Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 182/ШШ2024/03614

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 09 05 182/ШШ2024/03614

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: .................. тоот хаягт оршин суух, Б.Ч /РД:0000000/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: .................. тоот хаягт оршин суух, Л.Б /РД:000000000/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 1,700,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ч, Хариуцагч Л.Б, гэрч И.Ж, Э.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Е нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.Ч нь хариуцагч Л.Б-д холбогдуулан 1,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Миний хувьд эхнэр Б-ыг зодоогүй учраас Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс надад тулгасан 650,000 төгрөгөөр торгох ялыг зөвшөөрөхгүй Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандахаар өмгөөлөгч Л.Б-ыг 3,500,000 төгрөгөөр хөлслөн авч урд нь өмгөөлж байсан хоёр өмгөөлөгчөөсөө татгалзсан. Энэ нь өөрийнхөө хийгээгүй хэргийг үнэн зөвөөр шийдүүлэх гэж хичээсэн явдал юм.

Гэвч өмгөөлөгч Л.Б 2021.07.08-ны өдрийн давж заалдах шатны шүүх хурал болохоос нэг хоногийн өмнө над руу утсаар Би маргааш шүүх хуралд оролцохгүй, ажил гарсан, өчигдөр өршөөлийн хууль гарсан тул чи азтай, өршөөлийн хуульд хамрагдана. Чи шүүх хуралд очоод намайг өршөөж өгнө үү гээд хэлчих. Тэгээд л чи ялгүй өршөөгдөөд, цагаадаад хийсэн хэрэг чинь хэрэгсэхгүй болно гэж хэлэхэд нь би итгэсэн.

Давж заалдах шүүх хуралд би нэгдүгээрт Б надад зодуулсан гэх хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах, хоёрдугаарт Шүүх эмнэлгийн давтан шинжилгээ хийлгэх, гуравдугаарт Өршөөлд хамруулж өгнө үү гэж хэлсэн.

Шүүхийн шийдвэрээр намайг өршөөлийн хуульд хамруулсан бөгөөд би тухайн үед нь ялгүй болсон, намайг гүтгэсэн хэрэг хэрэгсэхгүй болгож цагаатгагдлаа гэж бодсон. Гэвч дараа нь хуулийн хүмүүс Өршөөгдөнө гэсэн чинь хийсэн хэргээ хүлээсэн гэсэн үг шүү дээ гэхэд Л.Б өмгөөлөгчид хулхидуулснаа мэдсэн...

Л.Б анх танилцахдаа Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгчийн туслахаар ажиллаж байсан. Ихэнх шүүгч, цагдаа, прокурор нарыг таньдаг учраас шүүх хурал болгонд ялдаг. Хамгийн гол нь хамт ажиллаж байсан шүүгч нь Улсын Дээд шүүх рүү дэвшсэн, хэрвээ анхан, дунд шатанд ялагдвал өөрийнх нь хамт ажиллаж байсан шүүгч дээд шүүхэд байгаа тул санаа зовох юмгүй гэж ярихад нь итгэж, өөртөө хамааралтай 3 хэрэг дээр өмгөөлөгчөөр ажиллуулах, хөлсийг 3,500,000 төгрөгөөр тохирч, урьдчилгаа 1,700,000 төгрөгийг өгсөн...

Гэвч энэ хүн харьцаа муутай, ёсзүйгүй ээж бид хоёрт маш их дээрэнгүй хандаж байсан бөгөөд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дээрх хуралд орохдоо намайг өмгөөлж чадаагүй, шүүхэд аравхан үг хэлээд ялагдсан. Мөн Авлигатай тэмцэх газар болон Нийслэлийн Прокурорын газраас ээжийг маань дуудахад өмгөөлөгчийн хувьд хамт очих ёстой байсан боловч ирээгүй...

Иймд миний хэргүүдийг өмгөөлөх үүргээ биелүүлээгүй, шүүх хуралд ирэх ёстой ч ирээгүй учир хариуцагч Л.Б-аас 1,700,000 төгрөг гаргуулж өгнө үү... гэв.

2.Хариуцагч Л.Б шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Миний бие иргэн Б.Ч-тай 2021.04.17-ны өдөр Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан бөгөөд гэрээний дагуу түүнд холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчөөр оролцсон.

Улмаар хэргийн материалтай танилцахад Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021.04.06-ны өдрийн 2021/ШЦТ/257 дугаартай шийтгэх тогтоолоор түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 650 нэгж буюу 650,000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн байсан.

Б.Ч-ын тухайд дээрх гэмт хэргийг үйлдээгүй, хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэх хүсэлтэй байгаа талаар байр сууриа илэрхийлсэний дагуу миний зүгээс хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэх агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргаж хэрэг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээр хянагдсан.

Энэ цаг хугацаанд миний зүгээс Б.Ч-т гэмт хэрэгт холбогдолгүй болохыг тогтоосон нотлох баримт хэрэгт авагдаагүй үндэслэлээр давж заалдах шатны шүүхээс хэргийг прокурорт буцаах боломж тун бага гэдэг асуудлыг удаа дараа танилцуулж байсан. Давж заалдах шатны шүүх хуралдаан болохын өглөө Б.Ч миний ажлын байранд ирж уулзсан. Тухай цаг хугацаанд миний зүгээс шүүх хуралдаанд оролцох боломжгүй гэдэг саналыг гаргаагүй, харин нэхэмжлэгч Б.Ч нь Өршөөлийн хуульд хамрагдах саналыг хүлээн авч Өршөөлийн хуульд хамрагдах юм чинь та шүүх хуралдаанд оролцоод хэрэггүй, би ганцаараа оръё гэдэг саналыг тэрээр хэлсэн.

2021.04.05-ны өдөр Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан ба уг гэрээний 4.2.3-т Өмгөөллийн явцад үйлчлүүлэгч тал цаашид өмгөөлүүлэхээс татгалзсан тохиолдолд гэрээний урьдчилгаа төлбөрийг буцаан шаардах эрхгүй гэж заасан. Дээрх гэрээний дагуу өмгөөлөгчийн зүгээс хэргийн материалтай танилцаж хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор хэргийг давж заалдах шатны шүүхээр хэлэлцэх шүүх хуралдаанд миний бие хариуцагчийн өмгөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцсон ба давж заалдах шатны шүүхээс шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн.

Тухайн хэргийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дахин хэлэлцэх шүүх хуралдааны өмнө хариуцагч Б.Ч нь цаашид өмгөөлүүлэхээс сайн дуруураа татгалзсан.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

 

3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид 2024.03.27-ны өдөр 42,150 төгрөг төлсөн баримт /хх-ийн 3 х/,

-2021.04.05-ны өдрийн Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ /хх-ийн 4-5 х/,

-2021.04.17-ны өдрийн Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ /хх-ийн 6-7 х/,

-Хаан банкны Шилжүүлгийн мэдээлэл /хх-ийн 10-11 х/ зэрэг баримтуудыг ирүүлсэн.

 

4.2024.06.07-ны өдрийн 182/ШЗ2024/10676 дугаартай Шүүх хуралдааныг хойшлуулах тухай шүүгчийн захирамжийн дагуу ирүүлсэн Эрүүгийн хэргийн тусгай архивын 2024.06.24-ний өдрийн 421 тоот албан бичиг /хх-ийн 54 х/,

-2024.08.13-ны өдрийн 182/ШЗ2024/13554 дугаартай Шүүх хуралдааныг хойшлуулах тухай шүүгчийн захирамжийн дагуу Эрүүгийн хэргийн тусгай архивын 2024.08.19-ний өдрийн 482 тоот албан бичиг, түүний хавсралт /хх-ийн 69-73 х/,

-Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын 2024.08.20-ны өдрийн 817 тоот албан бичиг /хх-ийн 74 х/,

-2024.08.27-ны өдрийн 182/ШЗ2024/14278 дугаартай шүүгчийн захирамжийн дагуу ирүүлсэн Шүүхийн тусгай архивын 2024.08.29-ний өдрийн 1/4992 тоот албан бичиг, түүний хавсралт /хх-ийн 86-130 х/-ыг шүүхийн журмаар бүрдүүлжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүхээс Л.Б-д холбогдуулан гаргасан 1,700,000 төгрөг гаргуулах тухай Б.Ч-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч Б.Ч нь шаардах эрхийн үндэслэлээ ...хариуцагч Л.Б-тай өөртөө хамааралтай 3 хэрэг дээр өмгөөлөгчөөр ажиллуулахаар хөлсийг 3,500,000 төгрөгөөр тохирсон боловч өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дээрх хуралд орохдоо намайг өмгөөлж чадаагүй, шүүхэд аравхан үг хэлээд ялагдсан. Мөн Авлигатай тэмцэх газар болон Нийслэлийн Прокурорын газраас ээжийг маань дуудахад өмгөөлөгчийн хувьд хамт очих ёстой байсан боловч ирээгүй. Харьцаа муутай, ёсзүйгүй ээж бид хоёрт маш их дээрэнгүй хандаж байсан тул өмгөөллийн хөлсөнд урьдчилан төлсөн 1,700,000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй гэж тодорхойлсон.

 

3.Хариуцагч Л.Б нь нэхэмжлэгч Б.Ч-тай холбоотой Эрүү, иргэний хэрэгт өмгөөлөгчөөр оролцохоор гэрээ байгуулсан. Гэрээний дагуу өмгөөлөгчийн зүгээс Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, мөн иргэний хэргийн материалтай танилцаж хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор хэргийг давж заалдах шатны шүүхээр хэлэлцэх шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгчөөр оролцсон. Авлигатай тэмцэх газарт байгаа ээжийнх нь хэрэгт оролцохоор тохиролцоогүй. Өмгөөллийн явцад үйлчлүүлэгч тал цаашид өмгөөлүүлэхээс татгалзсан учраас урьдчилгаа төлбөрийг буцаан шаардах эрхгүй гэж маргасан.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1. Талуудын хооронд 2021.04.05, 2021.04.17-ны өдөр тус тус Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ тус тус байгуулагджээ.

 

2021.04.05-ны өдрийн Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ нь Б.Ч-т холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж, иргэний хэргийг хянан шийдвэрлэх хүртэл хугацаагаар,

2014.04.17-ны өдрийн Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ-гээр Б.Ч-т холбогдох эрүүгийн хэргийн шүүгдэгчийн эрх, ашгийг хамгаалж, өмгөөллийн үйлчилгээг тус тус үзүүлэхээр харилцан тохиролцжээ.

 

4.2. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан тохиолдолд хэлцэл хийсэн гэж үзэх ба 2021.04.05, 2021.04.17-ны өдөр тус тус байгуулсан гэрээнд талууд хүсэл зоригийн илэрхийллээ болгон гарын үсгээ зурж, тамга даран баталгаажуулж хуулийн шаардлага хангасан байх тул хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй байдаг учраас зохигчийн хооронд мөн хуулийн 359 дүгээр зүйлд заасан гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ, 359.2-т Энэ гэрээний зүйл нь бүх төрлийн ажил, үйлчилгээ байж болно гэж заасан. Энэхүү зохицуулалтаар гэрээний нэг тал болох ажиллагч нь гэрээгээр тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, нөгөө тал болох ажиллуулагч нь хөлс төлөх үүргийг харилцан хүлээдэг.

 

Нэхэмжлэгч Б.Ч нь хариуцагч Л.Б-тай 2021.04.05-ны өдөр Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулахдаа Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.03.25-ны өдрийн 101/ШШ2021/00956 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч И.Ж-ын хариуцагч Б.Ч, Э.Б нарт холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах, орон сууц худалдсан 59,500,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн өмгөөлөгчөөр,

2021.04.17-ны өдөр Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулахдаа 2009021631418 дугаартай эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021.04.06-ны өдрийн 2021/ШЦТ/257 дугаартай шийтгэх тогтоолтой хэрэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөр тус тус ажиллуулахаар харилцан тохиролцсон гэж үзэхээр байна.

 

Дээрх гэрээнүүдийн дагуу тэд өмгөөллийн хөлсийг 3,500,000 төгрөгөөр харилцан тохиролцож, нэхэмжлэгч Б.Ч нь 1,700,000 төгрөгийг 2021.04.17-нд 1,000,000 төгрөг, 2021.05.10-нд 700,000 төгрөгөөр тус тус хариуцагч Л.Б-д шилжүүлсэн байх ба энэ талаар зохигч маргаагүй. /хх-ийн 10 11 х/

 

5.Харин хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажил, үйлчилгээ шаардлага хангаагүй, түүний харьцаа, ёс зүйтэй холбоотойгоор нэхэмжлэгч гэрээг цуцалж, урьдчилгаа төлбөрийг буцаан шаардах эрхтэй эсэх нь маргааны зүйл болжээ.

 

5.1.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээнд ажлын үр дүнг шаардахгүй учир нэхэмжлэгч Л.Ч-ын ...Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дээрх хуралд орохдоо намайг өмгөөлж чадаагүй, шүүхэд аравхан үг хэлээд ялагдсан..., Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол бичиж өгсөн боловч Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021.04.06-ны өдрийн 2021/ШЦТ/257 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, намайг цагаатах талаас өмгөөлөөгүй, мөн шүүх хуралдаанд оролцоогүй... гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

 

Иргэний хуулийн 367 дугаар зүйлийн 367.2-т ажиллагч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу гэрээнд харш үйл ажиллагаа явуулсны улмаас гэрээг цуцалсан бол ажиллагч ажлын хөлс шаардах эрхээ алдахаар, 367.3-т ажиллагч ажлынхаа хөлсийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг урьдчилан авсан үед гэрээ цуцлагдсан бол урьд олгосон хөлсийг буцаан төлүүлэхээр тус тус зохицуулсан бөгөөд хариуцагч Л.Б нь өмгөөлөгчийн хувьд өмгөөлөх үүргээ хууль болон гэрээнд заасны дагуу биелүүлээгүй, мөн ёс зүйн зөрчил гаргасан тохиолдолд нэхэмжлэгч Б.Ч нь гэрээний урьдчилгаанд төлсөн 1,700,000 төгрөгөө буцаан шаардах эрхтэй.

 

Дээрх хоёр гэрээний дагуу хариуцагч Л.Б нь Өмгөөллийн тухай хуулийн 14, 21 дүгээр зүйлүүдэд зааснаар иргэний болон эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчөөр оролцох холбогдох хуульд заасан журмыг дагаж мөрдөх, үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар хориглоогүй арга, хэрэгсэл ашиглан шударгаар, тууштай хамгаалах, үйлчлүүлэгчид хууль зүйн асуудлаар зөвлөгөө өгч, өмгөөллийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг тухай бүр цаг алдалгүй өгөх, өмгөөллийн үйл ажиллагаа болон хууль тогтоомжийн агуулга, хууль зүйн үр дагаврыг бүрэн тайлбарлах, шүүх хуралдаанд үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад чиглэсэн зохих мэдээлэл, судалгаа, бэлтгэлтэй оролцох зэрэг үүрэгтэй байна.

 

Хариуцагч Л.Б-ын хувьд Өмгөөллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 4.1.5, 4.1.6, 14 дүгээр зүйлийн 14.1.6, 14.1.9, 23 дугаар зүйлийн 23.1, 23.2-т заасныг болон Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрэм-ийн холбогдох заалтыг зөрчсөн гэдэг нь баримтаар нотлогдсонгүй.

 

Тодруулбал, өмгөөлөгч нь Өмгөөллийн тухай хуулийн 14 дүгээр зүйл болон Монголын Өмгөөлөгчдийн холбооны их хурлын 2020.10.03-ны өдрийн 08 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрэм-ыг өмгөөллийн үйл ажиллагаандаа баримталж ажиллах үүрэгтэй.

 

Хэрвээ үйлчлүүлэгч болон бусад этгээдтэй харилцахдаа үл хүндэтгэсэн байдал гаргах, гэрээгээр болон хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэхгүй ёс зүйн зөрчил гаргасан нөхцөлд үйлчлүүлэгч нь Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 44, 45 дугаар зүйлүүд болон Өмгөөллийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д зааснаар Мэргэжлийн хариуцлагын хороонд гомдлоо гаргаж маргаанаа шийдвэрлүүлэх боломжтой байдаг.

 

Хэдийгээр шүүх хуралдааны явцад гэрч И.Ж ...энэ хүн үнэхээр харьцаа муутай, үйлчлүүлэгчийнхээ эрх, ашгийг хамгаалж чадаагүй, Авлигатай тэмцэх газар болон Нийслэлийн Прокурорын газраас дуудахад хамт очих гэсэн боловч ирээгүй... гэж мэдүүлсэн боловч нэхэмжлэгч Б.Ч болон гэрч И.Ж нар нь дээрх зохицуулалтын дагуу хариуцагч Л.Б-ыг хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхгүй ёс зүйн зөрчил гаргасан талаар гомдлоо гаргаж шийдвэрлүүлээгүй байна.

 

5.2.Мөн хариуцагч Л.Б нь 2021.04.05-ны өдрийн Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ-ний дагуу хариуцагч Б.Ч-ын өмгөөлөгчөөр Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон болох нь 2021.05.29-ний өдрийн 862 дугаартай магадлал,

2021.04.17-ны өдрийн Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ-ний дагуу шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байсан болох 2021.07.08-ны өдрийн 201/ДШМ/663 дугаартай магадлалаар тус тус тогтоогдсон. /хх-ийн 29-32, 33-41 х/

 

Өөрөөр хэлбэл, хариуцагчийг гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй, ёс зүйн зөрчил гаргасан, гэрээ цуцлагдах хүртэл дээрх ажил, үйлчилгээг гүйцэтгээгүй, гэрээ цуцлагдахад хариуцагчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч нь гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн хөлс 1,700,000 төгрөгийг буцаан төлүүлэхээр хариуцагчаас шаардах эрхгүй байна.

 

Иймд дээрх үндэслэлээр хариуцагч Л.Б-аас өмгөөллийн хөлсөнд төлсөн 1,700,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Ч-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

 

6.Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2024.03.27-ны өдөр төлсөн 42,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 115 дугаар зүйлийн 115.2.3-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 367 дугаар зүйлийн 367.2-т заасныг баримтлан Л.Б-д холбогдох өмгөөллийн хөлсөнд төлсөн 1,700,000 төгрөг гаргуулах тухай Б.Ч-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдварлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн 2024.03.27-ны өдөр төлсөн 42,150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА