Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 2022/ДШМ/1115

 

 

 

 

 

 

  2022             11              22                                          2022/ДШМ/1115

 

 

     О.З-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Мөнх-Амгалан,

шүүгдэгч О.З,

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 2022/ШЦТ/1401 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.З-гийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох .....................дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч О.З нь цахим хэрэгсэл ашиглаж, 2022 оны 7 дугаар сарын 8-ны өдөр “Аликтрон” гэсэн фейсбүүк хуудсанд “Паб жи” нэртэй тоглоомын хөгжүүлсэн хаяг зарна гэсэн хуурамч зар байршуулж, зарын дагуу холбогдсон Баянзүх дүүргийн .... дугаар хорооны ....... дугаар байрны .......тоотод оршин суух иргэн Г.Б-ыг зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулан, ................... дансаар 1.650.000 төгрөгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэгт холбогджээ. 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: О.З-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч О.З-г “Хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдал зориуд бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.З-д 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч О.З-д сануулж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч О.З-с 1.650.000 төгрөг гаргуулж, хохирогч Г.Б-д олгохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч О.З давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс надад оногдуулсан 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгуулийн ял болгон өөрчилж өгнө үү хэмээн гомдол гаргаж байна. Учир нь одоо хийж байгаа ажил маань 24 цаг гардаг. Цалин мөнгө нь хэрэгцээнд нийцэж байгаа тул мөнгөн дүнгийн торгууль болгон өөрчилж өгнө үү. ...” гэв.

Прокурор Т.Мөнх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Нийтэд тустай ажил хийлгэх ялыг сольж өгнө үү гэсэн байна. Эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, нийгэмшүүлэх, цээрлүүлэх зорилготой. Уг гэмт хэргийн хувьд О.З нь хохирол төлбөрийг төлөөгүй. Ажил эрхэлдэг эсэх нь тодорхойгүй нөхцөл байдалтай байна. Шүүхээс нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь үндэслэлтэй байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Згийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч О.З нь цахим хэрэгсэл ашиглаж, 2022 оны 7 дугаар сарын 8-ны өдөр “Аликтрон” гэсэн фейсбүүк хуудсанд “Паб жи” нэртэй тоглоомын хөгжүүлсэн хаяг зарна гэсэн хуурамч зар байршуулж, зарын дагуу холбогдсон Баянзүх дүүргийн ..... дугаар хорооны .........дугаар байрны ............ тоотод оршин суух иргэн Г.Б-ыг зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулан, .................... дансаар 1.650.000 төгрөгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Г.Б-ын “...би 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр А гэсэн фейсбүүк пейж хуудсан дээр паб жи аккаунт зарна гэсэн байхаар нь “К” гэсэн фейсбүүк хаягтай “З” гэх залуутай холбогдож тухайн зарах гэж байсан аккаунтыг сонирхон худалдаж авахаар болсон, үнэ нь хэд вэ гэтэл 3.250.000 төгрөг гэж хэлсэн. Би үзсэн чинь тэр аккаунт надад таалагдсан, улмаар би  Хаан банкны “З” гэх залуугийн данс руу 1.650.000 төгрөг шилжүүлж хийсэн. Тэгээд одоо надад аккаунтаа ч өгөхгүй, мөнгийг маань буцааж өгөхгүй байна. Утасны дугаараар нь холбогдохоор би аккаунт мөнгийг чинь буцааж өгнө гээд л байгаа...” /1хх 8-9/,

яллагдагч О.З-гийн “... Би 2022 оны 03 дугаар сараас эхлэн “А” гэх нэртэй фейсбүүк пэйж хуудсанд ажиллаж байсан. Тэгтэл 2022 оны 05 дугаар сард тус пэйж хуудсаар үл таних хүн холбогдоод аккаунт, пэйж хуудас бусадтай солилцох үйлчилгээ авсан. Тэгээд би тухайн үед аккаунт, пэйж хуудсыг нь бусадтай солилцоход нь тусалж ажилласан. Тэр өдрөөс хойш 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр надтай дахин өмнө холбогдож байсан буюу одоогийн энэ хэргийн хохирогч болох Б нь холбогдоод өөрийн аккаунт хаяг дээрээ зөрүү мөнгө нэмж өгөөд өөрийнхөө аккаунтыг сайжруулах талаар надтай ярилцаж тохиролцсон. Улмаар Б нь өөрийнхөө аккаунт дээр 1.650.000 төгрөг нэмж надад өгөөд би хариуд нь өөр аккаунт олж өгөхөөр болсон. Тэгээд би Буянжаргалаас түүнийг аккаунт болон надад өгсөн 1.650.000 төгрөгийг буцаан өгөөгүй. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би хохирлыг барагдуулахаа илэрхийлж байна...” /1хх 23/ гэсэн мэдүүлгүүд,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 2/, хохирогч Г.Б-ын “Хаан” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 14/, шүүгдэгч О.З-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 15/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 16/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход хангалттай гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн  шүүгдэгч О.З-г хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдал зориуд бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүх, шүүгдэгч О.З-гийн иргэн Г.Б-ыг “Паб жи” нэртэй тоглоомын хөгжүүлсэн хаяг зарна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, 1.650.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулсан нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдалд тохирсон гэж үзэв.

Шүүгдэгч О.З-гийн “...Анхан шатны шүүхээс надад оногдуулсан 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгуулийн ял болгон өөрчилж өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь,

Шүүгдэгч О.З нь хаана, ямар ажил хөдөлмөр эрхэлдэг болох нь тодорхойгүй байх бөгөөд хохирогч Г.Б-д гэмт хэргийн улмаас учирсан хохирлын төлж барагдуулаагүй байх тул ял шийтгэлийг өөрчилж торгуулийн  ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Харин шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгтээ шүүгдэгч О.З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн боловч тогтоох хэсгийн 2 дахь заалтад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулж техникийн шинжтэй алдаа гаргасан байх тул зөвтгөж шийдвэрлэв. Цаашид энэ төрлийн алдаа, зөрчил дахин гаргахгүй ажиллахыг магадлалд дурдах нь зүйтэй.

Иймд магадлалд дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч О.З-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 2022/ШЦТ/1401 дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар...” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар...” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.З-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ш.БАТ-ЭРДЭНЭ

            ШҮҮГЧ                                                              Б.АРИУНХИШИГ

            ШҮҮГЧ                                                             Ж.ЭРДЭНЭЧИМЭГ