| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жанчивсүрэнгийн Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 2111000001007 |
| Дугаар | 2022/ДШМ/1015 |
| Огноо | 2022-10-25 |
| Зүйл хэсэг | 11.3.1., |
| Улсын яллагч | А.Азжаргал |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 2022/ДШМ/1015
2022 10 25 2022/ДШМ/1015
Д.Э , Б.Б нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор А.Азжаргал,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А, түүний өмгөөлөгч А.Б,
шүүгдэгч Д.Э , түүний өмгөөлөгч Г.Б,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 2022/ШЦТ/689 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Э-ы өмгөөлөгч Г.Б-ы гаргасан давж заалдах гомдлоор Д.Э , Б.Б нарт холбогдох ......................... дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Д.Э нь Чингэлтэй дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн ... дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн ажил үүргийг гүйцэтгэж байх хугацаандаа Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсгийн 11.2.9-д заасан “хүүхэд, багш, ажилтны сургалтын орчин дахь эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлэх”, 11.2.10-т заасан “...хүүхдийн эрүүл, аюулгүй байх нөхцөлийг хангах”, 11.2.11-т заасан сургалтын орчин...”, ...аюулгүй байдлын стандарт, норм, норматив, багшийн ёс зүйн дүрмийг дагаж мөрдүүлэх ажлыг зохион байгуулах” гэж тус тус заасан эрхлэгчийн үүрэг, Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын сургалтын орчинд тавигдах ерөнхий шаардлага болох Монгол Улсын MNS 6558:2015 стандартын 5.3 дугаар зүйлийн 5.3.7 дахь заалтад заасан “Цэцэрлэгийн болон анги танхимын тавилга хэрэгслийг хөдөлгөөнгүй тогтвортой байрлуулж, хүүхэд бэртэж, гэмтэхээс урьдчилан сэргийлсэн байна” гэсэн заалт, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын А/430 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалын үлгэрчилсэн тодорхойлолтын 2 дугаар зорилтын 8 дахь заалтад заасан “Бага насны хүүхдийн эрүүл мэнд, аюул осолгүй байдлыг тогтмол хангаж..., ....хамгаалах...,” гэсэн заалтуудыг тус тус хэрэгжүүлж ажиллаагүйн улмаас Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 000 дүгээр цэцэрлэгт 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 17 цагийн үед тус цэцэрлэгийн 1 давхарт байрлах хүүхдийн хувцас солих өрөөнд хараа хяналтгүй үлдээсэн байсан “Бэлтгэл В” бүлэгт явдаг 5 настай, С.С-н дээрээс хүүхэд бэртэж гэмтэхээс урьдчилан сэргийлж, хөдөлгөөнгүй, тогтвортой байрлуулаагүй байсан хувцасны шүүгээ унаж С.С нь тархиндаа хүнд гэмтэл авсан нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.Б нь Чингэлтэй дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн ... дүгээр цэцэрлэгийн “Бэлтгэл В” бүлэг хариуцсан багшаар ажиллаж байх хугацаандаа Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсгийн 12.8.6-д заалтад заасан “сургалтын үйл ажиллагааны эрүүл ахуй, хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын шаардлагыг хангах” гэсэн заалт, Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын сайдын А/430 дугаартай тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Хүүхдийн цэцэрлэгийн багшийн албан тушаалын үлгэрчилсэн тодорхойлолт”-ын 2 дугаар зорилтын 1 дэх заалтад заасан “бага насны хүүхдийн эрүүл мэнд, аюул осолгүй байдлыг тогтмол хангаж..., ...урьдчилан сэргийлэхэд анхаарах” гэсэн заалт, мөн сайдын 68 дугаар тушаалаар батлагдсан Хүүхдийн цэцэрлэгийн аюулгүй байдлын дүрмийн 3 дахь хэсгийн 3.11 дэх заалтад заасан “хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх нөхцөлийг бүрэн бүрдүүлж ажиллана” гэсэн заалт, мөн сайдын А/118 дугаартай тушаалаар батлагдсан “Хүүхдийн цэцэрлэгийн үлгэрчилсэн дүрэм”-ийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заасан “Багш нь Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан эрх, үүргийг хэрэгжүүлж ажиллахаас гадна өдрийн дэглэмд тусгасан үйл ажиллагааны турш хүүхдэд хараа хяналт тавьж, гэмт халдлага, зам тээврийн осол, байгалийн гамшигт үзэгдлээс хамгаалан эцэг, эх, асран хамгаалагчдад сэрэмжлүүлэг, зөвлөгөө өгч ажиллана” гэсэн заалтуудыг тус тус хэрэгжүүлж ажиллаагүйн улмаас Чингэлтэй дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... дүгээр цэцэрлэгт 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 17 цагийн үед тус цэцэрлэгийн 1 давхарт байрлах хүүхдийн хувцас солих өрөөнд хараа хяналтгүй үлдээсэн “Бэлтгэл В” бүлэгт явдаг 5 настай, С.С-н дээрээс хүүхэд бэртэж гэмтэхээс урьдчилан сэргийлж, хөдөлгөөнгүй, тогтвортой байрлуулаагүй байсан хувцасны шүүгээ унаж С.С нь тархиндаа хүнд гэмтэл авсан нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Д.Э , Б.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.Э, Б.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-д 1 жилийн хугацаагаар багшлах эрхийг хасаж, 3500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.500.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.Б-т 1 жилийн хугацаагаар багшлах эрхийг хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгийн торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, хохирогч цаашид гарах эмчилгээний зардал болон гэмт хэргийн улмаас учирсан хор уршгаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, тэдгээрийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Д.Э-ы өмгөөлөгч Г.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хохирогч хүүхдийн дээр хувцасны шүүгээ унасан хэрэг учрал гарсан боловч 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүн хэргийн газрын үзлэг хийсэн байдаг. 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр цэцэрлэгийн жижүүр Д.Д уг хувцасны шүүгээний доор картонон цаас ивсэн бөгөөд шинжээчийн хаб/3/30 тоот дүгнэлтэнд “...картонон цаасыг нугалж эвээс хийсэн байдал нь Сургуулийн өмнөх боловсролын сургалтын орчин Ерөнхий шаардпага Монгол Улсын МNS 6558:2015 стандартын 5.3 дахь заалт Бүлгийн өрөө 5.3.7 дахь заалт /Цэцэрлэгийн болон анги танхимын тавилга хэрэгслийг хөдөлгөөнгүй, тогтвортой байрлуулж, хүүхэд гэмтэхээс урьдчилан сэргийлсэн байна./...” тус тус зөрчсөн байна гэж гарсан. Өөрөөр хэлбэл шинжээчийн дүгнэлт эргэлзээ бүхий байна. Дахин шинжээч томилж эргэлзээ бүхий байдлыг арилгах шаардлагатай гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Д.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай цэцэрлэг дээр ийм асуудал гарсанд харамсаж байна. Байгууллагын удирдлагын хувьд хүүхдийн аюулгүй байдлыг хангаж ажиллаж ирсэн. ... Үйл явдал болсны дараа дахиад асуудал болж магадгүй гээд засварчнаа дуудаад шкафыг тогтоолгосон. Тогтоохдоо шкафны ард кардонон цаас эвсэн байсан. Тэрийг нь цагдаа нар шалгаад стандарт зөрчсөн гэх дүгнэлт гаргасан. Манай байгууллага Хөдөлмөр аюулгүй байдлын үнэлгээ, эрсдлийн үнэлгээг тогтмол хийлгэдэг байсан. ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэрэг гараад 1 жил болсон байна. Эхлээд эдгээр хүмүүс охины биеийг асуудаг байсан. Хавар шүүх хурал болсноос хойш огт асуугаагүй. Манай охин одоо 1 дүгээр ангид орсон. Хүүхдэд учирсан гэмтлийн хор уршиг гарч ирсээр л байгаа. Хамраас нь гэнэт цус гарна, толгой нь өвдөх, ачаалал авч чадахгүй болсон. Эдгээр хүмүүст маш их гомдолтой байна. Эрүүл саруул хүүхдийг минь ийм болгосонд гомдолтой байна. ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А-н өмгөөлөгч А.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Кардонон цаасыг ивсэн асуудлыг ярьж байна. Гэвч хэрэг учрал болсоны дараа ивсэн асуудал байдаг. Дараа нь болсон асуудал энэ хэрэгт хамааралгүй. Хэрвээ стандартыг мөрдөж ажиллаж байсан бол энэ осол болохгүй байх байсан. Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт 3 сая төгрөгийн баримтыг гаргаж өгсөн боловч нотлох баримтын шаардлага хангахгүй байна гэх үндэслэлээр иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Баримтууд нотлох баримтын шаардлагыг хангаж байгаа. 1 хавтас хэргийн 44, 51 дүгээр талд цэцэрлэгийг иргэний хариуцагчаар татсан байдаг. Цэцэрлэгээс хохирлыг гаргуулах бүрэн боломжтой. ...” гэв.
Прокурор А.Азжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Кардонон цаас ивсэн байдлыг анхан шатны шүүх хуралдаанд хэлэлцсэн. Стандартад цэцэрлэг болон сургуулийн анги танхимын тавилга хэрэгслийг хөдөлгөөнгүйгээр тогтвортой байрлуулж, хүүхэд бэртэж гэмтэхээс урьдчилан сэргийлэх ёстой гэж заасан. Хананд бэхэлж тогтоох ёстой гэж заагаагүй боловч аюулгүй байдлыг хангаж, урьдчилан сэргийлж байршуулах ёстой гэж заасан. Стандартыг хэрэгжүүлээгүйгээс болж хувцасны шүүгээ хохирогч хүүхдийн дээр унаж хүнд гэмтэл учруулсан. Эрхлэгч цэцэрлэгийн орчинд аюулгүй байдлыг мөрдүүлж, бүх ажлыг зохион байгуулах үүрэгтэй субъект юм. Гэтэл уг үүргээ хэрэгжүүлж ажлаагүйн улмаас уг осол гарсан. Анги хариуцсан багш нарын зүгээс шкафыг хөдөлгөөнтэй байна шүү гэж эрхлэгчид хэлж байсан талаараа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн. Үнэхээр эрсдлийн үнэлгээг хийлгэж байсан бол яагаад зөв хийгээгүй юм бэ. Нэр төдий хийсэн болоод өнгөрсөн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Д.Э нь Чингэлтэй дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн ... дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн ажил үүргийг гүйцэтгэж байх хугацаандаа Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсгийн 11.2.9-д заасан “хүүхэд, багш, ажилтны сургалтын орчин дахь эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлэх”, 11.2.10-т заасан “...хүүхдийн эрүүл, аюулгүй байх нөхцөлийг хангах”, 11.2.11-т заасан сургалтын орчин...”, ...аюулгүй байдлын стандарт, норм, норматив, багшийн ёс зүйн дүрмийг дагаж мөрдүүлэх ажлыг зохион байгуулах” гэж тус тус заасан эрхлэгчийн үүрэг, Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын сургалтын орчинд тавигдах ерөнхий шаардлага болох Монгол Улсын MNS 6558:2015 стандартын 5.3 дугаар зүйлийн 5.3.7 дахь заалтад заасан “Цэцэрлэгийн болон анги танхимын тавилга хэрэгслийг хөдөлгөөнгүй тогтвортой байрлуулж, хүүхэд бэртэж, гэмтэхээс урьдчилан сэргийлсэн байна” гэсэн заалт, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын А/430 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалын үлгэрчилсэн тодорхойлолтын 2 дугаар зорилтын 8 дахь заалтад заасан “Бага насны хүүхдийн эрүүл мэнд, аюул осолгүй байдлыг тогтмол хангаж..., ....хамгаалах...,” гэсэн заалтуудыг тус тус хэрэгжүүлж ажиллаагүйн улмаас Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 000 дүгээр цэцэрлэгт 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 17 цагийн үед тус цэцэрлэгийн 1 давхарт байрлах хүүхдийн хувцас солих өрөөнд хараа хяналтгүй үлдээсэн байсан “Бэлтгэл В” бүлэгт явдаг 5 настай, С.С-н дээрээс хүүхэд бэртэж гэмтэхээс урьдчилан сэргийлж, хөдөлгөөнгүй, тогтвортой байрлуулаагүй байсан хувцасны шүүгээ унаж С.С нь тархиндаа хүнд гэмтэл авсан нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.Б нь Чингэлтэй дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн ... дүгээр цэцэрлэгийн “Бэлтгэл В” бүлэг хариуцсан багшаар ажиллаж байх хугацаандаа Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсгийн 12.8.6-д заалтад заасан “сургалтын үйл ажиллагааны эрүүл ахуй, хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын шаардлагыг хангах” гэсэн заалт, Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын сайдын А/430 дугаартай тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Хүүхдийн цэцэрлэгийн багшийн албан тушаалын үлгэрчилсэн тодорхойлолт”-ын 2 дугаар зорилтын 1 дэх заалтад заасан “бага насны хүүхдийн эрүүл мэнд, аюул осолгүй байдлыг тогтмол хангаж..., ...урьдчилан сэргийлэхэд анхаарах” гэсэн заалт, мөн сайдын 68 дугаар тушаалаар батлагдсан Хүүхдийн цэцэрлэгийн аюулгүй байдлын дүрмийн 3 дахь хэсгийн 3.11 дэх заалтад заасан “хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх нөхцөлийг бүрэн бүрдүүлж ажиллана” гэсэн заалт, мөн сайдын А/118 дугаартай тушаалаар батлагдсан “Хүүхдийн цэцэрлэгийн үлгэрчилсэн дүрэм”-ийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заасан “Багш нь Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан эрх, үүргийг хэрэгжүүлж ажиллахаас гадна өдрийн дэглэмд тусгасан үйл ажиллагааны турш хүүхдэд хараа хяналт тавьж, гэмт халдлага, зам тээврийн осол, байгалийн гамшигт үзэгдлээс хамгаалан эцэг, эх, асран хамгаалагчдад сэрэмжлүүлэг, зөвлөгөө өгч ажиллана” гэсэн заалтуудыг тус тус хэрэгжүүлж ажиллаагүйн улмаас Чингэлтэй дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... дүгээр цэцэрлэгт 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 17 цагийн үед тус цэцэрлэгийн 1 давхарт байрлах хүүхдийн хувцас солих өрөөнд хараа хяналтгүй үлдээсэн “Бэлтгэл В” бүлэгт явдаг 5 настай, С.С-н дээрээс хүүхэд бэртэж гэмтэхээс урьдчилан сэргийлж, хөдөлгөөнгүй, тогтвортой байрлуулаагүй байсан хувцасны шүүгээ унаж С.С нь тархиндаа хүнд гэмтэл авсан нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А-н “...Тухайн үед эмч “би нарийн юм мэдэхгүй анхан шатны тусламж үзүүлнэ” гэж хэлсэн. Тэгэхээр би бүлгийн багшид нь “түргэн тусламж дуудаач ээ” гэхэд багш нь “тийн ш дээ” гээд утсаа бариад дуудлага өгсөн. Тэгээд 18 цагийн үед байхаа түргэн ирээд биеийг нь үзээд гэмтэл согог судпалын төвд үзүүлэх шаардпагатай гээд түргэн тусламжийн машинаар бүлгийн багш болон миний бие хамт явсан. Гэмтлийн эмнэлэг дээр очоод шууд томографт харуулахад толгойндоо цус хуралттай, гавлын яс бяцралттай байна гэж хэлсэн. Би ангид нь ороод “манай хүүхэд яачихсан юм бэ” гэж Бүлгийнх нь багш болох Б-с асуухад хувцас солих өрөөний шкаф нүүрнийх нь урд хэсгээр унасан гэж надад хэлсэн. Тухайн үед хүүхдийнхээ нүүрийг харахад толгойн баруун талын нүдний баруун хэсэгт зовхины дээр нь бага зэргийн улайсан байсан. Тэгээд цамцны энгэр нь цус болон бөөлжис болсон байсан. Мөн хамраас нь нэлээн цус гарсан байсан. Шинжээчийн дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Нэг бүрчлэн уншиж танилцлаа...Би хавтаст хэрэгт 31 ширхэг эмчилгээний баримт болох нийт 1.275.800 төгрөгийн баримтыг гарган өгч хэрэгт хавсаргуулсан. Мөн цаашид эмчилгээний урсгал зардал 20.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. Харин хүүхдийнхээ эрүүл мэнд хохирсон гэхдээ манай хүүхдийн ирээдүйд болон цаашид учирч болох эрсдэлийг тооцож хүүхдэдээ эрчимтэй эмчилгээ хийлгэх тал дээр анхаарч миний нэхэмжилсэн мөнгөн дүн болох 21.275.800 төгрөгийн хохирлыг минь барагдуулж өгнө үү гэж хүсэж байна. ...” /1хх 15-17, 19-20, 228-230, 232/,
Нийслэлийн түргэн тусламжийн төвийн дуудпагын их эмч Э.Д-н “...бүлгийн багш нь “үүдний хувцасны шкаф руу уг хүүхэд авирч байгаад толгой дээр унасан” гэсэн асуумж өгсөн. Үүний дагуу би уг хүүхдэд өвчин намдаах лаа хийгээд уг хүүхдийг “Гэмтэл согог судлалын үндэсний төв” рүү шилжүүлэхээр ээж болон Бүлгийн багш нарийн хамт авч явсан юм. Уг хүүхэдтэй харилцан ярихад гудсан дээр хэвтсэн, толгой өвдөөд байна гээд толгой дээрээсээ гараа авахгүй, нойр хүрээд байна гээд унтах гээд, нээх юм ярихгүй зовуурьтай байдалтай байсан. Уг хүүхэдтэй харилцан ярихад зөвхөн биеийн байдлын талаар нь асуусан. Харин уг хүүхдийн дээрээс юу унасан яаж гэмтсэн талаар бүлгийн багш гэх хүнээс асуухад үүдэнд байдаг хувцасны шкаф уг хүүхдийн толгой дээр буюу толгойн хажуу талын байрлалтай унасан, эгц урдаас нь бол биш гэж хэлсэн. Уг хүүхдийн толгой дээр шкаф унаад тэгээд түргэн тусламжийн төвд дуудлага өгсөн гэж хэлсэн. ...” /1хх 247/,
Гэрч Ц.М-н “...Өчигдрөөс бүх хүүхдийн шүүгээнүүдийг ханатай бэхэлсэн. Хажууд нь 1 хүүхэд хувцас өмсөөд байж байсан...2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр би жижүүр багш байсан. Жижүүр багш нь 18:00 цагаас хойш үлдсэн хүүхдийг харж байгаад эцэг эхэд нь хүлээлгэж өгөх үүрэгтэй ажил юм. Харин 18:00 цагаас өмнө баг нар өөрсдөө хүүхдийг эцэг эхэд нь хүлээлгэж өгөх үүрэгтэй. Харин уг өдөр би 17:20 минут болж байсан. Нээх удаагүй санагдаж байна. Надад Э нь ажилдаа хайнга маягтай л харагддаг юмаа. Тэрнээс хүүхэдтэй ширүүн харьцах, зодох зан үйл харагдаж байгаагүй...” /1хх 22-23, 25/,
Шинжээч П.Ч-н “...Тухайн цэцэрлэгийн эрхлэгч нь аюулгүй байдлыг мөрдүүлж, ажлыг зохион байгуулж ажиллана. Харин багш нар тухайн объект дээр аюулгүй байдлын шаардлагыг хангаж ажиллана. Уг байгууллага дээр хүүхдийн аюулгүй байдал алдагдсан байна. Цэцэрлэгийн болон анги танхимын тавилга хэрэгслийг хөдөлгөөнгүй, тогтвортой байрлуулж, хүүхэд бэртэж, гэмтэхээс урьдчилан сэргийлэх чиг үүргийг хэрэгжүүлэх нь цэцэрлэгийн эрхлэгч юм. Харин хүүхдийг хараа хяналтгүй орхисон нь Боловсрол соёл шинжлэх ухааны сайдын 2008 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 68 дугаар тушаалын 3.11 дэх хэсэгт хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх нөхцөлийг бүрэн бүрдүүлж ажиллана гэж заасныг зөрчсөн. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын А/118 дугаар тушаалаар батлагдсан “Хүүхдийн цэцэрлэгийн үлгэрчилсэн дүрэм”- ийн 4.1 дэх хэсэгт “Багш нь Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан эрх үүргийг хэрэгжүүлж ажиллахаас гадна өдрийн дэглэмд тусгасан үйл ажиллагааны турш хүүхдэд хараа хяналт тавьж хангаж, зөвлөгөө өгч ажиллана гэж заасан байдаг. Тиймээс 68, А/118 дугаартай тушаалын дагуу бүлгийн багш, туслах багш нар хүүхдийг хараа хяналтгүй орхисноос болж хүүхэд гэмтсэн нөхцөл байдал тогтоогдож байна” /1хх 179-180/,
Шинжээч Г.Б-н “...Аюулгүй байдал нь хөдөлмөрийн аюулгүй байдал эсхүл аюулгүй байдал гэвэл хоорондоо ялгаатай шинжийг агуулдаг юмаа. Хөдөлмөрийн аюулгүй байдал гэдэг нь хөдөлмөрлөх явцад хүний эрүүл мэндэд эрсдэл, ослыг хөдөлмөрийн аюулгүй байдал гэнэ. Харин цэцэрлэгийн хувьд аюулгүй байдал гэдэг нь боловсролын тухай хууль, сургуулийн өмнөх боловсролын тухай хууль түүнийг дагаж гарсан дүрэм, журам, стандартад заасан ёс зүйн дүрэм, аюулгүй байдпыг ерөнхийд нь хангахыг ойлгоно. Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 2.11 дэх хэсэгт заасан эрхлэгчийн нийтлэг эрх үүрэг, 12 дугаар зүйлд заасан багш түүний эрх үүрэг, Боловсрол соёл шинжлэх ухааны сайдын 2008 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 68 дугаартай тушаалын 3.11 дэх хэсэг, мөн сайдын А/118 дугаартай тушаалын 4.11 дэх хэсэгт тус тус заасны дагуу тухайн цэцэрлэгийн анги танхимын тавилга, эд зүйлсийг хөдөлгөөнгүй байрлуулж, хүүхэд бэртэж гэмтэхээс урьдчилан сэргийлэх чиг үүргийг цэцэрлэгийн эрхлэгч хариуцна. Харин бүлгийн багш, туслах багш нар нь хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх нөхцөлийг бүрдүүлж хангаж ажиллана. Тухайн байгууллагын түвшинд ажпын байрны хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хөдөлмөрийн аюулгүй ажлын байрыг бий болгох, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, дэмжлэг үзүүлэн ажилладаг юм. Төрийн болон төрийн үйлчилгээний төсвийн байгууллага нь ажилтны орон тооноос хамаарахгүйгээр хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг аль нэг ажилтанд хавсарган хариуцуулна. Үүний талаар Хөдөлмөрийн сайдын 2015 оны А/114 дугаартай тушаалаар зохицуулдаг юм. Цэцэрлэгийн хувьд учирч болзошгүй аюулаа урьдчилан судалж, түүний дагуу аюулгүй байдпын төлөвлөгөө боловсруулах, аюулгүй ажиллагааны санхүүжилтийг төлөвлөх, аюулгүй ажиллагааны зөв удирдлага, зохион байгуулалттай болгох, хүүхдийн орчинд аюул ослыг арилгах, хяналт тавих болон ажил олгогч нь бусад хууль дүрэмд заасан эрх үүргийг хэрэгжүүлэхийг ойлгоно. Хэрэв тухайн цэцэрлэг нь аюулыг зөв тодорхойлж эрсдэлийн үнэлгээг хийсэн бол тухайн цэцэрлэг дээр хүүхдийн эрүүл мэндэд хохирол учрахгүй байсан. ..." /1хх 186-187/,
Яллагдагч Б.Б-н “...2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 17 цаг 20 минутын үед би цонхоор С-н ээж болох А нь цэцэрлэгийн хашаанд орж ирээд хүнтэй юм яриад эогсож байсан тэгэхээр нь би С-г ангиас У гэдэг охины хамт гаргаад хоёуланг хувцасны өрөөнд орж хувцаслаж байж байгаад эцэг эхчүүдээр вакцины бичиг болон “Цэгээр наадъя” номыг танилцуулахаар анги руу орж бичиг аваад эргээд гарах гэтэл коридорт чанга чимээ гарч хүмүүс хашхирсан тэгээд би вакцины бичгүүдийг коридорт цацаад хувцас солих өрөө рүү гүйгээд ороход С дээшээ харсан байдалтай зөвхөн толгойн нүүр харагдах хэсэг шкафт дарагдсан хэвтэж байсан тэгээд би уг хувцасны шкафыг өргөх гэтэл хүнд байсан болохоор эргэж хараад сантехникч Д ахыг коридорт байхаар нь би шкафыг ирээд өргөөч гэж хашхираад Д орж ирж хамт өргөөд би хүүхдийг тэвэрч аваад миний охин яагаад шкаф руу авирчихаа вэ гэхэд би бишээ багшаа гээд байсан тэгээд би хүүхдийг тэврээд ангид ороод 00-н өрөөний үүдэн дээр сальфетгаар хамраас нь гарсан цусыг дараад арчсан, тэгээд цэцэрлэгийн эмч Б-г дуудаарай гэж хэлсэн тухайн үед ангийн үүдэн дээр олон хүмүүс зогсож байсан мөн С-н ээжийг дуудаарай гэж хэлсэн. Тэгээд эмч орж ирж үзсэн мөн удалгүй С-н ээж орж ирээд хүүхдийг өргөөд сандал дээр суулгаад би туслах багш Э-г гудас аваад ирээ гэж хэлээд гудсан дээр С-г хэвтүүлээд эмч өрөөнөөсөө эмчийн хэрэгслээ авчирч хүүхдийг үзээд тэгээд би 103-т дуудлага мэдээлэл өгсөн. Тухайн үед би цаас авах гээд анги руу ороход үед болсон асуудал болохоор тухайн үед Э-г хаана байсан талаар би сайн санахгүй байна харин С-г гэмтсэний дараа өргөөд анги руу орж ирэхэд Э тоос сорогч барьчихсан зогсож байсан...” / 2хх 80/,
Яллагдагч Д.Э-ы “...2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 17 цаг 40 минутын үед 2 давхарт байрлах эрхлэгч миний өрөөнд манай байгууллагын эмч Б орж ирээд яанаа дарга доор хүүхдийн дээр шкаф унаад гэхээр нь би гарах гэсэн чинь надад одоо байхгүй түргэн тусламжийн байгууллагад өгөөд явуулсан тэгээд намайг дуудахгүй яасан юм бэ гэхэд сандраад мартчихсан байна гэсэн тэгээд л би доошоо хамт буусан. ...С гэх хүүхэд маань гэмтсэн гэж надад тайлбарлаж хэлсэн. Тухайн үед эмч мөн надад хамраас нь цус гарч байхад би бүх биеийн үзлэг хийгээд түргэн тусламжийн машинд өгөөд явуулсан эмнэлэг рүү уг хүүхдийн ээж, бүлгийн багш нь хамт явсан гэж эмч надад хэлсэн. Тухайн өдөр манай цэцэрлэгийн хяналтын камер нь ажиллахгүй байсан. Мөн хувцас солих өрөөнд хяналтын камерын бичлэг байдаггүй зөвхөн 2 давхрын ангийн үүдэнд байдаг хувцас солих өрөөнд хяналтын камер байдаг юмаа. 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс хяналтын камераа ажиллуулахаар нярав М-т камерыг янзлуул гэсэн үүрэг өгсөн. Гэхдээ уг камер нь 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс л мааслаад унтарч асаад байсан юмаа. 2021 оны 09 дүгээр сарын 14-ны өдөр дуудлага өгөөд өмнө янзалж байсан засварчин ирж манай хяналтын камерыг янзалсан юмаа” /2хх 67-69/ гэх мэдүүлгүүд,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Д.Э , Б.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүх, Д.Э , Б.Б нар нь С.С-г хүүхдийн хувцас солих өрөөнд хараа хяналтгүй үлдээсэн, хүүхэд бэртэж гэмтэхээс урьдчилан сэргийлж, хөдөлгөөнгүй, тогтвортой байрлуулаагүй байсан хувцасны шүүгээ унаж С.С нь тархиндаа хүнд гэмтэл авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Анхан шатны шүүх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э д 1 жилийн хугацаагаар багшлах эрхийг хасаж, 3.500 /гурван мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгийн, шүүгдэгч Б.Б-т 1 жилийн хугацаагаар багшлах эрхийг хасаж, 2.700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэсэн нь тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тус тус тохирсон байна.
Шүүгдэгч Д.Э-ы өмгөөлөгч Г.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шинжээчийн дүгнэлт эргэлзээ бүхий байна. Дахин шинжээч томилж эргэлзээ бүхий байдлыг арилгах шаардлагатай. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын ХАБШД 3/30 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх 115-116/ нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолсон байна.
Мөн хохирогчид цааш гарах эмчилгээний зардал болон гэмт хэргийн улмаас учирсан хор уршгаа гэм буруутай этгээдүүдээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.
Шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд аливаа шийдвэрийг гаргахдаа гагцхүү нотлох баримтад үндэслэсэн байх ёстой бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээг тогтоохдоо “баримт”-аар тогтоогдсон хэмжээгээр хуульд зааснаар гэм буруутай этгээдээс гаргуулж шийдвэрлэдэг.
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А, түүний өмгөөлөгч А.Б-н анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гарган өгсөн хохирлын баримтуудыг /3хх 203-217/ нотлох баримтыг шаардлага хангахгүй тул үнэлэхгүй орхисон нь буруу болжээ. Хохирлын баримтаар гаргаж өгсөн нийт 3.093.380 төгрөгийг иргэний хариуцагч Нийслэлийн 000 дүгээр цэцэрлэгээс гаргуулан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иймд магадлалд дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч Д.Э-ы өмгөөлөгч Г.Б гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 2022/ШЦТ/689 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар иргэний хариуцагч Нийслэлийн ... дүгээр цэцэрлэгээс 3.093.380 төгрөгийг гаргуулж хохирогч С.С-д олгосугай” гэж өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Э-ы өмгөөлөгч Г.Б-ы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ