| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Отгон Аззаяа |
| Хэргийн индекс | 182/2024/04681/И |
| Дугаар | 182/ШШ2024/04375 |
| Огноо | 2024-10-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 182/ШШ2024/04375
| 2024 оны 10 сарын 25 өдөр | Дугаар 182/ШШ2024/04375 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Ч тоотод оршин суух, П Ц /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ч тоотод оршин суух, Х Э /РД:/,
Хариуцагч: Ч тоотод оршин суух, Мн Б /РД:/,
Хариуцагч: Ч тоотод оршин суух, Хн Э /РД:/ нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 28,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө, түүний өмгөөлөгч Х.Н,
Хариуцагч Х.Э,
Хариуцагч Х.Э, М.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц нар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч П.Ц нь хариуцагч Х.Э, Х.Э, М.Б нарт холбогдуулан 28,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.2. Хариуцагч Х.Э зээлийн гэрээ байгуулсан учир Х.Эс бүхэлд нь гаргуулахаар шаардаж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад М.Б, Х.Э нар нь төлбөр төлөхөд дансаар төлсөн үйл баримт байгаа. Гэвч гэрээний харилцаанд оролцсон үйл баримт байхгүй бөгөөд Х.Э гэрээ байгуулсан нь тодорхой болж байгаа тул Х.Э, М.Б нараас татгалзаж байна. Үүнийгээ шүүх хуралдааны тэмдэглэлд тусгуулж, татгалзлаа бичгээр өгье.
1.3. Хариуцагчийн тайлбарт дурдагдаад байгаа 1,000,000 төгрөгийн үнэтэй куртик, ноолууран малгай өгсөн гэдгийг нэхэмжлэгчээс асуухад авсан үнэн. Гэхдээ 650,000 төгрөгт бодож авч байсан юм. 1,000,000 төгрөгөөр нь тооцоё гэж тайлбарласан. Махаар төлөлт хийсэн гэдгийг нэхэмжлэгчээс асуухад нэг, хоёр удаа мах өгч авалцсан, гэхдээ энэ зээлд хамаагүй гэж тайлбарласан. Тиймээс энэ төлөлтүүдийг хүлээн зөвшөөрөхгүй. Үзлэг хийсэн тэмдэглэлтэй танилцсан. Тухайн өдөр лангуун дээр суусан хүний бичиглэл, хүлээлгэж өгсөн гарын үсэггүй, нотолгооны чадамжгүй баримтаар мөнгө өгсөн, авсан гэж ярих нь хууль зүйн хувьд үндэслэлгүй гэж үзэж байна гэв.
2. Хариуцагч М.Б, Х.Э нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
2.1. Анх Ц болон Э нар нь дараах нөхцөлтэйгээр зээлийн гэрээ байгуулсан. Үүнд 20 сая төгрөгийг 6 сарын хугацаатай 2022.02.23-2022.08.23 хооронд, сарын 5 хувийн хүүтэй зээлсэн. 5033527272 тоот Н Д дансанд буцаан төлөх нөхцөлтэйгээр байгуулсан. Э, Б, Э нар нь нийт 15,489,000 төгрөгийг дараах хэлбэрээр Н Д болон П Цд тус тус төлсөн.
Үүнд дансаар нийт 11,400,000 төгрөг. Х.Э, М.Б нарын тоот данснаас 2022.03.28-ны өдөр 400,000 төгрөгийг Н Д тоот данс руу, Х.Э тоот данснаас 2022.04.28-ны өдөр 400,000 төгрөгийг П Цийн тоот данс руу, М.Б тоот данснаас 2022.04.28-ны өдөр 600,000 төгрөгийг Н Д тоот данс руу, 2022.06.29-ний өдөр 600,000 төгрөгийг П Ц тоот данс руу, Б.А тоот данснаас 2022.10.6-ны өдөр 400,000 төгрөгийг П Ц тоот данс руу, Х.Э тоот данснаас 2023.03.27-ны өдөр 5,000,000 төгрөгийг П Ц тоот данс руу, Х.Э тоот данснаас 2023.05.27-ны өдөр 3,000,000 төгрөгийг П Ц тоот данс руу, Б.Б, Х.Э тоот данснаас 2023.12.31-ний өдөр 1,000,000 төгрөгийг П Ц тоот данс руу тус тус шилжүүлсэн. Махаар нийт 1,689,000 төгрөг төлсөн. Үүнд 2024.01.11-ний өдөр 290,700 төгрөг, 2024.01.27-ны өдөр 180,000 төгрөг, 2024.02.6-ны өдөр 80,000 төгрөг, 2024.02.27-ны өдөр 70,700 төгрөг, 2024.03.03-ны өдөр 27,000 төгрг, 2024.03.15-ны өдөр 252,700 төгрөг, 2024.03.29-ний өдөр 188,100 төгрөг, 2024.04.08-ны өдөр 383,800 төгрөг. Бэлэн мөнгөгөөр 2023.12.14-ний өдөр 250,000 төгрөг, 2023.12.03-ны өдөр 250,000 төгрөг, 2023.12.6-ны өдөр 250,000 төгрөг, 2023.12.23-ны өдөр 250,000 төгрөг, 2023.12.25-ны өдөр 200,000 төгрөг, 2023.12.29-ний өдөр 200,000 төгрөг, нийт 1,400,000 төгрөг төлсөн. Бэлэн бараагаар 2 ширхэг Куртка, ноолууран малгай ороолтоор 1,000,000 төгрөг төлсөн.
2.2. Нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж, 23,600,000 төгрөгийг Х.Э гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, хариуцагч Х.Э, М.Б нараас татгалзаж байна гэж ойлгоод Х.Э зүгээс хариу тайлбар гаргая. 23,600,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй. Х.Э хувьд 4,515,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. 2022 оны 02 сард гэрээ байгуулж, Х.Э дансанд 20,000,000 төгрөг 2 хуваагдаж орсон байдаг. Бэлэн мөнгө болон мах хэлбэрээр төлж барагдуулсан үнийн дүнг үзлэгээр баталгаажуулсан. Хавтаст хэрэгт авагдсан 20,000,000 төгрөгийн зээлийн гэрээ нь дүр үзүүлсэн гэрээ бөгөөд ИХ-ийн 56.1.2, 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл учраас төлөх үнийн дүн дээр тооцоолол хийхээр 20,000,000 төгрөгөөс баримтаар нотлогдсон 15,489,000 төгрөгийг хасахаар 4,515,000 төгрөг гарч байгаа. Үүнийг төлөхийг зөвшөөрч байгаа. Хавтаст хэргийн 8 дугаар талд авагдсан М.Б бичгээр гаргаж өгсөн тайлбар, Х.Э шүүхэд гаргаж өгсөн тайлбар байгаа. Мөн нэхэмжлэгчийн хамгийн анхны шүүхэд гаргаж өгсөн нэхэмжлэлд энэ гурван этгээдэд зээлсэн гэсэн үндэслэлээр тухайн зээлийн гэрээ нь гэрээ байгуулах ёстой этгээдтэйгээ хийгдээгүй учир ИХ-ийн 56.1.2, 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байгаа гэв.
3. Хариуцагч Х.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Би Хүчит шонхор хүнсний захын махны 26-р лангууг түрээсэлж ажилладаг. Иргэн Ц нь 27-р лангууг зэрэгцэн түрээсэлж ажилладаг. Миний дүү Х.Э, түүний нөхөр М.Б нар нь иргэн П.Цс мөнгө зээлсэн ба зээлсэн мөнгөө хариуцан төлж барагдуулах гэрээ хийгдсэн байгаа. Миний хувьд би иргэн П.Ц ямар нэгэн мөнгөний төлбөр өр тооцооны асуудал байхгүй. Энэ тухай иргэн П.Ц өөрөө нотолно. Тиймээс миний нэрийг банкны данс хаах үйл явцаас чөлөөлж, асуудлыг дахин тодруулж өгөхийг хүсч байна гэжээ.
4. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:
4.1. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 3/
4.2. 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 0105 дугаар Зээлийн гэрээ /хх 6-7/
4.3. М.Бн 2023.06.10-ны өдрийн хүсэлт гаргаж харилцсан тохиролцсон гэх баримт /хх 8/
4.4. П.Цн хаан банкны дансны хуулга /хх 9-10/
4.5. Итгэмжлэл /хх 11/.
5. Хариуцагч нараас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:
5.1. Итгэмжлэл /хх 13/
5.2. Хариу тайлбар /хх 28, 30, 58-59/
5.3. Х.Э, Б.А, М.Б, Х.Э, Х.Э нарын Хаан банкны дансны хуулга /хх 45-51/.
6. Хариуцагч нарын хүсэлтээр Б.А гэрчээр оролцуулж, мэдүүлэг авсан, хариуцагч Х.Э, гэрч Б.А нарын тооцооны хар дэвтэр гэх дэвтэрт үзлэг хийж, тэмдэглэлээр бэхжүүлсэн. /хх 73-75, 96-131/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч П.Ц нь хариуцагч Х.Э, Х.Э, М.Б нарт холбогдуулан 28,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.
Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч М.Б, Х.Э нараас татгалзаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т Нэхэмжлэгч нэхэмжлэлээ хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр татан авч болно гэж, 106.5-д Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна гэж тус тус зохицуулсан.
Иймд нэхэмжлэгч П.Ц хариуцагч Х.Э, М.Б нараас татгалзсаныг баталж Х.Э, М.Б нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 6,400,000 төгрөгөөр багасгаж, хариуцагч Х.Э 23,600,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна.
Шүүх нэхэмжлэгч П.Цн нэхэмжлэлийн шаардлагаас 20,400,000 төгрөгийг хангаж, үлдэх 3,200,000 төгрөгийг хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч П.Ц нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. П.Ц Х.Э нарын хооронд 2022.02.23-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, Х.Э 20,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлүүлсэн. Мөн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн 0.5 хувиар алданги тооцохоор тохиролцсон. П.Ц нь 20,000,000 төгрөгийг Х.Э шилжүүлсэн өгсөн бөгөөд хариуцагч Х.Э нь зээлийн гэрээнд заасан зээл буцаан төлөх үүргээ биелүүлээгүй учир үндсэн төлбөр, алдангид 23,600,000 төгрөгийг нэхэмжлэгч нь шаардах эртэй гэж тайлбарласан.
3. Хариуцагч Х.Э итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч дараах үндэслэлээр маргасан. Үүнд: Нэхэмжлэгч П.Ц, хариуцагч Х.Э нарын байгуулсан 2022.02.23-ны өдрийн зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл. Зээлсэн гэх 20,000,000 төгрөгөөс 15,489,000 төгрөгийг төлсөн болох нь баримтаар нотлогдсон. Үлдэгдэл 4,515,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа гэж тайлбарласан.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1. Нэхэмжлэгч П.Ц нь 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хариуцагч Х.Э зээлийн гэрээ байгуулж 20,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлэхээр харилцан тохиролцсон байна /хх 6/.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заасан.
Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, П.Ц Хаан банкны дансны хуулга, зохигчдын байгуулсан зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.4-т зааснаар нэхэмжлэгч нь Х дахь өөрийн эзэмшлийн тоот данснаас 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 10,000,000 төгрөгийг, 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 10,000,000 төгрөгийг тус тус e-d zeelduulew гэх утгатайгаар хариуцагчийн тус банкин дахь тоот дансанд шилжүүлсэн байна.
Хариуцагчаас 20,000,000 төгрөгийг авсан тухай тайлбар гаргасан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж зааснаар хариуцагчийг 20,000,000 төгрөгийг хүлээн авсан гэж үзнэ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэх тайлбар үндэслэлгүй байна.
Учир нь дүр үзүүлсэн хэлцэл гэж тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг болно.
Хариуцагч Х.Э нь 20,000,000 төгрөгийг хүлээн авсан болох нь тогтоогдсон бөгөөд тус зээлийг М.Б, Х.Э нарт өгсөн, тэдгээр нь буцаан төлөхөө илэрхийлсэн гэх тайлбар нь тус хэлцлийг дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэл болохгүйн зэрэгцээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн гэх нөхцөл тогтоогдохгүй байна.
Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдаж, гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэв.
4.2. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэж, түүнчлэн 282.3-д Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж тус тус заасан.
Өөрөөр хэлбэл, зохигчид зээлийг үнэтэй буюу хариу төлбөртэй өгөхөөр харилцан тохиролцсон бол гэрээг бичгээр байгуулах ёстой бөгөөд Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж зааснаар талууд зээлийн хүүгийн талаар бичгээр тохиролцох учиртай.
Ийнхүү зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-т хариуцагч Х.Э нь сар бүр 5 хувийн хүү төлөхөөр тохиролцсон байна.
Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, мөн 207 дугаар зүйлийн 207.1.3-т мөнгөн төлбөрийн үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн оршин суугаа /оршин байгаа/ газар, харин үүрэг гүйцэтгүүлэгч дээрх газраа өөрчилсөн тухай үүрэг гүйцэтгэгчид мэдэгдсэн бол түүний шинээр оршин суугаа /оршин байгаа/ газар гүйцэтгэнэ гэж, 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заажээ.
Хариуцагч Х.Э нь сар бүрийн 23-ны өдөр хүүгийн төлбөрийг, зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээлийн төлбөрийг төлөхөөр гэрээгээр тохиролцсон байх ба үндсэн зээл 20,000,000 төгрөг, зээлийн хүүд 6,000,000 /20,000,000х5%х6/ төгрөг, нийт 26,000,000 төгрөгийг 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн дотор төлж дуусгах ёстой байтал 2022.03.28-ны өдөр 400,000 төгрөгийг, 2022.04.28-ны өдөр 400,000 төгрөгийг, 2022.04.28-ны өдөр 600,000 төгрөгийг, 2022.06.29-ний өдөр 600,000 төгрөгийг, 2022.10.06-ны өдөр 400,000 төгрөгийг 2023.03.27-ны өдөр 5,000,000 төгрөгийг, 2023.05.27-ны өдөр 3,000,000 төгрөгийг, 2023.12.31-ний өдөр 1,000,000 төгрөгийг, нийт 11,400,000 төгрөгийг төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан дансны хуулгаар нотлогдож байна.
Мөн 2 ширхэг куртика, ноолууран малгай ороолтыг 1,000,000 төгрөгт тооцон өгсөн гэж тайлбарласан бөгөөд нэхэмжлэгчээс тус тайлбар болон дээрх төлөлтийг хүлээн зөвшөөрч маргаагүй болно.
Хариуцагчаас дээрх төлөлтөөс гадна мах болон бэлэн мөнгөөр 3,089,000 төгрөгийг төлбөн гэж тайлбарласан ба нэхэмжлэгч нь эс зөвшөөрч маргасан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахын тулд шүүх үзлэг хийх байдлаар үйл баримтыг тогтоож болно.
Хариуцагч Х.Э, гэрч Б.А нарын тооцооны хар дэвтэр гэх дэвтэрт үзлэг хийсэн боловч Х.Э, Б.А нар нь нэхэмжлэгчид 1,689,000 төгрөгийн мах, 1,400,000 төгрөгийг бэлэн мөнгө хэлбэрээр өгсөн гэж шууд дүгнэж болох нөхцөл байдал тогтоогдохгүй буюу шууд холбоотой гэж үзэхэд учир дутагдалтай байна.
Тус тооцооны хар дэвтрийн тэмдэглэл нь нэг талын тэмдэглэл байх бөгөөд тус дэвтрийг үндэслэн мэдүүлсэн гэрч Б.А н мэдүүлэг өөр баримтаар давхар нотлогдохгүй байна. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэхүү тайлбарыг хүлээн авах боломжгүй.
Хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт 12,400,000 төгрөгийг төлсөн боловч үлдэгдэл 13,600,000 /26,000,000-12,400,000/ төгрөгийг төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна. Тиймээс нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн үлдэгдлийг шаардах эрхтэй.
4.3. Талуудын 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.7-д үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох алдангийг хэрэглэхээр тохирчээ.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ гэж, 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж тус тус заасан.
Нэгэнт хариуцагч буюу зээлдэгч тал зээлийг хугацаандаа төлөөгүй байх тул тэрээр гэрээнд заасан алдангийг нэхэмжлэгчид төлөх үүрэг хүлээх ба гагцхүү алдангийн хэмжээ тус хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй.
Ийнхүү хариуцагчийн төлбөл зохих 13,600,000 төгрөгөөс 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувиар алданги тооцвол гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтэрч байгаа учир алдангийн хэмжээг 6,800,000 төгрөгөөр тогтоох нь зүйтэй байна.
Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус үндэслэн хариуцагчаас 20,400,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,200,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл хангагдсан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч төлөх үүрэгтэй тул 20,400,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 259,950 төгрөгийг хариуцагч Х.Эс гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 297,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг үндэслэн хариуцагч Х.Э 20,400,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.Ц олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,200,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.5-д зааснаар нэхэмжлэгч П.Ц хариуцагч Х.Э, М.Б нараас татгалзсаныг баталж Х.Э, М.Б нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 297,500 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Х.Э 259,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Ц олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.АЗЗАЯА