Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 182/ШШ2024/03679

 

 

 

 

 

 

 

 

2024 09 10 182/ШШ2024/03679

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ............... өөрийн байранд байрлах, Ч ТБАГ /РД:00000000/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: .................... тоот хаягт байрлах, А ХХК /РД:0000000000/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрт 72,295,819 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, Б.А,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Е нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ч нь хариуцагч А ХХК-д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрт 72,295,819 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1....Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т Ажилтан, ажил олгогчийн хооронд үүссэн нийгмийн даатгалтай холбогдсон харилцааг Нийгмийн даатгалын ерөнхий хуулиар зохицуулна гэж, мөн Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т Ажил олгогч даатгуулагчийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр тооцон суутгаж, ажил олгогчийн цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос тооцсон шимтгэлийн хамт тухайн сард багтаан нийгмийн даатгалын санд төлнө гэж, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.2-т Орон тоо болон цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогын бүрэлдэхүүнийг үнэн зөв тодорхойлж, нийгмийн даатгалын шимтгэлийг энэ хуулиар тогтоосон хувь хэмжээгээр ногдуулж, сар бүр нийгмийн даатгалын санд төлөх гэж тус тус заасан хуулийн дээрх заалтуудыг хариуцагч А ХХК нь зөрчсөн. А ХХК нь 2024.04.25-ны өдрийн байдлаар 2020 оны 11 дүгээр сараас 2024.03.31-ний өдрийг хүртэлх хугацааны төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг дутуу төлсний улмаас 48,822,770 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өр үүсгээд байна.

Дээрх зөрчлийн улмаас тус байгууллага нь даатгуулагчдын Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай зэрэг хуульд заасан хөдөлмөрийн чадвар түр алдсаны болон ажилгүйдлийн, жирэмсний, амаржсаны тэтгэмж авах түүнчлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүйд хүрч даатгуулагчдын эрх ашиг зөрчигдөж байна.

Иймд Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 44 дүгээр зүйл Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага, 44.1.2-т төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг энэ хуулиар, эсхүл эрх бүхий байгууллагын тогтоосон хугацаанд төлөөгүй, дутуу төлсөн бол хугацаандаа төлөөгүй, дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, уг шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,3 хувийн алданги тооцно. Алдангийн хэмжээ нь төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна гэх заалтыг үндэслэн А ХХК-иас нийгмийн даатгалын шимтгэл өр 48,822,770 төгрөг, түүнд оногдуулсан алданги 23,473,049 төгрөг, нийт 72,295,819 төгрөгийг барагдуулж өгнө үү... гэв.

 

2.Хариуцагч А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Манай байгууллага 2012 онд байгуулагдсан бөгөөд тухайн цагаас хойш Чингэлтэй дүүргийн татварын алба, Төрийн сан, Нийгмийн даатгалын газруудтай харьяаллын дагуу харилцаж Татварын тухай ерөнхий хууль бусад хууль тогтоомж, Нийгмийн даатгалын еренхий болон бусад хууль тогтоомжийн дагуу сар, улирал, жилийн эцэс гэх мэтээр заавал гаргах тайлан мэдээг гаргаж цахимаар болон цаасаар илгээж баталгаажуулж ирсэн. Илгээсэн тайлан мэдээллийн дагуу хуульд заасан татвар хураамж, шимтгэл зэргийг төлөх нь ААН-ийн үүрэг бөгөөд боломжит цаг хугацаанд нь хүнд байдалд орохоос өмнө төлсөөр ирсэн. Манай байгууллага байгуулагдсан цагаасаа 2019 оны 08 дугаар сар хүртэл 7 жилийн хугацаанд улсын төсөвт багагүй татвар хураамж шимтгэлийг төлсөн бөгөөд 2019, 2020, 2021 онуудад татвар даатгалд татвар шимтгэлийг хугацаанд нь төлөх боломж алдагдаж хоцорч ирсэн.

Гэхдээ зарим төрлийн татварыг хугацаанд нь төлсөн бөгөөд 2023 онд нэхэмжлэгч байгууллагын даатгалын санд 7,5 сая төгрөгийг төлсөн. Нэхэмжлэгчийн шаардаад байгаа хуримтлагдсан нийгмийн даатгалын төлбөл зохих өр төлбөрийг хугацаандаа төлөөгүйн шалтгаан нь дараах 2 зүйлээс шууд хамаарсан.

Үүнд: 2019 оныг яагаад цохоод байна гэхээр манай байгууллага тухайн оны 9 дүгээр сард Улсын төсвийн хөрөнгө оруулалттайгаар Төв аймгийн Бүрэн суманд бага сургууль барих тендерт ялж БСШУЯ-тай гэрээ байгуулан ажлыг эхлүүлсэн байдаг. Энэ тендерт ялах хүртэл төрийн болон банк санхүүгийн байгууллагад ямар ч өр төлбөргүй тодорхой хэмжээний борлуулалттай байсныг илтгэдэг. Тухайн ажлыг өөрийн хөрөнгөөр эхлүүлэх үүрэгтэй бөгөөд Г ББСБ-аас 300 сая төгрөгийг зээлж барилгын ажлыг эхлүүлэн төлж дийлэхгүйд хүрэн шүүхийн шийдвэр гаргуулсан байдаг. Учир нь 1,088 тэрбумын төсөвт өртөгтэй тус барилгын мөнгө санхүүжилтийг Чингис хаан банк 672 сая төгрөгийг авч улмаар хууль бусаар манай байгууллагын мөнгийг бусдад өгч 2023 он хүртэл ямар нэг байдлаар удаашруулж гацаасан байдаг. Энэ хугацаанд бараа материал цалин хөлс огцом өсөж 8 сарын дотор барих хэмжээний барилгыг 4 жил барьж 2023 онд арай гэж ашиглалтад оруулан нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, Төв аймгийн Бүрэн сумын ард иргэдийн хүүхдүүдийг шинэ сургуультай болгосон. 672 сая төгрөгийг тус банкнаас сард 200 мянга 12 сая төгрөг байр машин зэргийг тооцуулан 4 жил цувуулж авч арай хийн барилгаа барьсан. Жил хугацаа алдсанаас манай байгууллага бусдад бараа материалын өр 80 орчим сая төгрөг, ББСБ-д 378 сая төгрөгийн алдагдалтай мөн татвар Нийгмийн даатгал өртэй гарсан. 2020 оны 3 дугаар сард Ховд аймгийн Буян сумын нутаг дэвсгэр Хөх булан багт баригдсан Ховд Эко-цементны үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажилд оролцохоор нийт гэрээт болон түр ажлын 150 орчим ажилтныг цуглуулж гэрээ байгуулан өр ширнээс гарахаар тооцоолон ажлыг эхлүүлсэн. Барилга угсралтын ажил ч боломжийн хурдтай үргэлжилж байсан ч Дэлхийг хамарсан цар тахал Ковид-19 вирус гарч улс орны хил хязгаар хаахаас гадна, Хот доторх иргэд, автомашины хөдөлгөөнийг ч хааж барилгын бараа материалын үнэ гэрээ байгуулж байх үеийнхээс 2-3 дахин нэмэгдэж хүндрэл үүссэн.

Анх 8 аж ахуйн нэгжээс 5 ААН нь хаалга барьсан. Манай байгууллага 2020-2022 оны 3 сар хүртэл 3 жилийн хугацаанд гэрээт ажлыг дуусгаж үйлдвэрийг ашиглалтад оруулан ирж тайлан тооцоогоо гаргатал ААНӨАТ-т 26 сая, НӨАТ-т 300 сая, Нийгмийн даатгалын шимтгэлд 37 орчим сая төгрөгийн өр түүн дээр бусад бараа материалын 250 орчим сая төгрөгийн өр төлбөрт орж байгууллагынхаа үйл ажиллагааг зогсоохоос өөр аргагүй байдалд орсон. Манай байгууллага төр болон хувийн хэвшлийн өмнө гэрээний үүргээ биелүүлэхийн төлөө хичээн ажиллаж ирсэн бөгөөд өөрийн үйл ажиллагаанаас биш гадны давагдашгүй хүчин зүйлээс болж мөн Монгол банкны буруутай, өөрөөр хэлбэл төрийн буруутай үйл ажиллагаанаас болж мөнгө санхүүгийн хүнд байдалд орсонг Монгол Улсын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас олгодог хүнд нөхцөл байдлын буюу HGARD SHIP-ийн гэрчилгээг 2021.12.07-нд олгосон байдаг. Энэ нь олон улсад хэрэглэгддэг буюу зарим санхүүгийн хүндрэл алданги хүү төлбөрөөс чөлөөлөх үндэслэл болдог. Манай байгууллага улсаас тогтоосон хувь хэмжээгээр төлөх ёстой Нийгмийн даатгалын төлөх ёстой төлбөрийг төлөхгүй гэж маргах зүйл огт байхгүй бөгөөд төлөхөө илэрхийлж нэхэмжлэгч байгууллагад 2023 оны 1 сараас 3 сар хүртэл бичгээр, биеэр хандаж мөн тодорхой хэмжээний төлбөрийг төлсөн байдаг. Нийгмийн даатгалын шимтгэлээ хугацаанд нь төлөхгүй байгаа талаархи мэдээ мэдээллийг 2023.01.06-ны өдөр 23/002 тоот албан бичгээр, мөн өдрийн 23/003 тоот албан бичгээр хоцорсон тайланг хүлээн авна уу, мөн харилцах дансны барилтыг чөлөөлж өгнө үү, 3-4 сараас хуримтлагдсан өр төлбөрөө төлөхөө илэрхийсэн агууллага бүхий хүсэлтийг, 2023.02.16-ны өдрийн 23/009 тоот албан бичгээр дансны барилт чөлөөлж өгнө үү хэмээн хүсэлтийг бичгээр өгч биеэр очиж уулзсан байдаг. 2023.03.22-ны өдрийн 23/014 тоот албан бичгээр өр төлбөрөө ондоо багтааж төлье, харилцах дансны барилт авч өгөөч гэж хүсэлт өгч байсан 7 сая төгрөг төлсөн. Нэхэмжлэгчид удаа дараа дээрх албан бичгүүдийг өгсөн хэдий ч нэг ч удаа хариу албан бичиг өгч байгаагүй бөгөөд 7 сая төгрөгийн шимтгэлийг төлсөөр атал харилцах дансны барилтыг 10 хоног орчим нээгээд буцаагаад хаасан байдаг.

Өөрөөр хэлбэл төрийн үйлчилгээ эрхэлж байгаа нэхэмжлэгч байгууллага нь байнга албан шаардлага өгч дарамталж данс хаах зэргээр үйл ажиллагаа эрхэлж ашиг орлого олон үүсээд буй өр төлбөрийг төлөх боломжийг хаасаар ирсэн. Мөн нэхэмжлэгч нь манай байгууллагын эрх зүйн байдлыг дордуулах арга хэмжээг байнга авч байдаг бөгөөд нэхэмжлэлийн 11 дугаарт заасан дансны гүйлгээг зогсоох 6 тооны бичиг илтгэж байгаа юм. Дээрх 6 бичгийг өгөх болгондоо мөнгөн дүнг нэмэгдүүлж өр ихтэйгээр харагдуулж ирсэн байдаг. Энэ алдаагаа засаж өгөөч гэж мөн удаа дараа бичгээр хандсан. 40 сая төгрөгийн өр төлбөртэй байхад дараа сар нь 43 сая төгрөгийн өртэй тул дансыг хааж өгнө үү гэж бичгийг давхардуулж өгч манай байгууллагын харилцах дансны хөдөлгөөнийг 3 удаагийн бичгээр 123 саяар хаах гэх мэтээр үйл ажиллагаа явуулдаг. Иргэн, Аж ахуйн нэгж нь шийдвэр гаргах төрийн байгууллагад гомдол хүсэлт гаргаж болох бөгөөд хүлээн авсан байгууллага нь 14 хоногт хариу мэдэгдээгүй тохиолдолд гомдол хүсэлтийг хүлээн авсанд тооцон үзнэ гэж заасан хуулийн заалт байдаг. Төрийн чиг үүргийг биелүүлж буй байгууллага нь Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хамтран ажиллах талаар арга хэмжээ авахгүй мөн шалтгаант бодит нөхцөл байдлыг нотлох баримтын хамтаар хүргүүлсээр байтал үл тоон хариу ч мэдэгдэхгүй байнгын алданги хүү тооцох албан шаардлага өгөх, данс хаана шүүхэд өгнө гэх мэтээр айлгах сүрдүүлэх дарамтлах арга барилыг авч ажиллаж байгаад харамсаж байна.

Үндсэн ноогдсон шимтгэлийн өр төлбөрөө барагдуулж чадахгүй байхад түүн дээр нэмж асар их хэмжээний алданги төлөх ямар ч боломжгүй байгаа юм манай байгууллага. Байгууллага нь барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тусгай зөвшөөрөл нь 2022 оны 12 сард дуусаж манай байгууллагын үйл ажиллагаа бүрэн зогссон байдаг. Манай байгууллага 2024 оны УИХ-ийн ээлжит сонгуулиар арай өөр хувийн хэвшлээ дэмждэг, хамтран ажилладаг УИХ, Засгийн газар байгуулагдах байх гэж найдаж харж байна. Мөн баяр наадмын дараагаас ямар нэгэн ажил эрхэлж үүсээд буй шимтгэл өр төлбөрийг төлж барагдуулах болно.

Иймд манай байгууллага нэхэмжлэлийн хуримтлагдсан үндсэн шимтгэл болох 48,822,770 төгрөгийг богино хугацаанд барагдуулах бөгөөд алдангийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас алданги 23,473,049 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

 

3.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан 2024.05.08-ны өдрийн 319 тоот Б.Э, Б.А нарт олгосон итгэмжлэл /хх-ийн 3 х/,

-Улсын бүртгэлийн 000000000 дугаартай хуулийн этгээдийн гэрчилгээ /хх-ийн 4 х/,

-Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл /хх-ийн 5-6 х/,

-А ХХК-ийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2024 оны 01 дүгээр сарын тайлан /хх-ийн 7 х/,

-А ХХК-ийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2024 оны 03 дугаар сарын тайлан /хх-ийн 8 х/,

-А ХХК-д ажиллаж буй даатгуулагчдын 2024 оны 03 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт /хх-ийн 9 х/,

-2023.11.13-ны өдрийн 00000460 тоот Нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг барагдуулах тухай албан бичиг /хх-ийн 10 х/,

-94 тоот Нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг барагдуулах тухай албан бичиг /хх-ийн 11 х/,

-2020.07.02-ны өдрийн 280 тоот Нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг барагдуулах тухай албан бичиг /хх-ийн 12 х/,

-2019.03.05-ны өдрийн 0000102 тоот Нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг барагдуулах тухай албан бичиг /хх-ийн 13 х/,

-2023.09.12-ны өдрийн 522, 520 тоот Дансны зарлагын гүйлгээг зогсоож, төлөгдөөгүй шимтгэл, алдангийг гаргуулах тухай Хаан болон Худалдаа хөгжлийн банкинд хүргүүлсэн албан бичиг /хх-ийн 14-15 х/,

-2023.09.13-ны өдрийн 523, 523 тоот Дансны зарлагын гүйлгээг зогсоож, төлөгдөөгүй шимтгэл, алдангийг гаргуулах тухай Голомт болон Хас банкинд хүргүүлсэн албан бичиг /хх-ийн 16-17 х/,

-Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2023.09.12-ны өдрийн Данс хаах ажил олгогчийн жагсаалт /хх-ийн 18-19 х/,

-2024.04.23-ны өдрийн мэдэгдэл /хх-ийн 20 х/,

-А ХХК-ийн 2023 оны нийт цалин /хх-ийн 21 х/,

-А ХХК-ийн 2022 оны нийт цалин /хх-ийн 22 х/,

-А ХХК-ийн 2021 оны нийт цалин /хх-ийн 23 х/,

-А ХХК-ийн 2020 оны нийт цалин /хх-ийн 24 х/,

-Заавал даатгах даатгуулагчдын НДШ-ийн авлагын дэлгэрэнгүй бүртгэл /хх-ийн 25-29 х/,

-Алданги тооцсон хүснэгт /хх-ийн 30 х/ зэрэг баримтуудыг,

 

4.Хариуцагч А ХХК тайлбар татгалзалтайгаа холбогдуулан улсын бүртгэлийн 00000000 дугаартай хуулийн этгээдийн гэрчилгээ /хх-ийн 41 х/,

-2024.06.04-ний өдрийн 24/037 тоот О.Б-д олгосон итгэмжлэл /хх-ийн 42 х/,

-2023.01.06-ны өдрийн 23/02 тоот Мэдээлэл хүргүүлэх тухай албан бичиг /хх-ийн 49 х/,

-2023.01.06-ны өдрийн 23/03 тоот хүсэлт /хх-ийн 50 х/,

-2023.02.16-ны өдрийн 23/09 тоот хүсэлт /хх-ийн 51 х/,

-2023.03.22-ны өдрийн 23/014 тоот хүсэлт /хх-ийн 52 х/,

-2021.12.07-ны өдрийн 02/712 тоот Хүнд нөхцөл байдал /HARDSHIP/-ын гэрчилгээ /хх-ийн 53-54 х/ зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газрын нэхэмжлэлээс 49,153,270 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 23,142,549 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч Ч нь хариуцагч А ХХК-д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлийн өр 48,822,770 төгрөг, алданги 23,473,049 төгрөг, нийт 72,295,819 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд:

2.1.А ХХК нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1.1-д заасны дагуу хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас 2020.11 сараас 2024.03.31-ний өдрийг хүртэл хугацаанд төлбөл зохих шимтгэлийг дутуу төлсний улмаас нийгмийн даатгалын шимтгэлийн өр 48,822,770 төгрөг, алданги 23,473,049 төгрөг, нийт 72,295,819 төгрөг төгрөгийн өр үүссэн учраас энэ төлбөрийг гаргуулах эрхтэй гэж тайлбарласан.

 

3.Хариуцагч А ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас нийгмийн даатгалын шимтгэлийн өр 48,822,770 төгрөгийг хүлээн зөвшөөрч маргаагүй, харин алданги 23,473,049 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул төлөхгүй гэж маргасан.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтууд, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д нийгмийн даатгалын байгууллага гэж нийгмийн даатгалын сан бүрдүүлж, даатгуулагчид тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн зардлын төлбөр, ажил олгогчид үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардал олгох, шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх зэрэг үйл ажиллагаа эрхэлж байгаа хуулийн этгээдийг ойлгоно гэжээ.

 

А. А ХХК нь барилгын материалын худалдаа, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар улсын бүртгэлд бүртгүүлсэн, 5574226 регистртэй ашгийн төлөө хуулийн этгээд учраас Ч-т ажил олгогчийн хувьд даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй этгээд болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон. /хх-ийн 41 х/

 

Б. Ч нь 2019.03.05, 2023.09.12-ны өдрөөс тус тус хариуцагч А ХХК-ийн дансны зарлагын гүйлгээг зогсоож, 2019.03.05-нд 0000102, 2020.07.02-нд 280, 2021.06.04-нд 00000094, 2023.11.13-нд 00000460 тоот Нийгмийн даатгалын шимтгэлийн өр авлага барагдуулах тухай улсын байцаагчийн албан шаардлагуудыг албан бичгээр хүргүүлсэн байна. /хх-ийн 10-17 х/

 

В. Хариуцагч А ХХК нь 2020.11.01-2024.03.31-ний өдрийг хүртэл хугацаанд тус компанид ажиллаж буй даатгуулагчдын төлбөл зохих Нийгмийн даатгалын шимтгэлийн өр 48,822,770 төгрөгийг төлөөгүй болох нь зохигчийн тайлбар, Улсын Нийгмийн даатгалын ерөнхий газрын Заавал даатгах дуутгуулагчдын НДШ-ийн авлагын дэлгэрэнгүй бүртгэл (ШО-9) гэсэн баримтуудаар тогтоогдсон. /хх-ийн 20-25 х/

 

Г. Нийгмийн даатгалын тухай хууль /1994 он/-ийн 17 дугаар зүйлийн 1, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлд тус тус зааснаар хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх, Ажил олгогч даатгуулагчийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр тооцон суутгаж, ажил олгогчийн цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос тооцсон шимтгэлийн хамт тухайн сард багтаан нийгмийн даатгалын санд төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгч нь хариуцагчаас 2020.11.01-2024.03.31-ний өдрийг хүртэл хугацаанд төлбөл зохих Нийгмийн даатгалын шимтгэлийн өр 48,822,770 төгрөгийг шаардах эрхтэй.

 

Д. Хариуцагч нь Нийгмийн даатгалын шимтгэлийн үндсэн өр 48,822,770 төгрөгийн хувьд маргадаггүй. Харин алданги 23,473,049 төгрөгийг бусдын буруутай үйл ажиллагааны улмаас төлөх боломжгүй гэж тайлбарлаж байна.

 

4.2. Нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги 23,473,049 төгрөгийг холбогдох хууль тогтоомжийн дагуу шаардах эрхтэй гэж тайлбарлаж байгааг буруутгах боломжгүй.

 

А.Гэвч хариуцагчийн 2020.11.01-нээс 2023.12.31-ний өдрийг хүртэл хугацааны алданги нь 23,090,585 төгрөгийг төлүүлэхээр тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Нийгмийн даатгалын тухай хууль /1994 он/, Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлд заасан арга хэмжээ авсан талаар нэхэмжлэгч баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тул энэхүү хэсгийг хангаж шийдвэрлэх боломжгүй.

 

Б.Харин 2024.01.01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 31, 44 дүгээр зүйлүүдэд зааснаас нэхэмжлэгч нь Нийгмийн даатгалын хууль тогтоомж зөрчигчид алданги тооцох, улсын байцаагчийн актаар төлүүлэхээр тогтоосон төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэл, алданги, торгуулийг шаардах эрхтэй тул 2024.01.01-нээс 2024.03.31-ний өдрийг хүртэл хугацааны алданги 330,570 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.

 

Иймээс хариуцагч А ХХК-иас 2020.11.01-2024.03.31-ний өдрийг хүртэл хугацаанд төлбөл зохих Нийгмийн даатгалын шимтгэлийн өр 48,822,770 төгрөг, 2024.01.01-нээс 2024.03.31-ний өдрийг хүртэл хугацааны алданги 330,570 төгрөг, нийт 49,153,270 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2020.11.01-нээс 2023.12.31-ний өдрийг хүртэл хугацааны алданги 23,142,479 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

 

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч А ХХК-иас 403,716 төгрөг /49,153,270 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамжид/-ийг гаргуулж улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасны удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Нийгмийн даатгалын тухай хууль /1994 он/-ийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 20 дугаар зүйлийн 20.4, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 44 дүгээр зүйлийн 44.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч А ХХК-иас нийгмийн даатгалын шимтгэлийн өр 49,153,270 /дөчин есөн сая нэг зуун тавин гурван мянга хоёр зуун дал/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 23,142,549 /хорин гурван сая нэг зуун дөчин хоёр мянга таван зуун дөчин ес/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч А ХХК-иас 403,716 /дөрвөн зуун гурван мянга долоон зуун арван зургаа/ төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА