Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 182/ШШ2024/03638

 

2024 09 06 182/ШШ2024/03638

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: ....................... тоот хаягт байрлах, С ББСБ ХК /РД:5961548/-ийн хүсэлттэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.О /РД:00000000/-ийг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Е оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

С ББСБ ХК-ийн гүйцэтгэх захирал Б.О шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Зээлдэгч нь "С ББСБ" ХК-тай 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 3Γ/1510400381 тоот цахим зээлийн эрх нээх гэрээг байгуулан 1,500,000 төгрөгийг сарын 4 хувийн шимтгэлтэй, 5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлж авсан.

Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ үл биелүүлж, зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөөгүй ба зээлийн гэрээний дагуу төлөх төлбөрийг 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар үндсэн зээл 1,499,999.76 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 2,141,561.42 төгрөг, нийт 3,641,561.18 төгрөг зээлдэгчийн хаягийн дагуу Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Гэтэл зээлдэгч Б.О нь ............ тоот хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон тул Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Зээлдэгч зээлийн гэрээний үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг огт төлөхгүй "С ББСБ" ХК-г хохироож, оршин суугаа газраа өөрчлөн оргон зайлж олдохгүй байгаа тул Б.О-ийг эрэн сурвалжилж өгнө үү... гэжээ.

 

Хүсэлт гаргагч нь энэхүү шаардлагатай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид 2024.08.21-ний өдөр 70,200 төгрөг тушаасан баримт /хх-ийн 3 х/,

-Улсын бүртгэлийн 0000000000 дугаар бүхий хуулийн этгээдийн гэрчилгээ /хх-ийн 4 х/,

-Санхүүгийн зохицуулах хорооны ТЗ101/498 дугаартай Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ /хх-ийн 5 х/,

-2024.08.21-ний өдөр олгосон итгэмжлэл /хх-ийн 6 х/,

-2021.07.30-ны өдрийн 1510400381 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ /хх-ийн 7 х/,

-Зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 8-13 х/

-Харилцагчийн мэдээлэл /хх-ийн 14 х /,

-Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.08.09-ний өдрийн 183/ШЗ2024/17218 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж /хх-ийн 15 х/ зэрэг баримтуудыг хавсарган ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүхээс хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж заасан.

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.О-ийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа тул түүнийг эрэн сурвалжлуулахаар С ББСБ ХК -ийн гүйцэтгэх захирал Б.О шүүхэд хүсэлт гаргажээ.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн харилцагчийн мэдээлэл гэх баримтад иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.О-ийн оршин суух хаягийг .......... тоот гэж тодорхойлсны дагуу С ББСБ ХК нь зээлийн гэрээний үүрэгт 3,641,561.18 төгрөг гаргуулахаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан байна.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.08.09-ний өдрийн 183/ШЗ2024/17218 дугаартай шүүгчийн захирамжаар Б.О нь нэхэмжлэлд дурдсан хаягт ...уг хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй... гэх хорооны Засаг даргын тодорхойлолтыг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх-ийн 15 х/,

 

Б.О нь С ББСБ ХК-тай 2021.07.30-ны өдрийн 1510400381 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулан зээл авсан талаарх баримт хэрэгт авагдсан, энэхүү гэрээтэй холбоотой нэхэмжлэл гаргах С ББСБ ХК-ийн шаардлагад хариуцагч болох үндэслэлтэй байна. /хх-ийн 7 х/,

 

Б.О нь харилцагчийн мэдээлэл гэх баримтад тусгагдсан дээрх хаягт ...уг хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй... болох нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.08.09-ний өдрийн 183/ШЗ2024/17218 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, С ББСБ ХК-ийн гүйцэтгэх захирал Б.О-ийн шүүхэд ирүүлсэн хүсэлтээр тус тус тогтоогдлоо.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана, 155.4-т Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж тус тус заасан.

 

Иймд С ББСБ ХК-ийн хүсэлтийг хүлээн авч иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.О-ийн оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг түүний сүүлд оршин сууж байсан харьяа дүүргийн Цагдаагийн байгууллагад даалгах нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааныг өөрийг нь оролцуулахгүйгээр хийж өгөх хүсэлтийг ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.О /РД:00000000000/-ийг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Б.О-ийг эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг түүний сүүлд оршин сууж байсан харьяа дүүргийн Цагдаагийн байгууллага болох Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА