| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Отгон Аззаяа |
| Хэргийн индекс | 182/2024/04462/И |
| Дугаар | 182/ШШ2024/04466 |
| Огноо | 2024-10-31 |
| Маргааны төрөл | Эдийн бус гэм хорын арилгах /нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 182/ШШ2024/04466
2024 10 31 182/ШШ2024/04466
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Аззаяа даргалж, шүүгч Ч.Даваасүрэн, Т.Энхтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Б тоотод оршин суух хаягтай, Ц Ц /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ч байрлах, Х ХХК /РД:/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 4,960,000 төгрөг гаргуулах, ажил хэргийн нэр хүндийг гутаасан арга, хэрэгслийн дагуу няцааж, зөрчигдөхөөс өмнөх байдалд оруулахыг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нарийн бичгийн дарга Б.Б оролцов.
/Зохигчид эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлснийг хүлээн авч, талуудын эзгүйд хэргийг хянан хэлэлцэв/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.Ц итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие Ц овогтой Ц нь Х ХХК-ийн Ш захын үхрийн зааланд лангуу түрээсэлж, үхрийн мах худалдан борлуулдаг юм. 2024 оны 03-р сарын 10-ны өдөр өглөө 9 цаг 30 минутын үед миний бие Ч дүүргийн 11-р хороонд байрлах Х захын Үхрийн заалны хойд талын хаалгаар гараад ертөнцийн зүгээр баруун дээд талд мах зардаг контейнеруудын дунд, захиргааны байрны ард талд байдаг хогийн цэг дээр бие зассан. Энэхүү бие зассан зөрчилд тус компани нь үндэслэлгүйгээр их хэмжээний мөнгөөр торгож, бусад хүмүүст анхааруулга сануулга өгөх зорилгоор 3 цагийн турш тухайн цэгийн ялгадас, хогийг надаар цэвэрлүүлж, зах дотор миний гаргасан зөрчлийг аман хэлбэрээр нийтэд тарааж, хамт ажиллагсдыг миний өмнөөс торгосон юм. Дээрх үйл явдалд би Ч дүүргийн Цагдаагийн -р хэлтэст гомдол гаргасан боловч Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2024.04.09-ний өдрийн 1434 дугаар прокурорын тогтоолоор Х ХХК-ийн Ш худалдааны төвийн орлогч захирал Ж.Д үйлдэл Эрүүгийн хуулийн 22.12-р зүйлд заасан Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах гэмт хэргийн шинжтэй боловч гэмт хэргийн хохирол, хор уршиг үлэмж хэмжээнд хүрэхгүй байх тул хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан. Ийнхүү эрүүгийн хэрэг нээхээс татгалзсаны улмаас миний бие үндэслэлгүйгээр хураалгасан мөнгөө буцаан гаргуулах, хамт ажиллагсдыг миний өмнөөс торгосон тул тэдгээр хүмүүс намайг үзэн ядах, жигшин зэвүүцэж байгааг зогсоох, худалдааны төв нийтээр миний хогийн цэг дээр бие зассан зөрчлийг аман байдлаар мэдсэний улмаас дахин худалдаа наймаа эрхлэх аргагүй болсон тул уг нэхэмжлэлийг гаргаж байна.
1. Хогийн цэг цэвэрлэснээс учирсан хохирлын тухай
Тус компанийн орлогч захирал Ж.Д нь 2024.03.10-нд намайг хогийн цэг дээр бие засахыг ажлын байрныхаа цонхоор хараад бичлэг хийж, зураг дарж авсан юм. Ийнхүү бичлэг, зураг хийж авсны дараа намайг дуудсан бөгөөд миний хогийн цэг дээр бие засаж байгаа зураг бичлэгийг надад үзүүлээд энэ хогоо, өөрийнхөө баас шээсээ арилга гэж хэлсэн. Баас, шээс цэвэрлэхгүй гэх эрх надад байгаагүй бөгөөд арилгахгүй бол лангуу хураана, бүх заалуудад шээж байгаа бичлэгийг чинь, зурагтай чинь тараана гэж айлгасан. Ингээд баас шээсээ цэвэрлэ гэхээр нь би настай, хөл муу хүн тул ганцаараа цэвэрлэж чадахгүйн улмаас хүн хөлсөлж, өөрөө мөн сууж амралгүй, зогсолтгүй шуудайны ам барьж өгч 3 цаг тухайн орчныг цэвэрлэсэн. Жоохон амрах гээд хэсэг суухаар С захирал дотроос хараад наадхаа босгож баас шээсийг нь цэвэрлүүл гэж залгаж байна, Балиар авгай, энд шээгээд, зах бузарлалаа гэж загнан намайг амраалгүй тэнд овоорсон хог, баас шээсийг 3 цаг гаруй албадан цэвэрлүүлсэн. Тэр газар нь би ганц бие засаагүй байсан бөгөөд олон хүн шээж баасан газар байсан боловч зөвхөн намайг өндөр насалсан, лангуу түрээсэлдэг, яаж ч чадахгүйг мэдэж байсан учраас орлогч захирал Ж.Д нь дураар авирлаж намайг амраалгүй цэвэрлүүлсэн. Ж.Д захирал цэвэрлэж болсон гэж хэлсний дараа цэвэрлэхээ зогсоосон. Цэвэрлэж дууссаны дараа намайг үхрийн заалны лангуу руу муухай баас шээстэй авгай гээд оруулаагүй. Миний бие тус газраас 70 шуудай бохир цэвэрлэсэн. Ингэж бохир цэвэрлэж байхад зах дээр лангуу түрээслэгч Х 10 шуудай, С 10 шуудай, С 10 шуудай авчирч өгсөн. Мөн З0 кг давс 150.000 төгрөгөөр авч цацсан. Нас өндөр гарсан тул тухайн хог хаягдал, баас, шээсийг ганцаараа цэвэрлэж чадахгүй тул 8 хүн хөлсөлж хамтарч цэвэрлэсэн. Тэдний дөрвөн хүнд тус бүр 40.000 төгрөг, захын 3 цэвэрлэгчид тус бүр 10.000 төгрөг нийт 190.000 төгрөг хамт цэвэрлэсэн хүмүүст өгсөн. Ийнхүү тэр бие зассан газрыг цэвэрлэхэд надаас шуудайнд 30.000, давс авч цацахад 150.000, бусдын хөдөлмөрийн хөлсөнд 190.000 нийт 370.000 төгрөг төлсөн.
2. Үндэслэлгүй 2.590.000 төгрөг торгууль хэмээн хураан авсан тухай
Тухайн хогийн цэгийг цэвэрлэж дууссаны дараа Ж.Д захирал хамт ажилладаг 2 хүнийг дуудаж захиргаанаас бие зассан Ц.Ц ажилдаг танай заалыг бүхэлд нь торгохоор байлаа. Таныг олон хүнд бариулж идүүлээд яах вэ гэж өрөвдөөд дөрвөн хүнийг сарын түрээсээр нь торгохоор болсон гэж хэлсэн.
Ингээд түүний хэлсний дагуу заалны ахлагч С 1.2 сая төгрөг, заалны зохион байгуулагч Д.Цг 1.2 сая төгрөг, өдрийн жижүүр Хг 2 сая төгрөгөөр торгосон. Х нь надад 2 сая төгрөг байхгүй гэсэн тул түүний өмнөөс миний бие 1 сая төгрөгийг түүн рүү охиноороо шилжүүлүүлсэн. Би торгууль гэж Х өмнөөс 1 сая, өөрийнхөө сарын түрээс 1.2 сая төгрөг болон ахиад нэмээд тухайн өдрийн хог ачсан хогны машины зардал 390.000 төгрөг нийт 2.590.000 төгрөгийг Д байцаагчид өгсөн.
Хариуцагч компанийн орлогч захирал Ж.Д байцаагч ийнхүү миний хогийн цэг дээр бие зассанд бэлнээр торгосныг Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2024.04.09-ний өдрийн 1434 дугаартай тогтоолоор нотлогдоно.
Мөн Х ХХК-иас Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2-р хэлтэст 2024 оны 04-р сарын 03-ны өдрийн 29/24 дугаартай албан бичигт түрээсийн арга хэмжээ авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн.
Хариуцагчийн зүгээс гэрээний дагуу намайг торгосон гэдэг боловч талуудын хооронд байгуулагдсан гэрээнд зөрчил гаргасан тохиолдолд нэг сарын түрээсийн төлбөрөөр торгоно гэсэн зүйл байхгүй. Харин 2024 оны 03-р сарын 01-ний өдрийн 12-1 дугаартай Ажлын талбай түрээслэх гэрээний 8.4-р зүйлд ... хууль болон дотоод журамд заасан зөрчил гаргасан тохиолдолд 50.000-100.000 төгрөгөөр торгоно хэмээн заасан. Гэвч намайг хогийн цэгийг бүхэлд нь цэвэрлүүлсэн, хогийн машины зардал гаргуулсан, торгууль гэж мөнгө авсан зэрэг нь ямар ч хууль болон гэрээгээр үүссэн төлбөр төлөх үүрэг үүсээгүй тул Иргэний хуулийн 492.1, 492.1.1-д заасны дагуу хариуцагчийн үндэслэлгүйгээр надаас олж авсан 2.960.000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү.
3. Ажил хэргийн нэр хүндийг гутаасны улмаас дахин түрээсийн лангуун дээрээ өөрөө очиж ажиллаж чадахгүй нөхцөл байдалд хүрсэн, эрхээ сэргээлгэх зорилгоор өмгөөлөгч хөлсөлсний 2.000.000 төгрөгийг хохиролд тооцон гаргуулах тухай
Намайг хогийн цэгт бие зассаны төлөө хамт ажилладаг Д.Ц, Б.Х, С нарыг торгосон. Би бие зассан нь миний буруу бусад хүмүүсийг битгий торгооч ээ, надад дээр л арга хэмжээ аваад өгнө үү гэж бичиж өгсөн боловч зөвшөөрөөгүй, бүгдийг торгосон тул тэдгээр хүмүүс намайг үзэн ядаж, цухалдаж, хамт ажиллахаас дургүйцэж хөөсөн. Тухайлбал 3-р сарын 11-нд ажлаа хийх гээд өглөө эрт очсон боловч заалны ахлагч С маш чангаар, түрээсийн зааланд тэр аяар нь сонсогдохоор балиар авгай шээгээд намайг торгуулаад, нүдний булай авгай, захаас зайл гэж хөөсөн. Мөн энэ явдлыг тухайн зах дээр худалдаа эрхэлдэг түрээслэгч, худалдан авагчид бүгд мэдсэн бөгөөд миний бие ичсэндээ ажиллах аргагүйд хүрсэн. Энэ тухай ч С ахлагч мэдүүлэг өгөхдөө тэр авгай ичсэн нүүрэндээ ирж ажлаа хийхгүй байгаа юм гэж цагдаад өгсөн мэдүүлэгтээ дурдсанаас харж болно. Хариуцагчийн миний хогийн цэг дээр бие зассан зөрчлийн улмаас хамт ажиллагсдыг торгосон, энэ тухай бүх зах даяар тараасан нь дахин намайг ажлын байран дээрээ очиж ажиллах аргагүйд хүргэсэн юм. Дахин намайг зах дээрээ ажиллаж чадахгүйд хүргэсэн энэхүү нөхцөл байдал нь Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ., 21,9-д Энэ зүйлд заасан эрхийг зөрчсөн этгээд бусдад учруулсан гэм хорыг хохирогч буюу сонирхогч этгээдэд энэ хуулийн 497, 511-р зүйлд заасан журмын дагуу арилгана гэж тус тус заасан байна.
Иргэний хуулийн тайлбарт 21-р зүйлийн 21.2-д заасан Ажил хэргийн нэр хүндэд халдах гэдгийг тайлбарлахдаа Ажил хэргийн нэр хүнд нь зах зээлийн харилцаанд оролцогч хувь хүн, хуулийн этгээдэд хамааралтай ойлголт бөгөөд тухайн этгээд ажил мэргэжлийн болон албан тушаалын үүргээ, бусдын өмнө хүлээсэн гэрээний болон бусад үүргээ хэрхэн биелүүлж байгаагаас ихээхэн шалтгаална. Тэрээр дээрх үүрэгтээ шударга хандаж, түүнийгээ хэрэгжүүлж байвал ажил хэргийн нэр хүнд нь тогтвортой байдаг. Иргэний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэдэгт бодит байдалд нийцэхгүй, өөр хэн нэгэн этгээдэд мэдээлсэн байхыг ойлгоно. Харин тийм мэдээ, мэдээллийг иргэнд өөрт нь мэдээлснийг гутаасан мэдээ тараасан гэж үзэхгүй. Уг мэдээ мэдээлэл нь хурал цуглаан дээр төдийгүй албан ёсоор буюу амаар өөр этгээдэд хүргэгдсэн байхыг ойлгоно. Өөр нэг л этгээдэд уг мэдээ, мэдээлэл хүргэгдсэн байхад нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэж үзэх үндэслэлтэй хэмээн тусгажээ.
Дээрх тайлбараас үзэхэд дахин намайг ажиллах аргагүй болгож миний зөрчлийг амаар бүх зах даяар тараасан нь ажил хэргийн нэр хүндэд халдсан гэж үзэх үндэслэлтэй. Мөн хариуцагч компанийн цагдаад явуулсан албан бичгийн дор Жич: Хүнсний захын ариун цэвэр, хүнсний аюулгүй байдлын тухай хуулийн дагуу ийнхүү арга хэмжээ авч бусдад анхааруулга сануулга өгөхгүй бол өчнөөн зуун түрээслэгч, үйлчлүүлэгч нар даган дуурайн орчныг бохирдуулж бузарлаж, үйл ажиллагаа явуулах боломжгүй байдалд хүргэхийг та бүхэн ойлгоно биз ээ. гэснээс миний гаргасан зөрчлийг нийтэд ил болгож, амаар тарааж, албадан хогийн цэгийг бүхэлд нь цэвэрлүүлж, хамт ажилдаг хүмүүсийг торгосон нь бусад түрээслэгч, үйлчлүүлэгч нарт анхааруулга сануулга өгөх зорилгоор ажил хэргийг нэр хүндэд минь халдсаныг нотолж байна. Иргэний хуулийн 511-р зүйлийн 511.1-д заасны дагуу Эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ гэж заасны дагуу хамт ажилдаг хүмүүсийг миний зөрчлийн улмаас торгосон торгуулийг тэдгээрт буцаан олгохыг даалгах, ажил хэргийн нэр хүндийг зөрчихөөс өмнөх байдалд оруулж өгнө үү. Мөн иргэний хуулийн 511.1, 511.2-т заасны дагуу эдийн бус гэм хорыг арилгах хэмжээг миний бие өмгөөлөгчид төлсөн 2.000.000 төгрөгийн хөлсөөр тооцон барагдуулах хүсэлтэй байна. Миний бие өмгөөлөгч хөлслөөгүй бол өөрийн ажил хэргийн нэр хүндийг сэргээж, үндэслэлгүй хураалгасан мөнгөө буцаан авч, шүүх цагдаад хандах боломжгүй байсан юм. Хэрэгт хавсаргаж буй бичмэл нотлох баримтын тухайд надад өөрт ямар ч эх хувь байхгүй тул нотариатаар баталгаажуулах боломжгүй бөгөөд хариуцагч Х ХХК ямар нэгэн байдлаар шүүх болон цагдаад хандаж зөрчигдсөн эрхээ сэргээх боломжийг хязгаарлах зорилгоор өдий хүртэл түрээсийн гэрээний нэг хувийг зурж, дарж баталгаажуулж өгөөгүй, хэрэг гарснаас хойш би тухайн захаар шагайх аргагүй болоод огт очоогүй байгаа. Миний бие түрээсийн гэрээнд гарын үсгээ зурж хоёр хувь хоёуланг нь хариуцагч талд 2024 оны 03-р сард өгсөн болно. Хурааж авсан мөнгөний тухайд хариуцагч тал цагдаад өгсөн мэдүүлэгтээ хурааж авсан нь үнэн гэж өөрөө хэлсэн бөгөөд аливаа торгосон, зөрчил гаргасан гэж хурааж авсан мөнгөндөө баримт өгөөгүй болно. Мөн Чингэлтэй дүүргийн прокурор, Нийслэлийн прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлгүй иргэний хэргийн шүүхэд хандаж эрхээ сэргээлгээрэй гэсэн хариу өгсөн бөгөөд хэргийн материалыг тухайн байгууллага өөрөө хуулбар үнэн дарж өгсөн, үүнийг авч гарч нотариатаар батлуулах боломжгүй байсан юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44-р зүйлийн 44.4-т Төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын хуулбар үнэн гэсэн тэмдэг дарж баталгаажуулна гэж заасан тул Чингэлтэй дүүргийн архиваас хуулбар үнэн дарж өгсөн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангана гэж үзэж байна. Хэрэв тухайн хавсаргаж өгсөн нотлох баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44-р зүйлийн 44.2-т .. Бичмэл нотлох баримтыг шаардан авахад бэрхшээлтэй байвал зохигчийн хүсэлтээр түүний хадгалагдаж байгаа газарт нь шүүх үзлэг явуулах ба шинжлэн судалж болно гэж заасны дагуу хэрэг үүссэний дараа хүсэлт гаргаж Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шаардлага хангахгүй байгаа нотлох баримтын эх хувийг авах эсвэл хариуцагчаас өөрөөс нь албадан гаргуулах боломжтой гэж үзэж байна. Иймд Иргэний хуулийн 9-р зүйл, 21-р зүйлийн 21.2, 21.9, 492-р зүйлийн 492.1.1, 497-р зүйл, 497-р зүйлийн 497.1, 511-р зүйлийн 511.1, 511.2-т тус тус заасны дагуу үндэслэлгүйгээр хураан авсан 2.590.000 төгрөг, тухайн байгууллагын хогийн цэгийг бүхэлд нь цэвэрлэхэд гарсан зардал 370.000 төгрөг, өмгөөлөгчийн зардал 2.000.000 төгрөг, нийт 4.960.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, ажил хэргийн нэр хүндийг гутаасан арга, хэрэгслийн дагуу няцааж, зөрчигдөхөөс өмнөх байдалд оруулахыг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгч Ц.Ц итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:
Ц.Ц нэхэмжлэлтэй Х ХХК-д холбогдох 4.960.000 төгрөг гаргуулж, ажил хэргийн нэр хүндийг зөрчигдөхөөс өмнөх байдалд оруулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59-р зүйлийн 59.4-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагын тодорхой хэсгийг биелүүлсэн тул нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзаж байгааг хүлээн авна уу. Иймд 2024.10.31-ний өдрийн шүүх хурлыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний эзгүйд шийдэж, татгалзлыг баталж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч Х ХХК-ийн итгэмжлэгдсэн Ж.Д шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:
Ц.Ц нэхэмжлэлтэй Х ХХК-д холбогдох хэрэгт хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын тодорхой хэсгийг биелүүлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан. Иймд хариуцагчийн төлөөлөгч миний эзгүйд нэхэмжлэгчийн татгалзлыг баталж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Ц.Ц нь хариуцагч Х ХХК-д холбогдуулан 4,960,000 төгрөг гаргуулах, ажил хэргийн нэр хүндийг гутаасан арга, хэрэгслийн дагуу няцааж, зөрчигдөхөөс өмнөх байдалд оруулахыг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй, энэ нь нэг талын хүсэл зориг байдаг бөгөөд нэхэмжлэгч Ц.Ц нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын тодорхой хэсгийг биелүүлсэн... гэх үндэслэлээр гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан байна.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т Нэхэмжлэгч нэхэмжлэлээ хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр татан авч болно гэж, 106.5-д Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна гэж тус тус зохицуулсан.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ц.Ц нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан тухай хүсэлтийг ирүүлсэн байх тул хүсэлтийг хүлээн авч, хуулийн дээрх заалтын дагуу нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хариуцагч Х ХХК-д холбогдох 4,960,000 төгрөг гаргуулах, ажил хэргийн нэр хүндийг гутаасан арга, хэрэгслийн дагуу няцааж, зөрчигдөхөөс өмнөх байдалд оруулахыг хариуцагчид даалгах Ц.Ц нэхэмжлэлтэй хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, 59 дүгээр зүйлийн 59.4-т зааснаар нэхэмжлэгч Ц.Ц тэмдэгтийн хураамжид төлсөн 164,510 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, тал хувь 82,255 төгрөгийг буцааж нэхэмжлэгч Ц.Ц олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.АЗЗЗАЯА
ШҮҮГЧИД Ч.ДАВААСҮРЭН
Т.ЭНХТУЯА