| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувсааралын Дашдэчмаа |
| Хэргийн индекс | 182/2024/04723/И |
| Дугаар | 182/ШШ2024/03633 |
| Огноо | 2024-09-06 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 182/ШШ2024/03633
2024 09 06 182/ШШ2024/03633
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдаан танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: .............. өөрийн байранд байрлах, Г ХК /РД:0000000/-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.Т /РД:000000000/-ыг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Е оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Г ХК-ийн зээл цуглуулах газрын захирал Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Э.Т нь 2023.11.27-ны өдөр Г-тай R460001065 дугаартай, Дижитал зээлийн гэрээ байгуулж, 10,000,000.00 төгрөгийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэйгээр, 30 сарын хугацаатай зээлж авсан.
Хариуцагч Э.Т нь Г-ны зүгээс зээлийн төлөлттэй холбоотойгоор, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд, 2024.05.17-ны өдрөөр хариуцагчаас 10,966,187.68 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч, 2024.07.01-ний өдрийн 101/Ш32024/17584 тоот шүүгчийн захирамжаар хариуцагч нь дээрх хаягт бүртгэлтэй боловч, оршин суудаггүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон.
Иймд хариуцагч Э.Т-ыг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү... гэжээ.
Хүсэлт гаргагч нь энэхүү шаардлагатай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид 2024.08.06-ны өдөр 70,200 төгрөг тушаасан баримт /хх-ийн 2 х/,
-2024.07.09-ны өдөр олгосон итгэмжлэл /хх-ийн 3 х/,
-Хүү тооцооллын хүснэгт /хх-ийн 4 х/,
-Зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгт /хх-ийн 5 х/,
-2023.11.27-ны өдрийн R460001065 дугаартай Дижитал зээлийн гэрээ /хх-ийн 6 х/,
-Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.07.01-ний өдрийн 101/Ш32024/17584 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж /хх-ийн 7 х/
-Банкийг төлөөлөх эрх олгосон Г-ны гүйцэтгэх захирлын тушаал /хх-ийн 8 х/,
-Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 000000000 дугаар бүхий хуулийн этгээдийн гэрчилгээ /хх-ийн 9 х/ зэрэг баримтуудыг хавсарган ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж заасан.
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.Т-ын оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа тул түүнийг эрэн сурвалжлуулахаар Г ХК-ийн зээл цуглуулах газрын захирал Б.Э шүүхэд хүсэлт гаргажээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2023.11.27-ны өдрийн R460001065 дугаартай Дижитал зээлийн гэрээнд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.Т-ын оршин суух хаягийг ................ тоот гэж тодорхойлсны дагуу Г ХК нь Дижитал зээлийн гэрээний үүрэгт нийт 10,966,187.68 төгрөг гаргуулахаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан байна.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.07.01-ний өдрийн 101/Ш32024/17584 дугаартай шүүгчийн захирамжаар Э.Т нь нэхэмжлэлд дурдсан хаягт ...бүртгэлтэй боловч оршин суудаггүй... гэх хорооны Засаг даргын тодорхойлолтыг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх-ийн 7 х/,
Э.Т нь Г ХК-тай 2023.11.27-ны өдрийн R460001065 дугаартай Дижитал зээлийн гэрээ байгуулан зээл авсан талаарх баримт хэрэгт авагдсан, энэхүү гэрээтэй холбоотой нэхэмжлэл гаргах Г ХК-ийн шаардлагад хариуцагч болох үндэслэлтэй байна. /хх-ийн 6 х/,
Э.Т нь 2023.11.27-ны өдрийн R460001065 дугаартай Дижитал зээлийн гэрээнд тусгагдсан дээрх хаягт ...бүртгэлтэй боловч оршин суудаггүй... болох нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.07.01-ний өдрийн 101/Ш32024/17584 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, Г ХК-ийн зээл цуглуулах газрын захирал Б.Э-гийн шүүхэд ирүүлсэн хүсэлтээр тус тус тогтоогдлоо.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана, 155.4-т Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж тус тус заасан.
Иймд Г ХК-ийн хүсэлтийг хүлээн авч иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.Т-ын оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг түүний сүүлд оршин сууж байсан харьяа дүүргийн Цагдаагийн байгууллагад даалгах нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааныг өөрийг нь оролцуулахгүйгээр хийж өгөх хүсэлтийг ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.Т /РД:00000000/-ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Э.Т-ыг эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг түүний сүүлд оршин сууж байсан харьяа дүүргийн Цагдаагийн байгууллага болох Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА