Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Могнооны Цэцэгмаа |
Хэргийн индекс | 128/2017/0796/З |
Дугаар | 128/ШШ2017/0783 |
Огноо | 2017-10-26 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 10 сарын 26 өдөр
Дугаар 128/ШШ2017/0783
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Цэцэгмаа би, Ц.Ц*******гийн нэхэмжлэлтэй, Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдох “Ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Цагдаагийн ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын дарга П.О******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 106 дугаар тушаалаар Ц.Ц*******г Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Дотоод ажил, хяналт шалгалт, аюулгүй байдал хариуцсан чиглэлийн ахлах байцаагчийн үүрэгт ажлаас Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг үндэслэн чөлөөлж, Тахарын ерөнхий газрын мэдэлд шилжүүлсэн.
Үүнээс хойш тэрээр 2015 оны 04 дүгээр сард Цагдаагийн байгууллагад эргэн орох хүсэлт Цагдаагийн ерөнхий газарт гаргасныг Хүний нөөц, сургалтын хэлтсээс судлан үзэж, Тахарын ерөнхий газарт 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 3В/2207 дугаар албан бичгээр Ц.Ц*******г шилжүүлэх эсэх санал ирүүлэх тухай албан бичгийг Тахарын ерөнхий газарт хүргүүлсэн.
Уг албан бичгийн дагуу Тахарын ерөнхий газраас Ц.Ц*******г Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу ажлаас нь чөлөөлсөн бөгөөд түүнийг ажилд томилох асуудлыг судлан, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б/614 дүгээр тушаалаар Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст жижүүрийн ахлах офицероор томилсон.
Тахарын албанаас чөлөөлөгдсөнөөс хойш Ц.Ц*******г ажилд томилох шийдвэр гаргаагүй эс үйлдэхүй нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хөндсөн байх тул нэхэмжлэлд дурьдсан ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын зохих шимтгэлийг цагдаагийн байгууллагаас нөхөн төлөх үндэслэлтэй байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх хэсэгт “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх...”, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Цагдаагийн ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын дарга П.О******* нь нэхэмжлэгч Ц.Ц*******гийн Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан “Ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 5/314 дүгээр албан шүүхэд ирүүлсэн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ” гэж зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжид хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гомдол гаргах эрхгүй, шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг мэдэгдсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Ц*******гийн “Ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын дарга хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ М.ЦЭЦЭГМАА