Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 2018/ШЦТ/10

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Нарийн бичгийн дарга О.Өлзийбуян,

Улсын яллагч Б.Амартүвшин,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг,

Шүүгдэгч У.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У.Т-д холбогдох эрүүгийн 1738004360002 дугаартай хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, У.Т

Шүүгдэгч У.Т нь 2017 оны 12 дугаар сарын 04-ний орой Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар багийн ... тоот хашаанд байсан иргэн У.Т-ын эзэмшлийн ... дугаартай Бонго пронтер маркийн тээврийн хэрэгслийн бүхээгт байсан цүнхтэй 2.950.000 төгрөгийг нь нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч У.Т нь 2017 оны 12 дугаар сарын 04-ний орой Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар багийн ... тоот хашаанд байсан иргэн У.Т-ын эзэмшлийн ... дугаартай Бонго пронтер маркийн тээврийн хэрэгслийн бүхээгт байсан цүнхтэй 2.950.000 төгрөгийг нь нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт тусгагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч У.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн орой 20 цагийн үед байх /яг цагийг нь сайн санахгүй байна/ Төрбат ах, өөрийн эхнэр Б.Б-гийнхаа хамтаар ачааныхаа машинтай манай ээж Ж.У-ийн гэрт ирсэн. Төрбат ах хөдөөнөөс эхнэрээ эмнэлэгт үзүүлэх зорилгоор ирсэн гэсэн. Төрбат ах, Б.Б- эгч хоёр манай гэрт ирсэн өдрөө хонохоор болсон. Би Төрбат ахыг машинаа ээжийн хашаанд оруулсан хойно нь буюу оройны 21 цагийн үед гарч бие засахдаа Төрбат ахын машины жолооч талын хаалгыг онгойлгоод суудлын наад талд байсан ногоон өнгөтэй цүнхийг авсан. Би уг цүнхийг аваад онгойлгож үзэлгүйгээр шууд машиных нь ачаан дээр байсан орны доогуур хийгээд нуугаад шууд гэрлүүгээ орж унтаж амарсан. Тэгээд маргааш өглөө нь Төрбат ах цүнхээ алга болсныг мэдэж байсан боловч олоогүй учраас цагдаагийн газарт дуудлага өгч тэмдэглүүлсэн. Тухайн өдөртөө Төрбат ах хөдөө явах дөхөөд машиныхаа ачаан дээр байсан орыг буулгахдаа миний хулгайлсан цүнхийг нуусан газраас нь олж авсан. Тухайн үед ийм л зүйл болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 41 дүгээр хуудас/,

Хохирогч У.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би өчигдөр ээж Ж.У-, эхнэр Б.Б- нарын хамт гадуур явж байгаад орой 16, 17 цагийн үед Мөрөн сумын 12-... тоотод ээжийндээ ирсэн. Орой ээжийндээ ирээд шууд машинаа хашаанд нь оруулсан. Би ... дугаартай бонго пронтер машинтай ээжийндээ ирээд дэлгүүрээс авсан юмнуудаа оруулахад миний мөнгөтэй цүнх жолоочийн суудлын араар байсан. Тэгээд авсан юмнуудаа оруулаад цүнхээ оруулахаа мартаад унтчихсан. Өнөө өглөө манай эхнэр эмнэлэгт үзүүлнэ, дугаар авна гээд эрт боссон. Мөнгөтэй байсан цүнхэн дотор эхнэрийн бичиг баримт байсан болохоор өглөө 05 цаг болох гэж байхад би машинруугаа ортол цүнх алга болсон байсан. Жолоочийн суудал урагшаа духайчихсан байсан, тэгээд л юмаа алдсанаа мэдсэн. Мөнгөтэй цүнх жолоочийн суудлын ард байсан. Тэр цүнх нь ногоон өнгөтэй, лидринэн материалаар хийгдсэн, ойролцоогоор хааш хаашаа 25см хэмжээтэй, дээрээ бариул, цахилгаантай цүнх байгаа. Цүнхэн дотор эхнэрийн эмнэлгийн карт, иргэний үнэмлэх, миний өөрийн эрүүл мэндийн дэвтэр, хөх өнгийн хулдаасан маягтай материалаар хийгдсэн түрийвч, түүн дотор 2.950.000 төгрөг байсан. Энэ мөнгөний 1.400.000 төгрөг нь 10.000 дэвсгэрт, бусад нь 20.000 дэвсгэртээр байгаа...Би өнөө өглөө хөдөө гэрлүүгээ буцдаг юм билүү гэж бодоод авсан гурилаа машин дээрээ ачих гэтэл машины тэвшин дээр байсан модон орон доороос алга болсон цүнх гараад ирсэн. Тэгээд бөөн баяр болоод уудлаад үзэхэд бүх юм бүрэн байсан...Цүнхээ бүрэн бүтэн олж авсан болохоор ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-16 дугаар хуудас/,

Гэрч Б.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 04-ний орой 16 цаг өнгөрч байхад гадуур явж байгаад Мөрөн сумын 12-0... тоотод хадам ээжийнд ирээд машинаа хашаанд нь оруулсан. Тэгэхэд манай мөнгөтэй цүнх жолоочийн суудлын араар харагдаж байсан. Тэгээд орой нь цүнхээ оруулахгүй мартаж хоносон. Би өнөө өглөө эмнэлгээр явах байсан болохоор 04 цагийн үед боссон. Алга болсон цүнхэн дотор миний эмнэлгийн карт, иргэний үнэмлэх, манай нөхрийн эрүүл мэндийн дэвтэр байсан. Өглөө 04 цаг өнгөрч байхад манай нөхөр миний бичиг баримтыг гаргаж өгөхөөр машиндаа ороход цүнх нь алга болсон байсан. Тэр цүнхэн дотор бичиг баримтаас гадна 2.950.000 төгрөг бэлнээр байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/,

Гэрч Ж.У-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Манай хамгийн том хүү У.Т- нь 3 хоногийн өмнө Бүрэнтогтох сумын Сангийн далай багаас гэрээсээ ирсэн. Мөрөнд ирэхээрээ манайхаар байдаг. Өчигдөр хоёр хүүхэд хамт гадуур гаръя гэхээр нь хамт явж байгаад 17 цагийн үед ирсэн. Ирээд шууд машинаа хашаан дотроо тавьсан. Машин дотроо мөнгө төгрөгөө үлдээсэн гэдгийг нь мэдээгүй байж байгаад өнөө өглөө хулгайд юмаа алдсан гэхээр нь мэдсэн. Өнөө өглөө шөнө 04 цагийн үед манай бэр Б.Б- босоод эмнэлгийн ноймор авахаар явахдаа бичиг баримтаа /эмнэлгийн карт/ авах гэтэл машин дотор байсан цүнх нь алга болсон байсан. Тэр цүнхэн дотор нь 2.950.000 төгрөг, бичиг баримт нь байсан гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 25 дүгээр хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-8 дугаар хуудас/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.

Иймд шүүгдэгч У.Т-ыг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч  “нотолбол зохих байдлыг нотлоогүй, гэм буруугийн хэлбэр, хохирлын хэр хэмжээг тогтоогоогүй...” гэх боловч хохирогч У.Т-ын эзэмшлийн ... дугаартай Бонго пронтер маркийн тээврийн хэрэгслийн бүхээгт байсан цүнхтэй 2.950.000 төгрөгийг шүүгдэгч У.Т нь нууцаар, хууль бусаар авсан талаар, уг гэмт хэрэг гарсан байдал, хэргийн үйл баримтын талаар хохирогч У.Т-, гэрч Б.Б-, Ж.У- нар мэдүүлсэн, мөн шүүгдэгч У.Т-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг, хэрэгт тусгагдсан бусад баримтаар шүүгдэгч У.Т-ыг цагаатгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөөгүй ба мөрдөн шалгах ажиллгааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэг нь хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудтай агуулгын хувьд зөрүүгүй байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцсон болно.

Шүүгдэгч У.Т-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний ам бүл 4, хүүхдүүдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч У.Т нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.

Хохирогч  У.Т- нь “...цүнхээ бүрэн бүтэн олж авсан болохоор ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн 1738004360002 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч У.Т-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Т-д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1, 2.5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч У.Т-д оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан тэнссэн хугацаанд шүүхээс хүлээсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
  5. Эрүүгийн 1738004360002 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          М.ЭРДЭНЭ-ОЧИР