Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 358

 

А.М, Д.Э нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 133 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 373 дугаар магадлалтай, А.М, Д.Э нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч А.М, Д.Энарын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1986 онд төрсөн, эмэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт А.М,

2. Монгол Улсын иргэн, 1966 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Д.Э нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан  гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч А.М, Д.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тус бүрийг 5 жил хорих ял шийтгэж, хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар А.М-ийн цагдан хоригдсон нийт 251 хоногийг, Д.Э-ийн цагдан хоригдсон нийт 148 хоногийг тэдний эдлэх ялын хугацаанд тус тус оруулан тооцохоор шийдвэрлэсэн байна. 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “шүүгдэгч Д.Э-д холбогдох заалтуудыг хүчингүй болгож, прокуророос Д.Э-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж”, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар А.М-г 5 жилийн хугацаагаар хорих ялаар...” гэж, 4 дэх заалтын “...А.М-ийн цагдан хоригдсон нийт 251 хоногийг...” гэснийг “...А.Мгийн цагдан хоригдсон нийт 215 хоногийг...” гэж тус тус өөрчлөлт оруулж, тогтоох хэсгийн А.М-д холбогдох бусад заалтуудыг хэвээр үлдээж, Шүүгдэгч А.М-ийн гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь, шүүгдэгч Д.Э-ийн гаргасан давж заалдах гомдлоос “...хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгөхийг...” хүссэн хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Д.Э-г нэн даруй суллаж, тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч А.М гаргасан гомдолдоо “...Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

1. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэт нэг талыг барьсан. Мөрдөн шалгах ажиллагааг бүрэн биш хийсэн. Намайг ариун цэврийн өрөө орох үед хүүг минь цонхноос унагаах гэж байхад нь би татаж авах гэж байгаад унагаасан нь үнэн. Гэтэл Д.Э болон түүний дүү, хүүхэд нар нь миний эсрэг мэдүүлэг өгсөнд гомдолтой байна.

2. Тогтоол нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй бөгөөд намайг архичин, харгис эх болгон гэмт хэрэгт буруутгаж, Д.Э-ийг цагаатгаж ял завшуулсанд гомдолтой байна.

3. Онцгой ач холбогдолтой нотлох баримт зөрүүтэй байхад миний нотлох баримтыг үгүйсгэсэн. Би өөрийн хүүгээ аливаа буруу зүйл хийхээс сэргийлж ганц хоёр удаа цохиж загнаж байсныг Д.Э-ийн дүү нар байнга хүүхдээ дарамталж зоддог гэж худал мэдүүлснийг шүүх хүлээн авч яллаж байгаа нь шударга бус байна. Хэрэг гарсны дараа намайг хорьж, хүүг асрамжийн газар луу авч явсан ба надад хүүхэдтэйгээ ярилцах цаг огт байгаагүй байхад өөрийнхөө талд мэдүүлэг өгүүлсэн гэж үндэслэлгүйгээр гүжирдэж байгааг зөвшөөрөхгүй. Хэргийн бодит байдлыг бүрэн гүйцэт бодитоор хянаагүй байж хэргийг эцэслэн шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд надад оногдуулсан хорих ялыг багасгаж Д.Э-д хуулийн дагуу ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Д.Э гаргасан гомдолдоо “...А.М нь эрхийнхээ дагуу гомдол гаргасан тул би А.М-гийн гомдлын эсрэг гомдол гаргаж байна. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын үед нүүрэлдүүлэх явцад намайг үнэн байдлыг хэлсний төлөө А.М шанаа руу хүчтэй цохиж дайрсан. Мөн анхан шатны шүүх хуралдааны дараа намайг цохиж шүүхийн шийдвэрт хорсож над руу болон цагдаа нар луу орилж хашгирсан.  Мөрдөн байцаалтад тааралдах бүртээ удаа дараа харааж хашгирч байсанд гомдолтой байна. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, улсын яллагч, шүүгч нарыг үл ойшоож мөнгөтэй хүний талд үйлчилдэг болсон, хэргийн жинхэнэ үнэн байдлыг шударга ёсоор хэт нэг талыг барилгүй шийдвэрлэсэн гэж өөрийн муйхар бодлогогүй байдлаараа худлаа гүтгэж байгаад гомдолтой байна. ...М надад уурласан уурандаа өөрөө хүүгээ цонхоор шидчихээд намайг шидсэн гэж гүтгэж байна. Миний хамгийн гол буруу нь “Чаддаг юм бол шидчих” гэж хэлсэн үгэндээ одоог хүртэл харамсаж, гэмшиж байдаг. М асран хамгаалахын байранд хүүтэйгээ 40 гаруй хоног хонохдоо хүүдээ үг зааж анхны мэдүүлгээсээ буцаж байсан нь хавтаст хэрэгт байгаа. Би архи ууж буруу үг хэлсэндээ харамсаж байна. Цаашид ийм алдаа гаргахгүй” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Дамдинсүрэн гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Д.Э-ийг цагаатгаж, М-д ял шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь үндэслэлтэй гэж үзэж байна. Насанд хүрээгүй гэрч буюу 6 настай О-н хэргийн талаар тодорхой мэдүүлсэн мэдүүлгийг үнэлж Д.Эийг цагаатгаж шийдвэрлэсэн. Мөн Мгийн хувийн байдал буюу түүнийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг талаарх гэрчүүдийн мэдүүлгүүд хэрэгт цугларсан байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан магадлалыг хэвээр үлдээх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А.М, Д.Э нарын гаргасан гомдлыг үндэслэн тэдэнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос А.М, Д.Э нарыг хамтран амьдарч байхдаа 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр согтуурсан үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Баруун тасганы ..... тоотод байрлах нийтийн байрны 2 давхрын цонхоор бага насны буюу 5 настай М.Г-ийг унагааж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч А.М, Д.Э нарын гэм бурууг хянан хэлэлцэж, тэднийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон хорих ял оногдуулж, уг ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч нарын гаргасан гомдлоор хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч А.М-г тухайн өдөр согтуурсан үедээ хамтран амьдрагч Д.Э-ийн хэлсэн үг, хийсэн үйлдэлд уурсан дургүйцэж, өөрийн 5 настай хүү М.Г-ийн эрүүл мэндийг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийж, хүнд гэмтэл учруулсан хор уршигт зориуд хүргэсэн нь тогтоогдсон,

харин Д.Э-ийн хувьд М.Г-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учрахад хүргэсэн санаатай үйлдэл, эс үйлдэхүй хийсэн нь тогтоогдоогүй гэж дүгнэн түүнд холбогдох хэргийг “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүдийн үндэслэлийг хянахад дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

Шүүгдэгч А.М нь өөрийн хүүхдийг цонхоор санаатай унагасан үйлдлийг түүний хүү, хохирогч М.Г 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр анх өгсөн мэдүүлэгтээ тодорхой дурдсан бөгөөд хохирогчийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шууд нэрлэн заасан мэдүүлэг нь тухайн үед болсон үйл явдлыг нүдээр харсан насанд хүрээгүй гэрч Г.О болон үүнийг дараа нь мэдэж, гэрт орж  ирсэн Д.Э-ын, түүнчлэн яллагдагч А.М, Д.Э-ийн мэдүүлгүүдээр давхар нотлогджээ.

Шүүгдэгч А.М-гийн хүү, хохирогч М.Г нь анхны өгсөн мэдүүлгээ өөрчилж, Д.Э-ийг энэ хэрэгт холбогдуулан мэдүүлж эхэлсэн нь Гэр бүл хөгжлийн “Өнөр” төвд өөрийн эхийн хамт 40 гаруй хоног байхдаа эх А.М хүүхэддээ нөлөөж, мэдүүлгийг нь өөрчилсөн байх боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэж, 5 настай хохирогч М.Г-ийн анхны мэдүүлгийг үнэн зөв гэж үзэхдээ нотлох баримтуудыг харьцуулж, эх сурвалжийг магадлах аргыг үндэслэлтэй зөв ашиглаж, дүгнэсэн гэж үзнэ.

Мөн шүүгдэгч А.М нь байнга архидан согтуурч, эрүүл, согтуу аль ч үедээ хүүгээ зоддог, хүүгээ дагуулаад байнга архи ууж, тэнэж явдаг, хүүхдийн зан ааш эвдэрсэн талаар гэрч Б.Э, Э.У, Э.Г, түүний хүү, хохирогч М.Г нараас мэдүүлсэн нь уг гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийллийн орчинд үйлдэгдсэн болохыг нотолж байна.

Шүүгдэгч А.М-гийн мэдүүлэг болон хохирогч М.Ганзоригийн сүүлд өгсөн мэдүүлэгт “Д.Э уг гэмт хэргийг үйлдсэн” гэдэг боловч энэ нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар батлагдаагүй, хохирогчийн анхны мэдүүлгийг үнэн зөв гэж шүүх үзсэн тул Д.Э-ийг буруутгаж буй эх, хүү хоёрын мэдүүлгийг бодит байдалд нийцээгүй хэмээн давж заалдах шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.

Шүүгдэгч А.М нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж өөрийн төрсөн хүүхэд болох бага насны буюу 5 настай М.Г-ийг 2 давхрын цонхоор унагааж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт хангалттай нотлогдсон,  давж заалдах шатны шүүхээс уг гэмт хэрэгт Д.Э-ийг оролцсон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэж, шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байх тул шүүгдэгч А.М-гийн гаргасан “...надад оногдуулсан хорих ялыг багасгаж, Д.Э-д хуулийн дагуу ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэсэн гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд шүүгдэгч А.М-гийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Д.Э-ийн гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 133 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 373 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хяналтын шатны шүүхэд гаргасан шүүгдэгч Д.Э-ийн гомдлыг хангаж, шүүгдэгч А.М-гийн гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

       

 ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

                    ШҮҮГЧ                                                   С.БАТДЭЛГЭР

                                                                                 Б.БАТЦЭРЭН

                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                               Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН