| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувсааралын Дашдэчмаа |
| Хэргийн индекс | 182/2023/04795/И |
| Дугаар | 182/ШШ2024/03680 |
| Огноо | 2024-09-10 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 182/ШШ2024/03680
2024 09 10 182/ШШ2024/03680
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ................... тоот хаягт оршин суух, М овогт А.Ц /РД:000000000/,
Нэхэмжлэгч: ................. тоот хаягт оршин суух, Н овогт Ш.Э /РД:00000000/ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: .................... тоот хаягт байрлах, В ХХК /РД:00000000000/,
Хариуцагч: ............... тоот хаягт байрлах, П ХХК-д тус тус холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 00000000, 111111111 дугааруудын үнэ 180,048,851 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц,
Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч М.Ц,
Хариуцагч В ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц,
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Э,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Е нар оролцов.
(Хариуцагч П ХХК-ийн төлөөлөгч Г.Б нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцсэн болно.)
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч А.Ц, Ш.Э нар нь хариуцагч В ХХК, П ХХК-иудад тус тус холбогдуулан 00000000, 111111111 дугааруудыг гаргуулж нэхэмжлэгчийн нэр дээр шижлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаасаа өөрчилж, 00000000, 111111111 дугааруудын үнэ болох 180,048,851 төгрөгийг хариуцагч В ХХК-иас гаргуулахаар шаардаж, П ХХК-д холбогдох шаардлагаасаа татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. ...Миний хувьд хариуцагчтай 2021.10.11-ний өдөр ЗГ21/662 дугаартай Зээлийн гэрээ байгуулсан бөгөөд тус зээлийн гэрээний 2.1.1, 2.1.2, 2.1.3, 2.1.4 заасны дагуу 130,000,000 төгрөгийг 2024.09.25-ны өдөр хүртэл сарын 2.1 хувийн хүүтэйгээр, хоногийн 0.5 хувийн алданги тооцохоор зээлийн гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний үлдэгдэл 150,000,000 төгрөг дээр 10,000,000 төгрөг нэмж зээлэн 2021.12.13-ны өдөр ЗГ21/720 дугаартай Зээлийн гэрээ-г байгуулсан...
Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээг амаар байгуулсан бөгөөд 00000000, 111111111 хоёр дугаарыг хариуцагчийн эзэмшилд шилжүүлсэн...
Миний хувьд өмнө нь 00000000, 111111111 дугааруудыг ПК ББСБ ХХК-иас зээл авч, фидуцийн гэрээний дагуу тухайн байгууллагын эзэмшилд шилжүүлж байгаад улмаар авсан зээлээ төлж дуусгаад 2021.10.11-ний өдөр В ХХК-иас зээл авахдаа амаар барьцааны гэрээ байгуулан хариуцагчийн нэр дээр шилжүүлсэн.
Хариуцагч В ХХК-тай хийсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ нь хууль зүйн дараахь үндэслэлээр анхнаасаа хүчин төгөлдөр бус гэрээ байна.
Хариуцагч В ХХК нь барьцаалдан зээлдүүлэх үндсэн үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд бөгөөд талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээ нь иргэний хуулийн 286-р зүйлд заасан барьцаалан зээлдүүлэх журмаар зээл олгосон зээл байна. Иргэний хуулийн 286-р зүйлийн 286.1-д Барьцаалан зээлдэх газар нь зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлдэгчээс хөдлөх эд хөрөнгийг барьцаанд бариулахыг шаардах эрхтэй гэж заасан тул хариуцагч В ХХК нь үүргийн гүйцэтгэлийг зөвхөн хөдлөх эд хөрөнгийг барьцаанд бариулахыг шаардах эрхтэй, тус барьцаа хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй болохоос өөр аргаар буюу фидуцийн гэрээ байгуулж, гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхгүй талаар Иргэний хуулийн холбогдох зохицуулалтаар тодорхой заасан байна.
Хариуцагч нь нэхэмжлэгчтэй зээлийн гэрээ байгуулаад зээлийн гэрээ байгуулсанаас үүссэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 00000000, 111111111 хоёр дугаарыг өмчлөлдөө шилжүүлж нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчсөн...
Хоёр талын байгуулсан Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ нь бусдын хөдлөх эд хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлэн авах гол нөхцөлтэй бөгөөд хариуцагч нэхэмжлэгчийн байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт заасан Барьцаалан зээлдэх гэрээ бөгөөд бусдын эд хөрөнгийг өмчлөлдөө биш барьцаандаа байлгах ёстой ч түүнийг зөрчин фидуцийн гэрээ байгуулсан мөн Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.5 дахь хэсэгт заасан фидуцийн гэрээг бичгээр хийнэ гэснийг зөрчсөн бичгээр гэрээ хийгээгүй байгаа зэрэг нь Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл тул мөн хуулийн 56.5-д зааснаар 00000000, 111111111 дугаарыг хүчин төгөлдөр бус гэрээний дагуу шилжүүлж эзэмшилдээ авсан үр дагаврыг арилгуулахаар шаардах эрхтэй...
Дээрх дугаарууд нь хариуцагч нарын тайлбар болон бусад баримтаар гуравдагч этгээд рүү шилжсэн нөхцөл байдал бий болсон байгаа тул Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.5-д зааснаар маргаан бүхий дугааруудыг шилжүүлж авах боломжгүй болсон үнэ 180,048,851 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү... гэв.
2.Хариуцагч В ХХК-ийн төлөөлөгч Б.Ц шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэгч А.Ц нь манай байгууллагаас 2021.10.11-ний өдөр 3Г21/662, 2021.12.13-ны өдөр 3Г21/720 дугаартай зээлийн гэрээ байгуулж 160,000,000 төгрөгийг сарын 2.1 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай 2023.12.13-ны өдрийг хүртэл зээл авсан бөгөөд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 00000000, 111111111 дугааруудыг манай байгууллагын нэр дээр шилжүүлж өгсөн.
А.Ц зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй хугацаа хэтэрч, зээлийн гэрээний эргэн төлөгдөх дүнг бүрэн төлөхгүй явсаар байсан. Зээлийн гэрээний эргэн төлөлттэй холбоотой асуудлаар А.Ц-тай ярилцан харилцан тохиролцож зээлийн гэрээний хүүг зогсоон зээлийн дүнг тохиролцон 2023.03.31-ний өдөр Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэх зуучлалд хандан 170,420,546.97 төгрөгийн дүн дээр тохиролцож 12 сарын хугацаатай эвлэрлийн гэрээ байгуулсан.
Эвлэрлийн гэрээ байгуулах үед талууд зээлийн гэрээнээс татгалзан эвлэрлийн гэрээний дагуу харилцан эрх үүрэг хүлээн гэрээ байгуулсан байдаг. А.Ц нь эвлэрлийн гэрээ байгуулах үед сар болгоны 01-ний өдөр төлбөр төлөхөөр тохиролцсон боловч эвлэрлийн гэрээний эргэн төлөгдөх хуваарийг 58 хоног хэтрүүлсэн...
Манай байгууллага нь зээлдэгчийн хувийн байдал болон санхүүгийн боломж бололцоог харж үзэн зээлийн гэрээний хүүг зогсоон боломжит хугацаа олгон бага дүнгээр зээлийг төлж дуусгах боломж олгосон боловч А.Ц нь тохиролцсон хуваарийн дагуу төлбөрийг төлөхгүй манай байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж эвлэрлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин зөрчил гаргасан тул А.Ц-д энэ талаар мэдэгдэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шилжүүлсэн хөрөнгө болох 00000000, 111111111 дугааруудыг худалдан борлуулсан.
Ийнхүү Ц-гийн зээлийн гэрээ буюу эвлэрлийн гэрээгээр хүлээсэн үүрэг дуусгавар болсон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.
3.Хариуцагч П ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Б нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа ...111111111, 00000000 дугааруудыг 2023.09.14-ний өдөр В ХХК-иас худалдан авсан. Худалдан авах үед уг дугаарууд зээлийн барьцаанд хураагдсан ба шүүхийн шийдвэр гарсан тул зарж борлуулах эрхтэй гэсэн тайлбар өгч зарсан.
Манай байгууллага уг 2 дугаарыг худалдаж борлуулсан ба уг 2 дугаар одоо манай компанийн нэр дээр байхгүй хамааралгүй болно... гэжээ.
4.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид 2023.11.03-ны өдрийн 1,057,950 төгрөг төлсөн баримт /хх-ийн 3 х/,
-2023.10.16-ны өдрийн итгэмжлэл /хх-ийн 4 х/,
-Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 5 х/,
-2021.10.11-ний өдрийн ЗГ21/662 тоот Зээлийн гэрээ /хх-ийн 6-7 х/,
-Зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-ийн 8 х/,
-ХУР системээс авсан иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 9 х/,
-2021.12.13-ны өдрийн ЗГ21/720 тоот Зээлийн гэрээ, түүний хавсралт /хх-ийн 10-11/,
-Улсын бүртгэлийн 000000000 дугаар бүхий хуулийн этгээдийн гэрчилгээ /хх-ийн 12 х/,
-ЗГ21/04/21 тоот Зээлийн гэрээ, түүний хавсралт /хх-ийн 16 х/,
-ПК ББСБ ХХК-ийн 2023.12.12-ны өдрийн ПК23/376 тоот албан бичиг /1 хх-ийн 36 х/,
-2024.01.10-ны өдрийн 0021 дугаартай А.Ц-д олгосон итгэмжлэл /хх-ийн 111 х/,
-Нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагатай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид 2024.05.09-ний өдөр 4,550 төгрөг тушаасан баримт /хх-ийн 217 х/,
-2024.05.07-ны өдрийн 24/25-АГ тоот Л ХХК-ийн Хөрөнгийн зах зээлийн үнэ тогтоох үнэлгээний тайлан /хх-ийн 218-228 х/ зэрэг баримтуудыг,
5.Хариуцагч В ХХК нь тайлбар татгалзалтайгаа холбогдуулан 2023.11.17-ны өдрийн 23-144 тоот Б.Ц-д олгосон итгэмжлэл /хх-ийн 22 х/,
-Улсын бүртгэлийн 0000000 дугаар бүхий хуулийн этгээдийн гэрчилгээ /хх-ийн 23 х/,
-2023.11.30-ны өдрийн 23-144 тоот Б.Ц-д олгосон итгэмжлэл /хх-ийн 24 х/,
-2024.01.31-ний өдрийн 24/03 тоот Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-ийн 139-140 х/,
-Хаан банкны Депозитын хуулга /2 хх-ийн 32 х/ зэрэг баримтуудыг,
6.Хариуцагч П ХХК нь тайлбар татгалзалтайгаа холбогдуулан улсын бүртгэлийн 000000000 дугаар бүхий хуулийн этгээдийн гэрчилгээ /хх-ийн 171 х/,
-Хариу тайлбар /хх-ийн 177 х/,
-П ХХК-ийн дүрэм /1 хх-ийн 178-179 х/,
-Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 180 х/ зэрэг баримтуудыг,
7.Шүүхийн журмаар тус шүүхийн шүүгчийн 2023.12.14-ний өдрийн 182/ШЗ2023/16464 дугаартай Шүүх хуралдааныг хойшлуулах тухай захирамжийн дагуу М ХХК-иас ирүүлсэн 00000000, 111111111 дугааруудын 2012 оноос өнөөдрийг хүртэлх хугацааны эзэмшигчийн лавлагаа болон уг дугааруудыг эзэмшигч этгээдүүдтэй байгуулсан гэрээ /хх-ийн 51-103 х/,
-2024.04.30-ны өдрийн 182/ШЗ2024/07936 дугаартай Шүүх хуралдааныг хойшлуулах тухай захирамжийн дагуу М ХХК-иас ирүүлсэн 00000000, 111111111 дугааруудын 2023.09.14-ний өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацааны эзэмшигчийн лавлагаа, эзэмшигч этгээдүүдтэй байгуулсан гэрээ /хх-ийн 194-213 х/,
-2024.05.28-ны өдрийн 182/ШЗ2024/09909 дугаартай Хүсэлт шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамжийн дагуу Б ХХК-иас ирүүлсэн Хөрөнгийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт тайлан /2 хх-ийн 3-22 х/ зэрэг баримтууддыг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүхээс дараах үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч А.Ц нь хариуцагч В ХХК-д холбогдуулан 00000000, 111111111 дугааруудыг гаргуулж, нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэхийг даалгах шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар П ХХК-ийг татан оролцуулсан.
2.1.Мөн Ш.Э нь энэхүү хэрэгт хамтран нэхэмжлэгчээр оролцох хүсэлт гаргаж тус шүүхийн 2024.02.20-ны өдрийн 182/ШЗ2024/03450 дугаартай шүүгчийн захирамжаар хамтран нэхэмжлэгчээр оролцуулсан.
2.2.Нэхэмжлэгч нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч В ХХК, П ХХК-иудаас 00000000, 111111111 дугааруудыг гаргуулж, нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэхийг даалгах шаардлагаа өөрчилж, хариуцагч В ХХК-иас 00000000, 111111111 дугааруудын үнэ болох 180,048,851 төгрөгийг гаргуулахаар шаардаж үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
Хариуцагч П ХХК-д холбогдох шаардлагаасаа татгалзаж, В ХХК-иас 2021.10.11-ний өдөр ЗГ21/662 дугаартай зээлийн гэрээ байгуулж 130,000,000 төгрөгийг 2024.09.25-ны өдрийг хүртэл хугацаатай зээлж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эр хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг амаар байгуулж, 00000000, 111111111 дугааруудыг тус компанийн нэр дээр шилжүүлж өгсөн. Мөн 2021.12.13-ны өдөр ЗГ21/720 дугаартай зээлийн гэрээг бичгээр байгуулж дээрх зээлийн гэрээний үлдэгдэл дүн болох 150,000,000 төгрөг дээр нэмж 10,000,000 төгрөг олгож, 160,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай сарын 2.1 хувийн хүүтэй зээлдүүлсэн...
В ХХК нь 2023.04.03-ны өдөр дээрх зээлийн гэрээг цуцалж, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчид хандаж зээлийн гэрээний үүрэгт 170,420,546.97 төгрөг гаргуулахаар хандаж уг мөнгийг тодорхой хугацаанд төлөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулсан бөгөөд эхний 2 төлөлтийг хийгээд явж байхад барьцаа хөрөнгө болох 00000000, 111111111 дугааруудыг бусдад худалдан борлуулсан байна...
В ХХК нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1-д заасан барьцаалан зээлдүүлэх гэрээ байгуулж бусдын эд хөрөнгийг өмчлөлдөө биш барьцаанд байлга ёстой ч түүнийг зөрчиж фидуцийн гэрээ байгуулсан нь мөн хуулийн 235 дугаар зүйлийн 235.5-д заасан фидуцийн гэрээг бичгээр хийнэ гэснийг зөрчсөн.
Иймээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасны дагуу фидуцийн гэрээг бичгээр хийхгүй хууль зөрчсөн анхнаасаа хүчин төгөлдөр бус гэрээ тул мөн хуулийн 56.5-д заасны дагуу дээрх 2 дугаарыг бусдад шилжүүлсэн учраас Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д 56.5, 492 дугаар зүйлийн 492.1, 439 дугаар зүйлийн 493.1-д заасны дагуу 00000000, 111111111 дугааруудын үнэ 180,048,51 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй гэж тайлбарлав.
3. Хариуцагч В ХХК нь татгалзлын үндэслэлээ ...нэхэмжлэгч нь 2021.12.13-ны өдөр ЗГ21/720 дугаартай зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй учраас манай байгууллага гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 170,420,546.97 төгрөгийг гаргуулахаар Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан.
Талууд 2023.04.10-ны өдөр эвлэрч тус шүүхийн 104/ШЗ2023/00781 дугаартай Эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай шүүгчийн захирамж гарч нэхэмжлэгч нь 2023.05.01-ний өдрөөс эхлэн 2024.03.01-ний өдөр хүртэл 11 сарын хугацаанд сар бүрийн 01-ний өдөр 5,000,000 төгрөг, 2024.04.01-ний өдөр 115,420,546.97 төгрөгийг төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулсан боловч хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй учраас 00000000, 111111111 дугааруудыг зарж, зээлийн үлдэгдэл төлбөр 147,500,000 төгрөгөөр зарж борлуулж, зээлийг хаасан учраас нэхэмжлэлийг бүхэлд хүлээн зөшөөрөхгүй гэж маргасан.
4.Талууд 2021.10.11-ний өдөр ЗГ21/662, 2021.12.13-ны өдөр ЗГ21/720 дугаартай зээлийн гэрээ байгуулсан болон мөнгөн дүн, энэ гэрээ хүчин төгөлдөр эсэхэд маргаагүй тул шүүхээс энэ талаар дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.
5.Харин зохигчийн маргааны зүйл нь 2021.12.13-ны өдрийн ЗГ21/720 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хариуцагч В ХХК нь фидуцийн гэрээг бичгээр байгуулагдсан эсэх, тус компаний нэр дээр шилжүүлсэн 00000000, 111111111 дугааруудыг бусдад худалдан борлуулж, гэрээний үлдэгдэл төлбөрийг төлсөн нь хууль зөрчсөн эсэх талаар байна.
6. В ХХК нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 235 дугаар зүйлийн 235.5-д тус тус заасныг зөрчсөн гэх тухайд
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцлийг хүчин хүчин төгөлдөр бус байна гэж заасан. Энэхүү зохицуулалтын хууль зөрчсөн гэх агуулга нь хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хамаардаг бөгөөд энэ зөрчил нь хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй байхыг хэлдэг.
Гэвч хэрэгт авагдсан дараах баримтуудаар хариуцагч В ХХК-ийг фидуцийн гэрээг бичгээр байгуулаагүй, Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.5-д заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримууд зохигчийн тайлбаруудаар тогтоогдсонгүй.
Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 43.3-т зааснаар бичгээр хийх хэлцлийг нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үздэг.
Хуульд заасны дагуу зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүсч, зээлдүүлэгч В ХХК нь зээлдэгч А.Цд 160,000,000 төгрөгийг шилжүүлэн өгч, зээлдэгч нь мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээж, үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгө буюу 00000000, 111111111 дугааруудын эзэмших эрхийг В ХХК-д шилжүүлснээр барьцааны хэлцлийг бодит үйлдлээр шилжсэн гэж үзэхээр байна.
Учир нь Иргэний хуулийн хуулийн 84 дүгээр зүйлийн 84.5-д эзэмшигч этгээддээ ашиг өгөх, эсхүл бусдаас шаардах эрх олгох эрх буюу шаардлага нь ...эдийн бус хөрөнгөд хамаарна гэх заалтаас үзвэл нэхэмжлэгч А.Ц, Ш.Э нарын нэр дээр бүртгэгдсэн үүрэн холбооны 00000000, 111111111 дугааруудыг эзэмших эрх нь эдийн бус хөрөнгөд хамаарах бөгөөд уг эрх нь барьцааны зүйл байж болохоор зохицуулсан.
Нэхэмжлэгч А.Ц нь 2021.10.11-ний өдрийн ЗГ21/662 дугаартай зээлийн гэрээний үлдэгдэл 150,000,000 төгрөг дээр нэмж 10,000,000 төгрөгийг зээлж, 2021.12.13-ны өдөр ЗГ21/720 дугаартай зээлийн гэрээг бичгээр байгуулж, 00000000, 111111111 дугааруудын эзэмших эрхийг зээлээ төлж дуусгах хүртэл барьцаалж байсан гэж тайлбарласан бөгөөд хуулийн холбогдох зохицуулалтын дагуу зохигчийн хооронд мөн хуулийн 153 дугаар зүйлийн 153.2-т заасан барьцааны эрх үүссэн гэж үзнэ.
Тодруулбал, нэхэмжлэгч А.Ц нь ПК ББСБ ХХК-2021.04.09-ний өдөр ЗГ21/04/21 тоот зээлийн гэрээ байгуулан 95,000,000 төгрөгийн зээл авч үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 00000000, 111111111 дугааруудын эзэмших эрхийг шилжүүлсэн байх ба уг зээлийг бүрэн төлж дуусгасны дараа В ХХК-тай 2021.10.11-ний өдөр ЗГ21/662 дугаартай зээлийн гэрээ байгуулж 130,000,000 төгрөгийг сарын 2.1 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай зээлж авсан байх бөгөөд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 00000000, 111111111 дугааруудын эзэмших эрхийг тус 2021.10.11-ний өдөр ПК ББСБ ХХК-иас хариуцагч В ХХК-ийн нэр дээр шилжүүлж өгсөн болох нь зохигчийн тайлбар, М ХХК-ийн 2021.10.11-ний өдрийн баримтын №2110114346820 дугаар бүхий гэрээ шилжүүлсэн тухай баримт авагдсан. /1 хх-ийн 96, 97, 98 х/
Мөн нэхэмжлэгч А.Ц 00000000 дугаарыг 2013.11.03-ны өдрийн 20024540, Ш.Э 111111111 дугаарыг 2008.12.22-ны өдрийн 20068152 тоот Үүрэн телефоны дараа төлбөрт үйлчилгээний гэрээ-г М ХХК-тай тус тус байгуулан эзэмшиж байсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, ПК ББСБ ХХК-ийн 2023.12.12-ны өдрийн ПК23/376 тоот албан бичиг, М ХХК-ийн 2023.12.22-ны өдрийн 4/9984 тоот албан бичгийн хавсралтаар тус тус тогтоогдож байна. /1 хх-ийн 51, 52-103 х/
А.Ц болон хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Г нар нь В ХХК-тай 2021.12.13-ны өдөр байгуулсан ЗГ21/720 дугаартай зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөний улмаас талууд харилцан тохиролцож, 2023.03.09-ний өдөр зээлийн гэрээг цуцалж, хүүг зогсоон зээлийн гэрээний үүрэг болох 170,420,546.97 төгрөгийг 2023.05.01-ний өдрөөс 2024.03.01-ний өдрийг хүртэл 11 сарын хугацаанд сар бүрийн 01-ний өдөр 5,000,000 төгрөгөөр, 2024.04.01-ний өдөр 115,420,546.97 төгрөгөөр тус тус төлөхөөр эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр эвлэрийн гэрээ байгуулсныг Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.04.10-ны өдрийн 104/ШЗ2023/00781 дугаартай Эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан эвлэрийн гэрээг баталгаажуулах тухай шүүгчийн захирамжаар баталгаажуулжээ. /1 хх-ийн 33-35 х/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь дээрх захирамжийн дагуу 20,000,000 төгрөгийг төлсөн үүнээс өөр төлөлт хийгээгүйн улмаас барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахаар В ХХК нь 2023.09.14-ний өдөр маргаан бүхий дугааруудыг бусдад худалдан борлуулж, зээлийн үлдэгдэл төлбөр болох 147,500,000 төгрөгийг хаасан гэж тайлбарлаж байгааг буруутгах үндэслэлгүй.
Өөрөөр хэлбэл Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 47, 53 дугаар зүйлүүдэд зааснаар үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангах үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаалагчид барьцааны эрхээ хэрэгжүүлэх эрх үүсэх ба барьцаалагч өөрөө, эсхүл төлөөлөгчөөр дамжуулан барьцааны зүйлийг худалдан борлуулж, барьцааны шаардлагыг хангахаар зохицуулжээ.
Үүнээс үзэхэд хариуцагч хуулийн этгээдийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Р.Б /1 хх-ийн 23 х/ нь барьцааны зүйл болох 00000000, 111111111 дугааруудыг эзэмших эрхийг П ХХК-д гэрээгээр шилжүүлж 147,500,000 төгрөгийг В ХХК-ийн эзэмшлийн Хаан банкны 5176046889 тоот дансанд шилжүүлэн нэхэмжлэгчийн зээлийн болон эвлэрлийн гэрээгээр хүлээсэн үүргийг дуусгавар болгосон байна. /1 хх-ийн 98, 99, 100,102, 2 хх-ийн 32 х/
Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар барьцааны эрх хэрэгжүүлэх үндэслэл бүрдсэн бол барьцаалагч нь барьцаалуулагч болон үүрэг гүйцэтгэгчид бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэл өгөх бөгөөд мэдэгдэлд барьцааны гэрээний талаарх мэдээлэл, барьцааны эрх хэрэгжих нөхцөл бүрдсэн болон барьцааны эрхээ хэрэгжүүлж эхлэх тухай мэдэгдэл, барьцаалуулагчаас барьцааны шаардлагыг хангах талаар авч болох арга хэмжээ, уг арга хэмжээг авах эцсийн боломжит хугацаа зэргийг тусгах, барьцааны шаардлагаа хэрэгжүүлэх мэдэгдэлд өөрөөр заагаагүй бол барьцаалуулагчийн барьцааны шаардлагыг хангах эцсийн боломжит хугацаа нь барьцааны эрх хэрэгжүүлэх мэдэгдлийг барьцаалуулагчид хүргүүлснээс хойш 14 хоног байхаар тус тус зохицуулсан.
Хариуцагч дээрх зохицуулалтын дагуу нэхэмжлэгч нарт барьцааны зүйл болох 00000000, 111111111 дугааруудыг эзэмших эрхийг худалдан борлуулахаар мэдэгдсэн гэж тайлбарласан боловч энэ нь хэрэгт авагдсан баримтаар хариуцагч В ХХК нь нэхэмжлэгч нарт барьцааны зүйлтэй холбоотойгоор хуульд заасан журмын дагуу мэдэгдэл хүргүүлэх, барьцааны шаардлагыг хангах боломжит хугацаа олгосон болох нь тогтоогдохгүй байна.
Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.1, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д зааснаар барьцааны зүйлийг худалдан борлуулснаас олсон орлогыг хуульд заасан дарааллын дагуу хангаж, үлдэгдлийг нь барьцаалуулагчид олгох үүрэгтэй.
Нэхэмжлэгч нар нь барьцааны зүйл болох дугааруудад бусад этгээдэд шилжсэний улмаас эзэмшилдээ шилжүүлэх боломжгүй болсон нь тогтоогдсон учир 00000000 дугаарыг 90,046,000 төгрөг, 111111111 дугаарыг 90,002,851 төгрөг буюу нийт 180,048,851 төгрөгөөр үнэлж хариуцагчаас гаргуулахаар шаардаж байгааг буруутгах үндэслэлгүй байна.
Гэвч нэхэмжлэгч нь өнөөдрийг хүртэл хугацаанд зээлийн гэрээ болон Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.04.10-ны өдрийн 104/ШЗ2023/00781 дугаартай Эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан эвлэрийн гэрээг баталгаажуулах тухай шүүгчийн захирамжаар хүлээсэн зээлийн гэрээний үүрэг болох 170,420,546.97 төгрөгөөс үлдэгдэл төлбөр 145,428,000 төгрөгийг төлөөгүйн улмаас хариуцагч нь маргаан бүхий дугааруудыг 147,500,000 төгрөгөөр бусад худалдан борлуулж, барьцаагаар хангадах үүргийг дуусгавар болгосон байх тул хариуцагчаас маргаан бүхий дугааруудын үнийн зөрүүг гаргуулах үндэстэй гэж үзлээ.
Иймээс нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч В ХХК-иас 34,620,851 төгрөг /180,048,851-145,428,000/-ийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 145,428,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч нар нь шүүх хуралдааны явцад хариуцагч П ХХК-д холбогдох шаардлагаасаа татгалзаж, хариуцагчаас чөлөөлсөн болохыг дурдах нь зүйтэй.
Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,062,500 төгрөг /2023.11.03-нд төлсөн 1,057,950, 2024.05.09-нд төлсөн 4,550/-ийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч В ХХК-иас 34,620,851 төгрөгт ногдох 331,054 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.1, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д заасныг баримтлан хариуцагч В ХХК-иас 34,620,851 /гучин дөрвөн сая зургаан зуун хорин мянга найман зуун тавин нэг/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 145,428,000 /нэг зуун дөчин таван сая дөрвөн зуун хорин найман мянга/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч нар нь хариуцагч П ХХК-д холбогдох шаардлагаасаа татгалзсан болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,062,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч В ХХК-иас 331,054 төгрөг /гурван зуун гучин нэгэн сая тавин дөрөв/-ийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгоолгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШШҮГЧ Х.ДАШДЭЧМАА