| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жанчивсүрэнгийн Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 2209000000924 |
| Дугаар | 2022/ДШМ/1058 |
| Огноо | 2022-11-08 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ц.Төгөлдөр |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 2022/ДШМ/1058
2022 11 08 2022/ДШМ/1058
Т.Б, Г.Ж нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Алдар, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ц.Төгөлдөр,
шүүгдэгч Т.Б, түүний өмгөөлөгч Ж.Б,
шүүгдэгч Г.Ж-ийн өмгөөлөгч Н.Ж,
нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 2022/ШЦТ/865 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Б-ын гаргасан давж заалдах гомдлоор Г.Ж, Т.Б нарт холбогдох ............................. дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Т.Б нь бусадтай бүлэглэн 2022 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 01 цаг 30 минутын орчимд Сүхбаатар дүүргийн ....... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ......дугаар байрны "А" нэртэй хүнсний дэлгүүр буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бэлэн 550.000 төгрөг, 200.000 төгрөгийн нэгж, 5 шил виски зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэгт,
Шүүгдэгч Г.Ж нь бусадтай бүлэглэн 2022 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 01 цаг 30 минутын орчимд Сүхбаатар дүүргийн.......... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ........дугаар байрны "А" нэртэй хүнсний дэлгүүр буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бэлэн 550.000 төгрөг, 200.000 төгрөгийн нэгж, 5 шил виски зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Т.Б, Г.Ж нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Т.Б, Г.Ж нарыг бүлэглэн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Ж-д 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Т.Б-д 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Т.Б-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан буюу Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 986 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 10 сар 17 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 7 сар 1 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 5 жил 1 сар 1 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ж-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Т.Б-д оногдуулсан 5 жил 1 сар 1 хоногийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-ын энэ хэргийн учир урьдчилсан цагдан хоригдсон 3 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч Г.Ж нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Т.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Г.Ж-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчлөн цагдан хорьж, тэдгээрийн эдлэх ялыг 2022 оны 9 дүгээр сарын 7-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Т.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...эрх зүйн байдлыг минь харгалзан үзэж, хэргийг минь нэгтгэн шийдэж, нэг шийтгэх тогтоолоор шийдэж өгнө үү. Миний бие нь дахин ийм гэмт хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж, ухамсарлаж байна. Миний бие нь гомдол, өргөдөл, хохирол байхгүй. Өөрийн гэм буруу дээр маргах зүйлгүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Т.Бын өмгөөлөгч Ж.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр мөн нэвтрэлттэй хулгайн үйлдэлд ял оногдуулсан. Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаа үйлдэл нь нэгтгэгдээгүй үлдсэнээр миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдал дордож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг зөрчих нөхцөл байдал үүсэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байж болзошгүй нөхцөл байдлууд тогтоогдсон. Хавтаст хэргийн 188-191 дүгээр талд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 986 дугаартай шийтгэх тогтоол авагдсан байсан. Энэ шийтгэх тогтоол нотлох баримтын шаардлага хангагдаагүй хэлбэрээр хавтаст хэрэгт цугларсан бөгөөд уг баримтад тамга дарагдаагүй байсан. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг баримтлан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Г.Ж-ийн өмгөөлөгч Н.Ж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай талаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаагүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэл бүхий гарсан. Анхан шатны шүүхэд хэрэг шийдвэрлэгдэх үеэр Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаа Т.Б-д холбогдох хэргийн талаар баримт байгаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Прокурор Ц.Төгөлдөр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Давж заалдах гомдолтой танилцсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэд хэдэн яллагдагч нэг, эсхүл хэд хэдэн гэмт хэргийг хамтран үйлдсэн, эсхүл нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болно.” гэж заасан. Шүүгдэгч Т.Б-ын өмгөөлөгч Ж.Б-аас Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаа, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явагдаж байгаа гэж тайлбарлаж байна. Тухайн хэрэгт Т.Б-ыг гэмт хэрэг үйлдсэн гэж тогтоогоогүй, гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг шалгахаар хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байгаа учир хэрэг бүртгэлтийн хэргийг эрүүгийн хэрэгтэй нэгтгэх хууль зүйн үндэслэл байхгүй. Өмгөөлөгчийн зүгээс Баянзүрх дүүргийн шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн шийтгэх тогтоол эх хувиар авагдаагүй, нотлох баримтын шаардлага хангахгүй гэж тайлбарлаж байна. Т.Б-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх талаарх лавлагааг цагдаагийн байгууллагын тоо бүртгэлээс авсан. Үүний арын хэсэгт ямар ял шийтгэгдэж байгаа нь тодорхой байна. Шийтгэх тогтоолыг тухайн хүний хувийн байдлыг тогтоох зорилгоор авч хэрэгт хавсаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Т.Б, Г.Ж нар нь бүлэглэн 2022 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 01 цаг 30 минутын орчимд Сүхбаатар дүүргийн ....... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах .........дугаар байрны "А" нэртэй хүнсний дэлгүүр буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бэлэн 550.000 төгрөг, 200.000 төгрөгийн нэгж, 5 шил виски зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:
Хохирогч Ц.Э “...2022 оны 05 сарын 9-ний өглөө 08 цаг 15 минутын үед Сүхбаатар дүүргийн ........ дүгээр хороо, Х хотхоны .............. дугаар байрны 1 давхарт үйл ажиллагаа явуулдаг “А” хүнсний дэлгүүрийнхээ түлхүүрийг худалдагч охин Х-д өгөөд “онгойлго” гэсэн юм. Тэгээд Хочиж онгойлгоод орсон чинь кассан дээр задгай мөнгө дэлгээтэй байсан гэсэн. Тэгээд би очоод үзэхэд 1000 төгрөгийн дэвсгэрт, 500 төгрөгийн дэвсгэрт, 20.000 төгрөгийн дэвсгэрт, 5000 төгрөгийн дэвсгэртээр нийт 550.000 төгрөгийг касснаас авсан байсан. Тэнд мөн нийт 200.000 төгрөгийн нэгж байсныг аваад, мөн дэлгүүрийн лангуунаас 1 литрийн жак даниэлс 2 шил, 1 литрийн баллентайнс 2 шилийг, 700 грамм жак даниэлс 1 шилийг, нийт 5 шил виски алга болсон байсан. Мөн 20.000 төгрөгийн солонгос хувцас зайлагчийг авч явсан байсан. Мөн дэлгүүрийн арын цонхны хаалт төмрийн гагнаасыг салгаж, хананы шаврыг цохиж унагаасан байсан...” /1хх 26-27/,
Гэрч Э.М-ийн “...би У-тай ойр зуурын юм ярьж байхад өчигдөр Ж, Б хоёр шагийн юм зараад зарагдахгүй үлдчихлээ, танай гэрт үлдээчихье гэж шөнө ирээд гэрт ээж байгаа учраас аваад явж чадахгүй байна, маргааш ирээд авчихъя" гэж Ж У-д хэлээд үлдээсэн талаар хэлэхээр нь би харахад, 5 шил виски байсан. Би одоо үнэтэй юм байна гэж бодоод, вагонд замдаа унтаагүй болохоор нээх их удалгүй унтчихсан байсан, сэрээд харахад У хичээлдээ явчихсан, цаг харахад 15:00 цаг болж байсан. Тэгээд... Б 17:00 цагийн үед манай гэрт ганцаараа ирээд вискинүүдээ авч яваад зарна гэж хэлээд аваад явсан. Б-ыг ирсний дараа Ж над руу чат бичээд хаана байгаа талаар асуухад гэртээ байна гэж хэлэхэд Б очиж юмаа авсан уу гэж надаас асуухаар нь аваад явчихсан гэж би Ж-д хэлсэн..." /1хх 30- 31/,
Гэрч Б.У-ын "...Ж надад чи гэртээ ганцаараа байгаа юм бол мань чинь танайд очоод юм тавиадахъя гэж хэлсэн, тэгэхээр нь би юу тавих гээд байгаа юм бэ гэж асуухад очиж байгаад хэлье, одоо яваад очъё гэж хэлсэн. Юу тавих гэж байгаа талаараа надад тодорхой хариулт хэлээгүй, тэгэхээр нь би Ж-г хэнтэй яваа талаар нь асуухад Б-тай явж байна гэж хэлсэн. /би Б гэдэг залууг Ж-тай явж байхад нь нэг удаа тааралдаж танилцаж байсан/ ...Бид хоёр хэдэн архи тавьчихъя, бид хоёр хэдэн виски шаглаж зарах гэж байсан чинь хүн авсангүй ээ, ...вискигээ маргааш ирээд авчихъя гэж хэлээд надад үлдээсэн. ...хичээлдээ явахаасаа өмнө Ж ирж виски авна шүү гэсэн. ...Би хэд орчим байсныг нь мэдэхгүй байна, тоо нь бол 3, 4 эсвэл 5 байсан, ямар ч байсан 3-аас дээш тооны виски байсан, төрөл нь гэвэл жак даниелс, баллентайнс хоёр төрлийн виски байсан...” /1хх 34-35/,
Гэрч Ч.Д-ийн “...Манай хүү Ж 2022 оны 05 сарын 09-ний шөнө 03:00 цаг өнгөрөөд ирж байсан. Би өглөө 06:00 цаг өнгөрөөд босоод ажилдаа явах гээд босоод хувцас хунараа өмсөөд цай ундаа уугаад явах гэж байхад Ж ширээн дээр мөнгө тавьчихсан байсан, би өглөө “юун мөнгө ингээд тавчихав, чи өчигдөр хаана юу хийж яваад ирэв" гэж асуухад, манай хүү Ж нь “Би хүүхдээс өрөө авсан юм гэж хэлсэн. ...Тэгэхээр нь би итгээд мөнгийг аваад ажилдаа явсан..." /1хх 44-45/ гэсэн мэдүүлгүүд,
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 144-145/, сиди бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 102-107/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, түүний сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ нотлогдсон байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Т.Б, Г.Ж нарыг бүлэглэн хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Шүүх, шүүгдэгч Т.Б, Г.Ж нар нь бүлэглэн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бэлэн 550.000 төгрөг, 200.000 төгрөгийн нэгж, 5 шил виски зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгч Т.Б, Г.Ж нар нь хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангасан байна.
Шүүх, шүүгдэгч Г.Ж-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, шүүгдэгч Т.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Т.Б-д Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 865 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан буюу Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 986 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 10 сар 17 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 7 сар 1 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 5 жил 1 сар 1 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзэв.
Шүүх нотлох баримтыг шалгаж, үнэлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд заасан журмыг баримтлан хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэсэн байх бөгөөд эдгээр нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, шүүгдэгчийн гэм буруутайг тогтооход хангалттай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг үндэслэлтэй зөв тогтоосон байна.
Шүүгдэгч Т.Б-ын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх зохицуулалт нь шүүх заавал хэрэглэх хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт бөгөөд шүүх дээрх зүйл, хэсгийг хэрэглээгүй явдал нь Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарахгүй юм.
Хэдийгээр шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байх хэдий ч түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд шүүгдэгч Т.Б нь зорчих эрх хязгаарлах ялыг зөрчсөний улмаас уг ялыг хорих ялаар дүйцүүлэн сольсон байна.
Шүүгдэгч Т.Б-ын өмгөөлөгч Ж.Б “...Хан-Уул дүүргийн цагдаагийн газарт Т.Б-д холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа талаарх албан бичгийг шүүхэд гаргаж өгч байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “...нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна. ...” гэсэн зарчим зөрчигдөж байна. Мөн, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 986 дугаартай шийтгэх тогтоол хавтаст хэргийн 188-191 талд авагдсан байсан. Энэхүү баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй тамга, тэмдэг дарагдаагүй хуулбар байна. ...” гэсэн агуулгатай тайлбар гаргасан.
Хэрэгт авагдсан баримтуудыг судлан үзэхэд, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 986 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар хэрэгт авагдсан байх боловч Т.Б-ын ялын тооцооны тодорхойлолтоор /хх 184/, нийт биеэр эдлэх ялыг 2 жил 10 сар 17 хоногийн хорих ялаар тогтоосон баримт хавтаст хэрэгт цугларчээ.
Мөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэд хэдэн яллагдагч нэг, эсхүл хэд хэдэн гэмт хэргийг хамтран үйлдсэн, эсхүл нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болно.” гэж заасан байх боловч шүүгдэгч Т.Б-д холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан, яллах дүгнэлт үйлдсэн талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна.
Иймд шүүгдэгч Т.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно.” гэж заасны дагуу шүүгдэгч Т.Б-ын 2022 оны 9 дүгээр сарын 7-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 62 /жаран хоёр/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 2022/ШЦТ/865 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-ын 2022 оны 9 дүгээр сарын 7-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 62 /жаран хоёр/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ