| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Отгон Аззаяа |
| Хэргийн индекс | 182/2024/03311/И |
| Дугаар | 182/ШШ2024/04264 |
| Огноо | 2024-10-21 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 182/ШШ2024/04264
| 2024 оны 10 сарын 21 өдөр | Дугаар 182/ШШ2024/04264 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Х байрлах Х ХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ч тоотод бүртгэлтэй боловч Ч тоотод оршин суух, Б овогт Ц Э /РД:/-т холбогдох,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Ч тоот хаягт байрлах, Г ХХК /РД:/,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 26,975,161 төгрөг, нотариатын зардалд 19,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц,
Хариуцагч Ц.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Х ХК нь Ц.Э холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 26,975,161 төгрөг, нотариатын зардалд 19,000 төгрөг, нийт 26,994,161 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Зээлдэгч Ц.Э нь хтай 2020 оны 07 сарын 27-ны өдөр №ЗГ202045364026 тоот зээлийн гэрээ болон №БГХ202045364026 тоот барьцааны гэрээнүүдийг байгуулж, 24,000,000 төгрөгийг, жилийн 24%-ийн хүүтэй, 36 сарын хугацаатай, бизнесийн зээлд зориулан авсан. Зээлийн барьцаанд бараа материал, гэрийн эд хогшил болон ZVW301210692 сериал дугаартай, улсын бүртгэлийн дугаартай, Тоёота приус маркийн авто машиныг гэрээний үүрэг бүрэн биелэгдэж дуусах хүртэлх хугацаанд барьцаалуулсан. Зээлдэгч нь зээлээ төлж байгаад 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Ковид-19 цар тахалтай холбоотойгоор зээлийн гэрээний нөхцөлийг өөрчлөх хүсэлт ирүүлсний дагуу банк 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, зээлийн гэрээний хугацааг 42 сар болгож өөрчилсөн. Зээлдэгч нь 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 8,358,808.18 төгрөг, зээлийн хүүд 8,559,027.30 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 9,492.11 төгрөг, нийт 16,927,328 төгрөг төлсөн ба зээлийн эргэн төлөлтийн хуваарийг хэтрүүлэн зээлээ төлж дуусгаагүй, зээлдүүлэгчийн зүгээс зээлээ төлөхийг удаа дараа шаардаж утсаар холбогдож байсан боловч төлөгдсөнгүй.
Нэхэмжлэл гаргаснаас хойш 6 сарын хугацаа өнгөрсөн учир дотоод журмынхаа хүрээнд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Хүүгийн төлөлтөд 6,997,853 төгрөг нэхэмжилснийг 2,931,116 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 9,928,969 төгрөг болгож, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 818,777 төгрөг нэхэмжилснийг 586,223 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 1,405000 төгрөг болж, нийт нэхэмжлэлийн шаардлагыг 3,517,339 төгрөгөөр нэмэгдүүлсэн.
Иймд үндсэн зээлийн төлбөрт 15,641,192 төгрөг, хүүгийн төлбөрт 9,928,969 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,405,000 төгрөг, нотариатын зардал 19,000 төгрөг нийт 26,994,161 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилж байна гэв.
2. Хариуцагч Ц.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
2.1. Анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Өдөрт 10,000 төгрөг, сард 300,000-500,000 төгрөгийн хооронд төлөх хүсэлтэй байна. Нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Төлбөрийн чадамжгүй болохоор төлөхөд хэцүү байна. Барьцааны машиныг манай охины нөхөр охиноос салаад аваад явсан, зарсан гэсэн. Нотариатын зардлыг төлнө гэв.
3. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:
3.1. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 3-4/,
3.2. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 5/
3.3. Итгэмжлэл /хх 6-8/,
3.4. 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн ЗГ/202045364026 дугаар Зээлийн гэрээний хуулбар /хх 9-11/,
3.5. 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн БГХ202045364026 дугаар Барьцааны гэрээний хуулбар /хх 12-13/,
3.6. 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 202045364026-01 дугаар Зээлийн гэрээнд нэмэлт оруулах гэрээний хуулбар /хх 14-16/,
3.7. Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх 17/
3.8. Зээлийн өргөдөл, зээлдэгчийн анкет /хх 18-19/
3.9. Зээлийн бүртгэлийн карт /хх 20-24/,
3.10. Зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга /хх 25-27, 85-87/.
4. Хариуцагчаас шүүхэд нотлох баримтаар хариу тайлбар гаргасан болно.
5. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г ХХК-иас хариу тайлбар гаргаагүй бөгөөд дараах баримтыг шүүхэд гаргасан. Үүнд:
5.1. Итгэмжлэл /хх 70/
5.2. Зээлийн бүртгэлийн карт /хх 81-84/.
6. Нэхэмжлэгчийн хүсэлтээр Авто тээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсээс ZVW301210692 арлын дугаартай, улсын дугаартай, Toyota prius маркийн авто машины өмчлөгчийн дэлгэрэнгүй лавлагааг гаргуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр Г ХХК-ийг оролцуулсан. /хх 57-59/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Х ХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 26,975,161 төгрөг, нотариатын зардалд 19,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч Х ХК нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Х ХК нь хариуцагч Ц.Этэй 2020.05.27-ны өдөр ЗГ/202045364026 дугаар Зээлийн гэрээ байгуулж, 24,000,000 төгрөгийн бизнесийн зориулалттай зээлийг жилийн 24 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн. Уг гэрээний үүргээ нэхэмжлэгч биелүүлсэн ба хариуцагч нь гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. Иймд зээлийн гэрээний дагуу 2024.09.16-ны өдрийг хүртэлх хугацааны хүү, нэмэгдүүлэн хүү болон үндсэн үүргийг шаардаж байна. Мөн Ц.Э, Ч.Э нартай 2020.05.27-ны өдөр байгуулсан БГХ202045364026 дугаар барьцааны гэрээ гэрээний дагуу хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлүүлнэ гэж тодорхойлсон.
3. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Анх шүүхэд гаргасан 23,457,822 төгрөгийг хүлээн зөвшөөрч маргахгүй. Санхүүгийн боломжгүй учир нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Барьцаа хөрөнгийг бусдад зарсан гэнэ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1. Нэхэмжлэгч Х ХК хариуцагч Ц.Э нарын хооронд 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн ЗГ202045364026 дугаар Зээлийн гэрээний гэрээ байгуулагдаж, банк нь 24,000,000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай олгох, зээл, хүүгийн төлбөрийг зээл буцаан төлөх хуваарьт заасны дагуу эргүүлэн төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү тооцохоор тохиролцсон, гэрээний дагуу 24,000,000 төгрөгийг зээлдэгч Ц.Э хүлээн авсан, 36 сарын хугацаанд үндсэн зээл болон зээлийн хүүг хэрхэн төлөх талаарх зээлийн эргэн төлөлтийн хуваарийг гэрээний хавсралтаар харилцан тохиролцсон байна. /хх 9-11/
4.2. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж,
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т Зээлдүүлэгч нь зээлийн зориулалт, зээлийн хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно гэж тус тус заажээ.
Иймд, нэхэмжлэгч Х ХК болон хариуцагч Ц.Э нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ байгуулагдсан, мөн гэрээгээр хүү тохиролцсон нь мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт заасантай нийцсэн, гэрээ хүчин төгөлдөр байна.
4.3. Хариуцагч Ц.Э нь зээлийн гэрээний үндсэн үүрэгт 8,358,808 төгрөг, зээлийн хүүнд 8,559,027 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 9,492 төгрөг, нийт 16,927,328 төгрөгийг төлсөн нь зээлийн бүртгэлийн картанд тутгагдсан байна. /хх81-84/
Хариуцагчаас зээл авсан үйл баримт болон 16,927,328 төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгдсэнийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд гаргаж байх тул эдгээр үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт заасны дагуу тогтоогдсон гэж үзнэ.
4.4. Харин хариуцагч нь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хэмжээнд маргаж төлөх боломжгүй гэх тайлбарыг гаргасан.
Нэхэмжлэгчээс 2020.12.21-ний өдрийн 202045364026-1 дугаар Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг байгуулж, зээлийн гэрээний хугацааг 42 сар болгон өөрчилсөн гэж тайлбарласан боловч тус гэрээнд хариуцагч Ц.Э гарын үсэг зураагүй, мөн шүүх хуралдаанд гэрээний нэмэлт өөрчлөлтийн талаар мэдэхгүй гэх тайлбарыг гаргасан.
Иймд шүүх 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн ЗГ202045364026 дугаар Зээлийн гэрээнд өөрчлөлт ороогүй байна гэж дүгнэв.
Зээлийн бүртгэлийн карт, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулгаар зээлдэгч Ц.Э нь 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш хугацаанд зээлийг огт төлөөгүй байх ба зээлийн гэрээний хугацаа 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөр дуусгавар болсон байна. /хх 20-27/
Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, мөн 207 дугаар зүйлийн 207.1.3-т мөнгөн төлбөрийн үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн оршин суугаа /оршин байгаа/ газар, харин үүрэг гүйцэтгүүлэгч дээрх газраа өөрчилсөн тухай үүрэг гүйцэтгэгчид мэдэгдсэн бол түүний шинээр оршин суугаа /оршин байгаа/ газар гүйцэтгэнэ гэж, 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заасан.
Өөрөөр хэлбэл зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн хариуцагч нь мөнгө буцаан төлөх үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн оршин суугаа газар, гэрээнд заасан хугацаанд заавал гүйцэтгэх ёстой бөгөөд тийнхүү биелүүлээгүй тохиолдолд түүнийг үүргээ зөрчсөнд тооцож, үүний улмаас зээлдүүлэгч буюу нэхэмжлэгчид учирсан хохирлыг төлөх үүрэг хүлээнэ.
Түүнчлэн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заажээ.
Дээрх хуулийн зохицуулалт нь зээлийн гэрээний үүргийг хугацаандаа биелүүлээгүй бол зээлийг бүрэн төлж дуусах хүртэл хугацаанд хэтэрсэн хугацааны зээлийн хүүг төлнө, энэхүү хүү нь гэрээгээр тохирсон үндсэн зээлийн хүүнээс хэтрэхгүй байхаар талууд тохиролцож болно гэсэн агуулгатай байна.
Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан тул зээлдүүлэгч нь зээлийн гэрээний хугацаа дууссан ч зээлдэгчээс зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй. Зээлдэгч нь гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд хэтэрсэн хугацааны хүү төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй юм.
Хариуцагчийн амьдралын боломжгүй гэх татгалзал нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзах чөлөөлөх үндэслэл болохгүй.
Мөн нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 19,000 төгрөгийн нотариатын зардал гаргасан гэж шаардсаныг хариуцагч зөвшөөрсөн тайлбар гаргасан, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан учир хариуцагчаас нотариатын зардал 19,000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй.
Иймд, шүүх дээр дурдсаныг үндэслэн хариуцагч Ц.Эс зээлийн гэрээний үндсэн төлбөрт 15,641,192 төгрөг, зээлийн хүү 9,928,969 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1,405,000 төгрөг, нотариатын зардал 19,000 төгрөг, нийт 26,994,161 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х ХК-д олгож шийдвэрлэлээ.
5. Х ХК болон Ц.Э, Ч.Э нарын хооронд 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн БГХ202045364026 дугаар Барьцааны гэрээ байгуулагдаж тус гэрээгээр 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн ЗГ202045364026 дугаар Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалуулагч Ч.Э н өмчлөлд бүртгэлтэй аралын ZVW301210692 дугаартай, улсын дугаартай, тоёота приус маркийн тээврийн хэрэгслийг барьцаалсан байна. /хх 12-13/
Хариуцагч Ц.Э нь барьцааны гэрээний барьцаалуулагч тал болон гэрээ байгуулсан байх хэдий ч барьцааны зүйл нь барьцуулуулагч Ч.Эн өмч байх тул Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг барьцаалуулагч болох Ч.Эт гаргах учиртай.
Нэхэмжлэгч нь хариуцагчаар Ч.Эг тодорхойлоогүй тул уг барьцааны гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хариуцагч Ц.Эс шаардах эрхгүй байна.
Түүнчлэн Авто тээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн дэлгэрэнгүй лавлагаагаар ZVW301210692 арлын дугаартай, Toyota prius маркийн автомашин нь 2022.06.22-ны өдөр барьцаалуулагч Ч.Эн өмчлөлийн бүртгэлээс хасагдаж, 8 удаагийн шилжилт хөдөлгөөн хийгдэж одоогоор Г ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5 дахь хэсэгт Шүүх бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдэд холбогдох асуудлыг үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлэхгүй гэж заажээ.
Өөрөөр хэлбэл, үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр худалдан борлуулах шаардлага гаргасан тохиолдолд эд хөрөнгийн өмчлөгчийн хувьд гуравдагч этгээдээр оролцсон байгаа байдал нь уг шаардлагатай холбогдуулан мэтгэлцэх, барьцааны зүйлийн өмчлөгч буюу барьцаалагчийн хувьд хуулиар олгогдсон эрхээ эдлэх боломжийг гуравдагч этгээдэд олгогдоогүй байна.
Иймд барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэгч нь барьцаалуулагч Ч.Э холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргахад тус шийдвэр саад болохгүйг дурдав.
6. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 416,666.53 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Эс улсын тэмдэгтийн хураамжид 292,921 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгон хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дах хэсэгт заасныг удирлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Ц.Эс 26,994,161 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х ХК-д олгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.Э холбогдох аралын ZVW301210692 дугаартай, улсын дугаартай, тоёота приус маркийн автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгч Х ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Х ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид 416,666.53 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Э улсын тэмдэгтийн хураамжид 292,921 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х ХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.АЗЗАЯА