Шүүх | Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нямын Амарзаяа |
Хэргийн индекс | 118/2024/0014/З |
Дугаар | 118/ШШ2024/0028 |
Огноо | 2024-06-13 |
Маргааны төрөл | Газар, |
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 118/ШШ2024/0028
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Амарзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ж.*******
Хариуцагч: Завхан аймгийн Засаг дарга нарын хоорондын газар эзэмшүүлэхтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, хариуцагч Завхан аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бямбасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: Завхан аймгийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/442 дугаар захирамжийн Ж.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэж тодорхойлсон.
2. Хэргийн нөхцөл байдал: Анх Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/177 дугаар захирамжаар “*******” ХХК-д Улиастай сумын Богдын гол баг Цэнгэлдэх задгай хэсгийн 1 дүгээр гудамжны 1б тоотод байрлалтай 900 м.кв газрыг жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлэх шийдвэрийг үндэслэн ................дугаартай гэрчилгээ олгож байсан.
3. Талуудын байгуулсан гэрээний дагуу Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/102 дугаар захирамжаар “*******” ХХК-с иргэн ............... *******д Улиастай сумын Богдын гол баг ................ гудамж ......... “Б” тоотод байрлалтай, 900 м.кв, аялал жуулчлалын баазын зориулалттай газрыг 2 жилийн хугацаатай газар эзэмших эрхийг шилжүүлэн, 2020 оны 04 дүгээр сарын 14-ны өдөр ******* дугаартай эзэмших эрхийн гэрчилгээ олгосон бөгөөд “Улиастай хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг эзэмшүүлсэн, газар эзэмшүүлэх дуудлага худалдаа явуулах журам зөрчсөн, гэрээнд заасан зориулалтын газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэх үндэслэлээр дээрх 2020 оны А/102 дугаар захирамжийг 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/442 дугаар захирамжаар хүчингүй болгосон.
4. Нэхэмжлэгч тал “Тухайн газартаа үйл ажиллагаа явуулах гэсэн боловч 2020, 2021 онуудад Ковидын нөхцөл байдлын улмаас үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл үүссэн, мөн эзэмшиж байгаа газрын эрхийг цуцлах болон хүчингүй болгосон захирамж гаргасан талаар мэдэгдээгүй, Хятад улсад суралцаж байсан, мөн ковидын нөхцөл байдлын улмаас газрын төлбөр төлөөгүй ....зэрэг нөхцөлийг харгалзан үзэхгүйгээр газар эзэмших эрх олгосон захирамжийг хүчингүй болгосон нь хууль бус” гэж,
5. Хариуцагч тал “Анх ........ ХХК-д Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргын 2017 оны А/177 дугаар захирамжаар газрыг эзэмшүүлэхдээ Улиастай хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг эзэмшүүлсэн, сонгон шалгаруулалт, дуудлага худалдаа явуулах журмыг зөрчсөн, газрын төлбөр төлөөгүй, газраа 2 жил дараалан ашиглаагүй тул 2020 оны А/102 захирамжийг хүчингүй болгосон нь хуульд нийцсэн” гэж тус тус маргасан.
6. Нэхэмжлэгч 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэлээ гаргасан бөгөөд тус шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 118/ШЗ2024/0055 дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн байна.
7. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол баг Шагж аваргын 11-р гудамж .......тоотод байрлах 900м² Аялал жуулчлалын зориулалттай газрыг Улиастай сумын Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/102 дугаартай захирамжаар .......... ХХК-аас эрх шилжүүлэн авсан. Тэгээд тухайн газартаа үйл ажиллагаа явуулах гэсэн боловч 2020, 2021 онуудад Ковидын нөхцөл байдлын улмаас үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл үүссэн учраас үйл ажиллагаа явуулаагүй, 2022 онд үйл ажиллагаа явуулах гээд газар дээрээ очиход Завхан аймгийн Авто тээврийн газар нь манай газар луу оруулаад барилгаа барьсан байсан тул энэ талаар газрын албанд амаар хандсан. Газрын алба шийдвэрлээд хариу өгье гэсэн боловч хариу ирүүлэхгүй байсан. Тэгэхээр нь 2024 оны 02 дугаар сарын 19-ны өдөр тухайн газрын асуудлыг юу болсон талаар тодруулахад миний газрыг Завхан аймгийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/442 дугаартай захирамжаар хүчингүй болгосон талаар мэдэж захирамжаа гардаж авсан. Миний эзэмшиж байгаа газрын эрхийг цуцлах талаар надад мэдэгдэл ирээгүй, мөн хүчингүй болгосон захирамж гаргасан талаар бас мэдэгдээгүй би өөрөө Авто тээврийн газраас газар чөлөөлүүлэх асуудлаа хөөцөлдөхөөр газрын албанд очихдоо мэдсэн ... гэжээ.
8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... 2020, 2021 онуудад үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Хил хаагдсанаар барилга байгууламж барьж үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан. 2021 онд хил нээгдэхэд ачаа барааны ачаалал их байсан учраас барилгын материал татах боломж байгаагүй. 2022 онд үйл ажиллагаа явуулах гэхээр оношилгооны хаалга давхацсан учир энэ талаар маргаан үүсээд газрын албанд хандсан байдаг. Эрх олгосон захирамжийг хүчингүй болгох талаар Газрын тухай хуульд заасан мэдэгдэх үүргээ газрын албанаас биелүүлээгүй. Энэ талаар мэдэгдсэн талаар бичиглэлтэй баримтыг газрын албанаас гаргаж өгсөн боловч энэ баримтыг хаанаас ямар эх сурвалжаас гарсан талаарх нотлох баримт байхгүй. Тухайн баримтыг газрын албаны архиваас хуулбарласан эсхүл газрын албаны хуулбар үнэн тэмдэг дарагдаагүй баримт байх тул нотлох баримтаар үнэлэх боломж байхгүй. Газрыг хүчингүй болгох талаар мэдэгдсэн баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Мөн газрыг хүчингүй болгосон захирамжийг гардуулсан талаарх баримтыг нэхэмжлэгчийн зүгээс гаргаж өгсөн. Захирамжийг гардаж аваад, гарын үсэг зураад, тухайн баримтыг хуулбарлан шүүхэд нэхэмжлэл гаргасан. Газрын албаны зүгээс энэ захирамжийг гардуулсан, танилцуулсан гэдэг боловч энэ талаарх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 дэх хэсэгт заасан дуудлага худалдаа зарлахгүйгээр энэ газрыг эзэмшсэн гэх тайлбар гаргаж байсан. Шүүгчийн асуултад Газрын тухай хуулийн 40.1.5, 40.1.6 гэж хариулж байна. Хүчингүй болгосон үндэслэлээ бүрэн дүүрэн тайлбарлаж чадахгүй байна. Газрын төлбөрийг ковидын нөхцөл байдал, өөрөө оюутан байсан учир төлөөгүй байдаг. Үйл ажиллагаа явуулахдаа газрын төлбөрөө төлөх гэсэн газрын маргаан үүссэн бөгөөд газрын маргаан эцэслэн шийдвэрлэгдсэний дараа төлнө гээд төлөөгүй. Хэрвээ газрын дуудлага худалдаа болоогүй байна гэх асуудал байгаа бол энэ нь захиргааны байгууллагын алдаа. Эрх шилжүүлж авсан иргэн хүн буруудах ёсгүй.
Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Завхан аймгийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/442 дугаартай захирамжийн Ж.*******д холбогдох хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийн 106.1.3-т зааснаар хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөөч гэх тайлбарыг гаргаж байна гэв
9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улиастай сумын Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/177 дугаар захирамжаар Улиастай сумын Богдын гол баг ............... хэсгийн.... дүгээр гудамж, ..... тоотод байрлалтай 900 м.кв газрыг аялал жуулчлалын зориулалтаар “......” ХХК-д эзэмшүүлсэн улмаар 2020 оны 02 дугаар 03-нд газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр Ж.*******д шилжүүлсэн байна. Анх газар олгохдоо “......” ХХК нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-д заасан хуулийн шаардлагыг зөрчиж олгосон. Тухайн газар нь Завхан аймгийн Улиастай хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд нийтийн эзэмшлийн талбай байхаар тусгагдсан ба иргэн Ж.******* нь тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, 2020 оноос хойш гарын төлбөр төлөөгүй байна. Иргэн Ж.*******д тухайн газрыг олгосноор Завхан аймгийн Авто тээврийн үндэсний төвийн үзлэг оношилгоонд орох авто машины орох гарах хөдөлгөөнд саад учрахаар байгаа. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй бол аймгийн Засаг дарга хүчингүй болгохоор заасан тул тухайн газрыг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Ж.******* газрын давхцалын асуудлаа шийдвэрлүүлэхээр бичгээр ямар нэгэн байдлаар газрын албанд хандаагүй. Амаар гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Амаар гаргасан хүсэлтэд албан бичгээр хариу өгөөгүй. Тухайн үедээ боломжгүй гэх байдлаар хариу өгсөн байх. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т “бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн” гэж хуульчилсан ба энэ үндэслэлд хамаарч байна. Мөн хуулийн 48.3-т “захиргааны байгууллага энэ хуулийн 48.2.1, 48.2.2, 48.2.3, 48.2.5-д заасан тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно” гэж заасны дагуу шийдвэр гаргасан. Захирамжийг хүчингүй болгосон талаар мэдэгдсэн гэж үзэж байна. Манай байгууллага албан тоотоор мэдэгдсэн талаарх баримтаа шүүхэд гаргаж өгсөн. Мэдэгдэхдээ утсаар мэдэгдэж, түүнийгээ тэмдэглэж авсан байсан.
Иймд аймгийн Засаг даргын 2022 оны 09 дүгэр сарын 02-ны өдрийн А/442 дугаар захирамжийн Ж.*******д холбогдох хэсгийг хүчинтэй хэвээр үлдээх үндэстэй байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
1. Анх Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/177 дугаар захирамжаар Улиастай сумын Богдын гол баг, ......... хэсгийн 1 дүгээр гудамжны ..... тоотод байрлалтай 900 м2 газрыг аялал жуулчлалын зориулалтаар “Отгон баян Уул” ХХК-д 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн.
2. Улиастай сумын газрын даамал дээрх шийдвэрийг үндэслэн “............” ХХК (захирал Б.*******)-тай 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр “Иргэнд газар эзэмшүүлэх гэрээ”, 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ” (цаашид “Газар эзэмшүүлэх гэрээ” гэх) тус тус байгуулснаар,”......” ХХК нь маргаан бүхий 900 м2 газрыг 2017 оноос эхлэн эзэмшиж эхэлсэн нь хавтаст хэргийн 77-81, 100-102 дахь хуудсанд авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
3. Газар эзэмшигч нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т зааснаар газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх эрхтэй бөгөөд уг газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэхтэй холбоотой харилцааг мөн хуулийн 38 дугаар зүйлд нарийвчлан зохицуулжээ.
4. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-д “Эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг тухайн шатны Засаг дарга хүлээн авч дараах зүйлүүдийг тодруулна: 38.3.1.энэ хуулийн 38.2-т заасан шаардлагыг хангасан эсэх; 38.3.2.шилжүүлэхийг хүссэн эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр эсэх; 38.3.3.эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг эзэмших эрхтэй эсэх”, 38.4-д “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлснээр эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болно” гэжээ.
5. Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл иргэн, хуулийн этгээдийн хүсэлт, эрх шилжүүлэх гэрээг үндэслэн газар эзэмших эрхийг шилжүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга шийдвэрлэхээр байх ба энэ маргааны тухайд Отгон баян Уул ХХК-ий захирал Б.*******, нэхэмжлэгч Ж.******* нарын хооронд 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан “Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээ”-г үндэслэн Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/102 дугаар захирамжаар маргаан бүхий 900 м.кв газрын эзэмших эрхийг нэхэмжлэгчид шилжүүлж, ................. дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг 2020 оны 04 дүгээр сарын 14-ны өдөр олгосон үеэс нэхэмжлэгчид дээрх 900 м.кв газрыг 2 жилийн хугацаатай эзэмших эрх үүссэн байна. /хавтаст хэргийн 9, 10-р хуудас/
7. Завхан аймгийн Засаг даргын 2022 оны А/442 дугаар захирамжаар хэд хэдэн газар эзэмшигчид хамааралтай асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тухайн газрыг анх ....... ХХК-д эзэмшүүлэхдээ дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явуулаагүй эзэмшүүлсэн, тухайн газрыг аялал жуулчлалын зориулалтаар эзэмшүүлэхээр газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй, нэхэмжлэгч нь газрын төлбөр огт төлөөгүй, газраа 2 жил дараалан ашиглаагүй тул Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтууд нь нэхэмжлэгчид хамааралтай юм гэж тайлбарлаж байх тул “Улиастай хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг эзэмшүүлсэн, газрыг дуудлага худалдааны журмаар эзэмшүүлээгүй, газрын төлбөрөө төлөөгүй, газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлээр Улиастай сумын Засаг даргын 2020 оны А/102 дугаар захирамжийг хүчингүй болгосон нь үндэслэлтэй эсэх талаар шүүх дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна. Харин 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/177 дугаар захирамжаар анх ...... ХХК-д маргаан бүхий 900 м.кв газрыг эзэмшүүлж байсан бөгөөд А/177 дугаар захирамжийг хүчингүй болгосон асуудал нь нэхэмжлэгчид хамааралгүй байх тул шүүх энэ талаар дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзэв.
8. Маргаан бүхий газрыг аялал жуулчлалын баазын зориулалтаар эзэмшүүлэхээр Улиастай сумын газар зохион байгуулалтын болон хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгаагүй, дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын зарчмаар эзэмшүүлээгүй, гэх үндэслэлийн тухайд:
8.1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-д сумын Засаг даргаас газрын харилцааны талаар хэрэгжүүлэх бүрэн эрхийг тусгасан байх ба 21.4.3-д “энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулахаар зохицуулсан.
8.2. Улиастай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор Улиастай сумын 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталсан байх ба уг төлөвлөгөөнд зааснаар Богдын гол багт баруун бүс худалдааны төвийн урд хэсэгт 0,12 га газрыг, ....... ШТС-ын урд хэсэгт 0,12 га газрыг тус бүр 1 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаар эзэмшүүлэхээр төлөвлөсөн байх бөгөөд нэхэмжлэгчийн маргаан бүхий газрыг аялал жуулчлалын зориулалтаар эзэмшүүлэхээр дээрх төлөвлөгөөнд тусгаагүй байна. /хэргийн 121-151 дүгээр хуудсанд/
8.3. Мөн Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 31 дүгээр тогтоолоор баталсан тус аймгийн 2018-2033 оны газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд аймгийн нийт сумдын нутаг дэвсгэрийн хэмжээгээр төлөвлөлт хийсэн байх ба Улиастай сумын Богдын гол багийн нутаг дэвсгэрийн газар зохион байгуулалтын талаар нарийвчилж тусгаагүй байна. /Хэргийн 27-47 дугаар хуудсанд/
8.4. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-д “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна”, 33 дугаар зүйлийн 33.1.2-д “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно” гэж тус тус зохицуулсан.
8.5. Ийнхүү 2017 оны аймаг болон сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд маргаан бүхий газрыг аялал жуулчлалын баазын зориулалтаар эзэмшүүлэхээр тусгаагүй, анх .... ХХК-д дээрх 900 м.кв газрыг эзэмшүүлэхдээ дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явуулаагүй болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдож байгаа бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэ талаар маргаагүй байна.
8.6. Гэвч дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явуулаагүй, хотын хөгжлийн болон сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй гэх нөхцөлүүд нь шинээр газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагад хамаарах тул тэдгээр үндэслэлээр нэхэмжлэгчид газар эзэмших эрхийг шилжүүлсэн сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, анх ..... ХХК-д газар эзэмшүүлэх үйл явц нь хуульд нийцээгүй гэх үндэслэлээр ..... ХХК-ийн эзэмшиж байсан 900 м2 газар эзэмших эрхийг нэхэмжлэгчид шилжүүлсэн сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй.
8.7. Нэхэмжлэгч нь 2020 оны А/102 дугаар захирамжийн дагуу ...... ХХК-аас газар эзэмших эрхийг шилжүүлэн авсан тул Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасан үйлчилгээний зориулалтаар газар эзэмших эрхийг анх олж авахад тавигдах “дуудлага худалдаа”, “төсөл сонгон шалгаруулалт”-ын зарчим түүнд хамаарахгүй байхын зэрэгцээ мөн 2017 оны Улиастай сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй байхад ...... ХХК-д маргаан бүхий газрыг эзэмшүүлсэн гэдгээр нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй.
8.8. Тодруулбал, Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/177 дугаар захирамжаар маргаан бүхий газрыг .........ХХК-д эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэгт заасан шаардлагыг тавиагүй мөртлөө, хожим нэхэмжлэгч Ж.*******д уг газар эзэмших эрхийг шилжүүлэхээр 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/102 дугаар захирамжаар шийдвэрлэж, газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосны дараа хуулийн дээрх заалтыг үндэслэж нэхэмжлэгчийг буруутган газар эзэмших эрхийг нь хүчингүй болгож буй нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзлээ.
8.9. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн “Зарим бүсийн тулгуур төв хотуудын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” 99 дүгээр тогтоолоор баруун бүсийн тулгуур төв Улиастай хотыг 2038 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг баталсан байх ба уг төлөвлөгөөнд нэхэмжлэгчийн маргаж буй газарт байгалийн тогтоц бүхий ногоон байгууламж байхаар төлөвлөгдсөн байна. /Хэргийн 82-93 дугаар хуудсанд/
9. Газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлийн тухайд:
9.1. Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага зохих хууль тогтоомж, гэрээний дагуу газрын төлбөр төлнө”, 35.3.3-т “газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх” гэж, Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлд “хууль тогтоомжийн дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулахаар шийдвэрлэсний үндсэн дээр газрыг эзэмшиж, ашиглаж байгаа Монгол Улсын иргэн ... газрын төлбөр төлөгч байна”, 4 дүгээр зүйлд “газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх бүхий этгээдийн шийдвэрийн дагуу ... иргэний ...эзэмшиж, ашиглаж байгаа, Газрын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан газрын нэгдмэл сангийн үндсэн ангилалд хамаарах болон тусгай хэрэгцээний газарт төлбөр ногдуулна”, 7 дугаар зүйлийн 2-т “газрын төлбөрийн хэмжээг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хязгаарт багтаан газрын үнэлгээ, ашиглах зориулалтыг харгалзан хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойрог, хот, тосгон, бусад суурины газрын үнэлгээний зэрэглэл тус бүрээр Засгийн газар тогтооно” гэж тус тус зааснаас үзэхэд газрын төлбөр төлөх үүрэг нь газар эзэмшигч, ашиглагчид хуулиар хүлээлгэсэн үүрэг байна.
9.2. Хэдийгээр нэхэмжлэгч Ж.*******д 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээг олгохдоо газар эзэмшүүлэх гэрээ байгуулаагүй байгаа хэдий ч анх .......ХХК-д маргаан бүхий газрыг эзэмшүүлэхдээ 2017, 2020 онуудад иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, газрын төлбөрийг жилд 61200 төгрөг, улиралд 15300 төгрөг төлөхөөр гэрээнд заасан. /хэргийн 80, 100 дугаар хуудас/ Газрын байршил, хэмжээ өөрчлөгдөөгүй тул өмнөх гэрээний дагуу жилд 61200 төгрөг төлөх үүрэг нь газар эзэмших эрхийг шилжүүлж авсан нэхэмжлэгчид үүснэ. Нэхэмжлэгч нь Хятад улсад суралцаж байсан, ковидын хөл хорио тогтоогдсон байсан гэх зэрэг нь хуулийн хугацаанд төлбөрөө төлөх үүргээ биелүүлээгүй нэхэмжлэгчийг зөвтгөх үндэслэл болохгүйгээс гадна тухайн газрыг эзэмшигч, ашиглагчийг газрын төлбөр төлөх хуулиар хүлээсэн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.
9.3. Нэхэмжлэгч нь газар эзэмших эрхийг шилжүүлж авснаас хойш буюу 2020 онд 61200 төгрөг, 2021 онд 61200 төгрөг, 2022 онд 61200 төгрөг тус тус төлөх ёстойгоос огт төлбөр төлөлт хийж байгаагүй болох нь Завхан аймгийн Татварын газрын 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 120 дугаар албан бичгээр тогтоогдож буй энэ тохиолдолд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан үндэслэлээр нэхэмжлэгч Ж.*******гийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн хариуцагчийг буруутгах үндэслэлгүй байна. /хэргийн 118, 119 дүгээр хуудас/
9.4. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж зааснаас үзэхэд газар эзэмших эрхийг гагцхүү эрхийн гэрчилгээгээр баталгаажуулж байгаа энэ тохиолдолд газар эзэмших гэрээ байгуулаагүй гэдгээр нэхэмжлэгчийн хуульд заасан хугацаанд газрын төлбөрөө төлөөгүйг зөвтгөх үндэслэл болохгүй бөгөөд нэгэнт нэхэмжлэгчээс газрын төлбөрөө хуульд заасан хугацаанд төлөөгүй болох нь тогтоогдож буй энэ тохиолдолд маргаан бүхий захиргааны актын холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэлгүй байна.
9.5. Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд тус тогтоолд... "зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно”... гэж тайлбарлажээ. Дээрх тайлбараас авч үзвэл аливаа иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтад заасан үндэслэлээр хүчингүй болгоход тухайн газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй байх, газар эзэмшүүлэх гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газраа гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй байх урьдчилсан нөхцөл хангагдсан байхыг шаардана.
9.6. Маргаан бүхий газар хийсэн үзлэгээр тухайн газар нь Авто тээврийн оношилгооны төв рүү орох орц, гарц бүхий газартай давхцалтай, тухайн газрыг ямар нэгэн байдлаар ашиглаагүй, газрын хил заагийг тэмдэглэсэн цэг тэмдэглэгээ, хашаа байхгүй, бодит байдал дээр 900 м.кв хэмжээгээр ашиглах боломжгүй, сул задгай газар байх бөгөөд /хэргийн 108-115 дугаар хуудас/ Улиастай сумын Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/102 дугаар захирамжаар нэхэмжлэгчид газрыг 2 жилийн хугацаагаар эзэмшүүлж, 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээг 2 жилийн хугацаатай олгосноос үзвэл тухайн маргаан бүхий газрыг эзэмших эрх 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр дуусгавар болсон байна.
9.7. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах бөгөөд газар эзэмших эрхийн гэрчилгээ, газрын төлбөрийг төлсөн тухай баримт, байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр гарсан дүгнэлтийг хэрэгжүүлсэн талаарх тодорхойлолт зэрэг баримтыг хавсаргаж өгөхөөр байна. Гэвч нэхэмжлэгч нь дээрх шаардлагыг хангасан хүсэлтийг эрх бүхий албан тушаалтанд гаргаагүй байна.
9.8. Covid19 цар тахал тархсантай холбоотой Монгол улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178 дугаар тогтоолоор бүх нийтийн бэлэн байдлын, 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 115 дугаар тогтоолоор гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт тус тус шилжүүлж, 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 66 дугаар тогтоолоор гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцлах хүртэл тодорхой үйл ажиллагаа явуулахыг хязгаарлаж байсан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэгч 2020, 2021 онуудад цар тахлын улмаас үйл ажиллагаа явуулах боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэсэн тайлбар үндэслэлтэй хэдий ч нэхэмжлэгч нь газар эзэмших эрхийн хугацааг хуульд заасан журмаар сунгуулаагүйгээс түүний газар эзэмших эрх дуусгавар болсон байна.
9.9. Хариуцагчаас маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа дээрх үндэслэлийг дурдаагүй, нэхэмжлэгч нь ковидын нөхцөл байдлын улмаас 2020, 2021 онуудад үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж маргаж байх боловч нэгэнт нэхэмжлэгчийн газар эзэмших эрх ийнхүү дуусгавар болсон, газар эзэмших эрхээ сунгуулах талаар хүсэлт гаргаагүй байх тул маргаан бүхий захиргааны актын улмаас түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхээргүй байна.
9.10. Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 1-д зааснаар аймгийн Засаг дарга нь эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд нийцүүлэн захирамж гаргах бөгөөд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл тогтоогдвол уг асуудлыг шийдвэрлэж, гэрчилгээ эзэмшиж байсан этгээдэд мэдэгдэхээр байна.
9.11. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс миний эзэмшиж байгаа газрын эрхийг цуцлах талаар надад мэдэгдэл ирээгүй, мөн хүчингүй болгосон захирамж гаргасан талаар бас мэдэгдээгүй, 2024 оны 02 дугаар сарын 19-ны өдөр тухайн газрын асуудлыг юу болсон талаар тодруулахад миний газрыг Завхан аймгийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/442 дугаартай захирамжаар хүчингүй болгосон талаар мэдэж захирамжаа гардаж авсан гэх тайлбар гаргаж маргасан.
9.12. Хариуцагчаас нэхэмжлэгчийн маргаж буй дээрх үндэслэлтэй холбогдуулан сонсох ажиллагаа явуулсан хэмээн маргаж, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 98 дугаар албан бичгийг “албан мэдэгдэх болон холбогдох захирамжийг хүргүүлсэн тухай тэмдэглэл” гэх баримтын хамт нотлох баримтаар шүүхэд ирүүлсэн. /хэргийн 13-15 дугаар хуудас/
Тухайн тэмдэглэлд нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг шилжүүлж авсан 2020 оны А/102 дугаар захирамж, нэхэмжлэгчийн нэр, регистр, газрын хаяг, байршил, газрын хэмжээ, холбогдох утас гэх мэт мэдээлэл тэмдэглэгдсэн, маргаан бүхий А/442 дугаар захирамжийг мэдэгдсэн эсэх нь тодорхойгүй, энэ талаар тэмдэглээгүй байх ба уг баримт нь хариуцагчийн дээрх тайлбарыг нотолж чадахгүй байна. Энэ нь нэхэмжлэгчийн “сонсох ажиллагаа явуулаагүй, захирамж гарсныг мэдэгдээгүй” гэх тайлбар үндэслэлтэй болохыг баталж байна.
9.13. Гэвч хариуцагчийн сонсох ажиллагаа явуулаагүй үйлдэл нь нэхэмжлэгчийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчлийг зөвтгөж нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг сэргээн тогтооход нөлөөлөхгүй. Захиргааны ерөнхий хуулийн сонсох ажиллагааны зорилго нь тухайн шийдвэрийг гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоож улмаар бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий шийдвэр гаргахад чиглэгдсэн агуулгатай учир газар эзэмшигчээс газрын төлбөрийг бүхэлд нь төлөөгүй нөхцөл байдал сонсох ажиллагаа явуулснаар өөрчлөгдөхгүй, өөрөөр хэлбэл тухайн төлбөрийг нөхөн төлүүлсэн ч энэ нь газар эзэмшигчийг газрын төлбөрөө тогтоосон хугацаанд төлсөн гэж үзэх үндэслэл болохгүй.
9.14. Хариуцагч маргаан бүхий шийдвэрийг гаргахдаа дээрх байдлаар шийдвэр гаргах ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байх боловч энэ нь маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж үзэв.
Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д “Энэ хуулийн 52.2.4-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дараах зүйл хамаарна”, 52.5.1-д “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах … нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн” гэж, 106 дугаар зүйлийн 106.3.1-д “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” хэмээн зааснаар хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд маргаан бүхий захиргааны акт нь хууль бус байхын зэрэгцээ тухайн захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдсон тохиолдолд уг захиргааны актыг хүчингүй болгох замаар нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалж сэргээн тогтоох учиртай. Гэтэл нэхэмжлэгчийн тухайд газар эзэмших эрх нь нэгэнт дуусгавар болсон, газар эзэмшигчийнхээ хувьд хуулиар хүлээсэн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй зөрчил гаргасан нь нэгэнт тогтоогдсон бөгөөд энэхүү үүргээ нөхөн биелүүлснээр ямар нэгэн хууль зүйн үр дагавар үүсгэхгүй тул маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл зөрчигдсөн гэж үзэж, сэргээлгэхээр шаардаж буй нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол нь хууль ёсны байж шүүхээр хамгаалагдана.
9.15. Хариуцагч нь Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.8-д заасан “захиргааны актыг мэдэгдсэн хугацааг нотлох” үүргээ хэрэгжүүлж чадаагүй нөхцөл байдал мөн тогтоогдож байх боловч захиргааны актыг мэдэгдсэн эсэхтэй холбоотой энэхүү асуудал нь маргаан бүхий захиргааны акт хууль ёсны эсэхэд хамааралгүй, харин нэхэмжлэгчийн зүгээс холбогдох байгууллага, албан тушаалтанд гомдол гаргах, шүүхэд эрхээ хамгаалуулахаар нэхэмжлэл гаргах хуулиар тогтоосон хугацааг тоолоход ач холбогдолтой бөгөөд аймгийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/442 дугаар захирамжийг нэхэмжлэгчид 2024 оны 02 дугаар сарын 19-ны өдөр гардуулж өгснөөр, 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэл гаргах эрхээ нэгэнт хэрэгжүүлсэн, хариуцагчийн зүгээс нэхэмжлэл гаргах хугацааны талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Дээрх нөхцөл байдлуудаас үзэхэд маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдохгүй байх тул “Завхан аймгийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/442 дугаар захирамжийн Ж.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
1. Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг, 35 дугаар зүйлийн 35.3.3 дахь заалт, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг, 40.1.5 дахь заалт, Газрын төлбөрийн тухай хуулийн 3, 4 дүгээр зүйлд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.*******гийн гаргасан “Завхан аймгийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/442 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.АМАРЗАЯА