Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 13

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,

Улсын яллагч Ц.Роза,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр,

Шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай саналтай ирүүлсэн яллагдагч Б.Гт холбогдох 1830000080006 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 01 сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр багийн  харьяат, 1979 оны 07 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, ам бүл 5, дээд боловсролтой, хөдөө аж ахуйн машин засварын инженер мэргэжилтэй, “С ж” ХХК-д жолооч ажилтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б.Г.

 

Холбогдсон хэргийн талаар/яллах дүгнэлтээр/:

 

           Шүүгдэгч Б.Г нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7-р багт үйл ажиллагаа явуулах “Э” зоогийн газарт 2017 оны 12 дугаар сарын 29-ний шөнө 22.00 цагийн орчимд иргэн С.Эыг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч Б.Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр “С ж” ХХК-ийн шинэ жилийн баярт оролцсон юм. Шинэ жилийн баярт оролцоод архи ууж согтсон байсан. С.Э ах явна гээд үүдэнд зогсож байхад би таараад явуулахгүй гэж маргалдаж байгаад нэг удаа цохьчихсон. Энэ үйлдэл надад маш том сургамж болсон. Тиймээс цаашид ийм үйлдэл гаргахгүй. Хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн... гэв.

 

- Хохирогч С.Эын хэрэг бүртгэлтэнд өгсөн: Би 2017 оны 12 дугаар сарын 29-ний орой 18 цагт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын төвд байдаг “Э” зоогийн газарт болсон “С ж” ХХК-ний ёлконд уригдаж орсон юм. Тэнд би нэлээн архи дарс ууж байгаад ухаанаа алдаж нэг сэргэхэд  өлгүүрээс хувцасаа авах гээд зогсож байсан. Тэгээд л ухаанаа алдаж юу болсныг мэдээгүй. Нэг сэрэхэд аймгийн нэгдсэн эмнэлэг дээр зодуулсан байдалтай эмчид үзүүлж байсан юм. Тэгээд маргааш нь Г гэдэг хүнд зодуулсан болохоо Янжинлхамаас сонссон юм. Миний зүүн нүд хөхөрч хавдсанаас нөгөө нүдэндээ нөлөөлж мөн хөхрөөд байгаа. Хамар хавдсан байсан. Одоо бол хамрын хавдар буугаад гайгүй болж байна. Өөр учирсан гэмтэл бол байхгүй, тухайн үед би “Э” зоогийн газарт “Сүхбаатарын Ж” ХХК-ний захирал Э үүсгэн байгуулагч Б тэр хоёрын гэр бүлийн хүмүүстэй хамт нэг ширээнд сууж байсан юм. Би маргааш өглөө эрт Улаанбаатар хот руу явах ёстой байсан болохоор ёлко тарахаас өмнө ганцаараа түрүүлж гарах гээд өлгүүрийн тэнд хувцасаа авах гэж зогсож байгаад л уусан архиндаа согтож ухаанаа алдаад нэг сэрэхэд зодуулчихсан байдалтай эмнэлэг дээр ирсэн байсан. Намайг зодох үед миний дэргэд ямар хүмүүс байсныг мэдэхгүй байна. Би урьд өмнө Гтай маргалдаж, муудалцаж байгаагүй юм. Би Б.Гтай ах дүү шиг л явдаг найзууд юм. Төрөл садангийн холбоо бол байхгүй, надад гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг / хх-04 /, 

 

         - Гэрч Я.Янжинлхамын хэрэг бүртгэлтэнд өгсөн: Манай найз Э нь 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар аймагт “Ж” ХХК-ний шинэ жилийн арга хэмжээнд оролцсон юм. Орой 21 цаг өнгөрч байхад Э нь над руу яриад одоо удахгүй харьлаа явах гэсэн хумүүс гарахгүй байна гэж ярьсан. Тухайн үед эрүүл байх шиг байсан. Тэгээд 22 цаг 46 минутанд дахин над руу залгаад би хүнд зодуулчихлаа хувцас, хунар цус нөж болчихлоо одоо харьлаа гэхээр нь хамт шинэ жилд орсон хүн рүү залгаад “юу болсон юм бэ Э хүнд зодуулчихсан гээд байна гэсэн чинь” та хүрээд ир Э ах хүнд зодуулчихсан гэж хэлсэн. Тэгээд Эд очиход Э нь зүүн, баруун нүд хавдаж, хөхөрсөн, хамар хөхөрч хавдсан байдалтай байсан. Тэгээд эмнэлэг рүү авч явж үзүүлээд Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байна. Эмнэлэг рүү явж байхдаа Эоос хэнд зодуулсан талаар асуухад Г гэдэг хүнд зодуулсан гэж байсан. Тэгээд Гийнх нь 99,,,, гэсэн дугаар руу залгаад чи яах гэж Э ахыгаа зодсон юм бэ баярынхаа өдөр аятайхан баярлачихгүй гэсэн чинь яахав дээ гэхээр нь бид 2 унаагүй эмнэлэг явж байна чи хүрээд ир гэсэн чинь хаана явж байгаа юм бэ яваад очъё гэсэн. Тэгэхээр нь чамайг цагдаад хэлнэ гомдолтой шүү гэсэн чинь хэлэхгүй юу чи ер нь хэн болоод яриад байгаа юм гэж хэлсэн. Г нь Эыг зодсоныг Эд ажилладаг хүмүүс мэдэж байгаа

... гэх мэдүүлэг/ хх-06/, 

 

        - Яллагдагч Б.Гийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: “С Ж” ХХК-ний шинэ жилийн арга хэмжээ 2017 оны 12 дугаар сарын 29-ний орой 18 цагт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын төвд байрлах “Э” зоогийн газарт болсон юм. Тэр үед архи пиво их уусан байсан болохоор согтож Э ахыг явлаа гээд байхаар нь явуулахгүй гээд түүнтэй үүдний коридорт маргалдаж байгаад нүүр рүү нь нэг удаа цохичихсон юм. Тэгтэл тэр хавьд байсан хүмүүс бид хоёрыг салгасан. Тэгээд юу болсныг мэдэхгүй Э ах гараад явчихсан байсан, тухайн үед Э ахын хамарнаас цус гарч байсан. Өөр ямар гэмтэл учирсныг мэдэхгүй. Харин маргааш нь Э ахтай уулзахад зүүн нүд нь хөхөрч хавдсан байсан. Тухайн үед Э ах намайг цохиж зодсон асуудал бол байхгүй. Дараа нь Э ахын хамарнаас цус гараад зогсож байхад Энхтөгс гэдэг манай ажлын хүн ирж бид хоёрыг салгасан юм... гэх мэдүүлэг/хх-19/,

 

- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 40 дугаартай дүгнэлтэд: 1.С.Эын биед баруун нүдний алимны цусан хураа зүүн нүдний салстын цусан хураа, хамар, зүүн нүдний зовхи орчимоор зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтлүүд нь мохоо зүйлээр үүсгэгдэх боломжтой. 3.Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ / хх-10/,

 

- 4083 дугаартай Яаралтай тусламжийн хуудас /хх-11/

 

- Б.Гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-20/

 

- Б.Гийн Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-21/

 

- Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2018 оны 01 сарын 05-ны өдрийн 05 дугаартай хэргийн зүйлчлэл, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын санал  /хх-31/ 

 

- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр багийн Засаг даргын 2018.01.03-ны өдрийн 9/017 дугаартай тодорхойлолт /хх-22 /

 

- Ялтан Б.Гийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-30/ зэрэг болно.

-

                     

 Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:

 

 Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ. 

 

Шүүгдэгч Б.Гийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хэрэгт хамаарах бөгөөд прокурорын яллах дүгнэлтэнд яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар саналаа бичиж, яллагдагчид танилцуулж, гарын үсэг зуруулсан ба хэргийг шийдвэрлэх хуульд заасан нөхцөл, журам хангагдсан байна гэж үзлээ.

 

  Шүүгдэгч Б.Г 2017 оны 12 дугаар сарын 29-ний орой 22.00 цагийн үед согтуурсан үедээ Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Э зоогийн газарт иргэн С.Этой маргаан үүсгэн, түүнийг нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь “ баруун нүдний алимны цусан хураа зүүн нүдний салстын цусан хураа, хамар, зүүн нүдний зовхи орчимоор зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт “ бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Б.Гийн хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэрэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч С.Э, гэрч Я.Янжинлхам нарын мэдүүлгүүд, Сүхбаатар аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 40 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Б.Гийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан байх хийгээд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэстэй байна.

 

           Хэрэг гарсан шалтгаан нөхцөлийг тодруулбал, шүүгдэгч Б.Г нь байгууллагын шинэ жилийн арга хэмжээнд оролцож байхдаа хохирогч С.Эийг гэр рүү нь явуулахгүй гэж хувийн харилцаанаас маргаан үүсгэн, түүнийг цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдох бөгөөд энэ нь түүний “ Би 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр “ С ж  ХХК-ийн шинэ жилийн баярт оролцсон юм. Шинэ жилийн баярт оролцоод архи ууж согтсон байсан. С.Э ах явна гээд үүдэнд зогсож байхад би таараад явуулахгүй гэж маргалдаж байгаад нэг удаа цохьчихсон. Энэ үйлдэл надад маш том сургамж болсон. Тиймээс цаашид ийм үйлдэл гаргахгүй. Хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн “ гэх, 

хохирогч С.Эын “Би 2017 оны 12 дугаар сарын 29-ний орой 18 цагт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын төвд байдаг “Э” зоогийн газарт болсон “С ж” ХХК-ний ёлконд уригдаж орсон юм. Тэнд би нэлээн архи дарс ууж байгаад ухаанаа алдаж нэг сэргэхэд өлгүүрээс хувцасаа авах гээд зогсож байсан. Тэгээд л ухаанаа алдаж юу болсныг мэдээгүй. Нэг сэрэхэд аймгийн нэгдсэн эмнэлэг дээр зодуулсан байдалтай эмчид үзүүлж байсан юм. Тэгээд маргааш нь Г гэдэг хүнд зодуулсан болохоо Янжинлхамаас сонссон. Миний зүүн нүд хөхөрч хавдсанаас нөгөө нүдэндээ нөлөөлж мөн хөхрөөд байгаа. Хамар хавдсан байсан ” гэх,

гэрч Я.Янжинлхамын “ Манай найз Э нь 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар аймагт “Ж” ХХК-ний шинэ жилийн арга хэмжээнд оролцсон юм. Орой 21 цаг өнгөрч байхад Э нь над руу яриад одоо удахгүй харьлаа явах гэсэн хумүүс гарахгүй байна гэж ярьсан. Тухайн үед эрүүл байх шиг байсан. Тэгээд 22 цаг 46 минутанд дахин над руу залгаад би хүнд зодуулчихлаа хувцас, хунар цус нөж болчихлоо одоо харьлаа гэхээр нь хамт шинэ жилд орсон хүн рүү залгаад “юу болсон юм бэ? Э хүнд зодуулчихсан гээд байна гэсэн чинь” та хүрээд ир Э ах хүнд зодуулчихсан гэж хэлсэн ” гэх мэдүүлгүүдээр хэрэгт тогтоогдсон байна.

 

Б.Г нь гэмт хэргийг хувийн сэдэлтээр, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. Тэрээр хуулиар хамгаалагдсан бусдын эрх, эрх чөлөөнд халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, мэдсээр атлаа хохирогчийг зодож эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулжээ.

 

          Шүүгдэгч Б.Гт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, хэргийн байдлыг нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, мөн мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

 

          Иймд шүүгдэгч Б.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцох үндэстэй гэж шүүх дүгнэв.

          

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

          Шүүхээс шүүгдэгч Б.Гийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

 

          Б.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй байна.

 

          Шүүгдэгч Б.Гийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэргийн улмаас бусдад хөнгөн хохирол учирсан, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450.000 төгрөгөөр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

 

Өмгөөлөгч Т.Хүдэрийн шүүх хуралдаанд гаргасан хүсэлт болон Б.Гийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан хуульд заасны дагуу түүнд оногдуулах 450.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд 150.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлнэ.

 

Б.Г энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй,  хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдъя.

 

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 8 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1. Шүүгдэгч Б.Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан Б.Гт энэ тогтоолоор оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд 150.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

  4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Гаанхуягт шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  5. Ялтан Б.Г энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай. 

 

  6. Ялтан Б.Гт шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй. 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             С.НАСАНБУЯН