| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Отгон Аззаяа |
| Хэргийн индекс | 182/2024/03610/И |
| Дугаар | 182/ШШ2024/04487 |
| Огноо | 2024-11-01 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 182/ШШ2024/04487
2024 11 01 182/ШШ2024/04487
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Ч тоотод оршин суух А овогт М Т /РД:/-н хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.
Тодорхойлох нь:
1. Хүсэлт гаргагч М.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ:
Миний бие 1990 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс мебель модон эдлэлийн комбинат гуалингийн бригадад саалагчаар ажиллаж эхэлсэн. Миний ажиллаж байсан үйлдвэр М ХХК болж нэрээ өөрчилсөн бөгөөд энэ талаарх тушаал шийдвэрийг шүүлгэж үзэхэд огт гарч ирэхгүй байгаа юм. Миний бие 1990 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний хүртэл ажилласан жилээ тогтоолгох хүсэлтэй байна. 1995 оноос хойш нийгмийн даатгалын бичилт хийгдсэн байгаа. Би 1999 оны 07 дугаар сарын 02-ны өдөр халагдсан болохоороо анх нэхэмжлэлдээ энэ хугацаагаараа тогтоолгохоор бичсэн юм. Миний санаж байгаагаар манай үйлдвэр 1993-1994 оны үед М ХХК болсон санагдаж байна. Ямар ч байсан 1995 оноос М трейдээр нийгмийн даатгал төлсөн байгаа. Тус үйлдвэрийн бичиг баримтууд устаад олдохгүй байгаа. М компани дампуураад алга болсон. Би хайсаар байж М гэсэн компани олсон. Манай компанийн захирал байсан Б энэ компанийг байгуулсан юм байна лээ. Тэгээд халагдсан тушаал л олсон. Улсын архивуудаас шүүлгээд миний ажилласан талаарх бичиг баримтууд гарч ирээгүй. 1990-1995 онд мебел модон эдлэлийн үйлдвэр байхгүй байна, ажилласан бичиг баримт байхгүй байна гээд шүүхээр тогтоолгож ир гэсэн. Иймд миний 1990 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, М модон эдлэлийн комбинатад саалагчаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, Архивын газрын 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 450 тоот албан бичиг, Үндэсний төв архивын 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 858 дугаар тодорхойлолт, Мебел модон эдлэлийн комбинатын зүсмэлийн үйлдвэрийн даргын 1990.04.02-ны өдрийн 05 дугаар тушаалын хуулбар, гэрч Б.Б тодорхойлолт, гэрч Н.З тодорхойлолт, гэрчүүдийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын газрын тодорхойлолт зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
3. Шүүх өөрийн санаачилгаар Улсын бүртгэлийн ерөнхий газар, Баянгол дүүргийн нийгмийн даатгалын газар, М ХХК-иас М.Т ажиллаж байсан байдлыг нотлох баримтуудыг гаргуулсан байна.
Үндэслэх НЬ:
1. Хүсэлт гаргагч А овогт М Т /РД:/ нь 1990 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, Мебел модон эдлэлийн комбинатын зүсмэлийн үйлдвэрийн гуалингийн бригадад саалагчаар ажиллаж байсныг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасныг шүүх Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэсэн ба уг хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч нь ажилд орсон тушаалаас бусад ажлаас гарсан болон бусад ажиллаж байсан талаарх баримтууд олдохгүй байгаагаас энэ хугацаанд ажилласан жилийг тооцохгүй байна гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.
3. Хүсэлт гаргагч М.Т ажиллаж байсан байдал нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд: М.Т хөдөлмөрийн дэвтэрт:
3.1. Мебел модон эдлэлийн комбинатын зүсмэлийн үйлдвэрийн даргын 1990.04.02-ны өдрийн 05 дугаар тушаалаар М.Т гуалингийн бригадад саалагчаар 4-р сарын 02-ны өдрөөс ажилд томилсон байна,
3.2. Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс 1995.01.01-ний өдрөөс хөдөлмөрийн дэвтрийг дуусгавар болгож, нийгмийн даатгалын дэвтэр нээсэн талаар бичигдсэн байна.
4. Мөн М.Т нийгмийн даатгалын дэвтэрт 1995-1997.07.20-ны өдрийг хүртэл М ХК-иас нийгмийн даатгал төлсөн байх ба 1999.07.20-ны өдөр М ХК-ийн ноормчины ажлаас чөлөөлөгдсөн байна.
5. Мөн 1992.10.13-ны өдрийн гэрлэснийг бүртгэх анкет, 1993.01.15-ны өдөр мэдүүлсэн төрснийг бүртгэх анкетад М.Т нь ажил эрхлэлтийн байдлын талаар Мод ком ажил эрхэлдэг гэж тус тус тэмдэглэгдсэн байна.
6. Түүнчлэн гэрч Б.Б ... миний бие 1989 оноос Мебель модон эдлэлийн конбинатын харъяа Мод боловсруулах үйлдвэрт каранистаар ажиллаж эхлээд тасралтгүй 7 жил буюу 1996 он хүртэл ажилласан. Энэ хугацаанд М.Т Хялганатын техникумыг төгсөж ирээд 1990.04-р сараас Мебел модон эдлэлийн комбинатын харъяа Мод боловсруулах үйлдвэрт гуалингийн цехэд саалагчаар ажиллаж эхлээд 1997 оны хүртэл ажилласан ... гэх, гэрч Н.З ... миний бие 1973 онд Мод боловсруулах комбинатад ажилд ороод 2007 он буюу тэтгэвэрт гарах хүртлээ ажилласан. М.Т манай үйлдвэрийн гуалингийн цехэд саалагчаар ажиллаж байсан ... гэх мэдүүлгүүд нь тэдгээрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбараар давхар нотлогдож байна.
Дээрхээс дүгнэхэд нэхэмжлэгч М.Т 1990 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Мебел модон эдлэлийн комбинатын зүсмэлийн үйлдвэрийн гуалингийн бригадад саалагчаар ажиллаж байсан болох нь нотлогдон тогтоогдож байна.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлд Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж, 135 дугаар зүйлийн 135.3-т Эдгээр үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсон тохиолдолд шүүх хянан шийдвэрлэнэ гэж заасан.
Хүсэлт гаргагч М.Т нь ажиллаж байсан үйл баримтаа өөр журмаар олж авах боломжгүй буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болох нь Архивын газрын 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 450 тоот албан бичиг, Үндэсний төв архивын 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 858 дугаар тодорхойлолтоор тогтоогдож байна.
Иймд М.Т нь 1990 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, Мебел модон эдлэлийн комбинатын зүсмэлийн үйлдвэрийн гуалингийн бригадад саалагчаар ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй байна.
Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дах хэсэгт зааснаар А овогт М Т /РД:/-н 1990 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, Мебел модон эдлэлийн комбинатын зүсмэлийн үйлдвэрийн гуалингийн бригадад саалагчаар ажиллаж байсныг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч М.Т тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДаргалагЧ, шҮҮГЧ О.АЗЗАЯА