Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 2022/ДШМ/1042

 

 

 

 

 

 

  2022             11              01                                          2022/ДШМ/1042

 

 

М.Ө, Б.М, Э.Э нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Оюунбат,

шүүгдэгч М.Ө, Б.М, Э.Э нарын өмгөөлөгч С.Б,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 2022/ШЦТ/1111 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Ө, Б.М, Э.Э нарын өмгөөлөгч С.Б-ийн гаргасан давж заалдах гомдлоор М.Ө, Б.М, Э.Э нарт холбогдох ................ дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч М.Ө нь Д.Ц, Б.М нартай бүлэглэж, 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ..... дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг, “С” авто угаалгын газарт автомашины угаалгын төлбөрийн асуудлаас болон маргалдаж байсан иргэн Э.Б-ын толгойн тус газарт цохиж, эрүүл мэндэд нь тархины доргилт, дагзны зүүн дээд хэсгийн шарх зөөлөн эдийн няцрал, зүүн шууны шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, түүнчлэн тус авто угаалгын газарт үйлчлүүлж байсан иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулж, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, хохирогч Э.Б-д хүч хэрэглэсэн,

Шүүгдэгч Б.М нь М.Ө, Д.Ц нартай бүлэглэж, 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ................ дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг, “С” авто угаалгын газарт автомашины угаалгын төлбөрийн асуудлаас болон маргалдаж байсан иргэн Э.Б-ын толгойн тус газарт цохиж, эрүүл мэндэд нь тархины доргилт, дагзны зүүн дээд хэсгийн шарх зөөлөн эдийн няцрал, зүүн шууны шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, түүнчлэн тус авто угаалгын газарт үйлчлүүлж байсан иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулж, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, хохирогч Э.Б-д хүч хэрэглэсэн,

Шүүгдэгч Э.Э нь 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ........... дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг, “С” авто угаалгын газарт автомашины угаалгын төлбөрийн асуудлаас болон маргалдаж байсан иргэн Э.Б-ын цээжин тус газарт нь хөлөөрөө өшиглөж, эрүүл мэндэд нь өвчүү ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан, түүнчлэн тус авто угаалгын газарт үйлчлүүлж байсан иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулж, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, хохирогч Э.Б-д хүч хэрэглэсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Э.Э-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, М.Ө, Б.М нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Э.Э-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд, Б.М, М.Ө нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Э.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, шүүгдэгч Б.М, М.Ө нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх зорчих эрх хязгаарлах ялыг 1 жил 6 сарын хугацаагаар, шүүгдэгч Б.М, М.Ө нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял нэмж нэгтгэн, тэдний биечлэн эдлэх зорчих эрх хязгаарлах ялыг 1 жил 1 сарын хугацаагаар тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих” үүргийг хүлээлгэж зорчих эрхийг хязгаарлаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг уг хэргийг архивт хадгалах хугацаагаар хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Э.Б-т гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч М.Ө, Б.М, Э.Э нарын өмгөөлөгч С.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх М.Ө, Б.М, Э.Э нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Э.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Б.М, М.Ө нарыг мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх хэсэг, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн. Шүүгдэгч нарын өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн 11.4 болон 11.6 дугаар зүйлд заасан зүйлчлэл дээр маргах зүйлгүй бөгөөд шүүгдэгч нар ч мөн адил гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болно. Харин шүүхээс шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн дүгнэлт нь хууль зүйн үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл шийтгэх тогтоолын 6 дахь нүүрэнд “...мөн түүнчлэн шүүгдэгч нар нь аж ахуйн үйл ажиллагаа болох тодорхой үйлчилгээ явуулдаг, авто угаалгын газар санаагаараа нэгдэн бусадтай маргалдан, улмаар хүч хэрэглэсэн үйлдэл гаргаж бусдад хохирол учруулж байгаа үйлдэл нь бусдын амгалан тайван байдал, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан гэж дүгнэж байна” гэсэн дүгнэлт хийсэн байна. Гэтэл тухайн хэрэг явдал бол өдрийн цагаар буюу 15-16 цагийн үед авто угаалга дотор болсон байдаг. Тэгвэл М.Ө, Б.М, Э.Э нарын хохирогчтой маргалдаж харилцан зодоон цохион үүсгэж байгаа үйлдлийг бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан гэж үзэхэд эргэлзээтэй байна. Мөн тухайн үйлдэл нь ямар байгууллагын хэвийн үйл ажиллагааг хэрхэн алдагдуулсан бэ гэдэг нь тодорхойгүй. Тухайн хохирогчид хүч хэрэглэж хохирол учруулж байгаа үйлдэл нь бусдын амгалан тайван байдлыг алдагдуулах, эсхүл байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулах гэсэн гэмт хэргийн хоёр шинжийн алийг нь хангаж байгаа нь тодорхойгүй байхад шүүх тухайн гэмт хэргийг үйлдсэн гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр М.Ө, Б.М, Э.Э нар нь Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн тогтоолд өөрчлөлт оруулж Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Прокурор М.Оюунбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс гэмт хэрэг гарсан газар нь хувийн эзэмшлийн граж байсан. Нийтийн эзэмшлийн, олон нийтийн газар биш гэж тайлбарлаж байна. Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэх ойлголтыг 7 дугаар сарын 01-ний өдөр болсон шиг үйл явдлыг хэлэхгүй. Хэргийн үйл баримтыг авч үзвэл хэрэгт авагдсан камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл байгаа. Уг камерын бичлэгийг дүрсжүүлээд, хэвлэмэл байдлаар оруулсан тэмдэглэлийг сиди бичлэгийн хамт хэрэгт хавсаргасан. Уг бичлэгээс үзвэл тухайн авто угаалгад 4 автомашины жолооч нар үйчлүүлж байсан. Тухайн газар хэн дуртай нь ороод өөрсдөө төлбөрөө төлж үйлчлүүлж байгаа учраас олон нийтийн газарт хамаарна. Уг хэрэг нь тухайн авто угаалгад үйлчлүүлж байсан хохирогч Э.Б-той авто угаалгын 20.000 төгрөгийн төлбөрийн асуудлаас болж хоорондоо харилцан маргалдаж, авто угаалгад ажиллаж байсан залуучууд, хохирогч буюу үйлчлүүлэгчийн биед нь халдан, зодож хөнгөн болон хүндэвтэр гэмтэл учруулсан. Энэхүү үйлдлийг хэрэгжүүлэх явцдаа нийтийн хэв журам буюу тухайн байгууллагын хэвийн байдал, үйлчлүүлж байсан иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхээс зүйлчлэлийг тохирсон байна гэж үзэж, хэрэгт авагдсан баримтын хүрээнд гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч М.Ө нь Д.Ц, Б.М нартай бүлэглэж, 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн .......... дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг, “С” авто угаалгын газарт автомашины угаалгын төлбөрийн асуудлаас болон маргалдаж байсан иргэн Э.Б-ын толгойн тус газарт цохиж, эрүүл мэндэд нь тархины доргилт, дагзны зүүн дээд хэсгийн шарх зөөлөн эдийн няцрал, зүүн шууны шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, түүнчлэн тус авто угаалгын газарт үйлчлүүлж байсан иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулж, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, хохирогч Э.Б-д хүч хэрэглэсэн,

Шүүгдэгч Б.М нь М.Ө, Д.Ц нартай бүлэглэж, 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ............ дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг, “С” авто угаалгын газарт автомашины угаалгын төлбөрийн асуудлаас болон маргалдаж байсан иргэн Э.Б-ын толгойн тус газарт цохиж, эрүүл мэндэд нь тархины доргилт, дагзны зүүн дээд хэсгийн шарх зөөлөн эдийн няцрал, зүүн шууны шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, түүнчлэн тус авто угаалгын газарт үйлчлүүлж байсан иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулж, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, хохирогч Э.Б-д хүч хэрэглэсэн,

Шүүгдэгч Э.Э нь 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ......... дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг, “С” авто угаалгын газарт автомашины угаалгын төлбөрийн асуудлаас болон маргалдаж байсан иргэн Э.Б-ын цээжин тус газарт нь хөлөөрөө өшиглөж, эрүүл мэндэд нь өвчүү ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан, түүнчлэн тус авто угаалгын газарт үйлчлүүлж байсан иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулж, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, хохирогч Э.Б-д хүч хэрэглэсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч Э.Б-ын “...би анх машинаа өгөхөд танай угаагч 20.000 төгрөг гэж хэлэхээр нь би машинаа угаалгасан шүү дээ, гэж хэлэхэд үгүй ээ манайх 25.000 төгрөгөөр угаадаг юм гээд өөдөөс уурласан байдалтай хэлэхээр нь би уг угаалгын газрын менежер болон угаалгын газрын угаагч хөл муутай залуу нар нь гарч ирсэн. Тэгээд менежер нь надтай маргалдаад заамдалцахад хажуугаар нь Ц гэх эрэгтэй миний толгой руу 4-5 удаа мөргөсөн. Тэгтэл манай найзууд болон угаагч нар салгасан. Тэгээд буцаж угаалгын газарт ороод нөгөө Ц гэх угаагчийг нь “чи яахаараа хүн мөргөдөг юм” гээд хэлтэл “тэгээд чи яах юм” гээд барьцалдаж авсан. Ингээд барьцалдаж байх хоорондоо харилцан нэгнийгээ толгойгоороо мөргөсөн. Мөн нэгнийгээ харилцан гараараа нүүр лүү нь цохиж, зодолдож байхад миний зүүн хойд талаас М гэх эрэгтэй нь ирээд 2-3 удаа гараараа толгой дээр тохойлдоход хажууд байсан Ө гэх жижиг биетэй эрэгтэй нь миний нуруу руу гараараа цохиод мөн нүүр лүү 4-5 удаа цохиход Ц урагш татаад намайг газарт дөрвөн хөллүүлж унагаахад Э гэх эрэгтэй нь миний цээж рүү нэг удаа өшиглөсний дараа би босох гэхэд цээж өвдөөд байсан болохоор хэсэг хугацаанд гараараа газарт тулан сууж байгаад боссон. Тэгээд байж байтал цагдаа нар ирсэн, хэн цагдаа дуудсаныг сайн мэдээгүй. Намайг Ц, Э, Ө, М нар нийлж зодсоныг манай найзууд М, Э нар харж байсан ба зодоонд оролцож уг хүмүүст гар хүрсэн зүйл огт байхгүй...” /1хх 115-117/,

гэрч Б.М-ийн “...Б нь Ц-тай барьцалдаад нэгнийгээ харилцан цохиж байх үед би Б-ын араас нь очоод толгойны зүүн дээд хэсэг болон дагзны орчим 2-3 удаа гараараа тохойлдож цохисон. Тэгээд Ц-тай Б-т гэх залуу зодолдож байхад Ө ирээд Б-ын нүүр лүү нэг удаа цохичихоод явчихсан, тэгтэл Ц Б-ын өмсөж байсан футболкны захнаас заамдсан байж байгаад өөр лүүгээ зайлсан байдалтай урагш нь татах үед Б-т газарт гараараа тулаад, дөрвөн хөллөчихсөн байж байхад нь угаалгын газарт хамт ажилладаг Э ирээд Б-ын зүүн талаас цээж рүү нь хөлөөрөө нэг удаа хүчтэй өшиглөсний дараа нөгөө эрэгтэй босож чадахгүй гараараа газарт тулаад сууж байсан. Ингээд байж байтал манай менежер Б цагдаад дуудлага өгчихсөн гэж байсан, тухайн үед сэтгэлийн хөөрлөөр хүний биед гар хүрч зодсондоо харамсаж байна...” /1хх 143-144/,

гэрч Б.Б-ийн “...Ц маргалдаж уг залуугийн толгой руу нь мөргөж байсан гэдгийг дараа нь маргаан яг юунаас болсон зодсон эхэлсэн талаар ажилчдаас асуухад угаалгын газарт болсон зодоонд оролцсон Ө, Э, М нар надад машинаа угаалгасан хүмүүс таньтай хэрүүл хийж байгаад гарахдаа угаалгын газрын үүдэнд Ц-тай согтууруулах ундаа хэрэглэсэн байсан залуу нь маргалдахад Ц мөргөчихсөн. Тэгтэл уг эрэгтэй нь Ц-ыг хөөж угаалгын газарт орж ирээд зодоон болох шалтгаан болсон гэж хэлсэн. Би сайн мэдэж байна. Манай угаалгын газраас Ө, Э, М, Ц нар оролцсон...” /1хх 155-156/,

гэрч С.Э-ийн “...манай 2 найз буцаад яваад орчихсон. Миний таньдаг хүн тааралдаад би уулзаж байгаад 10 минутын дараа ирэхэд Б-т угаалгын газрын гадна М-тай угаалгасан машин дотроо сууж байсан. Тэгэхээр нь би Б-оос юу болсон юм бэ гэж асуухад угаалгын газрын угаагч залуу нь харин намайг мөргөчихөөд орчихлоо гэж хэлээд машинаас буугаад угаалгын газар луу орохоор нь араас нь дагаад ороход Б-т гадуур хувцсаа тайлаад нэг туранхай эрэгтэйг заагаад хэрэлдэж байгаад хоорондоо барьцалдсан...” /1хх 161-162/,

гэрч Д.М-ын “...манай найз менежер гэх эрэгтэйтэй маргалдаж байхад хажуугаас угаалгын газарт угаагч хийж байсан туранхай хөл муутай нь цагдаа нарыг ирэхэд өөрийгөө Ц гэж танилцуулж байсан эрэгтэй манай найзтай маргалдаад угаалгын газраас гартал араас Ц гэх эрэгтэй гарч ирээд манай найз Б-той барьцалдаж аваад толгой руу нь мөргөж байсан, би хэдэн удаа мөргөж байгаа гэдгийг тоолж чадаагүй би очиж зодооныг салгасан. Манай найз Б-т уг залууг огт цохиж зодоогүй. Тэгтэл уг эрэгтэй дотогш угаалгын газарт орчихоор нь араас нь Б, Э бид 3 ороход Б намайг яаж байгаа лалрууд вэ гээд Ц гэх эрэгтэйд хэлэхэд Ц цаанаас нь гарч ирээд хоорондоо барьцалдаад харилцан нэгнийгээ цохилцож байхад угаалгын газрын ажилчид болох хүмүүс ирсэн. Би болон манай найз Э зодоонд огт оролцоогүй, салгах гэсэн боловч дийлэхгүй байсан...ямар ч байсан миний бодлоор 3-4 эрэгтэй нийлж зодсон байх гэж бодож байна” /1хх 149-150/,

Яллагдагч М.Ө-ын “...би тухайн үед өөрийн найз Ц-ыг л өмөөрч түүнийг цохисон. Өөр ямар нэгэн шалтгаан байхгүй...” /1хх 218/

Яллагдагч Э.Эрдэнэ-Очирын “...Б Ц хоёрын хооронд зодоон болсон. Тэгээд байж байтал М очоод Б-ын толгой хэсэгт 1-3 удаа тохойны үе хэсгээр тохойлдож цохисон. Түүний дараа Б-ыг Ц унагасан ба тухайн үед газарт хэвтэж байхад нь би очоод баруун хөлөөрөө нэг удаа цээж хэсэгт нь өшиглөсөн. Мөн миний өмнө буюу Б гэх хүнийг унахаас өмнө Ө нь түүний нүүр хэсэгт нэг удаа цохисон. Тэгээд танай зохион байгуулагч цагдаагийн байгууллагад хандсан. Бид нарыг доромжилж байсан, түүнээс болж өшиглөсөн. Тухайн хүний цээж хэсэгт би ганцаараа цохисон, М, Ө, Ц нар нь нүүр толгой хэсэгт нь цохиод байсан...” /1хх 225-226/,

Яллагдагч Б.М-гийн “...би үйлчлүүлэгч гэх залуугийн толгойн орой хэсэгт 2-3 удаа тохойн үе хэсгээр цохисон. Тэгээд миний араас Ө ирээд тухайн Б гэх залуугийн нүүр хэсэгт нэг удаа баруун гараараа цохисон. Ц нь Б-ыг өөр рүүгээ татахад тэр газарт унаж, 4 хөллөсөн ба тухайн үед Э хүрч ирээд баруун хөлөөрөө нэг удаа цээж хэсэгт нь өшиглөсөн. Би тухайн үедээ хэд хэд цохичихвол Б-ыг больчих байх гэж бодоод цохисон. Миний буруутай үйлдэл байгаа, дахин ийм асуудал гаргахгүй...” /1хх 229-230/,

Шинжээч эмч Ч.Э-ын “...Хүн өөрөө зорилготойгоор толгойгоороо юм мөргөх үед бие махбодь булчин шөрмөс нь бэлтгэгдсэн байх учраас тархины доргилт үүсэхгүй гэмтэл нь нэг болон олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтойг тогтоох боломжгүй” /1хх 179-180/ гэх мэдүүлгүүд,

“...Э.Б-ын биед өвчүү ясны хугарал, тархины доргилт, дагзны зүүн дээд хэсэгт шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн шуунд шарх, духны зүүн хэсэгт цус хуралт, зулгаралт, хамар, баруун мөр, шуу, сарвуу, зүүн тохой, шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдпээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүдийн үүссэн дарааллыг тогтоох боломжгүй. Дээрх гэмтлүүдээс өвчүү ясны хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, тархины доргилт, дагзны зүүн дээд хэсгийн шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн шууны шарх гэмтлүүд нь тус тусдаа 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй..." гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 737 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх 172-173/,

2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1хх 97/, 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн дуудлага, мэдээлэл шалгасан илтгэх хуудас /1хх 98/, дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 163-166/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1хх 169-170/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Э.Э-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.М, М.Ө нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүх, шүүгдэгч Э.Э-ын хохирогч Э.Б-ын цээжин тус газарт нь хөлөөрөө өшиглөж, эрүүл мэндэд нь өвчүү ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч М.Ө, Б.М нарын хохирогч Э.Б-ын толгойн тус газарт цохиж, эрүүл мэндэд нь тархины доргилт, дагзны зүүн дээд хэсгийн шарх зөөлөн эдийн няцрал, зүүн шууны шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Э.Э, М.Ө, Б.М нарын авто угаалгын газарт үйлчлүүлж байсан иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулж, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, хохирогч Э.Б-д хүч хэрэглэсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Анхан шатны шүүх, шүүгдэгч Э.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, шүүгдэгч Б.М, М.Ө нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Э.Э-т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх зорчих эрх хязгаарлах ялыг 1 жил 6 сарын хугацаагаар, шүүгдэгч Б.М, М.Ө нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, тэдний биечлэн эдлэх зорчих эрх хязгаарлах ялыг 1 жил 1 сарын хугацаагаар тус тус тогтоож шийдвэрлэсэн нь тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тус тус тохирсон байна.

Шүүгдэгч М.Ө, Б.М, Э.Э нарын өмгөөлөгч С.Б-ийн “...М.Ө, Б.М, Э.Э нар нь Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн тогтоолд өөрчлөлт оруулж Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Учир нь, Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийгмийн хэв журмыг зөрчих” гэдэгт гэмт этгээд өөрийн ичгүүр сонжуургүй, догшин зан авир, бүдүүлэг үйлдлээ бусдын анхаарлын төвд байлгахыг эрмэлзэн нийгэмд тогтсон хамтын аж байдлын ёс горим, эрх зүйн болон ёс суртахууны хэм хэмжээ, уламжлалт зан заншилд харшилсан санаатай үйлдлийг хамааруулан үздэг ба энэ нь эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт тогтсон ойлголт юм. Энэхүү үйлдэл нь ямар ч шалтгаангүйгээр эсвэл үл ялих зүйлээр шалтаглан хэрүүл маргаан өдөх, агсам тавих, элдвээр доромжлох, айлган сүрдүүлэх, басамжлах, дарамтлах зэргээр хохирогчид хүч хэрэглэх болон хэрэглэхээр заналхийлэх, бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, нийтийг хамарсан арга хэмжээг тасалдуулах зэргээр илрэн гардаг байна.

Хэрэгт авагдсан баримтуудыг судлан үзэхэд, хохирогч Э.Б нь тухайн цаг хугацаанд болсон үйл явдал, шүүгдэгч нартай маргалдах болсон шалтгаан, М.Ө, Б.М, Э.Э нарын үйлдлийн улмаас өөрт учирсан гэмтлийн талаар /1хх 115-117/ тодорхой мэдүүлсэн байх бөгөөд тэдний мэдүүлэг нь гэрч Б.М-гийн /1 143-144/, Б.Б-ийн /1хх 155-156/, С.Э-ийн /1хх 161-162/, Д.М-ын /1хх 149-150/, яллагдагч М.Ө-ын /1хх 218/, Э.Э-ын /1хх 225-226/, Б.М-ийн /1хх 229-230/ мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн 737 дугаартай дүгнэлт /1хх 172-173/, дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 163-166/ зэргээр давхар нотлогджээ.

Түүнчлэн, Эрүүгийн хуулийн Хорьдугаар бүлэгт “Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг”-ийн шинжийг тогтоон хуульчилсан бөгөөд М.Ө, Б.М, Э.Э нар нь аж ахуйн үйл ажиллагаа болох тодорхой үйлчилгээ явуулдаг, авто угаалгын газар санаагаараа нэгдэн бусадтай маргалдан, улмаар хүч хэрэглэсэн үйлдэл гаргаж бусдад хохирол учруулж байгаа үйлдэл нь бусдын амгалан тайван байдал, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдуулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт шүүгдэгч М.Ө-ын гэмт хэрэг үйлдсэн огноог буруу бичиж алдаа гаргасан байгааг магадлалд тэмдэглэж, цаашид энэ төрлийн алдаа, зөрчил гаргахгүй ажиллахыг анхааруулж байна. 

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Ө, Б.М, Э.Э нарын өмгөөлөгч С.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 2022/ШЦТ/1111 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Ө, Б.М, Э.Э нарын өмгөөлөгч С.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        М.АЛДАР

 

 

                                 ШҮҮГЧ                                                               Т.ӨСӨХБАЯР

 

                                 ШҮҮГЧ                                                               Ж.ЭРДЭНЭЧИМЭГ