Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2016/00936

 

Д.Энхжаргалын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар, 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2016/02687 дугаар шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 1053 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Д.Энхжаргалын нэхэмжлэлтэй

Хариуцагч Монгол Улсын Засгийн газарт холбогдох,

Засгийн газрын 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 140 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 13 220 086 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнхбатын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Энхжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Мянган, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнхбат, нарийн бичгийн даргаар И.Хажидмаа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2012 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Засгийн газрын 80 тоот тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Худалдан авах ажиллагааны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаад тухайн ажлын байрны төлөөх сонгон шалгаруулалтанд өрсөлдөн тэнцэж, Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 101 тоот тогтоолоор жинхлэн томилогдож, 2013 оны 5 дугаар сарын 30-ны өдөр төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн мэргэшсэн албан хаагч билээ.Миний бие ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй бөгөөд харин ч бидний хэрэгжүүлсэн цахим худалдан авах ажиллагаа Авлигатай тэмцэх газрын “Төрийн байгууллагуудын авлигын эсрэг үнэлгээ”-ээр 2013 онд 52 байгууллагаас 70 оноогоор 5 дугаар байр, 2014 оны өмнөх оны үнэлгээг 14 оноогоор ахиулж, 124 төрийн байгууллага, 26 агентлагаас 6-р байранд шалгарсан.Мөн Филиппин Улсын Манила хотод болсон төрийн цахим худалдан авалтын тайлан, хурлаас Азийн хөгжлийн банкны 2014 оны Азийн улсуудын дунд хийсэн цахим худалдан авалтын судалгаагаар Монгол Улс Азийн орнуудын тэргүүн эгнээнд зэрэгцэн ирсэн амжилт гаргасан гэсэн үнэлгээ авсан.Ийнхүү миний бие албан үүргээ гүйцэтгэж байгаад 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс “нойр булчирхайн хурц өвдөлт, ходоодны архаг үрэвсэл хавсарсан” оноштойгоор Улсын 2 дугаар төв эмнэлгийн Хоол боловсруулах эрхтэн судлалын тасагт хэвтэн эмчлүүлж, улмаар 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр MRCP хийлгэж, 2015 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр цөсний замын суваг нээх хагалгаа ERCP, 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр цөс авах дурангийн хагалгаанд тус тус орж өнөөдрийг хүртэл эмчилгээ хийлгэж байгаа.Намайг өвчтэй, хагалгаа хийлгэж байх үед Засгийн газрын 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 140 тоот тогтоолоор “...Өөр ажилд шилжин ажиллах болсон тул гаргасан хүсэлтийг нь үндэслэн...” гэх шалтгаан зааж Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Худалдан авах ажиллагааны газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн байна.Миний зүгээс өөр ажилд шилжин ажилласан, өөрөө ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаагүй, түүнчлэн ажил, албан тушаалаас чөлөөлөгдөх талаар надтай ярилцаж хэлэлцсэн зүйлгүй атлаа дээрх үндэслэл зааж ажил, албан тушаалаас чөлөөлсөнд гомдолтой байна. Иймд намайг үүрэгт ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн Монгол Улсын Засгийн Газрын 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 140 тоот тогтоолыг хүчингүй болгож, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Худалдан авах ажиллагааны газрын даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс хойш 11 сарын хугацааны буюу ажлын 255 хоногийн цалин хөлс 13 220 086 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаар Д.Энхжаргалыг Худалдан авах ажиллагааны газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн. Засгийн газрын хуралдаанд тухайн үеийн шадар сайд У.Хүрэлсүхийн санал оруулснаар Засгийн газрын 140 дүгээр тогтоолыг гаргасан. Уг хуралдааны тогтоолд шадар сайд У.Хүрэлсүхийн тайлбарласнаар Д.Энхжаргалыг үүрэгт ажлаас чөлөөлж, өөр ажилд томилохоор тохиролцсон гэж тусгагдсан байдаг. Уг тогтоолыг шүүхэд ирүүлэх боломжгүй юм. Д.Энхжаргалын өөрийнх нь ажлаас чөлөөлөгдөх талаар бичгээр гаргасан хүсэлт байхгүй, эмчийн магадлагаагаар чөлөөтэй байсныг үгүйсгэх баримт байхгүй.Иймд Д.Энхжаргалын нэхэмжлэлийн шаардлагыг нь зөвшөөрөхгүй байх тул нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2016/02687 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Д.Энхжаргалыг Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Худалдан авах ажиллагааны газрын даргын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Монгол Улсын Засгийн газраас дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 11 794 689 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Энхжаргалд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 425 397 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар ажил олгогч болон даатгуулагчийн төлвөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төсөв, харилцах дансанд шилжүүлж Д.Энхжаргалын эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтрүүдэд зохих бичилт хийхийг Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Худалдан авах ажиллагааны газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар Д.Энхжаргалын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурьдаж, нэхэмжпэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан түүнд олгож, хариуцагч Монгол Улсын Засгийн газраас улсын тэмдэгтийн хураамжид 203 665 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 1053 дугаар магадлалаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2016/02687 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурджээ.

Хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:Тус иргэний хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад хариуцагчийн зүгээс туршлагатай өмгөөлөгч авахаар өмнө нь оролцож байсан өмгөөлөгчөөсөө татгалзсан тухайгаа тайлбарлаж, шинээр өмгөөлөгч авах бололцоогоор хангахыг хүссэн боловч хүсэлтийг хүлээн аваагүй. Түүнчлэн давж заалдах шатны шүүх хурлаар хариуцагчийн гомдлыг хэрэгсэлгүй анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.4, 34.1-д заасныг тус тус зөрчсөн гэж үзэж байна.Иймд дээр дурдсан үндэслэлийг харгалзан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эрхийг хангаж өгнө үү гэжээ.

                                                                                ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн эрх зүйн маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд үндэслэл бүхий хянан шийдвэрлэсэн байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулжээ. Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хууль хэрэглээний алдаа гаргаагүй байна.

Нэхэмжлэгч Д.Энхжаргал өөрийгөө ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж,   Засгийн Газрын 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 140 тоот тогтоолыг хүчингүй болгуулах, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Худалдан авах ажиллагааны газрын даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр Засгийн газарт холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Монгол Улсын Засгийн газар нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч нэхэмжлэлийн талаар шүүхэд бичгээр хариу тайлбар, нотлох баримт гаргаж өгөөгүй, зөвхөн анхан шатны шүүх хуралдаанд оролцсон төлөөлөгч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй талаар тайлбар өгсөн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагджээ.

Засгийн газрын 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 140 дүгээр тогтоолд нэхэмжлэгч Д.Энхжаргалыг өөр ажилд шилжин ажиллах болсон тул гаргасан хүсэлтийг нь үндэслэн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг – Худалдан авах ажиллагааны газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн байна.

Нэхэмжлэгч Д.Энхжаргал өөр ажилд шилжин ажиллаагүй, ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаагүй, ажил, албан тушаалаас чөлөөлөгдөх талаар ярилцаж хэлэлцээгүй гэж тайлбарласан бол хариуцагчийн зүгээс тогтоолын үндэслэлийг нотлох ямар нэг баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл, ажил олгогч ажилтныг өөрийнх нь хүсэлтээр, эсхүл түүнтэй харилцан тохиролцсоноор, өөр ажилд шилжсэнтэй нь холбогдуулан үүрэгт ажлаас нь чөлөөлсөн гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй байна.

Анхан шатны шүүх зохигч болон тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг нь тайлбарлаж танилцуулсан байна \хх-ийн 37 дугаар тал\. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй ба мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцдэг.

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа бол энэ талаар үндэслэл бүхий тайлбараа нотлох баримтын хамт шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй ба ийнхүү маргааны зүйлийн талаар мэтгэлцээгүй тохиолдолд шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй юм.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Д.Энхжаргалын нэхэмжлэлд 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэж \хх-ийн 22 дугаар тал\, хариуцагчид удаа дараа мэдэгдэх хуудас хүргүүлж \хх-ийн 24, 25, 26,27, 28, 29 дүгээр тал\, хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагааны хугацааг сунгасны эцэст \хх-ийн 30-31 дүгээр тал\ хариуцагч 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Г.Эрдэнэбулганыг томилжээ \хх-ийн 33-34 дүгээр тал\.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн хувийг 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр гардан авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүрэгтэйгээ танилцсан байна \хх-ийн 36-37 дугаар тал\. Хариуцагч тал хэргийн материалтай анх 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр танилцаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2015 оны 10 дугаар сарын 19, 30-ны өдөр, 12 дугаар сарын 28-ны өдөр, 2016 оны 3 дугаар сарын 02, 11, 28-ны өдрүүдэд мөн танилцсан байна \хх-ийн 47, 83, 94, 124, 145, 154, 170 дугаар тал\.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг 30 хоногоор сунгаж \хх-ийн 167-168 дугаар тал\, шүүх хуралдааныг 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хийхээр товлосон боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгч авах зорилгоор шүүх хуралдааныг хойшлуулахаар хүсэлт гаргасан тул хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хойшлуулжээ \хх-ийн 51-52 дугаар тал\.

Хариуцагч тал өмгөөлөгчөөр Б.Энхтүвшинг оролцуулахаар гэрээ байгуулсан ба өмгөөлөгч хэргийн материалтай танилцах зорилгоор шүүх хуралдаан хойшлуулахыг хүссэн тул шүүх 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдааныг 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүртэл хойшлуулжээ \хх-ийн 54-55, 56, 57-58 дугаар тал\.

Хариуцагч тал өмгөөллийн хөлсөн дээр тохиролцоогүйн улмаас өөр өмгөөлөгч авах шаардлагатай болсон талаар шүүхэд мэдэгдэж, шинээр сонгосон өмгөөлөгч М.Ариунболд хэргийн материалтай танилцах зорилгоор шүүх хуралдаан хойшлуулахыг хүссэн ба шүүх 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдааныг 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүртэл хойшлуулжээ \хх-ийн 62-65, 68-69 дүгээр тал\.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сургалтад оролцох болсон тул шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасны дагуу шүүх 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдааныг 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүртэл хойшлуулжээ \хх-ийн 71, 80-81 дүгээр тал\.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд хүсэлт гаргаж, өмгөөлөгч М.Ариунболд өвчний улмаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож чадахгүй болсон учир дахин өмгөөлөгч авах зорилгоор шүүх хуралдаан хойшлуулахыг хүссэний дагуу шүүх 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдааныг 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл хойшлуулжээ \хх-ийн 87, 90-92 дугаар тал\.

Хариуцагч Монгол Улсын Засгийн газар Д.Энхжаргалын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Г.Эрдэнэбулганыг томилсон захирамжийг хүчингүй болсонд тооцож, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Н.Мөнхбатыг томилжээ \хх-ийн 95-96 дугаар тал\.

Хариуцагчийн шинээр томилогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгч хэргийн материалтай танилцах, тайлбар өгөх боломжоор хангуулах зорилгоор шүүх хуралдаан хойшлуулахыг хүссэн боловч шүүх хүсэлтийг хангахаас татгалзаж, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлцэж, 7452 дугаар шийдвэр гарган, Д.Энхжаргалын нэхэмжлэлийн шаардлагыг хангасан байна \хх-ийн 103-104, 105-109 дүгээр тал\.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүхийг талуудын мэтгэлцэх эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэн давж заалдах гомдол гаргасан ба давж заалдах шатны шүүх хэргийг 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хэлэлцэхээр товлосон боловч  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2016 оны 01 дүгээр  сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанаар хуралдаан хойшлуулах тухай хариуцагчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, хэргийг хянан хэлэлцэж, хариуцагч талын давж заалдах гомдлыг ханган, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаажээ \хх-ийн 117, 118, 125, 128, 132-134 дүгээр тал\.

Анхан шатны шүүхэд хэргийг дахин хянан хэлэлцэх ажиллагаанд хариуцагч талын өмгөөлөгчөөр оролцох болсон Т.Наранцогт хичээл давхацсан тул шүүх хуралдаан хойшлуулахыг хүссэний дагуу анхан шатны шүүх 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр товлогдсон шүүх хуралдааныг 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хийхээр хойшлуулжээ \хх-ийн 146, 140-150 дугаар тал\.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч орон нутагт томилолтоор ажиллах болсон тул шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт гаргасны дагуу шүүх 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр товлогдсон шүүх хуралдааныг 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хийхээр хойшлуулжээ \хх-ийн 156, 162-163 дугаар тал\ .

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хөдөлмөрийн эрх зүйн маргаанаар мэргэшсэн өмгөөлөгч авах шаардлагатай гэж шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар хэрэгсэхгүй болгож, хэргийг мөн өдрийн хуралдаанаар хэлэлцэж, Д.Энхжаргалын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна \хх-ийн 171, 173 дугаар тал\.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дээрх байдлаас өөрөөр оролцоогүй, мэтгэлцэх эрхээ эдлээгүй, анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан ба хэргийн оролцогчдын мэтгэлцэх эрхийг хязгаарлаагүй байх тул өмгөөлөгч авах эрхээр хангаагүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2016/02687 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 1053 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 П.ЗОЛЗАЯА

        ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН