлттэй байна. Зээлдэгч М.Б-ээс гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж утсаар холбогдох болон бусад шаардлагатай арга хэмжээг авсан боловч үр дүнд хүрээгүй байна. Зээлдэгчийн бүртгэлтэй гэрийн хаяг болох Чингэлтэй дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргахад нэхэмжлэл гаргасан хаягт ийм хүн байхгүй гэх хорооны засаг даргын тодорхойлолтыг үндэслэн 2024.06.04-ний өдрийн 102/ШЗ2024/11533 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Одоогоор зээлдэгчийн хаа байгаа нь тодорхойгүй байх тул эрэн сурвалжилж өгнө үү... гэжээ.
Хүсэлт гаргагч нь энэхүү шаардлагатай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид 2024.07.31-ний өдөр 70,200 төгрөг тушаасан баримт /хх-ийн 2 х/,
-Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.06.04-ний өдрийн 102/ШЗ2024/11533 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж /хх-ийн 3 х/
-Улсын бүртгэлийн 000000000000 дугаар бүхий хуулийн этгээдийн гэрчилгээ /хх-ийн 4 х/,
-Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 5х/,
-2022.02.28-ны өдрийн ЗГ202202-321 тоот зээлийн гэрээ /хх-ийн 6-8 х/,
-Зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 9 х/ зэрэг баримтуудыг хавсарган ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж заасан.
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.Б-ийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа тул түүнийг эрэн сурвалжлуулахаар Н ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Д шүүхэд хүсэлт гаргажээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаанд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.Б-ийн оршин суух хаягийг ............... тоот гэж тодорхойлсны дагуу Н ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 6,162,883 төгрөг гаргуулахаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан байна.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.06.04-ний өдрийн 102/ШЗ2024/11533 дугаартай шүүгчийн захирамжаар М.Б нь нэхэмжлэлд дурдсан хаягт ...бүртгэлтэй боловч тухайн хаягт амьдардаггүй... гэх хорооны Засаг даргын тодорхойлолт, Монгол шуудан ХК-ийн 26-р салбарын шуудангийн магадалгаа зэргийг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх-ийн 3 х/,
М.Б нь Н ББСБ ХХК-тай 2022.02.28-ны өдөр ЗГ202202-321 тоот зээлийн гэрээ байгуулан зээл авсан талаарх баримт хэрэгт авагдсан, энэхүү гэрээтэй холбоотой нэхэмжлэл гаргах Н ББСБ ХХК-ийн шаардлагад хариуцагч болох үндэслэлтэй байна. /хх-ийн 6-8 х/,
М.Б нь зээлийн гэрээнд тусгагдсан дээрх хаягт ...бүртгэлтэй боловч оршин суудаггүй... болох нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.06.04-ний өдрийн 102/ШЗ2024/11533 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, Н ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Д-ын шүүхэд ирүүлсэн хүсэлтээр тус тус тогтоогдлоо.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана, 155.4-т Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж тус тус заасан.
Иймд Н ББСБ ХХК-ийн хүсэлтийг хүлээн авч иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.Б-ийн оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг түүний сүүлд оршин сууж байсан харьяа дүүргийн Цагдаагийн байгууллагад даалгах нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааныг өөрийг нь оролцуулахгүйгээр хийж өгөх хүсэлтийг ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.Б /РД:0000000/-ийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар М.Б-ийг эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг түүний сүүлд оршин сууж байсан харьяа дүүргийн Цагдаагийн байгууллага болох Баянгол дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА