Шүүх | Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагважаргалын Тунгалаг |
Хэргийн индекс | 118/2024/0039/З |
Дугаар | 118/ШШ2024/0035 |
Огноо | 2024-06-27 |
Маргааны төрөл | Бусад, |
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 118/ШШ2024/0035
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Тунгалаг би тус аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч О.*******ы 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг өөрчлүүлэх шаардлага бүхий прокурорын дүгнэлттэй хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад ТОДОРХОЙЛОХ нь:
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Н.******* шүүхэд гаргасан дүгнэлтдээ: ... “дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлээгүйгээс үйлдвэрийн хаяг, шошгогүй бүтээгдэхүүн худалдсан” гэх зөрчилд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, ******* ХХК-д 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар 1 000 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсугай гэж шийдвэрлэсэн шийдвэрийг хянаад ОЛСОН нь: Материалд цугларсан эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай ......... ХХК нь... дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлээгүйгээс үйлдвэр хаяг шошгогүй бүтээгдэхүүн худалдсан..." гэх тэмдэглэл, 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 81090040-60 дугаартай шалгалтын тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, холбогдогч ******* ХХК-ийн захирал Д.*******ийн "... Би 2023 оны 11 сарын 29-нд хот руу ажил гараад явсан. Явахдаа үйлдвэрийн ажиллагааг үйлдвэрийн ажилтан Д.*******т хүлээлгэн өгсөн. Д.******* нь манайд удаан жил ажилласан найдвартай ажилтан. Би үйлдвэрийн үйл ажиллагааны талаар асуухад 2024 оны 01 сарын 15-аас тавгийн идээний еэвэн захилга авч байсан. Тэгээд зөвхөн еэвэн үйлдвэрлэсэн байсан... Манай компани цехээсээ шууд түгээсэн байсан нэг ёсондоо хүмүүсээс захиалга аваад захиалгаараа өгөөд байсан гэсэн. Гадуур дэлгүүрт тавьж худалдаалаагүй. Шошго дээр хяналт тавиад гаргах асуудлыг дотоод хяналтын ажилтанд журмаараа үүрэг болгосон байгаа. Тэр ажилтны үүрэг. Энэ асуудал бол манай дотоод хяналт сул ажилласан байна. Ажил, үүргийг нь би танилцуулаад тушаалаар томилсон байгаа..." гэх мэдүүлэг, гэрч Д.*******ын "...Цагаан сарын баяраар хүмүүс идээгээ засах гээд захиалга өгсөн хүмүүст цехээсээ шошгогүй гаргаж байсан. Зарим еэвэн шошгогүй зарим нь шошготой худалдаанд гарсан. Би ачаалал их тэр болгон хяналт тавьж чадаагүй... Эрдэнэт рүү нэг хүн өөрсдөө хэрэглэх гэж байгаа юм гээд авсан. Тэгсэн битүүний өмнөхөн хэрэглэхээ больсон гээд буцаасан. Тодруулаад асуухад зарж байсан юм байна лээ. Битүүний өдөр 260 ширхэг буцаж ирсэн. Ажилчид хувааж аваад тарцгаасан. Өөр хүмүүсээс бол гомдол мэдээлэл ирээгүй..." гэх мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар эрх бүхий албан тушаалтан О.******* нь зөрчлийн 01-ХХААГ дугаартай гомдол мэдээлэлд Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шийтгэл оногдуулахдаа хуульд байхгүй торгох шийтгэлээр шийтгэл оногдуулжээ. Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т "дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлээгүй бол "хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж заасан байтал эрх бүхий албан тушаалтан нь шийтгэлийн хуудасны шийдвэрлэх хэсгийн 1-д "...торгуулийн..." гэх хуульд байхгүй шийтгэл оногдуулж бичсэнийг "нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох" гэж өөрчлөлт оруулах үндэслэл тогтоогдож байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Хүнс, хөдөө аж ахуйн газрын хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч О.*******ы 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн №******* дугаар шийтгэл оногдуулах тухай шийдвэрийг өөрчлүүлэхээр прокурорын дүгнэлт бичив гэжээ.
Хариуцагч Хүнс, хөдөө аж ахуйн газрын хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч О.******* шүүхэд гаргасан тайлбартаа: ...Прокурорын дүгнэлттэй танилцаж гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Завхан аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч О.******* нь Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2-д заасныг үндэслэн “... дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлээгүй ...” гэх зөрчлийг үйлдсэн хэмээн үзэж, 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсаар зөрчилд холбогдогч ******* ХХК-д торгох шийтгэл оногдуулсан байна.
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Н.******* нь дээрх 2024 оны 0******* дугаар шийтгэлийн хуудсыг өөрчлүүлэх шаардлага бүхий дүгнэлтийг шүүхэд гаргасан бөгөөд дүгнэлтийнхээ үндэслэлийг “...эрх бүхий албан тушаалтан болох хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч нь Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т "дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж заасан байтал эрх бүхий албан тушаалтан нь шийтгэлийн хуудасны шийдвэрлэх хэсгийн 1-д шийтгэлийг тодорхой тусгалгүйгээр “...торгуулийн..." хэмээн бичсэнийг "нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох" гэж өөрчлөлт оруулах...” хэмээн тодорхойлжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч О.******* нь дээрх прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, шийтгэлийн хуудсыг өөрчлөхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт “хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан байна.
Зөрчилд холбогдогч ******* ХХК нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан "дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлээгүй..." гэх зөрчлийг үйлдсэн болох нь зөрчлийн хэргийн материалд авагдсан баримтуудаар тогтоогдсон бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 төгрөгөөр торгох шийтгэлийг хүлээж, уг торгуулийг Төрийн сангийн зохих дансанд төлж барагдуулсан тул байх тул прокурорын дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн хариуцагч хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч О.*******ы зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111-р зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Завхан аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч О.******* нь 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг өөрчлүүлэх тухай Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Н.*******ийн дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Прокурор нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталсан шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлдэг болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Л.ТУНГАЛАГ