| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Отгон Аззаяа |
| Хэргийн индекс | 182/2024/04534/И |
| Дугаар | 182/ШШ2024/04215 |
| Огноо | 2024-10-16 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 182/ШШ2024/04215
2024 10 16 182/ШШ2024/04215
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Ч тоототд байрлах С ХК /РД:/-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А овогт А М /РД:/-ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б оролцов. (Нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)
Тодорхойлох нь:
1. Хүсэлт гаргагч нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Зээлдэгчийн зээлийн гэрээний дагуу төлөх төлбөр нь 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар үндсэн зээл 4,999,932 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 6,217,439 төгрөг, нийт 11,217,372 төгрөг болж хуримтлагдсаныг гаргуулах нэхэмжлэлийг Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл зээлдэгч А.М нь Т тоот хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар багийн Засаг дарга болон Төв аймгийн цагдаагийн газрын Эргүүл хамгаалалтын газрын цагдаагийн албан хаагчийн илтгэх хуудсаар тогтоодсон. Зээлдэгч зээлийн гэрээний үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг огт төлөхгүй С ХК-г хохироож, оршин суугаа газраа өөрчлөн оргон зайлж олдохгүй байгаа тул зээлдэгч А овогтой М эрэн сурвалжлуулах тухай захирамж гаргаж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгч С ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э нь шүүх хуралд биечлэн оролцох боломжгүй тул шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийг ирүүлсэн байна.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 1510100252 дугаартай Цахим Зээлийн эрх нээх гэрээ, Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2023.11.13-ны өдрийн 28ж2-2/5193 дугаар албан бичиг, Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 151/ШЗ2024/02265 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
Үндэслэх нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Хүсэлт гаргагч С ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А овогт А М /РД:/-ыг эрэн сурвалжлуулах хүсэлт шүүхэд гаргажээ.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр хүсэлтээ тодорхойлсон. Үүнд:
2.1 С ХК нь А.Мтай 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 1510100252 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж, 5,000,000 төгрөгийн зээл олгосон.
2.2 Зээлдэгч А.Маас зээлийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлийг Төв аймдаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргахад тус шүүхийн шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 151/ШЗ2024/02265 дугаар захирамжаар нь А.М Т тоот хаягт бүртгэлгүй, оршин суудаггүй болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон гэж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Зээлдэгч зээлийн гэрээний үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг огт төлөхгүй С ХК-ийг хохироож, оршин суугаа газраа өөрчлөн оргон зайлж олдохгүй байгаа тул зээлдэгч А.М эрэн сурвалжилж өгнө үү гэнэ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт Энэ хуулийн 155.1-д заасан хүсэлтийг өөрийн оршин суух газрын шүүхэд гаргана гэж зааснаар тус шүүхэд эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан нь дээрх хуулийн зохицуулалтад нийцсэн гэж үзнэ.
4. Энэхүү иргэний хэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлд заасан шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх маргааны төрөлд хамаарах тул хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход шаардлагатай баримт, лавлагааг шүүхийн журмаар гаргуулах эрхтэй.
Шүүхээс 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 182/ШЗ2024/13976 дугаар Нотлох баримт гаргуулах тухай шүүгчийн захирамжаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас А.М оршин суугаа газрын хаягийн лавлагааг шаардсан ба тус газраас ирүүлсэн лавлагаанд А.М нь Д тоот хаягт бүртгэлтэй гэжээ.
Тус хаягаар шүүхэд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна.
5. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А.М оршин суух газар нь тодорхойгүй байгаа болох нь хүсэлт гаргагчийн тайлбар болон дээрх баримтуудаар тогтоогдож байх тул С ХК-ийн гаргасан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд А овогт А М /РД:/-ыг эрэн сурвалжлуулах хүсэлтийг хангах үндэстэй.
6. Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А овогт А М /РД:/-ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А.Мыг эрэн сурвалжлах, түүний амьдарч байгаа газрыг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч С ХК, түүний төлөөлөгч Ж.Э /утас:/-д мэдэгдэхийг Дорнод аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч С ХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДаргалагЧ, шҮҮГЧ О.АЗЗАЯА