| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2018/0001/э |
| Дугаар | 8 |
| Огноо | 2017-12-27 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | С.Сугар |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 8
СүхБа аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон,
Улсын яллагч С.Сугар,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр,
Шүүгдэгч З.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар СүхБа аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай саналтай ирүүлсэн яллагдагч З.Ад холбогдох 1730002040147 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, СүхБа аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар багийн харъяат, 1991 оны 08 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Зэвсэгт хүчний 086 дугаар ангийн тусгай ротын харуул ажилтай, ам бүл 1, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, З.А.
Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтээр:
Шүүгдэгч З.А нь СүхБа аймгийн Баяндэлгэр сумын 6 дугаар баг Өлзийтийн 2-2 тоотод байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Б.Бийг 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр зодож, эрүүл мэндэд нь “толгойн үстэй хэсгийн сорви” бүхий хөнгөн хохирол учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,
хамтран амьдрагч Б.Бийг 2017 оны 09 дүгээр сарын 10-дын орчимд бусадтай хардаж үснээс нь зулгаан толгойг нь доош даран толгой руу нь хөлөөрөө өшиглөснөөс уруул нь дотор талдаа язарч хамар амнаас нь цус гаргаж,
мөн түүнийг 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр бусадтай хардан 2.5 литрийн савтай “Сэрүүн” пивоор баруун нүд рүү нь цохиж, гараараа зодож, үснээс нь зулгаан 200 метр орчим газар чирж гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдэхдээ харгис хэрцгий харьцан, догшин авирлаж зодсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч З.А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2017 оны 9 сард хамтран амьдрагч Бийг нэг удаа зодсон. 10, 11 сард нэг нэг удаа болсон. Бэ архи уугаад, зүгээр уухгүй өөр хүнтэй орооцолдоод байдаг юм. Архи уухаараа л тэр залууруугаа яриад хүрээд ир гээд байдаг. Би болиочдээ гэхэд за гэж байснаа архи уухаараа л дуудаад байдаг. Бид хоёр хамт амьдраад 1 жил гаруй болж байгаа. Одоо тусдаа амьдарч байгаа. Бэ надаас ямар нэг зүйл нэхэмжлээгүй... гэв.
- Хохирогч Б.Бийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: З.А бид хоёр 2015 оны 11 дүгээр сард СүхБа аймгийн Баяндэлгэр суманд анх танилцаж 2016 оны 03 дугаар сард нэг гэрт орж хамтран амьдрах болсон. Харин А бид хоёр албан ёсоор гэрлэлтээ баталгаажуулж эхнэр нөхөр болоогүй. 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 18 цагийн үед Баяндэлгэр сумын 6 дугаар багийн нутагт байх гэртээ байж байхад манай хоёр найз болох Ч, Э хоёр руу утсаар залгаад “ Та хоёрын төрсөн өдөрт очиж чадаагүй юм чинь одоо уулзая” гэхэд тэр хоёр хоёулаа “тэгье” гээд манай гэрээс баруун тийш сумын баруун зах руу уулзахаар би явахдаа хамтран амьдрагч Агийн хамт Даюунг маркийн тээврийн хэрэгсэлтэй очиж Ч, Э нартай уулзаж тэр хоёрын унаж ирсэн суудлын машинд орж Алтантүрүү нэртэй 1 ширхэг 0.75 литрийн архийг Ч, Э нарын хамт би уусан. Харин А уугаагүй байж байгаад бид нарыг архиа ууж дуусч байтал дэлгүүр явж ирэхдээ 2.5 литрийн сэрүүн нэртэй пиво нэг ширхэгийг авчраад бид нар уух гэж байхад миний утас дуугарахад А нь “Энэ нэг юмны утас нь байнга дуугарч байх юм” гэхээр нь би “хэн над руу байнга залгахав дээ” гэхэд А “Чам руу байнга залгадаг хүн байдаг л байхгүй юу” гэж хэлээд миний нүүр рүү авчирсан 2.5 литрийн Сэрүүн нэртэй пивоо шидэхээр нь би машинаас гараад гэр рүүгээ зугтаах гэтэл араас гүйж ирээд намайг үсдэж аваад хөлөөрөө миний биеийн хөл гар нуруу руу өшиглөхөөр нь манай хоёр найз Ч, Э хоёр Аг болиулах гэсэн боловч болихгүй болохоор нь хүний хажууд намайг А зодоод байгаа юм байх гэж бодоод Э, Ч хоёрыг “та хоёр явж бай, бид хоёр учраа олчихъё” гээд үлдсэн. Тэгээд тэр хоёрыг явахад А нь намайг цохихгүй харин үснээс минь зулгаагаад тавихгүй, нэг хэсэг бид хоёр маргалдаж байхад Ч, Э хоёр нь 086-р дугаар ангийн салаан дарга, дэслэгч Цыг дагуулж ирээд бид хоёрыг салгаад намайг гэрт хүргэж өгөхөөр нь би хувцсаа солиод Чгийнд хоносон. Харин тухайн үед нүд хөхөрсөн, үснээс зулгаасан байсан болохоор толгой өвдөж байсан. Өөр гэмтэл байхгүй. 2017 оны 09 дүгээр сард Баяндэлгэр суманд гэртээ байхдаа надтай мэнд устай явдаг сумын нэг залуу над руу залгахаар нь А “чи тэр залуутай байнга утсаар ярьдаг юм уу, энэ чинь яах гээд залгаад байгаа юм бэ” гэхээр нь би “чамтай юу ярих юм, ийм тэнэг хүнтэй, хамаагүй хүнтэй хардаад” гэж хэлээд гэрээс гарах гэж байхад гүйж ирээд миний үснээс зулгаагаад хөлөөрөө миний хөл рүү өшиглөхөөр нь би хашгирахад манай гэрийн гадаа явж байсан манай ажлын Б гэх эмэгтэй Н гэх залуутай орж ирээд бид хоёрыг салгасан. Мөн 2017 оны 10 сард А бид хоёр өөрсдийн эзэмшлийн мотоциклио Ба гэх манай ажлаас тэтгэвэрт гарсан ахынд аваачиж янзлаад Ба ахын эхнэр Н, манай ажлын үйлчлэгч Э нарын хамт 2.5 литрийн Сэрүүн нэртэй пиво уугаад сууж байхад гаднаас манай ажлын хоёр залуу болох Бя Бж хоёр орж ирээд Бж нь А руу “Чи хөрзөнд яваад өгчихгүй” гэхээр нь А нь “ Би явах албатай юм уу” гээд тэр хоёр маргалдахаар нь би Аг гэр рүүгээ явъя” гэхэд А нь над руу “чи энэ хоёрыг дуудсан юм уу” гээд над руу дайраад байхаар нь би зугтаагаад үйлчлэгч Э эгчийн гэрт нь очоод байж байхад араас А орж ирээд гар утсаа над руу шидэхэд миний толгойны баруун орой хэсэгт хагарсан. Тэгэхээр нь би сумын цагдаад мэдэгдээд Аг цагдаа ирээд аваад явсан. Эдгээрээс өөр намайг зодож цохисон асуудал гаргаж байгаагүй. Би ер нь зодуулах болгондоо эмнэлэгт үзүүлж байгаагүй. Албаны болон өөрийн нэр төрөө бодоод эмнэлэгт үзүүлдэггүй байсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй... гэх мэдүүлэг /хх-06-07 /,
- Гэрч Э.Нгийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: 2017 оны 09 дүгээр сард /яг хэдийд гэдгийг нь санахгүй байна/ Намайг гэртээ сууж байхад Б гаднаас орж ирээд З.А гэртээ хамтран амьдрагчтайгаа маргалдаад муудалцаад байх шиг байна. Б.Бэ эгч бахираад хашгираад байна. Хоёулаа оръё гэж хэлсэн. Тэгээд бид хоёрыг гэр рүү ороход А нь Бэ эгчийг үсдээд байж байсан. Би очоод Аг салгахад А нь Бэ эгчийн эрүүн тус газар нь 1 удаа өшиглөсөн. Тэгээд Бэ эгчийн амнаас цус гараад байсан. Б эгч Бэ эгчийг гэр рүүгээ дагуулаад явсан ... гэх мэдүүлэг /хх-13/
- Гэрч Ц.Б хэрэг бүртгэлтэнд өгсөн: 2017 оны 09 сард /яг хэдэнд гэдгийг нь санахгүй байна/. Гэртээ хөрзөн оруулах гээд гэрээсээ гарахад манай хажуу талын байранд байдаг Бэ эгч гэртээ хамтран амьдрагчтайгаа маргалдаад байгаа бололтой хашгираад байсан. Тэгэхээр нь хажуу талын байранд байдаг Нг дагуулаад гэрт нь ороход А нь Бэ эгчийг үсдээд байж байсан. Н очоод салгахад А нь Бэ эгчийг эрүүн тус газар нь 1 удаа өшиглөсөн. Тэгээд Бэ эгчийн амнаас нь цус гараад байсан. Тэгээд би Бэ эгчийг гэртээ хонуулсан... гэх мэдүүлэг /хх-12/
- Яллагдагч З.Агийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: Би СүхБа аймгийн Баяндэлгэр сумын 6 дугаар багийн нутагт оршин суудаг бөгөөд Зэвсэгт хүчний 086-р дугаар цэргийн ангид 2015 оны 11 дүгээр сард анх ажилд орсон юм. Ажилд ороод Б.Бэ гэдэг эмэгтэйтэй найзалж дотносоод удалгүй 2016 оны 03 дугаар сард нэг гэрт орж хамт амьдрах болсон. Надтай хамт амьдарч эхэлснээсээ хойш Б.Бэ нь өөр хүнтэй унтаж байгаад баригдсан юм. Түүнээс хойш хамтран амьдрагчаа хардах шалтгаанаар 3 удаа зодож түүний биед гар хүрсэн. Хамгийн анх Б.Бэ бид хоёр манай ажлын Буманчулуун ахын гэрт түүнтэй нэг шил 0.75 литрийн Алтантүрүү архи уугаад дуусч байхад Б.Бийн утас дуугараад гараад явчихсан. Тэгэхээр нь би араас нь очиход бараг гэртээ ирчихсэн байсан. Тэгэхээр нь би хэнтэйгээ яриад гараад явчихав гээд хардаад гэртээ оруулж байгаад үсдэж байгаад шалан дээр унаган толгой руу нь нэг өшиглөсөн. 2017 оны 10 дугаар сард ТүвшинБа гэх айлд Алтантүрүү нэртэй 0.75 литрийн архи уугаад байж байхад гаднаас Бж, Бямбадорж нар нь орж ирээд намайг хөрзөнд явж өгсөнгүй гээд над руу сандал бариад дайраад байхаар нь барьж байсан сандлыг нь шидээд тэр хоёртой маргалдаж байхад Б.Бэ тэр хоёрыг өмөөрч тэр хоёрын талд орон намайг барьж байгаад цохиулаад байхаар нь би уурлахад Б.Бэ надаас зугтсан. Араас нь хайгаад очиход Э ахын грашид байхаар нь түүн рүү барьж явсан S4 маркийн гар утсаа толгой руу нь шидэхэд толгойноос нь цус гарч байсан. Тэгээд би явъя гэсэн боловч явахгүй болохоор нь 2 удаа түлхэж унагасан. Хамгийн сүүлд буюу 2017 оны 11 дүгээр сарын эхээр Б.Бийн найз Ч, Э нарын төрсөн өдөр болсон гэх шалтгаанаар Б.Бэ тэр гурав архи ууцгаасан юм. Тэгээд дахин би нэг шил архи авч ууж байхдаа ажлын залуу болох Нямбаяр гэх залуутай хардаж машинд задлаагүй байсан савтай пивоор нүүр рүү нь цохиход тэр машинаас гараад зугтахаар нь барьж аваад үснээс зулгаан хэсэг газар чирсэн. Тэр үед Ч, Э хоёр манай салаан дарга Цтай ирээд Бийг аваад явсан. Үүнээс хойш зодож цохисон асуудал гаргаж байгаагүй... гэх мэдүүлэг /хх-48-49 /,
- СүхБа аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 23 тоот дүгнэлтэд: 1.Б.Бийн биед толгойн үстэй хэсгийн сорви бүхий гэмтэл учирчээ. 2.Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчиллээр үүсгэгдсэн байна. 3.Учирсан гэмтэл нь ШЭГЗТЖ-н 2.4.1-т зааснаар эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ. /хх-16/
- СүхБа аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 23 тоот дүгнэлтэд /нэмэлт/: 1.2.3.4. Б.Бийн биед 2017 оны 09 дүгээр сард зодсон үйлдлээс үүссэн гэх гэмтлийг тогтоох боломжгүй байна. 5. Б.Бийн биед 2017 оны 10 сард баруун зулай хэсгийн сорви бүхий гэмтэл учиржээ. 6. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 7.Учирсан гэмтэл нь ШЭГЗТ журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 8.Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. 9.Б.Бийн биед 11 сард зодсон үйлдлээс үүссэн гэх гэмтлийг тогтоох боломжгүй гэжээ /хх-30/,
- СүхБа аймгийн Прокурорын газрын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 71 дугаартай эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаархи прокурорын санал /хх-55/
- СүхБа аймгийн Баяндэлгэр сумын 6 дугаар багийн Засаг даргын 2017.12.20-ны өдрийн 226 дугаартай тодорхойлолт /хх-38 /
- З.Агийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-39 /
- З.Агийн Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-40/
- Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-34-37/ зэрэг болно.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:
СүхБа аймгийн Прокурорын газраас шүүгдэгч З.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Шүүгдэгч З.Агийн холбогдсон дээрх хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хэрэгт хамаарах бөгөөд прокурорын яллах дүгнэлтэнд яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар саналаа бичиж, яллагдагчид танилцуулж, гарын үсэг зуруулсан ба хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан нөхцөл, журам хангагдсан байна гэж үзлээ.
Шүүгдэгч З.А нь 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр СүхБа аймгийн Баяндэлгэр сумын 6 дугаар баг Өлзийтийн 2-2 тоот дахь өөрийн гэртээ хамтран амьдрагч Б.Бийг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, эрүүл мэндэд нь “ толгойн үстэй хэсгийн сорви ” бүхийн хөнгөн хохирол учруулсан,
2017 оны 09 дүгээр сарын 10-дын орчимд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.Бийг бусадтай хардаж үснээс нь зулгаан, толгойг нь доош даран толгой руу нь хөлөөрөө өшиглөж зодсон,
2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.Бийг бусадтай хардан 2.5 литрийн савтай “Сэрүүн” пивоор баруун нүд рүү нь цохиж, гараараа зодож, үснээс нь зулгаан 200 метр орчим газар чирэх зэргээр харгис хэрцгий харьцан, догшин авирлаж гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдсэн болох нь шүүгдэгч З.Агийн хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэрэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч Б.Бийн мэдүүлэг, СүхБа аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 23 дугаартай, 2017 оны 12 сарын 22-ны өдрийн 23 дугаартай шинжээчийн нэмэлт дүгнэлтүүд, Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-34/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.
З.Агийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Б.Бийг зодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн,
2017 оны 09 дүгээр сарын 10, 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.Бийг зодсон, үснээс нь зулгаан чирсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 буюу гэр бүлийн хамаарал бүхийн хүнийг байнга зодох, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан гэмт хэргийн шинжүүдийг агуулах хийгээд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэстэй байна.
Хэрэг гарсан шалтгаан нөхцөлийг тодруулбал, шүүгдэгч З.А нь хамтран амьдрагч Б.Бийг хардалт, хоорондын үл ойлголцол зэргээс шалтаглан байнга хэрүүл, маргаан үүсгэн зодож, харгис хэрцгий харьцсан, догшин авирлаж байсан нөхцөл байдал тогтоогдох бөгөөд энэ нь хохирогч Б.Бийн “ З.А бид хоёр 2016 оны 03 дугаар сард нэг гэрт орж хамтран амьдрах болсон. 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр найз болох Ч, Э нартай хамт байхад А “Чам руу байнга залгадаг хүн байдаг л байхгүй юу ” гэж хэлээд миний нүүр рүү авчирсан 2.5 литрийн Сэрүүн нэртэй пивоо шидэхээр нь би машинаас гараад гэр рүүгээ зугтаах гэтэл араас гүйж ирээд намайг үсдэж аваад хөлөөрөө миний биеийн хөл гар нуруу руу өшиглөсөн. Тэр хоёрыг явахад А нь намайг цохихгүй харин үснээс минь зулгаагаад тавихгүй байсан. Тухайн үед нүд хөхөрсөн, үснээс зулгаасан байсан болохоор толгой өвдөж байсан. 2017 оны 09 дүгээр сард сумын нэг залуу над руу залгахад А “ чи тэр залуутай байнга утсаар ярьдаг юм уу, энэ чинь яах гээд залгаад байгаа юм бэ” гэхээр нь би “чамтай юу ярих юм, ийм тэнэг хүнтэй, хамаагүй хүнтэй хардаад” гэж хэлээд гэрээс гарах гэж байхад гүйж ирээд миний үснээс зулгаагаад хөлөөрөө миний хөл рүү өшиглөхөөр нь би хашгирахад манай гэрийн гадаа явж байсан манай ажлын Б гэх эмэгтэй Н гэх залуутай орж ирээд бид хоёрыг салгасан. Мөн 2017 оны 10 сард А, Ба ахын эхнэр Н, манай ажлын үйлчлэгч Э нарын хамт 2.5 литрийн сэрүүн нэртэй пиво уугаад сууж байхад гаднаас манай ажлын хоёр залуу болох Бя Бж хоёр орж ирээд Бж нь А руу “Чи хөрзөнд яваад өгчихгүй” гэхээр нь А нь “ Би явах албатай юм уу” гээд тэр хоёр маргалдахаар нь би Аг гэртээ явъя” гэхэд А нь над руу “чи энэ хоёрыг дуудсан юм уу” гээд над руу дайраад байхаар нь би зугтаагаад үйлчлэгч Э эгчийн гэрт нь очоод байж байхад араас А орж ирээд гар утсаа над руу шидэхэд миний толгойны баруун орой хэсэгт хагарсан ” гэх,
гэрч Ц.Бгийн “ 2017 оны 09 сард хөрзөн оруулах гээд гэрээсээ гарахад манай хажуу талын байранд байдаг Бэ эгч хамтран амьдрагчтайгаа маргалдаад байгаа бололтой хашгираад байсан. Хажуу талын байранд байдаг Нг дагуулаад гэрт нь ороход А нь Бэ эгчийг үсдээд байж байсан. Н очоод салгахад А нь Бэ эгчийг эрүүн тус газар нь 1 удаа өшиглөсөн. Тэгээд Бэ эгчийн амнаас нь цус гараад байсан. Тэгээд би Бэ эгчийг гэртээ хонуулсан” гэх,
гэрч Э.Нгийн “ 2017 оны 09 дүгээр сард гэртээ сууж байхад Б орж ирээд З.А гэртээ хамтран амьдрагчтайгаа маргалдаад, муудалцаад байх шиг байна. Б.Бэ эгч бахираад, хашгираад байна. Хоёулаа оръё гэж хэлсэн. Тэгээд бид хоёрыг гэр рүү ороход А нь Бэ эгчийг үсдээд байж байсан. Би очоод Аг салгахад А нь Бэ эгчийн эрүүн тус газар нь 1 удаа өшиглөсөн. Тэгээд Бэ эгчийн амнаас цус гараад байсан. Б эгч Бэ эгчийг гэр рүүгээ дагуулаад явсан” гэх мэдүүлгүүд, шинжээчийн 23 тоот, мөн нэмэлт дүгнэлт зэргээр хэрэгт тогтоогдсон байна.
З.А гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. Тэрээр хуулиар хамгаалагдсан бусдын эрх, эрх чөлөөнд халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, мэдсээр атлаа хохирогчийг байнга зодож эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулах, мөн харгис хэрцгий харьцаж, догшин авирласан байна.
Шүүгдэгч З.Ад холбогдох хэргийн зүйлчлэл зөв, хэргийн байдлыг нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, мөн мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.
Иймд шүүгдэгч З.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцох үндэстэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгч З.Аг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.
З.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч З.Агийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэргийн улмаас бусдад хөнгөн хохирол учирсан боловч эдгэрсэн, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмшиж байгаа, хохирогч Б.Бэ гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг үндэслэн прокурорын ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох саналыг хэвээр үлдээж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналыг өөрчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан, дээрх зүйлд зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тогтоолоо.
З.А энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдъя.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 8 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч З.Аг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, мөн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Аг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан, тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Ялтан З.А энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
4. Ялтан З.Ад шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор СүхБа аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН