Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 2022/ДШМ/1041

 

 

 

 

 

 

  2022             11              01                                          2022/ДШМ/1041

 

 

С.Г-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Очгэрэл,

шүүгдэгч С.Г , түүний өмгөөлөгч Г.Ө,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 2022/ШЦТдугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Г-ын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох ... ... ... дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны ... дугаар сарын ...-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч С.Г  нь:

1. 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт ... тоотод байрлах хохирогч С.Э-н эзэмшлийн зуслангийн байшингийн цонхыг хагалан нэвтэрч “Сони” брэндийн 32 инчийн зурагт хулгайлан авч 490.000 төгрөгийн хохирол учруулсан,

2. 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн орой 22 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэр ...тоотод байрлах хохирогч Б.Х-н эзэмшлийн зуслангийн байшингийн цонхыг түлхэн нэвтэрч “Кен” брэндийн цахилгаан хөрөө 1 ширхэг, “Кен” брэндийн цахилгаан харуул 1 ширхэг, “Кен” брэндийн гар дрилл 1 ширхэг, Хятад улсад үйлдвэрлэсэн гар дрилл 1 ширхэгийг хулгайлан авч 360.000 төгрөгийн хохирол учруулсан,

3. 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэр ... тоотод байрлах хохирогч Х.А эзэмшлийн зуслангийн байшингийн цонхыг түлхэн нэвтрэн орж “Самсунг” брэндийн 42 инчийн зурагт хулгайлан авч 408.000 төгрөгийн хохирол учруулсан,

4. 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэр ... тоотод байрлах хохирогч Э.У-н эзэмшлийн зуслангийн байшингийн хаалганы цоожийг эвдэн нэвтрэн орж хөргөгч, камин зуух, ханын цаг, 4 ширхэг гэрлийн бүрхүүл, тоос сорогч зэргийг хулгайлан авч 1.223.610 төгрөгийн хохирол учруулсан,

5. 2021 оны 11 дүгээр сарын 11-ээс 21-ний өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэр ... тоотод байрлах хохирогч Н.Г-н эзэмшлийн зуслангийн байшингийн гражийн хаалгаар нэвтрэн орж хромон гутал, Монгол гутал, 2 ширхэг өвлийн мөрөвчтэй өмд, 2 ширхэг хар цүнх, зэс домбо, 3 ширхэг зэс аяга, газан плитик, 2 ширхэг хар цүнх, шар өнгийн цахилгаан залгуур, хар өнгийн өсгөгч, дроны удирдлага, сэнс, цахилгаан хадуур, нэвлэр зэргийг хулгайлан авч 2.040.450 төгрөгийн хохирол учруулсан,

6. 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэр ... тоотод байрлах хохирогч Ж.Н-н эзэмшлийн зуслангийн байшингийн цонхыг хагалж дотогш нэвтрэн эд зүйл хулгайлахыг завдсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: С.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч С.Г-ыг үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлахыг завдсан болон хулгайлан авч нийт 4.792.060 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч С.Г-д 2 /хоёр/ жил 11 /арван нэгэн/ сар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан С.Г-ын урьд шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 /дөрөв/ жил 7 /долоо/ сар 2 /хоёр/ хоногийн хорих ялд, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жил 11 /арван нэгэн/ сарын хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх хорих ялыг нийт 7 /долоо/ жил 6 /зургаа/ сар 02 /хоёр/ хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г-ын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг тус тус журамлан С.Г-ын цагдан хоригдсон нийт 108 /зуун найм/ хоногийг түүний биечлэн эдлэх хорих ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч С.Г-с нийт 2.769.610 /хоёр сая долоон зуун жаран есөн мянга зургаан зуун арав/ төгрөгийг гаргуулж, хохирогч С.Э  490.000 /дөрвөн зуун ерэн мянга/ төгрөг, Б.Х 360.000 /гурван зуун жаран мянга/ төгрөг, Х.А 408.000 /дөрвөн зуун найман мянга/ төгрөг, Э.У 1.223.610 /нэг сая хоёр зуун хорин гурван мянга зургаан зуун арав/ төгрөг, Ж.Н 270.000 /хоёр зуун далан мянга/ төгрөг, Н.Г 18.000 /арван найман мянга/ төгрөгийг тус тус олгож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.Г  давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие нь Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 гэсэн зүйлчлэлээр 7 жил 6 сар 2 хоногийн хорих ялаар шийтгүүлсэн. ...Одоогоор урьд авсан 5 жил 1 сарын хорих ялаас үлдсэн 4 жил 7 сар 2 хоногийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгөхийг хүсэж байна. Иймд дээрх нөхцөл байдлыг минь шалгаж зохих журмаар шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна. ...” гэв.

Шүүгдэгч С.Г-ын өмгөөлөгч Г.Ө тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч С.Г  нь үйлдсэн хэрэг, гэм буруугийн талаар маргадаггүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. С.Г  урьд нь Өршөөл үзүүлэх тухай хуульд огт хамрагдаж байгаагүй бөгөөд 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 670 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлсэн. Шүүх, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт хамруулах боломжгүйгээр шийдвэрлэсэн. ... Иймд Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 670 дугаартай шийтгэх тогтоолоор С.Г-д оногдуулсан 4 жил 7 сар 2 хоногийн хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4, 12.14 дэх заалтад заасныг тус тус үндэслэн, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь заалтад зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, 2022 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 2022/ШЦТдугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 11 сарын хорих ял болон зорчих эрхийг хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар тус тусад нь эдлүүлэхээр өөрчилж өгнө үү. …” гэв.

Прокурор Б.Очгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүхээс шүүгдэгч С.Г-д 2021 оны 11 дүгээр сард Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэл оногдуулсан нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь заалтад заасанд хамаарахгүй. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн тайлбарласнаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4, 12.14 дэх заалтыг хэрэглэх боломжгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч С.Г  нь үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар эд хөрөнгө хууль бусаар хулгайлахыг завдсан болон хулгайлан авсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

1. 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт ... тоотод байрлах хохирогч С.Э-н эзэмшлийн зуслангийн байшингийн цонхыг хагалан нэвтэрч “Сони” брэндийн 32 инчийн зурагт хулгайлан авч 490.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч С.Э-н “...манай Чингэлтэй дүүргийн ... дүгээр хороо ... зуслангийн байшинд 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хулгай орсон байдалтай байна гэж Чингэлтэй дүүргийн цагдаагаас хэлсэн учир тухайн байшин дээр ирж үзэхэд гал тогооны вакум цонхыг хагалан орж 32 инчийн зурагтыг хулгайлан авсан байсан. ...” /1хх 20-21/,

2. 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн орой 22 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэр ... тоотод байрлах хохирогч Б.Х-н эзэмшлийн зуслангийн байшингийн цонхыг түлхэн нэвтэрч “Кен” брэндийн цахилгаан хөрөө, цахилгаан харуул, гар дрилл, Хятад улсад үйлдвэрлэсэн гар дрилл зэргийг хулгайлан авч 360.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Б.Х-н “...манайх Чингэлтэй дүүргийн ... дүгээр хороо ... задгай тоотод зуслангийн лагерт байдаг бөгөөд 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 11 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл эзэнгүй байсан бөгөөд Л.Б-луу цагдаагийн байгууллагаас залгаад танай зуслангийн байшинд хулгай орсон байж болзошгүй байна гэхээр нь зуслангийн байшин дээрээ очоод харсан чинь манай байшингийн цонхоор хулгай ороод дотор нь байсан “Кен” загварын цахилгаан хөрөө, “Кен” загварын харуул, “Кен” загварын дрилл, Хятад улсанд үйлдвэрлэсэн нэр нь үл мэдэх гар дрилл зэрэг эд зүйлүүд алдагдсан” /1хх 166/,

3. 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэр ...  тоотод байрлах хохирогч Х.А-н эзэмшлийн зуслангийн байшингийн цонхыг түлхэн нэвтрэн орж “Самсунг” брэндийн 42 инчийн зурагтыг хулгайлан авч 408.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

4. 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэр ... тоотод байрлах хохирогч Э.У-н эзэмшлийн зуслангийн байшингийн хаалганы цоожийг эвдэн орж хөргөгч, камин зуух, ханын цаг, 4 ширхэг гэрлийн бүрхүүл, тоос сорогч зэргийг хулгайлан авч 1.223.610 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

5. 2021 оны 11 дүгээр сарын 11-ээс 21-ний өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэр ... тоотод байрлах хохирогч Н.Г-н эзэмшлийн зуслангийн байшингийн гражийн хаалгаар нэвтрэн орж хромон гутал, Монгол гутал, өвлийн мөрөвчтэй өмд, хар цүнх, зэс домбо, 3 ширхэг зэс аяга, газан плитик, шар өнгийн цахилгаан залгуур, хар өнгийн өсгөгч, дроны удирдлага, сэнс, цахилгаан хадуур, нэвлэр зэргийг хулгайлан авч 2.040.450 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Н.Г-н "...Би Сүхбаатар дүүргийн .. дүгээр хороо, ... тоотод байх байшиндаа өнөөдөр буюу 2021 оны 11 сарын 21-ний өдөр ирэхэд гражийн хаалга онгорхой, байшинд хулгайч орсон байхаар нь би цагдаад мэдэгдсэн. Овоо хадагч, градустай хөрөө, 30 метрийн урттай уртасгагч, годон гутал, хромон гутал, зэс сав зэрэг эд зүйл алдагдсан байна" /2хх 199-200/,

6. 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэр Майхан толгойн зуслангийн задгай тоотод байрлах хохирогч Ж.Н-н эзэмшлийн зуслангийн байшингийн цонхыг хагалж дотогш нэвтрэн эд зүйл хулгайлахыг завдсан болох нь:

хохирогч Ж.Н.н “...2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр манай хөрш миний ....... дугаарын утас руу залгаж танай гэрт хулгай орсон байж магадгүй байна гэж хэлсэн учир тухайн өдөр өөрийн лагерийн байшинд ирж үзэхэд том өрөөний цонх хагарсан байсан тул цагдаагийн байгууллагад хандсан” /2хх 114-115/ гэх мэдүүлэг,

иргэний нэхэмжлэгчээр тогтоосон тогтоол /2хх 111/, хөрөнгийн үнэлгээний “Дамно ХХК”-ийн 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 403 дугаартай үнэлгээний тайлан /2хх 134-135/ хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /2хх 106/, хэргийн газрын үзлэгийн гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх 108-109/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, түүний сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ нотлогдсон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн  шүүгдэгч С.Г ыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлахыг завдсан, хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүх, шүүгдэгч С.Г-н 5 удаагийн хулгайлах гэмт хэргийн төгссөн үйлдэл, 1 удаагийн хулгайлах гэмт хэрэг үйлдэхээр завдсан буюу нийт 6 удаагийн үргэлжилсэн үйлдлээр шунахай сэдэлтээр амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, санаатайгаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар бусдын эд хөрөнгийг хулгайлахыг завдсан болон хулгайлан авч нийт 4.792.060 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг,  2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч С.Г-н хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангасан байна.

Шүүх, шүүгдэгч С.Г-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 /хоёр/ жил 11 /арван нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан өмнөх Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 670 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 /дөрөв/ жил 7 /долоо/ сар 2 /хоёр/ хоногийн хорих ялд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жил 11 /арван нэг/ сарын хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх хорих ялыг нийт 7 /долоо/ жил 6 /зургаа/ сар 02 /хоёр/ хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзэв.

Шүүх нотлох баримтыг шалгаж, үнэлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд заасан журмыг баримтлан хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэсэн байх бөгөөд  эдгээр нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, шүүгдэгчийн гэм буруутайг тогтооход хангалттай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг үндэслэлтэй зөв тогтоосон байна.

Шүүгдэгч С.Г-н “...урьд шийтгүүлсэн 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 /дөрөв/ жил 7 /долоо/ сар 2 /хоёр/ хоногийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгөхийг хүсэж байна” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй байна. Учир нь:

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2021/ШЦТ/670 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч С.Г-д оногдуулсан 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 /дөрөв/ жил 7 /долоо/ сар 2 /хоёр/ хоногийн хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах эсэх талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй байх тул давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Өөрөөр хэлбэл, Анхан шатны шүүх 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасны дагуу “...2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2021/ШЦТ/670 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч С.Г-д оногдуулсан 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 /дөрөв/ жил 7 /долоо/ сар 2 /хоёр/ хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэх байжээ.

Иймд давж заалдах шатны шүүхээс 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар “...2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2021/ШЦТ/670 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч С.Г-д оногдуулсан 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 /дөрөв/ жил 7 /долоо/ сар 2 /хоёр/ хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай” гэсэн нэмэлт заалт оруулж зөвтгөж шийдвэрлэв.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан нийтлэг зарчмыг баримтлан шүүгдэгч С.Г-н удаа дараа хулгайлах гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан нөхцөл байдал болон засрал хүмүүжил олоогүй, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо төлөөгүй, хор уршиг арилаагүй зэрэг хувийн байдлуудыг нь харгалзан  4 /дөрөв/ жил 7 /долоо/ сар 2 /хоёр/ хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг тусад нь эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж уг ялыг хорих ялаар сольж ялуудыг нэмж нэгтгэх нь зүйтэй гэж үзлээ. 

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар шүүгдэгч С.Г-д оногдуулсан 5 /тав/ жил, 1 /нэг/ сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 /дөрөв/ жил 7 /долоо/ сар 2 /хоёр/ хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан 4 /дөрөв/ жил 7 /долоо/ сар 2 /хоёр/ хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар сольж, энэ тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жил 11 /арван нэгэн/ сарын хорих ял дээр нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 7 /долоо/ жил 6 /зургаа/ сар 2 /хоёр/ хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлахад, шүүгдэгч С.Г  нь энэ хэрэгт 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл буюу 2022 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр хүртэл 115 хоног цагдан хоригдсон байхад анхан шатны шүүх 108 хоног гэж зөрүүтэй тооцсоныг зөвтгөв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно.” гэж заасны дагуу шүүгдэгч С.Г-н 2022 оны 9 дүгээр сарын 5-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 57 /тавин долоо/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Иймд магадлалд дурдсан дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолд нэмэлт заалт болон зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны 2022/ШЦТдугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасны дагуу 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2021/ШЦТ/670 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч С.Г-д оногдуулсан 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 /дөрөв/ жил 7 /долоо/ сар 2 /хоёр/ хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 2022/ШЦТ дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан 4 /дөрөв/ жил 7 /долоо/ сар 2 /хоёр/ хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар сольж, энэ тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жил 11 /арван нэгэн/ сарын хорих ял дээр нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 7 /долоо/ жил 6 /зургаа/ сар 2 /хоёр/ хоногийн хугацаагаар тогтоосугай” гэж өөрчлөн найруулсугай.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад “... цагдан хоригдсон нийт 108 хоногийг ...” гэснийг “... цагдан хоригдсон нийт 115 хоногийг ...” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г-н 2022 оны 9 дүгээр сарын 5-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 57 /тавин долоо/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

5. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        М.АЛДАР

 

 

                                 ШҮҮГЧ                                                               Т.ӨСӨХБАЯР

 

                                 ШҮҮГЧ                                                               Ж.ЭРДЭНЭЧИМЭГ