| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдоржийн Цогзолмаа |
| Хэргийн индекс | 134/2023/00301/И |
| Дугаар | 134/ШШ2024/00221 |
| Огноо | 2024-11-01 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 134/ШШ2024/00221
| 2024 оны 11 сарын 01 өдөр | Дугаар 134/ШШ2024/00221 | Говьсүмбэр аймаг |
Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дорноговь аймаг, Сайншанд сум, 3 дугаар баг, Мааньзавын *******,*******
Хариуцагч: Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 5 дугаар баг,*******,*******,*******
Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо,*******,*******,*******
Нэхэмжлэлийн шаардлага: Дорноговь аймгийн Өргөн сумын Зүүн өргөн гэх газарт байрлах******* ХХК-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий 29.43 гектар талбайтай газрыг, компанийн хамт худалдан авахаар 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр аман хэлцлээр хийсэн гэрээ, хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцож, хариуцагч шилжүүлсэн 60,000,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч, түүний өмгөөлөгч, хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
1.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би, хариуцагч **** 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан. Эвлэрлийн гэрээг хийхийн өмнө нэхэмжлэгч ***** өөрийн биеэр хариуцагч ****** 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр уулзаад энэ асуудлууд дээр харилцан тохиролцож, өнөөдөр буюу 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 30,000,000 төгрөгөөр харилцан тохиролцсон ба төлбөрөө нэхэмжлэгч ****** руу шилжүүлсэн. Тиймээс эвлэрлийн гэрээ байгуулж, шүүх рүү явуулсан. Өнөөдрийн шүүх хуралдаанд 1-рт эвлэрлийн гэрээ хийсэн, 2-рт хариуцагч Д.Нямжавтай эвлэрсэн учраас нэхэмжлэгч хариуцагчаа өөрөө тодорхойлдог учраас хамтран хариуцагч ***** гэдэг хүнээс татгалзаж байна. Тиймээс 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээг өнөөдрийн шүүх хуралдаанаар баталгаажуулж өгнө үү гэв.
2. Хариуцагчийн өмгөөлөгч ***** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2.1. Талууд эвлэрлийн гэрээ байгуулсан. Сая нэхэмжлэгч талын хэлсэнчлэн хамтран хариуцагчаас нэхэмжлэгч татгалзаад үндсэн нэхэмжлэлийн шаардлага болох 60,000,000 төгрөгнөөс 30,000,000 төгрөгийн үнийн дүнгээр талууд эвлэрч, хариуцагч мөнгөө төлсөн байна. Тиймээс эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлттэй байна гэв.
3. Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
3.1. Зөвшөөрч байна, тайлбар байхгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
4. Зохигч шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
4.1. Нэхэмжлэгчын нэхэмжлэлтэй, хариуцагч холбогдох хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцож, 60,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний маргаан тус шүүхэд хянагдаж байна.
Хэргийн оролцогчид бид нэхэмжлэлийн үнийн дүнг өөрсдийн санаачилгаар 30,000,000 төгрөгөөр харилцан тохиролцож, хариуцагч нь 30,000,000 төгрөгийг нэхэмжлэгчын охин ХААН банк ХК-ийн 5381472789 тоот дансанд 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр шилжүүлэхээр энэхүү эвлэрлийн гэрээг байгуулж байна.
Энэ гэрээ талуудын хүсэл зоригоор, харилцан тэгш эрх, сайн дурын үндсэн дээр хийгдэж, хөндлөнгийн хүчин зүйл, шахалт дарамт нөлөөлөөгүй болно.
Энэ гэрээ нь гэрээний үүргээ нь бүрэн биелүүлснээр, төлбөрийг төлөгдсөнд тооцож, талууд эвлэрснийг гэрчилнэ.
Талууд эвлэрлийн гэрээг байгуулснаар эвлэрлийг баталгаажуулж, энэ гэрээнд заасан асуудлаар дахин шүүхэд маргаан гаргах эрхгүй бөгөөд нэхэмжлэгч тал үл маргах журмаар нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэр биелүүлэг газраар албадан гүйцэтгүүлэх эрхтэй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
Дорноговь аймгийн Өргөн сумын Зүүн өргөн гэх газарт байрлах******* ХХК-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий 29.43 гектар талбайтай газрыг, компанийн хамт худалдан авахаар 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр аман хэлцлээр хийсэн гэрээ, хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцож, хариуцагч шилжүүлсэн 60,000,000 төгрөгийг гаргуулна гэжээ.
3. Зохигч эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, гэрээгээ шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:
3.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 60,000,000 төгрөгөөс 30,000,000 төгрөгийг нэхэмжлэхээс, мөн хамтран хариуцагчаас тус тус татгалзаж, 30,000,000 төгрөг гаргуулна гэснийг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төлж барагдуулсан эвлэрлийн гэрээг бичгээр байгуулжээ.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4.-т Хариуцагч шүүхийн шийдвэр гарах хүртэл нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх буюу зохигч эвлэрч болно.,
106.5.-д Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар ... зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх ...зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4.-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна. гэснийг баримтлан эвлэрлийн гэрээг үндэслэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
4.1. Учир нь, шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарыг сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож, гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй гэж үзлээ.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 457,950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, зохигч 30,000,000 төгрөгийн хэмжээнд эвлэрсэн тул үүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 307,950 төгрөгийг тал хувь болох 153,975 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 123 дугаар зүйлийн 123.1.-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 60,000,000 төгрөгөөс 30,000,000 төгрөгийг нэхэмжлэхээс, мөн хамтран хариуцагчаас тус тус татгалзаж, 30,000,000 төгрөг гаргуулна гэснийг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төлж барагдуулсан зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 457,950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, зохигч 30,000,000 төгрөгийн хэмжээнд эвлэрсэн тул үүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 307,950 төгрөгийг тал хувь болох 153,975 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.-т зааснаар хариуцагчын дансыг битүүмжилсэн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан арга хэмжээ дуусгавар болохыг Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-425 дугаар нээлттэй хорих ангид мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦОГЗОЛМАА