Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 182/ШШ2024/03597

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 09 04 182/ШШ2024/03597

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: .............. тоот хаягт оршин суух, О овогт Г.Б /РД:0000000000/-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ............. тоот хаягт бүртгэлтэй боловч .............. давхарт байрлах, У ХХК /РД:0000000000/,

 

Хариуцагч: ................. тоот хаягт бүртгэлтэй боловч .............. тоот хаягт байрлах, С ХХК /РД:00000000/-иудад тус тус холбогдох,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: ................ тоот хаягт оршин суух, Г овогт Б.У /иргэний бүртгэлийн дугаар: 00000000000000, РД:0000000000/

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээ цуцалсан мэдэгдлийг хүчингүй болгож, 2022.11.25-ны өдрийн С-2022/0112 тоот Орон сууцны барилга захиалан худалдах, худалдан авах гэрээ-ний үүргийг хэвээр үргэлжлүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.И,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ж,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц,

Гэрч Г.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Е нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч У ХХК, С ХХК-д тус тус холбогдуулан гэрээ цуцалсан мэдэгдлийг хүчингүй болгож, 2022.11.25-ны өдрийн С-2022/0112 тоот Орон сууцны барилга захиалан худалдах, худалдан авах гэрээ-ний үүргийг хэвээр үргэлжлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.И нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. ...Г.Б нь С ХХК-тай 2022.11.25-ны өдөр С-2022/0112 дугаар Орон сууцны барилга захиалан худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Тус гэрээгээр ........................ тоот, 1 өрөө, 41.5 м.кв талбай бүхий орон сууцыг 1 м.кв-ыг 4,400,000 төгрөг буюу нийт 182,600,000 төгрөгөөр захиалсан.

Гэрээний дагуу гэрээний нийт үнийн дүнгийн 60 хувьтай тэнцэх 109,560,000 төгрөгийг хариуцагч С ХХК-ийн харилцах дансанд төлсөн. Үлдэгдэл төлбөрийг хуваарийн дагуу төлөхөөр тохиролцсон бөгөөд сүүлийн төлбөрийг 2024.03.31-ний өдөр төлөхөөр байсан.

Гэтэл С ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх У ХХК-ийн 2023.08.22-ны өдрийн 0202 дугаар Мэдэгдэл хүргүүлэх тухай мэдэгдлээр ...хувиарт төлбөрийг барагдуулаагүй тул талуудын хооронд байгуулагдсан ... гэрээний 4.1.4-т заасны дагуу цуцлагдсан болохыг үүгээр мэдэгдэж төлсөн төлбөрийг шилжүүлэх тул төлбөрийг буцаан авах дансыг цахим хаягаар хүргүүлнэ үү... гэж мэдэгдсэн.

Гэвч талуудын хооронд байгуулагдсан гэрээний Санамж хуудас-д гэрээг цуцлах үндэслэлийг тодорхой дурдсан бөгөөд тус санамжийн 3-д Худалдан авагч тал гэрээний 3.1-т заасны дагуу төлбөр төлөх үүргийг зөрчсөний улмаас худалдагч тал худалдан авагч талд биетээр, цахим хаягаар, эсхүл оршин суух /түр оршин суух/ хаягаар нь үүрэг гүйцэтгэхийг урьдчилан сануулах, нэмэлт хугацаа тогтоох мэдэгдлийг 1 ба түүнээс дээш удаа төлбөр төлөхийг шаардсан боловч төлөөгүй гэж заасан. Гэтэл хариуцагч нь огт урьдчилан сануулаагүй, нэмэлт хугацаа тогтоогоогүй атлаа шууд гэрээг цуцалсан нь захиалагчийн эрхийг зөрчиж байна.

Тодруулбал, хариуцагч У ХХК нь гэрээний хугацаа дуусахаас өмнө гэрээг цуцалснаар нэхэмжлэгч нь 2 жилийн өмнө буюу үл хөдлөх эд хөрөнгийн үнэ одоогийн үнэлгээнээс хямд байхад захиалсан, мөн барилга баригдаж эхлээгүй эхний захиалгаа авч байхад нь хямд үнээр орон сууцыг захиалж байсан давуу байдлаа алдаж, илүү өндөр үнээр орон сууц дахин захиалж, дахин хугацаа алдаж хохироод байгаа юм. Сүүлийн төлөлтийг 2024.03.31-ний өдөр төлж барагдуулахаар тохиролцсон боловч ийнхүү гэрээний хугацаа дуусахаас өмнө урьдчилж сануулалгүйгээр гэрээг нэг талын санаачилгаар цуцалж байгаа нь нэхэмжлэгчийг хохироож байгаа юм. Хариуцагч нар нь нэхэмжлэгчийн захиалсан орон сууцыг гуравдагч этгээдэд аль хэдийн одоогийн зах зээлийн үнээр худалдсан гэх тайлбарыг амаар өгсөн болно.

Хариуцагч нь урт хугацааны гэрээг цуцлахдаа захиалагчид урьдчилж мэдэгдэлгүй, нэмэлт хугацаа олголгүй шууд гэрээг цуцалж буй эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээлгэх буюу гэрээний бүхий л үүрэг болох гүйцэтгэгч нь орон сууцыг хүлээлгэн өгөх, ашиглалтад оруулах зэрэг үүргийг хэвээр үргэлжлүүлснээр нэхэмжлэгчийн орон сууцаа хүлээн авах эрх сэргэхээр байна.

Иймд У ХХК-ийн 2023.08.22-ны өдрийн 0202 дугаар Мэдэгдэл хүргүүлэх тухай гэрээ цуцалсан мэдэгдлийг хүчингүй болгож, С ХХК болон Г.Б нарын хооронд байгуулагдсан 2022.11.25-ны өдрийн С-2022/0112 дугаар Орон сууцны барилга захиалан худалдах, худалдан авах гэрээ-ний үүргийг хэвээр үргэлжлүүлэхийг хариуцагч нарт даалгаж өгнө үү... гэв.

 

2.Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Нэхэмжлэгч Г.Б-тай 2022.11.25-ны өдрийн С-2022/0112 тоот Орон сууцны барилга захиалан худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Энэхүү гэрээгээр хариуцагч нь гэрээний 2.1-д заасан орон сууцыг барьж ашиглалтад оруулан, нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нь гэрээний 2.1.10-д заасан орон сууцны нийт үнэ 182,600,000 төгрөгийг гэрээний 3.1-д зааснаар 60 хувь буюу 109,560,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр буюу 2022.11.25-ны өдөр төлөхөөр, үлдэгдэл төлбөрийг гэрээний 3.2-т заасны дагуу 2023.03.31-ний өдөр 14,608,000 төгрөг бэлнээр, 2023.06.30-ны өдөр 14,608,000 төгрөг бэлнээр, 2023.09.30-ны өдөр 14,608,000 төгрөг бэлнээр, 2023.12.31-ний өдөр 14,608,000 төгрөг бэлнээр, 2024.03.31-ний өдөр 14,608,000 төгрөг бэлнээр төлөхөөр харилцан тохиролцсон байдаг.

Гэвч нэхэмжлэгч Г.Б нь урьдчилгаа 109,560,000 төгрөгийг 2022.11.30-ны өдөр төлснөөс хойш дахин төлөлт хийлгүй, төлбөрөө төлөхийг сануулсаар байхад гэрээний үлдэгдэл төлбөрөө хугацаандаа төлөлгүй гэрээний 4.4.8-д заасан Худалдан авагч тал нь орон сууцны төлбөрийг хуваарийн дагуу заасан хугацаанд хэсэгчлэн болон бүрэн төлөх үүрэгтэй гэх үүргээ ноцтой зөрчсөн тул хариуцагчийн зүгээс гэрээний 3.2-т ...гэрээний 3.1 дэх заасан заалтын дагуу төлөлтөө төлөөгүй тохиолдолд гүйцэтгэгч тал дангаар гэрээг цуцлах эрхтэй, гэрээний 6.1-д Худалдан авагч тал нь гэрээнд заасан хугацаанд захиалсан орон сууцны төлбөрийг тус гэрээний 2.3-т заасан НӨАТ-ын хамт төлөөгүй гэрээний үүргээ биелүүлээгүй 30 хоног өнгөрсөн тохиолдолд Худалдагч тал гэрээний 4.2.9-д заасны дагуу торгуулийг суутган авч гэрээг цуцалж орон сууцыг бусдад худалдан борлуулсны дараа үлдэгдэл төлбөрийг Худалдан авагч талд буцаан олгоно гэсний дагуу гэрээг цуцалсан байдаг.

Тодруулбал, талуудын хооронд байгуулагдсан гэрээ нэхэмжлэгч Г.Б-гийн буруутай үйлдлийн улмаас буюу харилцан тохиролцсон хугацаандаа 2023.03.31 болон 2023.06.30-ны төлөлтийг тус тус хийгээгүйн улмаас Иргэний хуулийн 225, 226, 355 дугаар зүйлд заасан үндэслэл журмын дагуу цуцлагдаж, тухайн орон сууцыг бусдад зарсан учраас нэхэмжлэлийн шаардлага хэрэгжих боломжгүй.

Өөрөөр хэлбэл Б.У нь 2023.10.13-ны өдөр байгуулсан орон сууц захилгаар бариулах гэрээний үнийг 2023.10.17-ны өдөр бүрэн төлсөн. Энэ гэрээ өнөөдөр хүчинтэй хэвээр байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээг хүчингүй болгуулах шаардлага гаргаагүй...

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Б.У нь С ХХК болон У ХХК-иудтай 2023.10.23-ны өдөр №С-2023/087 тоот Орон сууц захиалгаар бариулан худалдах, худалдан авах гэрээ байгуулж орон сууцны үнэ 186,750,000 төгрөгийг 2023.10.17-ны өдөр 100 хувийн төлж худалдаж авсан...

Энэ гэрээ өнөөдөр хүчин төгөлдөр хэвээр байгаа учраас нэхэмжлэгч Г.Б-гийн нэхэмжлэл үндэслэлгүй... гэв.

 

3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид 2024.03.01-ний өдөр 1,141,150 төгрөг төлсөн баримт /хх-ийн 4 х/,

-2022.11.25-ны өдрийн С-2022/0112 тоот Орон сууцны барилга захиалан худалдах, худалдан авах гэрээ /хх-ийн 5-9 х/,

-Санамж хуудас /хх-ийн 10 х/,

-2024.01.22-ны өдрийн 0027 тоот итгэмжлэл /хх-ийн 13 х/,

-2024.05.15-ны өдрийн Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-ийн 39 х/ зэрэг баримтуудыг,

 

4.Хариуцагч тайлбар татгалзтайгаа холбогдуулан улсын бүртгэлийн 000000000 тоот хуулийн этгээдийн гэрчилгээ /хх-ийн 20 х/,

-2024.03.25-ны өдрийн 03/049 тоот итгэмжлэл /хх-ийн 21 х/,

-Улсын бүртгэлийн 000000000 тоот хуулийн этгээдийн гэрчилгээ /хх-ийн 26 х/,

-2024.04.09-ний өдрийн 08 тоот итгэмжлэл /хх-ийн 27 х/,

-2023.10.13-ны өдрийн С-2023/087 тоот Орон сууц захиалгаар бариулан худалдах,худалдан авах гэрээ /хх-ийн 36-38/,

-2024.04.19-ний өдрийн Худалдаа хөгжлийн банкны Депозит дансны хуулга /хх-ийн 40 х/,

-2024.04.19-ний өдрийн Голомт банкны дансны хуулга /хх-ийн 41 х/,

-2023.08.22-ны өдрийн 0202 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг /хх-ийн 83 х/ зэрэг баримтуудыг,

 

5.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь 2024.08.12-ны өдрийн 0489 тоот итгэмжлэл /хх-ийн 69-70 х/,

-2023.10.17-ны өдрийн Голомт банкны төлбөрийн баримт /хх-ийн 74 х/,

-Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга /хх-ийн 75 х/ зэрэг баримтуудыг,

 

6.Тус шүүхийн 2024.08.23-ны өдрийн 182/ШЗ2024/14116 тоот Шүүх хуралдааныг хойшлуулах тухай шүүгчийн захирамжийн дагуу Үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 94-97 х/,

-2024.09.04-ний өдрийн 182/ШЗ2024/14788 тоот Хүсэлт шийдвэрлэх тухайшүүгчийн захирамжийн дагуу Үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 102-112 х/ зэргийг шүүхийн журмаар бүрдүүлжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. У ХХК, С ХХК-д тус тус холбогдуулан гаргасан Г.Б-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч У ХХК, С ХХК-д тус тус холбогдуулан 2023.08.22-ны өдрийн 0202 тоот гэрээ цуцалсан мэдэгдлийг хүчингүй болгож, 2022.11.25-ны өдрийн №С-2022/0112 тоот Орон сууцны барилга захиалан худалдах, худалдан авах гэрээ-ний үүргийг хэвээр үргэлжлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргаж, дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

а.Хариуцагч нь гэрээг цуцлах талаар гэрээ болон санамж хуудас, хуульд заасны дагуу мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй. 2023.08.22-ны өдрийн мэдэгдлийг хуулийн этгээдийг төлөөлөх эрхгүй этгээд болох нягтлан бодогч нь гарын үсэг зурсан.

б.Зохигчийн байгуулсан гэрээ нь стандарт нөхцөлд бүхий гэрээ, худалдагч тал гуравдагч этгээдтэй гэрээ байгуулахаасаа өмнө ч гэсэн төлбөрөө төлөхийг мэдэгдэж байсан. Иргэний хуулийн 201 дүгээр зүйлд зааснаар стандарт нөхцөлийг илэрхийлсэн үг хэллэгийн утга санаа ойлгомжгүй бол түүнийг санал хүлээн авагч талд ашигтайгаар тайлбарлахаар зохицуулсан. Нэхэмжлэгчийн хувьд гэрээний нийт үнийн дүнгийн 60 хувь болох 109,560,000 төгрөгийг төлсөн, хариуцагч нар нь энэ мөнгийг өнөөдрийг хүртэл буцаан өгөөгүй тул гэрээ өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр гэж үзэж байна. Иймээс гэрээний үүргийг үргэлжлүүлэхийг шаардах эрхтэй гэж тайлбарласан.

 

 

3.Хариуцагч У ХХК, С ХХК нь нэхэмжлэгч нь гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй учраас талуудын байгуулсан гэрээ хууль болон гэрээнд заасны дагуу цуцалсан. Гэрээ цуцласан мэдэгдлийг байгууллагын нягтлан бологч хүргүүлсэн нь хуулийн этгээдийн ашиг сонирхолд нийцсэн. Мөн гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээ өнөөдөр хүчин төгөлдөр байгаа гэж маргасан.

 

4.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь Б.У нь С ХХК болон У ХХК-иудтай 2023.10.23-ны өдөр №С-2023/087 тоот Орон сууц захиалгаар бариулан худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж орон сууцны үнэ 186,750,000 төгрөгийг 2023.10.17-ны өдөр 100 хувийн төлөлт хийж худалдаж авсан. Өнөөдөр энэ гэрээ хүчин төгөлдөр хэвээр байгаа учраас нэхэмжлэгч Г.Б-гийн нэхэмжлэл үндэслэлгүй гэж хариуцагч нарын тайлбарыг дэмжив.

 

5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

5.1. Талуудын хооронд 2022.11.25-ны өдөр №С-2022/0112 тоот Орон сууцны барилга захиалан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, энэхүү гэрээгээр талууд ............................ тоот хаягт байрлах, 1 өрөө 41.5 м.кв талбайтай орон сууцыг нь 1 м.кв-ыг нь 4,400,000 төгрөг буюу нийт 182,600,000 төгрөгөөр худалдан борлуулах, Г.Б нь гэрээ байгуулснаар үнийн дүнгийн 60 хувь болох 109,560,000 төгрөгийг 2022.11.30-ны өдөр төлж, үлдэх 73,040,000 төгрөгийг тодорхой хугацаанд буюу орон сууц ашиглалтад орох хүртэл төлж барагдуулахаар харилцан тохиролцжээ. /хх-ийн 5-10 х/

 

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан тохиолдолд хэлцэл хийсэн гэж үзэх ба 2022.11.25-ны өдөр №С-2022/0112 тоот гэрээнд талууд хүсэл зоригийн илэрхийллээ болгон гарын үсгээ зурж, тамга даран баталгаажуулж хуулийн шаардлага хангасан байх тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ. Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй байдаг учраас зохигчийн хооронд мөн хуулийн 343 дугаар зүйлд заасан гэрээний харилцаа үүссэн байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ, 344.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно, 355 дугаар зүйлийн 355.1-д Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж тус тус заасан.

 

Дээрх зохицуулалтаар гэрээний зүйл нь гүйцэтгэх ажил, ажлын үр дүн байх ба ажил гүйцэтгэгч нь захиалагчийн, эсхүл өөрийн материалаар гэрээнд заасан ажлыг гүйцэтгэх, захиалагч ажлын гүйцэтгэлийг хүлээн авч хөлс төлөх үүргийг тус тус хүлээх, ажил гүйцэтгэх гэрээг тодорхой үндэслэлээр цуцлах, хэрэв гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн тохиолдолд тус хуулийн 225 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй байна.

 

6.Нэхэмжлэгч нь гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д заасны дагуу 109,560,000 төгрөгийг 2022.11.30-нд С ХХК-ийн дансаар төлсөн болох нь талуудын тайлбар, гэрч Г.Э-ын мэдүүлгээр тус тус тогтоогдсон бөгөөд зохигч энэ талаар маргаагүй.

 

7.Зохигчийн маргааны гол зүйл нь 2023.08.22-ны өдрийн 0202 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай гэрээ цуцалсан мэдэгдлийг хүчингүй болгох, гэрээ нь хуулийн дагуу цуцлагдсан эсэх, 2022.11.25-ны өдрийн №С-2022/0112 тоот Орон сууцны барилга захиалан худалдах, худалдан авах гэрээ-ний үүргийг хэвээр үргэлжлүүлэх эсэх талаар байх тул шүүх энэ талаар дүгнэлт өгөх нь зүйтэй гэж үзлээ.

 

8.Нэхэмжлэгч нь 2023.08.22-ны өдрийн 0202 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай гэрээ цуцалсан мэдэгдлийг хариуцагчийг төлөөлөх эрхгүй этгээд гарын үсэг зурсан учраас хүчингүй болгуулахаар шаардаж байгааг шүүх хүлээн авах боломжгүй байна.

 

Хариуцагч нарын төлөөлөгч ...нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ хэрэгжүүлээгүй учраас ашгийн төлөө байгууллагын нягтлан бодогч нь гэрээ цуцлах мэдэгдлийг хүргүүлсэн. Хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь энэхүү мэдэгдлийг дэмжиж зөвшөөрсөн... гэж тайлбарлаж байгааг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

 

Учир нь Иргэний хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д Эрх олгогдоогүй этгээдийн хийсэн үйлдлийг бүрэн эрх бүхий этгээд хожим дэмжин зөвшөөрсөн бол уг үйлдлийг хүчин төгөлдөр гэж үзнэ гэж заасан бөгөөд хариуцагч нарын төлөөлөгч 2023.08.22-ны өдрийн 0202 тоот гэрээ цуцалсан мэдэгдлийг эрх бүхий этгээд хожим дэмжин зөвшөөрсөн гэж тайлбарлаж байгаа нь хуулийн энэхүү зохицуулалтад нийцсэн гэж үзнэ.

 

9.Нэхэмжлэгч нь талуудын хооронд Иргэний хуулийн 200 дугаар зүйл заасан стандарт нөхцөл бүхий гэрээ байгуулагдсан, мөн гэрээний нийт үнийн дүнгийн 60 хувь болох 109,560,000 төгрөгийг төлсөн бөгөөд хариуцагч нар нь энэ мөнгийг өнөөдрийг хүртэл буцаан өгөөгүй тул 2022.11.25-ны өдрийн №С-2022/0112 тоот Орон сууцны барилга захиалан худалдах, худалдан авах гэрээ-ний үүргийг хэвээр үргэлжлүүлэхийг даалгахаар шаардсан.

 

Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1-д гэрээний нэг тал нь нөгөөдөө санал болгож байгаа, хуулиар тодорхойлоогүй буюу хуулийн заалтыг тодотгосон, байнга хэрэглэгдэх, урьдчилан тогтоосон нөхцөлийг гэрээний стандарт нөхцөл гэнэ, 200.2-т заасан талууд нэг бүрчлэн тохиролцож тогтоосон нөхцөлийг гэрээний стандарт нөхцөл гэж үзэхгүй гэжээ.

 

Дээрх зохицуулалтаас үзвэл, гэрээний стандарт нөхцөл нь олон тооны гэрээнд байнга хэрэглэх зорилгоор урьдчилан бэлтгэж, нэг тал нөгөөдөө санал болгодог хуулиар тодорхойлоогүй буюу хуулийн заалтыг тодотгосон гэрээний агуулгыг бүхэлд нь бүрдүүлж байгаа эсхүл тодорхой нэг хэсэг зохицуулалт байна.

 

Зохигчийн 2022.11.25-ны өдөр байгуулсан №С-2022/0112 тоот гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д гэрээ нь ... худалдан авагч тал орон сууцны нийт үнийн дүнгийн 60 хувьтай тэнцэх 109,560,000 төгрөгийг худалдагч талд гэрээ байгуулсан өдөр урьдчилгаа болгон төлснөөс хойш хүчин төгөлдөр болох, 3.2-т төлбөр төлөх хуваарийг 2023.03.31-нд 14,608,000 төгрөг, 2023.06.30-нд 14,608,000 төгрөг, 2023.09.30-нд 14,608,000 төгрөг, 2023.12.31-нд 14,608,000 төгрөг, 2024.03.31-нд 14,608,000 төгрөг. Гэрээний 3.1 дэх заалтын дагуу төлөлтөө төлөөгүй тохиолдолд гүйцэтгэгч тал гэрээг дангаар цуцлах 4 дүгээр зүйлийн 4.1.4-т ...төлбөр төлөх хуваарийн дагуу хугацаандаа төлбөрөө төлөөгүй нөхцөлд утсаар мэдэгдэх..., 4.2.3-т ... орон сууцыг 2023 оны 4 дүгээр улиралд багтаан барьж хүлээлгэн өгөх, 6 дугаар зүйлийн 6.1-д ...захиалсан орон сууцны төлбөрийг гэрээний 2.3-т заасан НӨАТ-ын хамт төлөөгүй, гэрээний үүргээ биелүүлэхгүйгээр 30 хоног өнгөрсөн тохиолдолд .... гэрээг цуцалж орон сууцыг бусдад худалдан борлуулсны дараа ...буцаан олгох, 6.2-т ...гэрээний үүрэг биелэгдээгүй нөхцөлд ямар нэгэн маргаан, мэтгэлцээнгүйгээр шууд цуцлах, Санамж хуудас нь гэрээний салшгүй хэсэг байхаар өөрсдийн эдлэх эрх, хүлээх үүргийн талаар харилцан тохиролцжээ.

 

Дээрх тохиролцоог гэрээний стандарт нөхцөл гэж үзэх боломжгүй байна. Учир нь гэрээний нөхцөлийг талууд нэг бүрчлэн хэлэлцэж, заалт бүрийг хүлээн зөвшөөрснөө баталгаажуулж гарын үсэг зурсан байх тул, нэхэмжлэгч Г.Б нь ямар үүрэг хариуцлага хүлээж буйгаа бүрэн ухамсарлаж тодорхой мэдсэн гэж үзнэ. Иймд гэрээг стандарт нөхцөл бүхий гэрээ гэх үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ, 225 дугаар зүйлийн 225.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэжээ.

 

Нэхэмжлэгч нь гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т заасны дагуу 2023.03.31-нд 14,608,000 төгрөг, 2023.06.30-нд 14,608,000 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүйн улмаас хариуцагч нь У ХХК-ийн борлуулалтын албаны дарга Д.Б нь 00000000 дугаарын гар утсаар 2023.03.30, 2023.07.30-ны өдөр Г.Б-гийн 000000000 тоот гар утсанд нь дээрх төлбөрийг хугацаанд нь төлөхийг гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.4-т заасны дагуу мэдэгдэж байжээ.

 

Мэдэгдэхэд хуулиар хэлбэрийн шаардлага тавиагүй хэдий ч талуудын гэрээгээр тохиролцсон тохиролцооны дагуу мэдэгдсэн байдлыг тогтоосон нотолгооны хүрээнд дүгнэлт өгөх нь зүйтэй. Хариуцагчийн хувьд гэрээ болон санамж бичигт заасны дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлэхийг мэдэгдсэн болох нь хэрэгт авагдсан У ХХК-ийн борлуулалтын албаны дарга Д.Б нь 0000000000 дугаарын гар утсанд 2024.08.23-ны өдөр хийсэн үзлэгийн тэмдэглэл, хариуцагч нарын төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна. /хх-ийн 94-96 х/

 

Тодруулбал, зохигчийн байгуулсан 2022.11.25-ны өдрийн №С-2022/0112 тоот гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.4-т Худалдан авагч төлбөр төлөх хуваарийн дагуу хугацаандаа төлбөрөө төлөөгүй нөхцөлд худалдагч талаас утсаар мэдэгдэнэ. Худалдан авагч тал гэрээний хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд гэрээний үүргээ эс биелүүлсэн гэж үзэж Иргэний хуулийн 225 дугаар зүйлийг үндэслэн гэрээг шууд цуцлах эрх нээгдэж гэрээг цуцлах бүрэн эрхтэй, 6 дугаар зүйлийн 6.1-д ...захиалсан орон сууцны төлбөрийг гэрээний 2.3-т заасан НӨАТ-ын хамт төлөөгүй, гэрээний үүргээ биелүүлэхгүйгээр 30 хоног өнгөрсөн тохиолдолд .... гэрээг цуцалж орон сууцыг бусдад худалдан борлуулсны дараа ...буцаан олгох, 6.2-т ...гэрээний үүрэг биелэгдээгүй нөхцөлд ямар нэгэн маргаан, мэтгэлцээнгүйгээр шууд цуцлах-аар талууд харилцан тохиролцсны дагуу хариуцагч нь захиалсан орон сууцны үлдэгдэл төлбөрийг 2023.03.31-нд 14,608,000 төгрөг, 2023.06.30-нд 14,608,000 төгрөгийг хугацаанд нь төлөх талаар гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.4-т заасны дагуу мэдэгдэж Иргэний хуулийн 225 дугаар зүйлд заасны дагуу үүргээ гүйцэтгэхийг урьдчилан сануулжээ.

 

Гэвч нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаарын зүйлийн 208.1, 222 дугаар зүйлийн 222.1.1-д тус тус заасны дагуу 2023.03.31-нд 14,608,000 төгрөг, 2023.06.30-нд 14,608,000 төгрөг, 2023.09.30-нд 14,608,000 төгрөг төлөх гэрээгээр тохирсон үүргийг тогтоосон хугацаанд гүйцэтгэх үүргээ зөрчиж, төлбөр төлөх үүргээ хугацаанд нь биелүүлээгүй байна. Мөн хуулийн 222 дугаар зүйлийн 222.2, 222.4-т үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн нь үүрэг гүйцэтгэгчийн буруугаас болоогүй бол түүнийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй байх боломжтой боловч үүрэг гүйцэтгэгч Г.Б-гийн зүгээс үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй шалтгаан, хугацааг хэтрүүлэхэд хүргэх болсон хүндэтгэн үзэх нөхцөл байдал байсан талаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас зохигчийн 2022.11.25-ны өдөр байгуулсан №С-2022/0112 тоот гэрээ дуусгавар болжээ.

 

Өөрөөр хэлбэл захиалагч Г.Б нь У ХХК-ийн борлуулалтын албанаас 2023.03.30, 2023.07.30-ны өдөр тус тус мэдэгдсэн төлбөр төлөх мэдэгдлийг хүлээн авснаас хойш гэрээний дагуу үлдэгдэл төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсний улмаас гэрээг дуусгавар болгосон хариуцагчийг буруутгах үндэслэлгүй.

 

10.Маргаан бүхий дээрх орон сууцыг гуравдагч этгээд Б.У нь хариуцагч У ХХК-тай 2023.10.13-ны өдөр Орон сууц захиалгаар бариулан худалдах, худалдан авах гэрээ байгуулсж, гэрээний үнэ 186,750,000 төгрөгийг 2023.10.17-ны өдөр бүрэн төлсөн болох нь орон сууц захиалгаар бариулан, худалдах, худалдан авах гэрээ болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна. /хх-ийн 36-38, 40, 41, 74-75 х/

 

Хариуцагч нь маргаан бүхий орон сууцыг гуравдагч этгээдэд худалдсан, гуравдагч этгээд нь өмчлөх эрхийг Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шударгаар олж авсан байх тул нэхэмжлэгчийн 2022.11.25-ны өдрийн №С-2022/0112 тоот Орон сууцны барилга захиалан худалдах, худалдан авах гэрээ-ний үүргийг хэвээр үргэлжлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч нар нь Г.Б-тай байгуулсан өмнөх гэрээнээс татгалзсан тул маргаан бүхий орон сууцыг бусдад худалдан борлуулахаар захиран зарцуулах эрхтэй гэж үзнэ.

 

Гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах тохиолдолд гэрээг дуусгавар болгох хүсэл зориг адилхан агуулагддаг учир 2022.11.25-ны өдөр байгуулсан №С-2022/0112 тоот гэрээнээс хариуцагч татгалзсан тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасны дагуу талуудын хооронд гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцаах үүрэг үүсэх тул хариуцагч С ХХК-иас гэрээний үнэд төлсөн 109,560,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Болормаад олгох нь зүйтэй.

 

11.Шүүхээс Г.Б-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2024.03.01-ний өдөр төлсөн 1,141,150 төгрөгийг улсын орлогд хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 115 дугаар зүйлийн 115.2.3-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1, 343 дугаар зүйлийн 343.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч У ХХК, С ХХК-иудад холбогдох 2023.08.22-ны өдрийн 0202 тоот гэрээ цуцалсан мэдэгдлийг хүчингүй болгож, 2022.11.25-ны өдрийн №С-2022/0112 тоот Орон сууцны барилга захиалан худалдах, худалдан авах гэрээ-ний үүргийг хэвээр үргэлжлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэгч Г.Б-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, С ХХК-иас 109,560,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2024.03.01-ний өдөр төлсөн 1,141,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгүй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА