Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 2022/ДШМ/1057

 

 

 

 

 

 

  2022             11              08                                          2022/ДШМ/1057

 

 

Х.Б, Н.Ч нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Алдар, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Буянхишиг,

хохирогч, шүүгдэгч Х.Б-ын өмгөөлөгч Б.А,

хохирогч, шүүгдэгч Н.Ч, түүний өмгөөлөгч Б.Б,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 2022/ШЦТ/813 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч, шүүгдэгч Н.Ч-ын гаргасан давж заалдах гомдлоор Х.Б, Н.Ч нарт холбогдох ......................... дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Х.Б нь 2021 оны 10 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн ........... дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “З” нэртэй зочид буудалд хохирогч Н.Ч-ыг “бусдыг зодлоо” гэх зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний нүүр, толгой хэсэг рүү нь цохиж, биед нь гавлын зүүн чамархай, зулай ясны цөмөрсөн хугарал, тархины хатуу хальсан дээрх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, зүүн хоншоорын хөндийн урд ба арын ханын хугарал, хоёр нүдний дээд, доод зовхи, хамар, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус харвалт...” бүхий амь насанд аюултай хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Н.Ч нь 2021 оны 10 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн ............. дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “З” нэртэй зочид буудал дотор хохирогч М.И, Х.Б нарыг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож, М.И-ийн биед “хоёр нүдний зовхинд цус хуралт, баруун нүдний доод зовхинд зулгаралт, баруун талын завжинд шарх, баруун чамархай, дагзны хуйханд цус хуралт, зүүн чихний дэлбэнд зулгаралт, зүүн эгэмд цус хуралт, тархи доргилт” гэмтэл, хохирогч Х.Б-ын биед “зүүн дээд 2-р шүдний эмтрэл, баруун зүүн хацар, дээд уруул, эрүү, зүүн нүдний зовхи, зүүн хацарт зулгаралт, зүүн хөмсөг, эрүүнд цус хуралт, хүзүүнд цус хуралт, баруун гарын чигчий хуруунд шарх, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Х.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Н.Ч-ын үйлдлийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Х.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Н.Ч-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хохирогч М.И, Х.Б нарын буюу 2 хүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Х.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ч-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, шүүгдэгч Х.Б, Н.Ч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгч нарт торгох ял оногдуулсан тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-д оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар, шүүгдэгч Н.Ч-д оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаагаар тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нараас энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Н.Ч-аас нэхэмжилсэн 15.846.995 төгрөгөөс 14.099.905 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь нотлох баримтын шаардлага хангасан баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхээ хангуулах эрхийг нээлттэй үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 1 ширхэг флашыг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалахаар шийдвэрлэжээ.

Хохирогч, шүүгдэгч Н.Ч давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би энэ хэргийн улмаас болж гадаадад мэргэжлийн түвшинд хичээллэж байсан тулааны урлагын ажлаа хийх боломжгүй болж, миний ирээдүйн карьер бүрэн дууссан. Одоо энд би хүнд ажил хийж болохгүй, спортын карьер хөөх боломж огт байхгүй, эрүүл мэндийн байдлаас болоод хөнгөн ажил ч хийх боломжгүй, гэр эмнэлэг хоёрын дунд байдаг идэвхгүй амьдралын хэмнэлттэй нэгэн болж хувирсан. Ажилгүй байдлаас болж байнгын эмчилгээ, эм тарианд зарцуулах төсөв, мөнгө хомсдож ээж ааваасаа авдаг багахан хэмжээний мөнгөөр өөрийнхөө сэхэхгүй, эдгэрэхгүй тархи, нурууныхаа гэмтлийг аргацаах төдий хүнд байдалд байхад сайн санааны улмаас тусалсан хүн бүрийг та надад авч өгсөн эмний мөнгөний Е-баримтаа аваад ирээрэй гэж хэлэх тийм ёс суртахнууны эрх надад байгаагүй. Энэ үед одоо хүртэл цуварч орж ирсэн мөнгөний баримтаа л би шүүхэд гаргаж өгсөн. Түүний талаар тайлбарласан боловч нэхэмжилж байгаа мөнгийг хэрэгсэхгүй болгосонд үнэхээр гомдолтой байна. Ийм хүнд гэмтлийг өөрөөр хэлбэл эмч нарын тайлбарлаж байгаагаар “аалзан бүрхүүлийн дорхи цусан хураа, цус харвалт гэдэг нь үхэлд агшин зуур эсхүл тодорхой бага хугацааны дараа хүнийг үхэлд хүргэж болшгүй гэмтлийг эмчлэхэд баримтаар гаргаж өгсөн зардал байтугай зарцуулагдах нь үнэхээр нийтэд ойлгомжтой асуудал мөн байхад шүүх үүнийг үндэслэлгүй гэж үзсэн нь намайг эмчилгээндээ “чи эм битгий уу” гэсэнтэй адилхан санагдаж байна. Үнэхээр өдий болтол энэ 3 этгээд миний толгой руу шилээр цохиж ухаан алдуулсан, ор руу шидсэн үйлдэл байсаар байхад зөвхөн эдгээрийн мэдүүлэг үнэн, тулааны спортоор хичээллэдэг Ч-ын мэдүүлэг худлаа гэж хэт нэг талыг барьснаас болж гэмт этгээдийг ял завшуулсан мөрдөгч, прокурорын үйл ажиллагаанд гомдолтой байна. Надаас албан ёсоор уучлалт ч гуйлгүй өдий хүртэл таг чимээгүй байгаа шүүгдэгч гэм буруугаа гэмшиж байна гэж үзэх үнэхээр үндэс алга байна. Миний эрүүл мэндэд учирсан хохирлыг шүүгдэгч нар юугаар ч нөхөн сэргээх боломжгүй болсон энэ хүмүүст оногдуулсан эрүүгийн хариуцлага, эрүүгийн ял хөнгөн байгаа тул ялыг хүндрүүлэх, мөрдөн байцаалтад буцааж яллагдагчаар нэр бүхий этгээдүүдийг татаж хариуцлага тооцож өгнө үү. ...” гэв.

Хохирогч, шүүгдэгч Н.Ч-ын өмгөөлөгч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “...Анхан шатны шүүх Х.Б миний үйлчлүүлэгчид 2.050.000 төгрөгийн хохирлыг төлсөн нь баримтаар тогтоогдож байна гэж дүгнэсэн. Хохирогчийн нэхэмжилсэн нотлох баримтын шаардлага хангасан баримтаас 1.774.790 төгрөгөөр илүү төлөгдсөн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэсэн байдаг. Гэтэл миний үйлчлүүлэгч Н.Ч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг 15.846.995 төгрөг нэхэмжилснээс 1.774.790 төгрөгийн баримтыг нотлох баримтын шаардлага хангасан гэж үзсэн. Гэмт хэргийн улмаас миний үйлчлүүлэгчид амь насанд аюултай гэмтэл учирсан бөгөөд унаж татдаг болсон, одоо хүртэл хор уршиг арилаагүй. Миний үйлчлүүлэгчийн тайлбарласнаар тамирчны карьергүй болсон, ажил төрөл эрхэлж чадахаа больсон зэрэг нь түүний амьдралд учирсан хор уршигт багтаж байгаа гэдгийг дурдах нь зүйтэй. Миний үйлчлүүлэгчид амь насанд нь аюултай гэмтэл учирсан бөгөөд түүнд шаардагдах нөхцөл байдлуудыг тогтоосон баримтуудыг анхан шатны шүүхээс дүгнэж үзээгүй нь миний үйлчлүүлэгчийн хохирлоо нэхэмжлэх эрхийг хязгаарласан үйлдэл гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсоныг өмгөөлөгчийн зүгээс эс зөвшөөрч байгаа. Энэ талаар шүүхийн хэлэлцүүлэгт маш тодорхой хэлэлцэгдсэн. Гэрч болон хэргийн оролцогчдын мэдүүлгээр хэргийн үйл баримт маш тодорхой тогтоогдсон байтал миний үйлчлүүлэгчийн бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Иймд давж заалдах шатны шүүхэд шинээр гаргаж өгсөн баримт болон анхан шатны шүүхэд гаргаж өгсөн нэхэмжлэлийн баримтыг үнэлэх боломжгүй гэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт дүгнэлт хийж өгнө үү. ...” гэв.

Хохирогч, шүүгдэгч Х.Б-ын өмгөөлөгч Б.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “...Н.Ч нь өөрийгөө бүлэглэн зодуулсан гэж удаа дараа мэдүүлсэн боловч нотлох баримтуудаар няцаагддаг. Н.Ч нь 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр анхны мэдүүлэгтээ таны биед хэн гэмтэл учруулсан бэ гэсэн асуултад Б учруулсан гэсэн ба Х.Б-ын гэрчээр өгсөн мэдүүлэг, И, Э, А нарын гэрчээр өгсөн мэдүүлгүүдээр түүнийг бүлэглэн зодуулсан гэдэг нь няцаагддаг. Мөн Н.Ч хохиролд 15.846.995 төгрөгийг нэхэмжилсэн, анхан шатны шүүхээс 1.774.790 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Миний үйлчлүүлэгч хохиролд 2.050.000 төгрөгийг төлсөн. Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх 14.099.905 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисон нь хуульд нийцсэн гэж үзэж байна. Өмгөөлөгчийн зүгээс энэ асуудалд Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвд гомдол гаргах байх гэж үзээд орхисон. Энэ тохиолдол нь Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвд 2 дахь удаагийн тохиолдол болж бүртгэгдсэн. Ирээдүйд хийлгэх эмчилгээний зардлыг хохиролд тооцож миний үйлчлүүлэгчээс гаргах хууль зүйн үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор Ц.Буянхишиг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 4 найз уулзаж Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт зочид буудалд орж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Ингээд Хохирогч Н.Ч И-тэй маргалдсан. Н.Ч И нар хувийн таарамжгүй харьцаатай байсан болох нь гэрчүүдийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон анхан шатны шүүх хуралдааны шатанд өгсөн мэдүүлгүүдээр тогтоогддог. Хохирогч Н.Ч И-ийг цохиж зодсон бөгөөд Х.Б энэ үйлдлийг таслан зогсоохоор голоор нь орсон боловч Н.Ч үйлдлээ зогсоохгүй 3 хүн рүү дайраад байсан учир Х.Б архины шилээр Н.Ч-ын толгойн тус газар цохисон. Ингэж цохисны улмаас хохирогч Н.Ч-ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан. Прокуророос Н.Ч-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Х.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарыг дээрх гэмт хэргийг үйлдсэн хэмээн гэм буруутайд тооцсон. Шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл нь хэрэгт цугларсан гэрч И, Э нарын мэдүүлэг, Н.Ч-ын гэрчээр өгсөн мэдүүлэг, Х.Б-ын мэдүүлэг болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр нотлогдон тогтоогдсон. И, Э нар гэмт хэрэгт хамтран оролцоогүй болох нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдсон. Н.Ч-ын хувийн байдлыг харгалзан бусдын биед хөнгөн хохирол учруулсан гэж дүгнээгүй. Анхан шатны шүүхээс Н.Ч-ын нэхэмжилсэн 15.846.995 төгрөгийн баримтыг нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Учир нь, анхан шатны шүүх хуралдааны шатанд хохирогч, шүүгдэгч Х.Б-ын өмгөөлөгч Б.А Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн албан тоот авчирсан байсан ба үүнийг судалж үзэхэд Н.Ч-ын эмчлүүлсэн үнийн дүн нь хэрэгт гаргаж өгсөн баримтаас илтэд зөрүүтэй байсан. Ийм эргэлзээ үүссэн учир анхан шатны шүүхээс энэ баримтыг үнэлээгүй бөгөөд цаашид гарах зардлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх хуралдаанд Х.Б хийсэн үйлдэлдээ үнэхээр гэмшдэг, цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Х.Б нь 2021 оны 10 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн ........ дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулах “З” нэртэй зочид буудалд хохирогч Н.Ч-ыг “бусдыг зодлоо” гэх зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний нүүр, толгой хэсэг рүү нь цохиж, биед нь гавлын зүүн чамархай, зулай ясны цөмөрсөн хугарал, тархины хатуу хальсан дээрх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, зүүн хоншоорын хөндийн урд ба арын ханын хугарал, хоёр нүдний дээд, доод зовхи, хамар, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус харвалт...” бүхий амь насанд аюултай хүнд хохирол учруулсан,

Шүүгдэгч Н.Ч нь 2021 оны 10 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн ........... дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “З” нэртэй зочид буудал дотор хохирогч М.И, Х.Б нарыг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож, М.И-ийн биед “хоёр нүдний зовхинд цус хуралт, баруун нүдний доод зовхинд зулгаралт, баруун талын завжинд шарх, баруун чамархай, дагзны хуйханд цус хуралт, зүүн чихний дэлбэнд зулгаралт, зүүн эгэмд цус хуралт, тархи доргилт” бүхий хөнгөн хохирол, хохирогч Х.Бын биед “зүүн дээд 2-р шүдний эмтрэл, баруун зүүн хацар, дээд уруул, эрүү, зүүн нүдний зовхи, зүүн хацарт зулгаралт, зүүн хөмсөг, эрүүнд цус хуралт, хүзүүнд цус хуралт, баруун гарын чигчий хуруунд шарх, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

Хохирогч Н.Ч-ын “...Тэгээд сууж байгаад тэр авчирсан архинаас би 1 хундага уугаад сууж байхад миний хажуу талаас ямар нэгэн юмаар цохих шиг болсон. Тэгээд би ухаан алдаад сэртэл намайг Э тэвэрсэн байсан. И, Б 2 над руу дайраад “наад муу гөлгийг чинь алчихъя л даа” гээд Б орилоод байсан. Тэр хооронд Б миний нүүр лүү 2 удаа, И 1 удаа цохисон. Тэр үед хаалга гаднаас тогшсон, тэгэхээр нь би хаалга руу явтал Э намайг хаяад тэр хаалгыг дотор талаас нь дарсан. Гаднаас ресепшн орж чадаагүй. Ингээд тэр зодоон дууссан байх, би унтаад өгсөн, намайг ор луу шидсэн. ... Намайг Б цохисон гэж бодож байна, учир нь миний зүүн талд Б, баруун талд И, урдаас хараад Э сууж байсан. Маргааш нь би эмнэлэгт байхдаа тэд нар луу залгаад “намайг юугаар цохисон юм бэ” гэж асуухад Б утсаа аваад шилээр цохисон гэсэн...” /1хх 19-21/,

Хохирогч Х.Б-ын “...Ч нь И, Э нарыг зодсон. Тэгэхээр нь би салгах гэж дундуур нь орж салгасан. Тэгтэл Ч намайг зодсон...” /1хх 29-30/,

Гэрч Н.Ч-ын “...Б бид хоёр хоорондоо маргалдсан. Б намайг барьж аваад намайг зодож эхлэхэд би ухаан алдсан. Намайг Б-д зодуулж цохиулахыг И, Э хоёр харсан. ...Миний биед учирсан гэмтлийг Б учруулсан” /1хх 32/,

Хохирогч М.И-ийн “...ариун цэврийн өрөөнд Ч, Б хоёр хоорондоо яриад, Э бид хоёр өрөөндөө өөд өөдөөсөө хараад юм яриад сууж байсан. Тэгсэн чинь Ч “та хоёр яагаад байгаа юм бэ” гэхээр нь би эргээд харсан чинь Ч миний баруун нүд хэсэгт гараараа цохисон. Би Ч-т цохиулчихаад оч манараад явсан. Ч миний нүүр ам руу хөлөөрөө өшиглөөд, гараараа цохиод байсан. Ч намайг зодож байхад Б намайг салгасан. Б байгаагүй бол би Ч-ын гарт зодуулаад үхчих байсан байх. Ч тэрүүгээр орилж хашгираад бид 3 руу дайраад байсан. Б бид хоёр буудлаас гарч яваад хэсэг хугацааны дараа эргээд ороход Ч, Э хоёр орон дээр хэвтэж байсан. ...Ч-т учирсан гэмтлийг Б учруулсан” /1хх 34/,

Гэрч Х.Б-ын “...ариун цэврийн өрөөнд сууж байсан чинь Ч орж ирчихээд “би энэ хоёрыг зодчих уу” гэж хэлчихээд гарсан. Тэгээд намайг ариун цэврийн өрөөнөөс гарч ирэхэд Ч И-ийг цохиод унагаачихсан нүүр лүү нь цохиод зодож байсан. Би салгах гэсэн чинь миний зүүн талын шанаа, цээж рүү цохисон. Тэгэхээр нь би хойшоо болсон чинь дахиад И-ийг орон дээр ухаан алдаад уначихсан байхад нь нэмж зодох гээд байхаар нь би аргагүйн эрхэнд найзыгаа болон өөрийгөө хамгаалах гэж ширээн дээр байсан архины шил аваад толгой руу нь цохисон. ...Тэгэхээр нь би И-ийг аваад гарч яваад гадаа сууж байгаад Ч-г тайвширахаар нь буцаж орж ирсэн чинь “та нар намайг нийлж байгаад зодчихлоо” гээд дахиж дайраад намайг багалзуурдаад нүүрнээс базаж майжаад зүүн шанаа руу цохисон” /1хх 36/,

Гэрч А.Э-ийн “...Ч ариун цэврийн өрөөнөөс гарч ирээд “та нарыг нэг нэг цохиж унагааж үзүүлье” гээд шууд И-ийн нүүр хэсэгт 1-2 удаа гараараа цохиж газар унагаагаад дээр нь гарсан. Б Ч-ын араас ариун цэврийн өрөөнөөс гарч ирээд Ч-ыг И-ээс салгах гээд Ч-ыг татсан. Ч, Б-ын өөдөөс өөрийг нь цохих гээд дайраад хоорондоо зууралдсан. Тэгэхэд Б ширээн дээр байсан архины шилийг аваад Ч-ын толгойн тус газарт нь 1 удаа цохисон. Би Ч, Б хоёрын дундуур ороод тэр хоёрыг салгасан. ...Тухайн үед Ч-ын биед учирсан гэмтлийг Б учруулсан. Ер нь бол Б Ч-с биеэ хамгаалах гэж л байсан байх. Учир нь, Ч зодооны спортоор хичээллэдэг юм” /1хх 42/,

Гэрч А.А-ын “...Зодоон болсон талаар мэдэхгүй байна, ямар ч байсан газар юм унагаагаад байгаа чимээ гарсан. Тэгэхээр нь би очиж тогшсон, юу болоод байгаа талаар асуухад “юу ч болоогүй” гэсэн. Би 2-3 удаа очсон, сүүлд нь би мастер түлхүүрээр онгойлгоод орох гэхэд хаалга цаад талаас нь түлхээд байсан. Тэгээд би цагдаа дуудлаа гэхэд хаалга онгойлгосон. Тэгээд хартал дээгүүрээ нүцгэн нэг залуу, өөр нэг залуу харагдсан. Бид нар 10 минутын дараа учраа олно, зүгээр гэсэн. Тэгээд би буцаад явсан. Дээрх 4 залуу анх орж ирэхдээ согтуу орж ирсэн, манайх согтуу хүнд үйлчлэхгүй гэж хэлсэн. Тэгтэл Ч гэсэн бичиг баримттай залуу нь “манайх ойрхон байдаг, 2-3 цаг болоод гарна” гэсэн, тэгээд оруулсны дараа удаагүй дотуур утсаар залгаад “танай мини баар чинь хоосон байна, архи уух гэсэн юм, пиво, ундаа авмаар байна” гэсэн. Тэгэхээр нь би “манайх архи согтууруулах ундаагаар үйлчлэхгүй” гэсэн. Тэгтэл “тэгвэл буудлаас гарлаа” гэсэн, тэгэхээр нь би “тэг тэг, мөнгөө ав” гэсэн. Удаагүй дөрвүүлээ бууж ирээд намайг тойрч зогсоод зодох гээд “үзье, чамайг зодно шүү” гээд байсан. Ингээд би 5 ус, 5 ундаа өгсөн, тэгээд буцаад орсон. Тэрнээс хойш байсхийгээд юм унаж байгаа мэт чимээ гараад байсан” /1хх 44-45/,

 “...Н.Ч-ын биед гавлын зүүн чамархай, зулай ясны цөмөрсөн хугарал, тархины хатуу хальсан дээрх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, зүүн хоншоорын хөндийн урд ба арын ханын хугарал, хоёр нүдний дээд, доод зовхи, хамар, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус харвалт, баруун чихний дэлбэнгийн дотор доод хэсэг, цохны баруун тал, хоёр гарын тохой, зүүн бугуйн гадна, сарвууны ар хэсгээр зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүснэ. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 10024 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх 56-57/,

 “...М.И-ийн биед хоёр нүдний зовхинд цус хуралт, баруун нүдний доод зовхинд зулгаралт, баруун талын завжинд шарх, баруун чамархай, дагзны хуйханд цус хуралт, зүүн чихний дэлбэнд зулгаралт, зүүн эгэмд цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 10019 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх 61-62/,

“...Х.Б-ын биед зүүн дээд 2-р шүдний эмтрэл, баруун зүүн хацар, дээд уруул, эрүү, зүүн нүдний зовхи, зүүн хацарт зулгаралт, зүүн хөмсөг, эрүүнд цус хуралт, хүзүүнд цус хуралт, баруун гарын чигчий хуруунд шарх, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.4.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 10021 дугаартай дүгнэлт /1хх 65-66/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 100 дугаартай дүгнэлт /1хх 72-76/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба шүүгдэгч Х.Б-ыг хохирогч Н.Ч-ын биед амь насанд аюултай хүнд хохирол учруулсан, шүүгдэгч Н.Ч-ыг хохирогч М.И,  Х.Б-ын нарын биед хөнгөн хохирол учруулсан тус тус үйлдлүүдийг бодитой тогтоож, гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Х.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Н.Ч-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч Х.Б-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Н.Ч-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Хохирогч, шүүгдэгч Н.Ч-ын “...Хохирлын баримтаа шүүхэд баримтаар гаргаж өгсөн боловч хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Хэрэгт хамаарал бүхий хүмүүсийг яллагдагчаар татаж хариуцлага тооцож өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудыг судлан үзэхэд, гэрч М.И, А.Эрдэнэ нар гэмт хэрэгт хамтран оролцоогүй болох нь хохирогч Х.Б-ын /1хх 29-30/, гэрч Н.Ч-ын /1хх 32/, хохирогч М.И-ийн /1хх 34/, гэрч Х.Б-ын /1хх 36/, А.Э-ийн /1хх 42/, А.А-ын /1хх 44-45/ мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 10024 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх 56-57/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 100 дугаартай дүгнэлт /1хх 72-76/ зэргээр давхар нотлогджээ.

Хохирогч Н.Ч Гэмтэл согог судлалын үндэсний төвд 2021 оны 10 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд 2.298.269+3.563.636=5.861.905 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн болох нь хэрэгт цугларсан /2хх 150/ нотлох баримтаар тогтоогдож байна. Төлбөрийн баримт нь хуулбар нотлох баримт боловч албан ёсны бүртгэлд бүртгэгдсэн нөхцөл байдлаас үзвэл үнэлэх боломжтой байна.

Мөн, давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч Н.Ч-ын өмгөөлөгч Б.Б-с хохиролтой холбоотой 6 хуудас, нийт 345.178 төгрөгийн нотлох баримтыг гаргаж өгсөн тул шүүх уг баримтыг үнэлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд магадлалд заасан үндэслэлээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтад зохих өөрчлөлтийг оруулж, хохирогч, шүүгдэгч Н.Ч-ын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 2022/ШЦТ/813 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтыг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар шүүгдэгч Х.Б-оос /2.298.269+3.563.636+345.178/=6.207.083 төгрөг гаргуулан хохирогч Н.Чт олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар хохирогч Н.Ч-ын нэхэмжилсэн 15.846.995 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 8.072.822 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь нотлох баримтын шаардлага хангасан баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэйгэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Ч-ын давж заалдах гомдлын “...хэрэгт хамтран оролцсон хүмүүсийг яллагдагчаар татуулах...” гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Т.ӨСӨХБАЯР

 

                        ШҮҮГЧ                                                                      М.АЛДАР

 

            ШҮҮГЧ                                                                      Ж.ЭРДЭНЭЧИМЭГ