| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувсааралын Дашдэчмаа |
| Хэргийн индекс | 182/2024/03666/И |
| Дугаар | 182/ШШ2024/03764 |
| Огноо | 2024-09-12 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 182/ШШ2024/03764
2024 09 12 182/ШШ2024/03764
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ................. тоот хаягт оршин суух, Э овогт Г.Б /РД:0000000000/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: .................. тоот хаягт оршин суух, Б овогт М.М /РД:00000000000/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Б, хариуцагч М.М, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.О нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч М.М-т холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.... Миний бие 2009 онд М.М-тай танилцан, хамтран амьдарч эхэлсэн. Бидний хамтран амьдрах хугацаанд 2011.09.13-ны өдөр охин М.А төрсөн. Бид тодорхой шалтгааны улмаас гэрлэлтээ батлуулж чадаагүй ба 2014 оноос гэр бүлийн таагүй харилцаанаас болон тусдаа амьдрах болсон. Тэр үеэс охин маань миний асрамжинд өсч торниж байна. Цаашид хамтран амьдрах боломжгүй болсон...
Иймээс охин М.А-д хуульд заасны дагуу эцэг М.М-аас тэтгэлэг гаргуулж өгнө үү... гэв.
2.Хариуцагч М.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие 2009 онд Г.Б-тай танилцан хамт амьдарч эхэлсэн. 2011.09.13-ны өдөр охин М.А төрсөн. 2014 онд хоорондын харилцаа хөндийрч салах болсон. Тэтгэлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй, хуульд заасны дагуу төлнө... гэв.
3.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 2 х/,
-М.А-ийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 3 х/,
-2024.05.31-ний өдрийн 219 тоот ............. дугаар хорооны Засаг даргын оршин суугаа хаягийн болон ам бүлийн тодорхойлолт, /хх-ийн 4 х/,
-2024.05.29-ний өдрийн Хүүхдийн эрүүл өсөж бойжиж байгаа, вакцинд хамрагдсан... гэсэн тодорхойлолт /хх-ийн 5 х/,
-2024.05.30-ны өдрийн Нийслэлийн ерөнхий боловсролын ........ дугаар сургуулийн Тодорхойлолт /хх-ийн 6 х/ зэрэг баримтуудыг хавсаргаж ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч М.М-д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргасан бөгөөд шүүхээс нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.
2.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтууд, талуудын тайлбараар Г.Б, М.М нар нь 2009 онд танилцан хамтран амьдарч, тэдний дундаас 2011.09.13-ны өдөр охин М.А төрсөн болох нь иргэний улсын бүртгэлийн Г-0000 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар тус тус тогтоогдож байна.
3.Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эх хамтарч, эсхүл хүүхдийн эцэг, буюу эх өөрөө өргөдөл гаргасан бол иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллага эцэг, эхийг тогтооно гэж заасны дагуу 2011.09.13-ны өдөр төрсөн охин М.А-ийн эцэг нь Б овогт М.М /РД:00000000000/, эх нь Э овогт Г.Б /РД:0000000000/ нар болохыг Захиргааны журмаар тогтоож, ....... дүүргийн Улсын бүртгэлийн ажилтан 2011.09.21-ны өдөр Иргэний гэр бүлийн байдлын төрсний бүртгэлийн №0000000000 Г-00000000000 дугаарт бүртгэж гэрчилгээ олгожээ. /хх-ийн 3 х/
4.Хариуцагч М.М нь охин М.А-ийг өөрийн төрсөн хүүхэд гэдэгт маргаагүй тул Гэр бүлийн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар ...эцэг, эх нь хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргийн дагуу... хариуцагч М.М-аас хүүхдийн тэтгэлэг гаргуулж, 2011.09.13-ны өдөр төрсөн охин М.А-ийг тэжээн тэтгүүлэх, тэтгэлгийн хэмжээг Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан хэмжээгээр тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
5.2011.09.13-ны өдөр төрсөн охин М.А нь одоо эх Г.Б-ын асрамжид эрүүл, энх өсөн бойжиж байгаа учраас Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар асрамжийг тогтоох шаардлагагүй тул хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн болно.
6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1‑т зааснаар нэхэмжлэгч Г.Б нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч М.М-аас хүүхдийн тэтгэлгийн жилд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 102,150 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулах нь хуульд нийцнэ.
Үндэсний статистикийн хорооны даргын 2024.03.01-ний өдрийн А/29 тоот тушаалаар 2024 онд мөрдөх Хүн амын амьжиргааны доод түвшинг Улаанбаатар хотод 454,200 төгрөгөөр тогтоосон байх тул хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгт ногдох тэмдэгтийн хураамжийн хэмжээг уг дүнгээс тооцов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 135 дугаар зүйлийн 135.2.8-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг баримтлан 2011.09.13-ны өдөр төрсөн охин М.А-ийг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг М.М-аар тэжээн тэтгүүлсүгэй.
2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хариуцагч М.М-аас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
3.2011.09.13-ны өдөр төрсөн охин М.А нь эх Г.Б-ын асрамжид байгаа болохыг дурдсугай.
4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2.2-т заасны дагуу Г.Б, М.М нар нь хойшид хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хариуцагчийг хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг нэхэмжлэгчид даалгасугай.
5.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д заасны дагуу нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасныг баримтлан хариуцагч М.М-аас хүүхдийн тэтгэлгийн жилд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 102,150 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА