| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2018/0010/э |
| Дугаар | 16 |
| Огноо | 2018-01-12 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Роза |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 16
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон,
Улсын яллагч Ц.Роза,
Хохирогч О.Өнөрцэцэг, С.Бямба,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар,
Шүүгдэгч Б.Наранбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай саналтай ирүүлсэн яллагдагч Б.Наранбаатарт холбогдох 1830000040009 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 01 сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн харъяат, 1978 оны 08 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг 48 айлын 2-16 тоотод байнга оршин суух, бүрэн дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 10-р цэцэрлэгт слесарь ажилтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, НМ78080616 регистрийн дугаартай, Боржигон овгийн Балдансүрэнгийн Наранбаатар.
Холбогдсон хэргийн талаар/яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Б.Наранбаатар нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт 2017 оны 12 сарын 23-ны орой 23 цагийн үед О.Өнөрцэцэг, С.Бямба нарыг зодож, О.Өнөрцэцэгийн биед духанд, хамрын хянга хэсэгт, баруун шанаанд зулгаралт, баруун нүдний дотор буланд, зүүн нүдний эргэн тойронд, эрүүний баруун доод буланд, зүүн гарын алганы ар хэсэгт, амны баруун салстад цус хуралт, зүүн нүдний эргэн тойрон, баруун зүүн хацар шанааны зөөлөн эдийн няцрал, доод эрүүнд баруун 1, 2 дугаар шүд, зүүн 1 дүгээр шүдний хөдлөл, буйлын цус хуралт, зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал гэмтэл, С.Бямбын биед толгойн зулай хэсгийн хуйханд хатгагдсан шарх, зүүн нүдний гадна дээд буланд зүсэгдсэн шарх, зүүн хацарт, баруун хөмсөгний дээд хэсэгт зулгарсан шарх, баруун нүдний эргэн тойронд, зүүн нүдний эргэн тойронд, хамарт цус хуралт, 2 нүдний алимд цусан хураа, зүүн дал орчим, 2 далны хооронд, баруун даланд, далны дор зураас хэлбэрийн зулгаралт, баруун далны дор цус хуралт, 2 нүдний эргэн тойрон, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Б.Наранбаатар шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Тэр орой Бямбын эхнэр Өнөрцэцэг нь миний хажууд сууж байсан. Нөхөр нь надтай хардаад бид хоёр маргалдсан. Хохиролд би 50.000 төгрөг төлсөн. Өөр мэдүүлэг өгөхгүй... гэв.
- Яллагдагч Б.Наранбаатарын хэрэг бүртгэлтэнд өгсөн: Би 2017 оны 12 дугаар сарын 23-ны орой Эрхэмбаярын гэрт Мөнх-Эрдэнэ, Эрхэмбаяр түүний эхнэр Билгээ нарын хамт архи уугаад байж байхад хуучин танил болох Бямбаа нь эхнэрийн хамт орж ирсэн. Тэгээд нэг шил архи гаргаж ирээд тэрийг нь уусан ба Бямбаагийн эхнэр нь Билгээтэй маргаад байсан. Тэгэхээр нь дуугүй бай гэсэн чинь Бямбаа нь намайг өшиглөсөн тэгэхээр нь эргэж хараад Бямбааг 2-3 удаа цохисон. Тэгээд бид хоёр зууралдаад байж байхад Өнөрцэцэг нь голоор орж ирээд цохиулсан байх. Тухайн үед архи уусан байсан болон маргалдсанаас болоод уурласан байсан болохоор Өнөрцэцэгийг цохисон үгүйг мэдэхгүй байна. Тэгээд Мөнх-Эрдэнэ бид нарыг салгасан. Тэгээд Өнөрцэцэг Бямбаа нар 23 цагийн үед гараад явсан. Тэгээд Мөнх-Эрдэнэ бид хоёр харихаар явсан. Ер нь бол согтох нь согтсон байсан. Гэхдээ тасарсан зүйл байхгүй. Би буруу зүйл хийсэндээ гэмшиж байна... гэх мэдүүлэг /хх-24-25/,
- Хохирогч О.Өнөрцэцэг шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Тухай өдөр Наранбаатарт зодуулаад хохирсон. Миний урд шүднүүд өвдөөд, буйл хавдсан. Толгой өвдөөд байгаа. Эмчлүүлэх арга хэмжээ авмаар байна. Би эмнэлэгт үзүүлээгүй байгаа. Би хот руу эмчлүүлэхээр явах шаардлагатай байгаа тул эмчилгээний зардалд 1.500.000 төгрөг нэхэмжилж байна... гэв.
- Хохирогч О.Өнөрцэцэгийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: 2017 оны 12 дугаар сарын 22 ны өдөр аймгаас баруун тийш 30 орчим километрт байдаг “Цоорхойн говиос” нөхөр Бямбаагийн хамт ирчихээд 12 дугаар сарын 23-ны өдөр буцах гэж байснаа болиод найз Эрхэмбаярын гэрт 19 цаг өнгөрөөгөөд 1 шил 0.75 литрийн Ерөөл архи аваад хүүхдүүдэд нь бэлэг аваад орсон чинь Эрхэмбаяр эхнэртэйгээ, хуучин зүс таних Наранбаатар, Мөнх-Эрдэнэ /сүүлд нэрийг нь мэдсэн/ гэх хүмүүс архи уугаад дуусаж байсан. Тэгээд өөрийнхөө авчирсан архийг Эрхэмбаярт өгөөд хүүхдүүдэд нь бэлэг өгчихөөд байж байхад Эрхэмбаяр нь миний өгсөн архийг задлаад хамт уугаад 22 цаг болгосон. Архи уугаад сууж байхад Наранбаатар нь миний хажууд суучихаад тэврээд байсан үүнийг манай нөхөр Бямбаа харчихаад уурлаад Наранбаатар хандан “чи болиоч” гээд Наранбаатарыг түлхсэн чинь Наранбаатар нь босож ирээд манай нөхрийг доороо оруулаад нүүр лүү цохиод байсан. Тэгээд би “боль” гээд салгасан чинь Наранбаатар нь намайг гараараа нүүрлүү нэг цохиод газар унасан чинь нүүрлүү 1 удаа өшиглөсөн. Тэгээд хамт байсан Мөнх-Эрдэнэ нь салгаад бид 2 харина гээд Эрхэмбаярынхаас гартал Наранбаатар нь дагаад гараад ирэхээр нь намайг дахиад зодож магадгүй гээд гэр дээр гарсан. Тэгээд Наранбаатар нь буцаад гэрлүү орохоор нь бид 2 харих гээд хашаанаас гартал цагдаагийн машин ирээд юу болсон талаар асуухаар нь болсон асуудлыг хэлсэн чинь эмнэлэг рүү авч явж үзүүлээд цагдаагийн газарт авчирч мэдүүлэг авсан. Анх очиход Наранбаатар нилээн согтуу байсан. Миний хувьд согтолт гайгүй байсан. Манай нөхөр нилээн согтуу байсан. Анх цагдаад мэдүүлэг өгөхдөө Мөнх-Эрдэнэ, Наранбаатар нарыг нийлээд зодчихлоо гэсэн чинь нөхөртэйгээ уулзаад ярилцахад Мөнх-Эрдэнэ нь Наранбаатарыг манай нөхрийг дарчихаад зодоод байхад салгах гээд ноцолдоод байсан гэсэн. Миний зүүн хацар хөхөрсөн, баруун шанаа хөндүүртэй, шүд хөдөлсөн гэмтэл учирсан. Одоо биеийн байдал гайгүй байна. Толгой бага зэрэг өвдөж байгаа. Миний зүгээс гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Эмчилгээний зардалд 37600 төгрөг гарсан үүнийг Наранбаатар өгсөн байгаа. Уг баримтууд нь байхгүй байна... гэх мэдүүлэг /хх-04-05/,
- Хохирогч С.Бямба шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Миний толгой өдөр бүр өвдөж байгаа. Эмнэлэгт үзүүлээгүй. Би эмнэлэгт үзүүлэх шаардлагатай байна. Эмнэлэгт үзүүлэх гэхээр мөнгө төгрөг байхгүй, эрүүл мэндийн дэвтэрээ бөглүүлээгүй. Яаралтай тусламжийн төлбөр гээд 48000 төгрөг Наранбаатар надад өгсөн ... гэв.
- Хохирогч С.Бямбын хэрэг бүртгэлтэнд өгсөн: Манайх Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар баг Дөрвөлж 14-3 тоотод оршин суух үндсэн хаягтай юм. Гэхдээ Сүхбаатар аймгийн төвөөс зүүн урагш 30 орчим километрт “Цоорхойн говь” гэх газар мал маллаад байдаг юм. 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр аймагт ирсэн. Тэгээд 12 дугаар сарын 23-ны өдөр буцах гэж байснаас орой 19 цаг өнгөрөөгөөд найз Эрхэмбаярын гэрээр ороод гаръя гээд 0.75 литрийн Ерөөл архи 1 шил, хүүхдүүдэд нь бэлэг аваад очсон. Эрхэмбаярын гэрт өөрөө болон түүний эхнэр Билгээ, хуучин зүс таних, Наранбаатар болон Мөнх-Эрдэнэ /сүүлд нэрийг нь мэдсэн/ нар байсан. Бид хоёрыг ороход нэг шил архи уугаад дуусаж байсан ба Эрхэмбаярт авчирсан архиа өгсөн чинь задлаад бүгд ууцгаасан. Тэгээд уугаад сууж байхад Наранбаатар нь манай эхнэр Өнөрцэцэгийн хажууд суучихаад тэврээд байх шиг болохоор уурлаад чи болиоч гэж хэлээд түлхсэн чинь намайг дарж унагаагаад цохиж зодсон. Тэгээд манай эхнэр Өнөрцэцэг нь салгах гээд очиход мөн зодсон. Тэгээд Мөнх-Эрдэнэ Наранбаатарыг салгасан. Тэгээд би эхнэрээ түрүүлж гаргаад байж байхад Наранбаатар нь миний хажуугаар зөрөөд гадагшаа гарсан. Тэгэхээр нь би гараад очтол манай эхнэр гэр дээр гарсан байсан. Тэгээд Наранбаатар гэрлүү орохоор нь эхнэрээ аваад хашаагаар гараад явж байхад цагдаагийн машин ирээд юу болсон талаар асуухаар нь зодуулсан талаараа хэлсэн чинь бид хоёрыг эмнэлэгт үзүүлээд цагдаагийн газарт авчирч өгсөн. Тухайн үед миний бие нилээн согтуу байсан. Наранбаатар нь эхнэр бид хоёрыг ирэхээс өмнө 3 хүнтэй 1 шил 0.75 литрийн Ерөөл архи уусан. Наранбаатар нь эхнэр бид хоёрыг зодсон. Мөнх-Эрдэний хувьд намайг зодож цохисон зүйл байхгүй. Харин Наранбаатар намайг дарчихаад цохиод байхад салгах гээд зууралдаад байсан. Тэрийг нь манай эхнэр харчихаад зодсон гэж ойлгосон юм шиг байна лээ. Би зодуулсанаас бол 2 нүд хөхөрсөн, зүүн хөмсөгний доод хэсэгт сэтэрсэн, толгой өвдөж байгаа. Өөр ямар нэгэн гэмтэл байхгүй байна. Миний биеийн байдал одоогоор гайгүй байна. Миний зүгээс гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Наранбаатар нь эмчилгээнд гарсан зардлыг өгсөн байгаа. Гэхдээ ямар нэгэн баримт байхгүй... гэх мэдүүлэг /хх-07-08/,
- Гэрч Ч.Мөнх-Эрдэний хэрэг бүртгэлтэнд өгсөн: Би Наранбаатар ахтай 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 14 цагийн үед Эрхэмбаяр ахын гэрт очсон. Тэгээд Эрхэмбаяр ахын машинтай гадуур ажилтай явсаар байгаад 17 цагийн үед гэрлүү нь очсон. Тэгээд гэрт нь байж байгаад ганц шил архи уухаар болоод Наранбаатар ах бид 2 дэлгүүрээс 0.75 литрийн Ерөөл архи авчирсан. Тэр архиа Эрхэмбаяр ах, түүний эхнэр Билгээ, Наранбаатар ах бид 4 хувааж уугаад дуусаж байхад гаднаас сүүлд нэрийг нь мэдсэн. Өнөрцэцэг, Бямбаа гэх хүмүүс орж ирсэн. Тэгээд нэг шил 0.75 литрийн архи гаргаж ирээд бүгд хувааж ууцгаасан. Тэгээд байж байгаад Наранбаатар ах Өнөрцэцэг гэх эмэгтэйтэй хэрэлдээд байх шиг байсан тэгэж байгаад Бямбааг нь Наранбаатар ах цохиод унагаасан зууралдаад байх шиг байхаар нь би очиж салгасан. Мөн хажууд нь Өнөрцэцэг нь Наранбаатар ахтай зууралдаад байсан. Тэгээд Өнөрцэцэг, Бямбаа нар гараад яваад өгсөн. Тэгээд Наранбаатар ах бид 2 харьсан. Эрхэмбаяр ахын гэрт Наранбаатар, Бямбаа, Өнөрцэцэг нарын хооронд маргаан зодоон болоод байсан. Өөр зодоонд нь орсон хүн байхгүй. Миний харахад ухаан алдатлаа согтсон хүн байгаагүй бүгд л гайгүй байсан” гэх мэдүүлэг /хх-10/,
- Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 30 дугаартай дүгнэлт: 1.О.Өнөрцэцэгийн биед духанд, хамрын хянга хэсэгт, баруун шанаанд зулгаралт, баруун нүдний дотор буланд, зүүн нүдний эргэн тойронд, эрүүний баруун доод буланд, зүүн гарын алганы ар хэсэгт, амны баруун салстад цус хуралт, зүүн нүдний эргэн тойрон, баруун зүүн хацар шанааны зөөлөн эдийн няцрал, доод эрүүнд баруун 1, 2-р шүд, зүүн 1-р шүдний хөдлөл, буйлын цус хуралт, зүүн чамархайд зөөлөн өдийн няцрал гэмтэл учиржээ. 2.Уг гэмтлүүд нь хатуу мохоо зүйлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь ШЭГЗТЖ-н 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-16/,
- Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 29 дугаартай дүгнэлт: 1.С.Бямбаагийн биед толгойн зулай хэсгийн хуйханд хатгагдсан шарх, зүүн нүдний гадна дээд буланд зүсэгдсэн шарх, зүүн хацарт, баруун хөмсөгний дээд хэсэгт зулгарсан шарх, баруун нүдний эргэн тойронд, зүүн нүдний эргэн тойронд, хамарт цус хуралт, 2 нүдний алимд цусан хураа, зүүн дал орчим, 2 далны хооронд, баруун даланд, далны дор зураас хэлбэрийн зулгаралт, баруун далны дор цус хуралт, 2 нүдний эргэн тойрон, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх зүсэгдсэн шарх гэмтэл нь ир ирмэгтэй, бусад гэмтлүүд нь хатуу мохоо зүйлээр үүсгэгдэх боломжтой. 3.Дээрх гэмтлүүд нь ШЭГЗТЖ-н 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-13/,
- Яаралтай тусламжийн хуудас /хх-12,15/
- Б.Наранбаатарын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-30/
- Б.Наранбаатарын Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-32/
- Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-35-36/
- Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2018 оны 01 сарын 11-ний өдрийн 08 дугаартай хэргийн зүйлчлэл, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын санал /хх-42/
- 10-р цэцэрлэгийн эрхлэгчийн 2018.01.10-ны өдрийн тодорхойлолт /хх-28/
- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн Засаг даргын 2018.01.04-ний өдрийн 7/36 дугаартай тодорхойлолт /хх-29 /
- Шүүгдэгч Б.Наранбаатарын Сүхбаатар аймаг дахь цагдаагийн газарт гаргасан хүсэлт /хх-41/ зэрэг болно.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:
Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Наранбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Шүүгдэгч Б.Наранбаатарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хэрэгт хамаарах бөгөөд прокурорын яллах дүгнэлтэнд яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар саналаа бичиж, яллагдагчид танилцуулж, гарын үсэг зуруулсан ба хэргийг шийдвэрлэх хуульд заасан нөхцөл, журам хангагдсан байна гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Наранбаатар 2017 оны 12 дугаар сарын 23-ны орой 23.00 цагийн үед согтуурсан үедээ Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багийн иргэн Эрхэмбаярын гэрт иргэн О.Өнөрцэцэг, С.Бямба нарыг зодож, О.Өнөрцэцэгийн биед “ духанд, хамрын хянга хэсэгт, баруун шанаанд зулгаралт, баруун нүдний дотор буланд, зүүн нүдний эргэн тойронд, эрүүний баруун доод буланд, зүүн гарын алганы ар хэсэгт, амны баруун салстад цус хуралт, зүүн нүдний эргэн тойрон, баруун зүүн хацар шанааны зөөлөн эдийн няцрал, доод эрүүнд баруун 1, 2 дугаар шүд, зүүн 1 дүгээр шүдний хөдлөл, буйлын цус хуралт, зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал “ бүхий хөнгөн гэмтэл, С.Бямбын биед “ толгойн зулай хэсгийн хуйханд хатгагдсан шарх, зүүн нүдний гадна дээд буланд зүсэгдсэн шарх, зүүн хацарт, баруун хөмсөгний дээд хэсэгт зулгарсан шарх, баруун нүдний эргэн тойронд, зүүн нүдний эргэн тойронд, хамарт цус хуралт, 2 нүдний алимд цусан хураа, зүүн дал орчим, 2 далны хооронд, баруун даланд, далны дор зураас хэлбэрийн зулгаралт, баруун далны дор цус хуралт, 2 нүдний эргэн тойрон, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал “ бүхий хөнгөн хохирол тус тус учруулсан болох нь шүүгдэгч Б.Наранбаатарын хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэрэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч О.Өнөрцэцэг, С.Бямба, гэрч Ч.Мөнх-Эрдэнэ нарын мэдүүлгүүд, Сүхбаатар аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 29, 30 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан байна. Тухайлбал, Б.Наранбаатар нь хоёр хүний эрүүл мэндэд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал болно.
Хэрэг гарсан шалтгаан нөхцөлийг тодруулбал, шүүгдэгч Б.Наранбаатар нь архи ууж согтуурсан үедээ С.Бямбын эхнэр О.Өнөрцэцэгийг тэврэх зэргээр зохисгүй байдал гаргаснаас хохирогч С.Бямба, тэдгээрийн хооронд маргаан үүссэн бөгөөд энэ асуудлын улмаас Б.Наранбаатар нь хохирогч С.Бямба, О.Өнөрцэцэг нарыг цохиж, зодож эрүүл мэндэд хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдох бөгөөд энэ нь түүний “ Би 2017 оны 12 дугаар сарын 23-ны орой Эрхэмбаярын гэрт Мөнх-Эрдэнэ, Эрхэмбаяр түүний эхнэр Билгээ нарын хамт архи уугаад байж байхад хуучин танил болох Бямбаа нь эхнэрийн хамт орж ирсэн. Тэгээд нэг шил архи гаргаж ирээд тэрийг нь уусан ба Бямбаагийн эхнэр нь Билгээтэй маргаад байсан. Тэгэхээр нь дуугүй бай гэсэн чинь Бямбаа нь намайг өшиглөсөн тэгэхээр нь эргэж хараад Бямбааг 2-3 удаа цохисон. Тэгээд бид хоёр зууралдаад байж байхад Өнөрцэцэг нь голоор орж ирээд цохиулсан байх. Тухайн үед архи уусан байсан болон маргалдсанаас болоод уурласан байсан болохоор Өнөрцэцэгийг цохисон үгүйг мэдэхгүй байна. Тэгээд Мөнх-Эрдэнэ бид нарыг салгасан “ гэх,
хохирогч С.Бямбын “ Наранбаатар нь манай эхнэр Өнөрцэцэгийн хажууд суучихаад тэврээд байх шиг болохоор уурлаад чи болиоч гэж хэлээд түлхсэн чинь намайг дарж унагаагаад цохиж зодсон. Манай эхнэр Өнөрцэцэг нь салгах гээд очиход мөн зодсон. Тэгээд Мөнх-Эрдэнэ Наранбаатарыг салгасан ” гэх,
хохирогч О.Өнөрцэцэгийн “Архи уугаад сууж байхад Наранбаатар нь миний хажууд суучихаад тэврээд байсан үүнийг манай нөхөр Бямбаа харчихаад уурлаад Наранбаатар хандан “чи болиоч” гээд Наранбаатарыг түлхсэн чинь Наранбаатар нь босож ирээд манай нөхрийг доороо оруулаад нүүр лүү цохиод байсан. Тэгээд би “боль” гээд салгасан чинь Наранбаатар нь намайг гараараа нүүрлүү нэг цохиод газар унасан чинь нүүрлүү 1 удаа өшиглөсөн. Тэгээд хамт байсан Мөнх-Эрдэнэ нь салгаад бид 2 харина гээд Эрхэмбаярынхаас гартал Наранбаатар нь дагаад гараад ирэхээр нь намайг дахиад зодож магадгүй гээд гэр дээр гарсан ” гэх,
гэрч Ч.Мөнх-Эрдэнийн “ Эрхэмбаяр ах, түүний эхнэр Билгээ, Наранбаатар ах бид 4 архиа хувааж уугаад дуусаж байхад гаднаас сүүлд нэрийг нь мэдсэн. Өнөрцэцэг, Бямбаа гэх хүмүүс орж ирсэн. Нэг шил 0.75 литрийн архи гаргаж ирээд бүгд хувааж ууцгаасан. Тэгээд байж байгаад Наранбаатар ах Өнөрцэцэг гэх эмэгтэйтэй хэрэлдээд байх шиг байсан. Тэгэж байгаад Бямбааг нь Наранбаатар ах цохиод унагаасан, зууралдаад байх шиг байхаар нь би очиж салгасан. Мөн хажууд Өнөрцэцэг нь Наранбаатар ахтай зууралдаад байсан. Тэгээд Өнөрцэцэг, Бямбаа нар гараад яваад өгсөн. Тэгээд Наранбаатар ах бид 2 харьсан ” гэх мэдүүлгүүдээр хэрэгт тогтоогдсон байна.
Б.Наранбаатар нь гэмт хэргийг хувийн сэдэлтээр, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. Тэрээр хуулиар хамгаалагдсан бусдын эрх, эрх чөлөөнд халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, мэдсээр атлаа хохирогч нарыг зодож эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулжээ.
Шүүгдэгч Б.Наранбаатарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, хэргийн байдлыг нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, мөн хэрэг бүртгэлтийн явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.
Иймд шүүгдэгч Б.Наранбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг буюу хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцох үндэстэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгч Б.Наранбаатарыг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.
Б.Наранбаатарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй байна.
Хохирогч С.Бямба, О.Өнөрцэцэг нар “ Улаанбаатар хотод явж эмчилгээ хийлгэх зардалд 1.500.000 төгрөг нэхэмжлэнэ ” гэх боловч энэ талаар ямар нэгэн нотлох баримтыг шүүхэд гаргаагүй бөгөөд хэрэг хэлэлцэх ажиллагааг хойшлуулахгүйгээр дээрх нэхэмжлэлийн тодорхой тооцоог гаргах бололцоогүй байх тул хохирогч нарыг хохиролтой холбоотой нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хангуулах эрхтэйгээр үлдээлээ.
Шүүгдэгч Б.Наранбаатарын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэргийн улмаас бусдад хөнгөн хохирол учирсан, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг үндэслэн прокурорын саналыг харгалзан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 600.000 төгрөгөөр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Хэрэгт авагдсан Сүхбаатар аймгийн Баруун- Урт сумын 10 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2018.01.10-ны өдрийн тодорхойлолт /хх-28/-ыг буюу түүний цалин хөлс, орлогын байдлыг үндэслэн түүнд оногдуулах 600.000 төгрөгөөр торгох ялыг 1 сард 200.000 төгрөгөөр тооцож, 3 сарын хугацаанд хэсэгчилэн төлөхөөр тогтооно.
Б.Наранбаатар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдъя.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 8 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овгийн Балдансүрэнгийн Наранбаатарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Наранбаатарыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Наранбаатарт шүүхээс оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ялыг 1 сард 200.000 төгрөгөөр тооцож, 3 сарын хугацаанд хэсэгчилэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Наранбаатар шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Ялтан Б.Наранбаатар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч С.Бямба, О.Өнөрцэцэг нар нь эрүүл мэндэд учирсан хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.
7. Ялтан Б.Наранбаатарт шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН