Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 128/ШШ2017/0777

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Долгорсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэзолбоо, нэхэмжлэгч Г******* ХХК, В******* ХХК-иудын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О******* нарыг оролцуулан Г******* ХХК, В******* ХХК-иудын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г******* 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Гэр хорооллын газрыг дахин төлөвлөлт барилгажуулах төслийн төсөл хэрэгжүүлэгч Г******* ХХК болон В******* ХХК-иудын түншлэлээс гаргасан Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/328 дугаар захирамжийн хавсралт болох гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн батлагдсан байршлыг хэсэгчлэн хуваасан хил заагийн координатын 17, 18, 19, 20 дахь хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй холбогдуулан төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжтэй 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр уулзалт зохион байгуулж нэхэмжлэгч, хариуцагч эвлэрэх замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болгох хүсэлттэй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт заасны дагуу эвлэрэх үйл ажиллагаа явагдаж байна гэх албан бичгийг хүргүүлсэн байна.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г******* нь 2017 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн төсөл хэрэгжүүлэгч аж ахуй нэгжүүдээс ирүүлсэн хүсэлтийн дагуу Нийслэлийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн А/603 дугаар захирамжаар Хот дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчдийн холбоо ТББ-ын төлөөлөл, төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй хамтарсан ажлын хэсэг байгуулагдсан.

Тус ажлын хэсгийн хурлын шийдвэрийн дагуу Нийслэлийн Засаг даргын 2017 оны Гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах ажлыг нээлттэй зохион байгуулах тухай А/328 дугаар захирамжийн хавсралтад өөрчлөлт оруулах нийслэлийн Засаг даргын захирамжийн төсөл боловсруулагдан хянагдах шатандаа явж байна.

Иймд гомдлыг урьдчилан шийдвэрлэх боломжтой гэж үзэж байгаа тул Г******* ХХК болон В******* ХХК-иудын түншлэлээс гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэх албан бичгийг хүргүүлсэн байна.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г******* нь 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн төсөл хэрэгжүүлэгч Г******* ХХК болон В******* ХХК-иудын түншлэлээс гаргасан нэхэмжлэлтэй холбогдуулан нийслэлийн Засаг даргын 2017 оны 9 дүгээр сарын 26-гы өдрийн Гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хэсэгчилсэн талбайн хилийн заагийг батлах тухай А/711 дүгээр захирамжийг нотлох баримтын шаардлага хангуулан хүргүүлж байна гэх албан бичгийг захирамжийн хамт тус шүүхэд ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн А/711 дүгээр захирамжийн захирамжлах хэсгийн 3 дахь заалтаар Нийслэлийн Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн А/328 дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасны дагуу Г******* ХХК, В******* ХХК-иудын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/328 тоот Гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах ажлыг нээлттэй зохион байгуулах тухай захирамжийн 2-т заасан хавсралт болох Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн батлагдсан байршлыг хэсэгчлэн хуваасан хил заагийн координатын 17, 18, 19, 20 дахь хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т заасныг баримтлан Г******* ХХК, В******* ХХК-иудын Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/328 тоот Гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах ажлыг нээлттэй зохион байгуулах тухай захирамжийн 2-т заасан хавсралт болох Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн батлагдсан байршлыг хэсэгчлэн хуваасан хил заагийн координатын 17, 18, 19, 20 дахь хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 48 дугаар зүйлийн 48.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН