| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2018/0006/Э |
| Дугаар | 06 |
| Огноо | 2018-01-02 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | В.Төгсбаяр |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 02 өдөр
Дугаар 06
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,
Нарийн бичгийн дарга: Н.Чулуунчимэг,
Улсын яллагч: В.Төгсбаяр,
Шүүгдэгч С.У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайж овогт Содномпунцагийн Ут холбогдох 1729000790053 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч С.У нь 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Таван толгойн уурхайн орчимд эхнэр Б.Хишигсүрэнг бусадтай хардан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.У мэдүүлэхдээ: “ Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Дахин ийм гэмт хэрэг үйлдэхгүй ”гэв.
Хэрэг бүртгэлтийн шатанд хохирогч Б.Хишигсүрэнгийн өгсөн: ”...Би нөхөр Утай танилцаад 6жил, харин нэг гэрт ороод 4 жил болж байна. Энэ хугацаанд бид хоёрын дундаас 1 хүүхэд төрсөн бөгөөд хамт амьдрах хугацаанд архи уухаараа намайг хардаж хэрүүл маргаан хийдэг байсан. У нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нүүрс тээврийн чиглэлээр нүүрс тээвэрт явдаг харин би Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг. 2017 оны 11 сарын 01-ний өдөр У дээр ирсэн. Тэгээд бид хоёр Норд бенз маркийн тээврийн хэрэгсэлтэй хамт нүүрс тээвэрт явж байгаад 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Эрдэнэс таван толгойн уурхайн амны нүүрсний очерт зогсож байтал манай нөхөр архи ууж байгаад намайг урьд сууж байсан нөхөртэй хардаж хэрүүл маргаан хийж эхэлсэн. Тэгээд миний уур хүрээд өөдөөс нь хэдэн үг хэлтэл миний өөдөөс гарын араараа цохихоор нь би зөрүүлээд хувцаснаас нь зууртал намайг дахин цохихоор нь би нүүрээ хамгаалаад доошоо хараад хэвттэл миний дээрээс хэд хэдэн удаа цохиж байсан. Удалгүй миний амнаас цус гарсан ба би цусаа дараад үзүүлтэл намайг цохиж маргалдахаа болиод бид хоёр тухайн машиндаа амарцгаасан. ... Урьд нь У миний бие эрх чөлөөнд халдаж байгаагүй ба зүгээр хэрэлдэж маргалддаг байсан. Би цагдаагийн байгууллагад урьд нь хандаж байгаагүй. Би шүүх хуралд суухгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 09-р хуудас/,
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн №242 дугаартай шинжээчийн
С.Уын яллагдагчаар өгсөн: “...2017 оны 11-р сарын 07-ны өдөр би уурхайн амын орчимд очерт машиндаа байж байтал манай эхнэр Хишигсүрэн амралтаа аваад ирсэн. Тэгээд эхнэрийн авч ирсэн нэг шил 0,75 литрын “вита” гэх архийг машины кабинд хувааж уугаад амрахаар хэвтээд ойр зуурын юм ярьж байтал эхнэр өнгөрсөн зун хотод бариулсан байшингаа урьд нь сууж байгаад салсан нөхөр нь болох Дэмүүжингээр бариулсан гэж ярьсан. Би түүнийг нь мэдэхгүй байсан учир “чи тэгээд надад хэлэхгүй яасан юм. Тэрүүгээр байшингаа бариулахдаа яадаг юм бэ? гээд түүнээс болж муудалцсан. Манай эхнэр миний нүүрийг маажих гээд дайраад байхаар нь би нүүр рүү нь нэг удаа гараараа цохичихсон юм. Бас орондоо хамт хэвтэж байхдаа нуруу руу нь нэг удаа өвдөглөсөн. Тэгээд дахин хэрэлдэж муудалцаагүй унтацгаагаад маргааш нь өглөө сумын төв рүү орж ирээд эхнэрийн нүд нь хөхөрсөн байсныг гайгүй болгохоор хоёр хоносон. Тэгээд хоёр хоногийнхоо орой нь дэлгүүрт орж юм авахдаа дахин хоорондоо маргалдсан. Ингээд байж байтал цагдаа ирээд бид хоёрыг хэлтэс дээр авч ирсэн. Би гараараа нүүр рүү нь нэг удаа цохисон. Мөн нуруу руу нь нэг удаа өвдөглөсөн. Сумын төвд ирсэн хойно дэлгүүрт маргалдаад уруул руу нь нэг удаа гараараа цохисон. Өөр өөр бол зодож цохиогүй. ... Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан хүлээн зөвшөөрч байна, санал хүсэлтгүй... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25-р хуудас/
Аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 26-27-р хуудас/
Шүүгдэгч С.Уын иргэний үнэмлэхийн лавлагаа, хуулбар /хх-ийн 26, 28-р хуудас/,
Шүүгдэгч С.Уын оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 28-р хуудас/,
Шүүгдэгч С.Уын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29-р хуудас/,
Шүүгдэгч С.Уын арилжааны банкуудад хадгаламжийн данстай эсэх талаарх мэдээлэл /хх-ийн 36-39-р хуудас/,
Шүүгдэгч С.Уыг гурван талаас нь харуулсан зураг, гарын дардасны зураг /хх-ийн 30-31-р хуудас/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, хэргийг зүйлчилсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч С.У нь 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Таван толгойн уурхайн орчимд эхнэр Б.Хишигсүрэнг бусадтай хардан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болох нь Хэрэг бүртгэлтийн шатанд хохирогч Б.Хишигсүрэнгийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 09-р хуудас/, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн №242 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 17-р хуудас/, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Иймд С.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Хишигсүрэн нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул түүнийг гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг арилгасан гэж үзлээ.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч С.Ут урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Тайж овогт Содномпунцагийн Уыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Уыг 1000 /мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ут оногдуулсан 1000 /мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.У нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч С.У нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Хишигсүрэн нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдсугай.
6. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, С.Уын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд С.Ут авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТТУЛГА