Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 2022/ДШМ/56

 

  

 

 

 

  

   

 

 

      2022           12            12                                       2022/ДШМ/56

 

 

 

С.Тд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Н.Болормаа, Ерөнхий шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

                                                                                           

Прокурор: Б.А,

Шүүгдэгч: С.Т,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: М.Ч,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Золбоо нарыг оролцуулан,

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Адъяа даргалж хийсэн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2022/ШЗ/605 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Аөөс гаргасан эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч С.Тд холбогдох 2219000000316 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Батчимэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: *** овогт Сын Т урьд ял шийтгэлгүй.

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч С.Т нь 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг **** тоотод хохирогч М.Этай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж  улмаар түүний биед халдаж эрүүл мэндэд нь “...зулай, дагзанд шарх...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Аөөс шүүгдэгч С.Тд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

 

Анхан шатны шүүх: “яллагдагч С.Т хүсэлтээ 11 дүгээр сарын 02-ны өдөр гаргасан мэт харагдах боловч уг хүсэлт хэрэгт авагдаагүй, яллагдагчийн хүсэлтийг гарахаас өмнө 2022 оны 10 дугаар сард урьдчилан шийдвэрлэсэн мэт хуульд нийцээгүй эрх зүйн акт гаргасан үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 6 дахь хэсэгт заасныг үндэслэн шүүгдэгч *** овогт Сын Тд холбогдох эрүүгийн 2219000000316 дугаартай хэргийг Дорноговь аймгийн Прокурорын газарт буцааж,

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдаж, хэргийг прокурорт очих хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг прокурор, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Б.А эсэргүүцэлдээ болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Эрүүгийн 2219000000316 дугаартай хэргийн яллагдагч С.Тгээс хэргийг хялбаршуулах тухай хүсэлтийг прокурорт гаргаж 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 05/105 дугаартай "Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай" прокурорын тогтоол үйлдэж яллагдагчид танилцуулж гарын үсэг зуруулсан. ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хялбаршуулсан хүсэлтийг заавал бичгээр гаргаж өгнө гэж хуульчлаагүй байхад анхан шатны шүүхээс хэргийг буцааж шийдвэрлэсэн.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Хүсэлт, гомдлыг амаар, эсхүл бичгээр гаргах ба амаар гаргасан бол тэмдэглэлд тусгаж, хүлээн авсан албан тушаалтан, хүсэлт, гомдол гаргагч гарын үсэг зурна” гэж хуульчилсан бөгөөд яллагдагчид оногдуулах ялын төрөл хэмжээний тухай прокурорын санал гаргаж тухайн саналд “ ...Яллагдагч С.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, яллагдагч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хянахад, яллагдагч С.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулах ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол санал байхгүй...” гэх талаар дурдаж яллагдагч С.Тд прокурорын санал, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоолыг танилцуулахад зөвшөөрч гарын үсэг зурсан.

 

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан “...Шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргана” гэх заалтыг үндэслэл болгож хэргийг прокурорт буцаасан. Гэвч эрүүгийн 2219000000316 дугаартай хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эдгээр нөхцөл бүрэн хангагдсан, түүнчлэн шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс анхан шатны шүүх хуралдаанд “С.Т ширээн дээр байсан шаазан аягыг авч цохисон гэм буруутайгаа шүүгдэгч маргахгүй байгаа....улсын яллагчийн санал болгосон ялыг хүлээн зөвшөөрч, маргаагүй” гэж мэдүүлсэн буюу шүүгдэгч хүсэлтээсээ татгалзаагүй байхад хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь илт үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичсэн.”гэв. 

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Ч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “... Шүүгдэгч С.Тий хувьд хэрэгтэй танилцаж прокурортой хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ гаргасан. Хүсэлтийг хүлээж авч харилцан зөвшөөрөөд гарын үсэг зурсан. Хамгийн гол нь үйлдсэн хэргийнхээ үйлдлээ хүлээн зөвшөөрөөд үйлдэлдээ маргахгүй байгаа. Мөн хохирогч ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Тэгээд улсын яллагчтай ял тохирч шүүх хуралдаанд орсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан үндэслэл хангаагүй байна гэж шүүхээс үзсэн нь үндэслэл муутай байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Прокурорын эсэргүүцлийг дэмжиж, шүүгдэгчийн эрх ашгийг хамгаалж анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хурдан шийдвэрлэх боломж бололцоо байна гэж үзэж байна.” гэв.

 

Шүүгдэгч С.Т давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа : “...Миний хувьд прокурорт өөрөө очиж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокурорт хэлж прокурорт үүнийг үндэслэж гарын үсэг зуруулж авсан. Прокурортой ярилцаад, тохиролцсоны улмаас ял шийтгэлийг багасгахаар болсон байгаа.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх прокурор Б.Аийн эсэргүүцлийг үндэслэн хэргийг хүлээн авч,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаад анхан шатны шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

 

1. Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Аөөс шүүгдэгч С.Т нь 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Сайншанд сумын ***** тоотод хохирогч М.Этай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж  улмаар түүний биед халдаж эрүүл мэндэд нь “...зулай, дагзанд шарх...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд  шилжүүлжээ.

 

2. Анхан шатны шүүх хэргийг  шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд “... шүүгдэгч С.Т нь прокурорын шатанд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаагүй байхад прокурор яллагдагч С.Тийг хүсэлт гаргасан мэтээр хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шийдвэр гаргасан гэж үзэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 6 дахь хэсэгт заасныг үндэслэн шүүгдэгч *** овогт Сын Тд холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаажээ.

 

3. Прокурор Б.А ийнхүү хэргийг прокурорт буцаасныг эс зөвшөөрч “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хялбаршуулсан хүсэлтийг заавал бичгээр гаргаж өгнө гэж хуульчлаагүй, ... яллагдагч С.Тд прокурорын санал, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоолыг танилцуулахад зөвшөөрч гарын үсэг зурсан, ... шүүгдэгч хүсэлтээсээ татгалзаагүй байхад хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь илт үндэслэлгүй ...” гэсэн агуулга бүхий эсэргүүцэл бичжээ.

 

4. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шүүгдэгч С.Т нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг бичгээр гаргаагүй боловч түүний хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай  2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 5/105 дугаартай прокурорын тогтоол гарсан, яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ... албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай прокурорын саналтай шүүгдэгч С.Т танилцаж гарын үсэг зурсан зэрэг ажиллагаа хийгдсэн, анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч С.Т хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт “яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт  хэргийг шүүхэд шилжүүлэхээс өмнө гаргаж, хүсэлтэд хохирлоо төлсөн баримтыг хавсаргах”-аар заасан боловч хуулийн 15.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт хүсэлт гомдлыг амаар, эсхүл бичгээр гаргах ба амаар гаргасан бол тэмдэглэлд тусгаж, хүлээн авсан албан тушаалтан, хүсэлт гомдол гаргагч гарын үсэг зурна гэж заажээ.

 

Эндээс үзвэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах тухай хүсэлтийг амаар болон бичгээр гаргаж болох ба амаар гаргасан тохиолдолд тэмдэглэл үйлдэн бэхжүүлсэн байх шаардлагатай.

 

Гэтэл шүүгдэгч С.Тий хувьд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа болон ийнхүү хүсэлтээ гаргасан нь үгүйсгэгдээгүй боловч хүсэлтийг амаар эсхүл бичгээр гаргасан болох нь тодорхойгүй, холбогдох баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан хэргийг прокурорт буцаах үндэслэл болохгүй хэдий ч хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхийг хойшлуулж шийдвэрлэн шүүхийн шийдвэрт заасан ажиллагааг хийхийг прокурорт даалгах нь зүйтэй.

 

Тодруулбал прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлд заасан ажиллагааг гүйцэтгэж, хуулийн 17.3 дугаар зүйлийн 3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, шүүгдэгчийн энэ талаарх эрхийг хангаж, хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэж, улмаар хохирогчид хохирол төлбөр төлсөн эсэх асуудлыг нягталж, шүүхээс 5 хоногийн хугацаа тогтоож, энэ хугацаанд эдгээр ажиллагааг явуулах боломжтой гэж үзэв.

 

Харин энэхүү үндэслэлээр прокуророос гаргасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах тухай эсэргүүцэл үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож, шүүх хуралдааныг хойшлуулахаар шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3,  39.4, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2022/ШЗ/605 дугаартай шүүгчийн захирамжийн захирамжлах хэсгийн 1 дүгээр заалтын  “шүүгдэгч *** овогт Сын Тд холбогдох эрүүгийн 2219000000316 дугаартай хэргийг Дорноговь аймгийн Прокурорын газарт буцааж” гэснийг

 “Шүүгдэгч С.Тд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 5 хоногоор хойшлуулж, шүүхээс тогтоосон энэ хугацаанд шүүхийн шийдвэрт заасан асуудлыг шийдвэрлэхийг прокурорт даалгасугай.” гэж өөрчлөн,

 

3 дугаар заалтыг хүчингүй болгож, 3 дугаар заалтад “Энэхүү шүүх хуралдаан хойшлуулсан шийдвэрт гомдол гаргахгүй.” гэж нэмж, бусад заалтыг хэвээр үлдээж, прокурор Б.Аийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.2, 1.3, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   А.САЙНТӨГС

 

                                              ШҮҮГЧИД                                   Н.БОЛОРМАА

                                                                                                  

                                                                                                  Н.БАТЧИМЭГ