Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 182/ШШ2024/04376

 

 

 

 

 

 

 

 

 

2024 10 25

182/ШШ2024/04376

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: С тоот хаягт байрлах, Т ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ч тоот хаягт оршин суух, Т овогт С Ч /РД:/-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 591,353 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.

/Хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т ХХК нь С.Ч холбогдуулан 591,353 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Иргэний хуулийн 451.1, 453.1 дэх заалтууд талуудын хооронд байгуулсан 2021 оны 12 сарын 10-ны өдрийн 211210-15868 зээлийн дугаартай 180,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулах тухай. Иргэн С.Ч нь манай Т зээлийн аппликейшн дахь үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2021 оны 12 сарын 10-ны өдрийн 211210-15868 зээлийн дугаартай 180,000 төгрөгийг онлайн зээлийн гэрээ байгуулан 8,1% хүүтэй 30 хоногийн хугацаатай зээлсэн. Зээлдэгч С.Ч нь зээлийн эргэн төлөлтийг төлөлгүй бидний тавьсан удаа дараагийн зээл төлөх талаарх шаардлагыг үл биелүүлэн зээл, зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлөлгүйгээр 690 хоног хугацаа хэтрээд зээлээ төлөөгүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. С.Ч нь 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар төлөгдөөгүй байгаа үндсэн зээлийн үлдэгдэл 180,000 төгрөг, үндсэн зээлийн хүү 321,958 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 89,395 төгрөг төлөхөөр байна. Иймд гүйцэтгээгүй үүргийн нийт дүн 591,353 төгрөгийг зээлдэгч С.Ч гаргуулж, Т ХХК-д олгон, компанийг хохиролгүй болгож өгнө үү гэв.

 

2. Хариуцагч С.Ч шүүхэд хариу тайлбар, нотлох баримт гаргаагүй болно.

 

3.Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

3.1. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 3/

3.2. Итгэмжлэл /хх 6, 25/

3.3. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 5/

3.4. Голомт банкны дансны хуулга /хх 33/.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т ХХК-ийн 591,353 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Тус хэрэгт шүүхээс 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчийг тус шүүхийн шүүгчийн 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШЗ2024/13226 дугаар албадан ирүүлж, нэхэмжлэлийн хувийг 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна. Ингээд хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр товлож, хариуцагчид тов мэдэгдсэн хэдий ч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй. Гэсэн ч шүүх талуудын мэтгэлцэх зарчмыг хангах үүднээс шүүх хуралдааныг 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хойшлуулсан.

Хурлын товыг зохигчдод мэдэгдсэн хэдий ч хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

3.1. Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч С.Ч 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 211210-15868 зээлийн дугаартай, 180,000 төгрөгийг онлайн зээлийн гэрээ байгуулан 8,1%-ийн хүүтэй, 30 хоногийн хугацаатай зээлсэн. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан гэж шаардах эрхээ тодорхойлсон.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, 451 дүгээр зүйлийн 451.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ,

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т Зээлдүүлэгч нь зээлийн зориулалт, зээлийн хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно гэж тус тус заажээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй гэх тайлбар гаргасан бөгөөд шүүхэд зээлийн гэрээг бичгээр гаргаагүй, хариуцагчид зээлийн данс нээж зээл олгосон талаарх баримтгүй буюу Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан болохыг нотлох үүргээ хэрэгжүүлээгүй. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан гэрээний харилцаа үүссэн гэж үзэхгүй.

 

3.2. Харин Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заасан.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Т ХХК-ийн Голомт банкны  тоот дансны хуулгаар нэхэмжлэгч нь 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр дахь 180,000 төгрөгийг УХ99090354 Т гэх утгаар зарлага гаргасан байна.

 

Хариуцагчийн шүүхэд гаргасан Иргэний үнэмлэхийн лавлагаанд регистрийн дугаар  гэж байх бөгөөд энэхүү регистрийн дугаар нь дээрх гүйлгээний утгатай таарч байна.

 

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй гэж, 72.3-д Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-д зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж тус тус заасан.

 

Хариуцагч С.Ч нь хуульд заасан хугацаанд хариу тайлбарыг өгөөгүй бөгөөд шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж зааснаар хариуцагчийг 180,000 төгрөгийг хүлээн авсан гэж үзэх учир талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдаж, гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэв.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэж, түүнчлэн 282.3-д Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж тус тус заасан.

 

Өөрөөр хэлбэл, зохигчид зээлийг үнэтэй буюу хариу төлбөртэй өгөхөөр харилцан тохиролцсон бол гэрээг бичгээр байгуулах ёстой бөгөөд энэ хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж зааснаар талууд зээлийн хүүгийн талаар бичгээр тохиролцох учиртай. Гэвч талууд бичгийн хэлцэл хийсэн талаарх үйл баримт тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч нь хүү шаардах эрхгүй байна.

 

Иймд, хариуцагч С.Ч 180,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү гэх 411,353 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл хангагдсан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч төлөх үүрэгтэй тул 180,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 6,050 төгрөгийг хариуцагч С.Ч с гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18,391 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг үндэслэн хариуцагч С.Чс 180,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 411,353 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18,391 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Чс 6,050 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.АЗЗАЯА