Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэнд-Аюушийн Мөнхзул |
Хэргийн индекс | 128/2024/0336/З |
Дугаар | 128/ШШ2024/0521 |
Огноо | 2024-06-17 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 128/ШШ2024/0521
2024 06 17 128/ШШ2024/0521
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Гэрэлийн Лхагвасүрэн,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэс,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Уянга нарын хоорондын эд хөрөнгийн эрхийн бүртгэлтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Лхагвасүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Уянга, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Номин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Маргааны үйл баримтын талаар:
1.1. Улсын бүртгэгч Т.Чимэгтэй улсын бүртгэлд бүртгэхээс татгалзахдаа “Дээрх эд эд хөрөнгө нь “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль”-ийн 8 дугаар зүйлийн 8.1.3-д заасны дагуу хуульд заасан журмын дагуу мэдүүлэгт хавсаргавал зохих баримт бичгийн бүрдэл дутуу, засвартай, эсхүл мэдээлэл нь зөрүүтэй. Газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ, кадастрын зураг хавсаргах. Мэдэгдэж хэлсэн боловч хариу мэдэгдээгүй. Хяналтын хугацаа дууссан тул буцаав. Буцаахдаа дахин мэдэгдэв” гэжээ.
1.2. Г.Лхагвасүрэнгээс Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хандан “Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлд захиалагчдын нэрсийг ирүүлсэн байхад ирүүлээгүй хэмээн татгалзсанд гомдолтой байна” гэх гомдлыг гаргасан,
1.3. Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 10 тоот албан бичгээр “Тухайн үл хөдлөх эд хөрөнгийн газар нь эрхийн улсын бүртгэлийн Г-2204014857 дугаарт бүртгэлтэй, гэр бүлийн зориулалттай бөгөөд өнөөдрийн байдлаар Чингис хаан банктай 2018 онд байгуулсан ББГ-2018/ЗГ/69 тоот барьцааны гэрээнд бүртгэлтэй байна ... улсын бүртгэгчийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан шийдвэр нь үндэслэлтэй байна” гэсэн хариу хүргүүлсэн.
1.4. Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 5/1681 тоот албан бичигт “... тухайн орон сууцыг барьж ашиглалтад оруулсан иргэн, хуулийн этгээд нь орон сууцыг хэсгээр өмчлөгч бүрээр бүртгүүлэхээр хуульд заасан дээрх нотлох баримтууд болон эрхийн улсын бүртгэлд хийсэн тусгай тэмдэглэлийг хүчингүй болгосон тухай эрх бүхий этгээдийн шийдвэрийг тус тус улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлсэн тохиолдолд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар тухай үл хөдлөх эд хөрөнгө оршин байгаа нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст мэдүүлэг гарган бүртгүүлнэ үү” гэжээ.
1.5. Г.Лхагвасүрэнгээс 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс нь тус дүүргийн 22 дугаар хороо, 15 дугаар хороолол, Дандарбаатарын гудамж, 101А байрны 11 тоотод байршилтай орон сууцыг иргэн Г.Лхагвасүрэн миний нэр дээр бүртгэхээс татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, өмчлөгчөөр бүртгэхийг даалгах” тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэл:
2.1. Нэхэмжлэгч Г.Лхагвасүрэнгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн Г.Лхагвасүрэн миний бие “Гурван марал констракшн” ХХК-тай байгуулсан 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 120 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ”-ний үндсэн дээр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 15 дугаар хороолол, Дандарбаатарын гудамж, 101А байрны 11 тоот орон сууцны үнийг бүрэн төлснөөр тус орон сууцад амьдарснаар Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д “Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ”, мөн хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д “Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ” гэж заасны дагуу өмчлөх эрхтэй шударга эзэмшигч билээ. Миний бие Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн байгууллагад төлбөрийг нь бүрэн төлсөн 2 өрөө орон сууцыг өөрийн нэр дээр өмчлөх эрхийн мэдүүлэг гаргасан боловч удаа дараа бүртгэхээс татгалзсан тухай мэдэгдлийг ирүүлсэн бөгөөд тус дүүргийн хэлтсийн дарга П.Мөнхбаатарт хандахад 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 10 дугаарын албан бичгээр мөн бүртгэхээс татгалзаж буйгаа мэдэгдсэн. Улмаар миний бие энэ талаар 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газарт гомдлоо гаргасан ч тус байгууллагын мөн оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 5/1681 дугаартай албан бичгээр мөн адил бүртгэхээс татгалзаж байгаа талаараа албан бичгээр мэдэгдээд байна. Ийнхүү улсын бүртгэлийн байгууллага нь хоорондоо зөрүүтэй хариуг удаа дараа өгч, үндэслэлгүйгээр бүртгэхээс татгалзаж, чирэгдэл учруулж байгаа нь хууль бус гэж үзэж байна.
А. Улсын бүртгэлийн байгууллагын бүртгэхээс татгалзсан үндэслэлийн тухайд: 1. Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга П.Мөнхбаатарын 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 10 дугаарын албан бичигт “...эрхийн улсын бүртгэлийн Ү-2204102158 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 15 дугаар хороолол, Дандарбаатарын гудамж, 101А тоот хаягт байршилтай үл хөдлөх хөрөнгө нь “Гурван марал констракшн” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн газар нь эрхийн улсын бүртгэлийн Г-2204014857 дугаарт бүртгэлтэй бөгөөд өнөөдрийн байдлаар Чингисхаан банктай 2018 онд байгуулсан барьцааны гэрээ бүртгэлтэй, мөн нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2019 оны 355 дугаарын прокурорын зөвшөөрөл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 4-166/2598, 4-179/10827 дугаартай албан бичгээр дээрх газрын захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн, барилгын захиалагчдын жагсаалтыг ирүүлээгүй, мөн дүүргийн прокурорын газрын 2020 оны 403 дугаарын прокурорын зөвшөөрөл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 4-189/13725 дугаарын албан бичгээр дээрх үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байх тул улсын бүртгэгчийн татгалзсан шийдвэр үндэслэлтэй байна” гэж,
2. Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 5/1681 дугаарын албан бичигт “Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д заасан зарчим, 19 дүгээр зүйлийн 19.4.3, 20 дугаар зүйлийн 20.1.10-т заасны дагуу мэдүүлгийг хянаж, эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан нь үндэслэлтэй байна, мөн тухайн орон сууц нь бүхэлдээ “Гурван марал констракшн” ХХК-ийн өмчлөлд (Ү-2204102158) бүртгэлтэй, Цагдаагийн ерөнхий газрын мөрдөн байцаах албаны 2020 оны 12/4-2176 дугаартай албан бичиг, нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2020 оны 403 дугаартай прокурорын зөвшөөрлөөр тусгай тусгай тэмдэглэл хийж, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн ба байрыг ашиглалтад оруулсан иргэн, хуулийн этгээдээс захиалагч иргэдийн өмчлөлд салгаж бүртгүүлэхээр захиалагчийн нэрсийг улсын бүртгэлийн байгууллагад ирүүлээгүй, эрхийн улсын бүртгэлд хийсэн тусгай тэмдэглэлийг хүчингүй болгосон тухай эрх бүхий этгээдийн шийдвэрийг тус тус улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлсэн тохиолдолд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст мэдүүл” гэж тус тус татгалзжээ.
Б. Гэтэл эл асуудал нь: 1. Эрүүгийн 1906044622232 дугаартай хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар битүүмжлэгдээд байсан “Гурван марал констракшн” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 15 дугаар хороолол, Дандарбаатарын гудамж, 101А байр, 5850 м.кв талбайтай, 90 хувийн гүйцэтгэлтэй 93 айлын дээр дурдсан орон сууц (Ү-2204102158)-ыг буюу Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тус хэргийг хянан шийдвэрлэсэн ба 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2021/ШЦТ/1032 дугаарын шийтгэх тогтоолын 11 дэх хэсгээр тухайн 93 айлын орон сууцыг битүүмжилсэн, хөрөнгийн шилжилт хөдөлгөөн хязгаарласан шийдвэрүүдийг тус тус хүчингүй болгосон. Энэхүү шийтгэх тогтоолоор уг 93 айлын орон сууцыг битүүмжээс чөлөөлөх, хөрөнгийн эрхийг шилжихийг хязгаарлахыг цуцалж шийдвэрлэхдээ түүний доорх газрын битүүмж, хөрөнгийн шилжилт, хөдөлгөөн хийх хязгаарлалтыг цуцлалгүй орхигдуулсан байсныг мөн шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2022/ШТ/160 дугаарын тогтоол “Шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхтэй холбогдож гарсан асуудлыг шийдвэрлэх тухай”-оор тодорхой болгож, уг орон сууцны доорх тус тусдаа газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-2204014857, Г-2204001451, Г-2204004454 дугаарын гэрчилгээтэй 3 газрыг битүүмжилсэн, хөрөнгийн шилжилт хөдөлгөөн хязгаарласан шийдвэрүүдийг тус тус хүчингүй болгосон. Мөн иргэн Г.Лхагвасүрэн миний бие тус байрны төлбөрийг нь бүрэн төлсөн хууль ёсны өмчлөгч болохыг Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2021/03341 дугаарын шийдвэрээр тогтоосон. Шүүхийн дээрх шийдвэрүүдийн биелэлтийг хангаж Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 01-189/9039 дугаарын албан бичгээр Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст 101А байрны 11 тоотод байршилтай 57 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг иргэн Г.Лхагвасүрэн миний өмчлөлд шилжүүлж, бүртгэхийг мэдэгдсэн талаараа мөн оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 4/189-574 дугаарын “Хариу мэдэгдэх хуудас”-аар ирүүлсэн.
Мөн нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 4/809 дугаарын “Хариу мэдэгдэх хуудас”-ны 4,7,8,9 дүгээр догол мөрөнд тухайн орон сууц болон түүний доорх 3 газрын шилжилт хөдөлгөөнийг эрүүгийн 1906044622232 дугаартай хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар хязгаарласан бөгөөд тус хэргийг шүүхээс эцэслэн шийдвэрлэсэн тул энэ хэрэгт холбогдуулан хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан прокурорын шийдвэр хүчингүй болсон, мөн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2021/ШЦТ/1032 дугаарын шийтгэх тогтоолоор тус дүүргийн прокурорын газраас битүүмжилсэн болон хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан мөрдөгч, прокурорын шийдвэрийг тус тус хүчингүй болгосон, одоо ямар нэгэн байдлаар битүүмжлэгдээгүй, энэ талаарх мэдэгдлийг холбогдох эрх бүхий байгууллагуудад хүргүүлэх хууль зүйн үндэслэлгүй, эд хөрөнгө өмчлөх, захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлэх боломжтой болохыг мэдэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, тус орон сууц болон түүний доорх газар нь аливаа нэгэн шүүхийн маргаангүй, хязгаарлалтгүй, бусад хууль хяналтын байгууллагуудаас тавигдсан хөрөнгийн шилжилт хөдөлгөөний хязгаарлалт байхгүй болсон. Гэтэл Улсын бүртгэлийн байгууллагын “А”-д дурдсан татгалзсан албан бичгүүдэд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д заасан зарчим, 19 дүгээр зүйлийн 19.4.3, 20 дугаар зүйлийн 20.1.10 дахь заалт, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.5 дахь хэсэг, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 5.7 дахь хэсгийг болон цагдаа, прокурор, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хязгаарлалт тогтоосон албан бичгийг тус тус үндэслэсэн байна. Мөн уг 101А байрыг барьж ашиглалтад оруулсан “Гурван марал констракшн” ХХК-иас захиалагч иргэдийн өмчлөлд салгаж бүртгүүлэхээр үл хөдлөх эд хөрөнгийн захиалагчийн нэрсийг улсын бүртгэлийн байгууллагад удаа дараа хүргүүлсэн мөн адил хүлээж аваагүй болно. Түүнчлэн тухайн орон сууцны доорх зарим Г-2204014857 дугаартай газар нь Чингис хаан банкны барьцаанд байгаа эсэх нь түүний дээр баригдсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэхэд саад болохгүй буюу барьцааны зүйлийн өмчлөгч өөрчлөгдөөгүй тул барьцаалагчийн эрх ашгийг хөндөхгүй. Нөгөөтэйгүүр, миний бие өөрийн орон сууцыг өмчлөх эрхэд бүртгүүлэх нь бусдын газар эзэмших эрхэд хамааралгүй буюу хөндөхгүй юм.
Дээр дурдсанчлан “Гурван марал констракшн” ХХК-ийн шүүхийн маргаанаас үүдэн ийнхүү миний орон сууцны шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан байсан хэдий ч тус хэрэг маргаан нь эцэслэн шийдвэрлэгдэж, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлалт хүчингүй болсон талаар шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх болон бусад хууль хяналтын байгууллагаас иргэн Г.Лхагвасүрэн миний өмчлөлд бүртгэх, өмчлөх, захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлэх боломжтой болохыг албан бичгээр улсын бүртгэлийн байгууллагад тодорхой мэдэгдсэн болон өөрийн нэр дээр өмчлөх эрхийн мэдүүлэг гаргасан боловч улсын бүртгэлийн байгууллага нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3 дахь заалт, 30 дугаар зүйлийн 30.5 дахь хэсэг, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д заасан зарчим, 19 дүгээр зүйлийн 19.4.3, 20 дугаар зүйлийн 20.1.10 дахь заалт, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 5.7 дахь хэсгийг болон цагдаа, прокурор, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хязгаарлалт тогтоосон албан бичгийг дурдаж бүртгэхээс үндэслэлгүйгээр татгалзаж байгаа нь хуульд нийцэхгүй байна.
Учир нь шүүхийн шийдвэрээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрчлөгдсөнийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх захиргааны үйл ажиллагаатай холбоотой эл асуудлыг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-д зааснаар хавсаргах баримтыг тусгайлан зохицуулсан ба Засгийн газрын 2018 оны 397 дугаар тогтоолоор баталсан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ын 6.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн шилжилтийг эрхийн улсын бүртгэлд бүртгэхэд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан журмыг баримтална” гэж, мөн журмын 6.5-д “Шүүх, арбитрын шийдвэр, албадан дуудлага худалдаа, барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэл хангуулах замаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх өөр этгээдэд шилжсэнийг бүртгэхдээ Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11.3, 11.4, 11.5, 11.6-д заасан журмыг баримтална” гэж тус тус заасан. Өөрөөр хэлбэл, тухайн орон сууцыг иргэн миний нэр дээр бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгохгүй байгаа нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасан “улсын бүртгэгч нь үйлчлүүлэгчид хууль бус шаардлага тавих, зүй бусаар харьцах, үндэслэлгүйгээр улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах” гэснийг зөрчсөн гэж үзэж байна. Иймд иргэн Г.Лхагвасүрэн миний бие, хавсаргавал зохих шүүхийн шийдвэр, бусад баримтыг бүрдүүлсэн, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас холбогдох албан бичгийг хүргүүлсэн, шүүхийн шийдвэрээр цагдаа, прокурорын хөрөнгийн шилжилт хөдөлгөөний хязгаарлалт хүчингүй болсон байхад улсын бүртгэлийн байгууллага нь хууль, журмаар шаардаагүй баримтыг шаардан бүртгэхээс татгалзаж байгаа нь хууль бус болохыг тогтоолгох, өмчлөгчөөр бүртгэхийг даалгаж өгнө үү” гэжээ.
2.2. Нэхэмжлэгч Г.Лхагвасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би 2020 оноос хойш тус байрыг бэлэн төлөлтөөр авсан. Гэтэл үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарахгүй, компаниас нь бүх материалыг явуулсан ч Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс бичиг баримт дутуу гэдэг үндэслэлээр бүртгэхээс татгалзсан. Хоригууд байна гэхэд бүгдийг цуцлуулаад, яг үл хөдлөх хөрөнгийн газраас тавьсан шаардлагуудыг бүгдийг биелүүлсэн, гэтэл удаа дараа буцаагаад байгаа. Сүүлд ахлахтай нь уулзаад, манайх дур мэдэн бичиг баримт дутуу гарахгүй. Шүүхээр даалгуулбал болно гэсэн.
... Иймд шүүхэд хандсан” гэв.
Гурав. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:
3.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Уянга шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 15 дугаар хороолол, Дандарбаатарын гудамж, 101А тоот хаягт байршилтай, 5850 мкв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх анх 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр бүхэлдээ эрхийн улсын бүртгэлийн Ү-2204102758 дугаарт “Гурван марал констракшн” ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн байна. Дээрх бүхэлдээ бүртгэгдсэн орон сууцны эрхийн улсын бүртгэлд Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 403 дугаартай прокурорын зөвшөөрлөөр тусгай тэмдэглэл хийж, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байна.
Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д заасны дагуу “Нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх” зарчмыг баримталдаг. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.3-т “энэ хуулийн 19.4.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах”, 20 дугаар зүйлийн 20.1.10 дахь хэсэгт “Улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай улсын бүртгэлийн байгууллагын дарга, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийх”-ийг хориглоно гэж тус тус заасны дагуу мэдүүлгийг хүлээн авч хянаж, эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан нь үндэслэлтэй байна.
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 30.1.4-т заасан үндэслэлээр тусгай тэмдэглэл хийсэн бол эрх бүхий этгээдийн шийдвэрийг үндэслэн тусгай тэмдэглэлийг хүчингүй болгоно”, “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ын 5 дугаар зүйлийн 5.7-д “Захиалгаар барьж дууссан барилгын дундаа хэсгээр өмчлөгч бүрт ногдох хэсгийн өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэхэд мэдүүлэг гаргагчийн ирүүлсэн нотлох баримтыг захиалагчийн нэрс, тэдгээрийн оруулсан хөрөнгийн болон ногдох талбайн хэмжээ, байршлын хаяг, хэлцлийн мэдээллийг тусгасан захиалагчдын нэрсийн жагсаалт, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлттэй тулгаж нягтална”. Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-д “Орон сууц болон хэсгээр өмчлөх дундын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг тухайн үл хөдлөх эд хөрөнгийн доорх болон орчны газрын нэгж талбарын дугаарт үндэслэн бүртгэнэ” гэж тус тус заасан.
Захиалгаар барьж дууссан барилгын дундаа хэсгээр өмчлөгч бүрт ногдох хөрөнгийн өмчлөх эрхийг захиалагч иргэдийн өмчлөлд салгаж бүртгүүлэхдээ Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6-д заасны дагуу “Өмчлөх эрхийг нотлох баримт, газрын эрхийн гэрчилгээ, гэрээ, кадастрын зураг, барилгын батлагдсан зураг төсөл, гэрэл зураг, эрх бүхий байгууллагаас олгосон орон сууцны албан ёсны ЭУБ-8 дугаар маягтын дагуу үйлдсэн үл хөдлөх эд хөрөнгийн захиалагчийн хаалганы тоот, хэмжээ, хөрөнгийн үнэ зэрэг мэдээллийг агуулсан захиалгаар барих орон сууцны жагсаалт, холбогдох баримтуудыг Барилга байгууламжийг барих, ашиглалтад хүлээн авах улсын комиссын дүгнэлтийн хамт тухайн үл хөдлөх эд хөрөнгө оршин байгаа нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлж захиалан бариулсан орон сууцны өмчлөх эрхээ бүртгүүлэхийг хүссэн иргэн мэдүүлэг гарган орон сууцны захиалгын гэрээ, төлбөр тооцоо дууссан тухай тодорхойлолт, холбогдох баримтуудыг хавсарган өгч эрхийн улсын бүртгэлд бүртгүүлдэг хуулийн зохицуулалттай. Иргэн Г.Лхагвасүрэнгийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 15 дугаар хороолол, Дандарбаатарын гудамж, 101А тоот байрны 11 тоот хаягт байрлах орон сууцыг бүртгэх үндэслэлгүй байна. Иймд тухайн орон сууцыг барьж ашиглалтад оруулсан иргэн, хуулийн этгээдийн орон сууцыг хэсгээр өмчлөгч бүрээр бүртгүүлэхээр хуульд заасан дээрх нотлох баримтууд болон эрхийн улсын бүртгэлд хийсэн тусгай тэмдэглэлийг хүчингүй болгох тухай эрх бүхий этгээдийн шийдвэрийг тус тус улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлсэн тохиолдолд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасны дагуу нотлох баримтын шаардлага хангасны дараа улсын бүртгэлд бүртгүүлэх боломжтой тул гаргасан захиргааны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Уянга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны 15 дугаар хороолол, Дандарбаатарын гудамж, 101А тоот орон сууц 2019 онд манай улсын бүртгэлд бүртгэгдсэн. Эрхийн улсын бүртгэлийн 2204102158 дугаартай бүртгэгдсэн. Сүүлийн байдлаар 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 403 тоот прокурорын тусгай тэмдэглэл сэргээгүй, түдгэлзсэн нь хэвээр байгаа. Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасны дагуу нотлох баримтад үндэслэж хуульд заасан журмын дагуу сахилгын хэрэгжилтийг баримталдаг. Нотлох баримтад зөрчилтэй, бүрэн бус, хууль заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.10-т зааснаар улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай улсын бүртгэлийн байгууллагын дарга, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийхийг хориглоно гэж заасны дагуу мэдүүлгийг хүлээн авч, улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан нь үндэслэлтэй.
Мөн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.4-д зааснаар тусгай тэмдэглэл хийсэн болон эрх бүхий этгээдийн шийдвэрийг үндэслэн тусгай тэмдэглэлийг хүчингүй болгоно. Мөн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 5 дугаар зүйлийн 5.7-д зааснаар захиалгаар барьж дууссан барилгын дундаа хэсгээр өмчлөх, өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд мэдүүлэг гаргагчийн ирүүлсэн нотлох баримт, захиалагчийн нэрс, тэдгээрт оруулсан хөрөнгийн болон талбайн хэмжээ, байршлын хаяг, хэлцлийн мэдээллийг тусгасан захиалагчийн нэрсийн жагсаалт, барилга байгууламжийг ашиглалтад оруулах тухай комиссын дүгнэлтийг тулгаж нягтална гэж заасан байдаг. Мөн 4 дүгээр зүйлийн 4.4-т зааснаар орон сууц болон хил дээр дундын өмчлөлийн эд хөрөнгийн эрхийг улсын бүртгэлд бүртгэхэд нэгж талбарын дугаарт үндэслэн бүртгэнэ гэж заасан байдаг. Захиалгаар барьж дууссан барилгын дундаа хэсгээр өмчлөх, өмчлөгч бүрд ноогдох хэсгийг захиалагч, иргэдийн өмчлөл салж хөдлөх бол Эд хөрөнгийн анхны албан тушаалын тухай хуулийн10 дугаар зүйлийн 10.6-д заасны дагуу өмчлөх эрхийг нотлох баримт, газрын эрхийн гэрчилгээ, гэрээ, кадастрын зураг, барилгын батлагдсан зураг төсөл, гэрэл зураг, эрх бүхий байгууллагаас олгосон албан ёсны хаяг, ЭУБ-8 дугаар маягтын дагуу үйлдсэн захиалагчдын нэрс, хаалганы тоот, хэмжээ, хөрөнгийн үнэ зэрэг мэдээллийг тусгасан жагсаалт, нотлох баримтуудыг Улсын бүртгэлийн хэлтэст ирүүлж, уг нотлох баримтад үндэслээд эрхийн улсын бүртгэлд бүртгэдэг зохицуулалт байдаг. Иймд тухайн орон сууцыг ашиглалтад барьж оруулсан иргэн, хуулийн этгээд нь орон сууцын хэсгээр өмчлөгч бүрд бүртгүүлэхээр хуульд заасан нотлох баримтууд болон эрхийн улсын бүртгэлд хийсэн тусгай тэмдэглэлийг хүчингүй болгосон тохиолдолд бүртгүүлэх боломжтой тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Г.Лхагвасүрэнгээс Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс нь тус дүүргийн 22 дугаар хороо, 15 дугаар хороолол, Дандарбаатарын гудамж, 101А байрны 11 тоотод байршилтай орон сууцыг иргэн Г.Лхагвасүрэн миний нэр дээр бүртгэхээс татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, өмчлөгчөөр бүртгэхийг даалгах” тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ “... хоригууд байна гэхэд нь бүгдийг нь цуцлуулаад, төлбөрөө бүрэн төлөөд, захиалагч компаниас бичгийг нь хүртэл явуулаад, үл хөдлөх эд хөрөнгийн газраас тавьсан бүх шаардлагуудыг биелүүлсэн байхад эд хөрөнгийг миний өмчлөлд бүртгэхгүй байгаа нь хууль бус” гэх агуулгаар тайлбарлан маргасан.
2. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:
3. Нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/1067 дугаар захирамжаар Д.Гүрсоронзонд Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд орон сууцны зориулалтаар 700 мкв газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлжээ.
4. Тус газар дээр баригдсан Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 15 дугаар хороолол, Дандарбаатарын гудамж, 101а тоот хаягт байршилтай орон сууцны өмчлөх эрхийг 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр “Гурван марал констракшн” ХХК-ийн өмчлөлд 90 хувийн гүйцэтгэлтэйгээр, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204102158 дугаарт анх бүртгэж, 000770362 тоот гэрчилгээ олгосон байна.
4.1. Г.Лхагвасүрэн нь 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 120 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ”-г “Гурван марал констракшн” ХХК-тай байгуулсан.
4.2. Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албанаас 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 12/4-2176 тоот албан бичгээр “15 үл хөдлөх эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тогтоож, яаралтай хариу мэдэгдэнэ үү” гэж мэдэгдсэний дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас “Гурван марал констракшн” ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204102158 дугаарт бүртгэлтэй, ... 101а тоот хаягт байршилтай, 90 хувийн гүйцэтгэлтэй орон сууцны бүртгэлд тусгай тэмдэглэлийг 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хийснийг мэдэгдсэн.
5. 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр дээрх эд хөрөнгийг 100 хувийн гүйцэтгэлтэйгээр “Гурван марал констракшн” ХХК-ийн өмчлөлд бүртгэсэн.
6. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 16260630/189/12 дугаар тогтоолоор “...эрхийн улсын бүртгэлийн Ү-2204102158 дугаарт бүртгэлтэй ... үл хөдлөх эд хөрөнгийг салгаж бүртгэх эрхийг түдгэлзүүлж” шийдвэрлэснийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 4-189/13725 тоот албан бичгээр Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн.
7. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 160 дугаартай “Шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхтэй холбогдож гарсан асуудлыг шийдвэрлэх тухай” тогтоолоор “нэр бүхий 93 оршин суугч болон өмгөөлөгч Д.Болормаа, Б.Солонго нарын гаргасан хүсэлтийг хангаж, тус шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 1032 дугаар шийтгэх тогтоолын тодорхойлох болон тогтоох хэсгийн Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 15-р хороолол, Дандарбаатарын гудамж, 101А дугаар орон сууцны доорх газар болох Баянзүрх дүүрэг, 22-р хороо, Өлгийн 19-р гудамж, 255 тоотод байрших, Г-2204004454 гэрчилгээний дугаартай 478 мкв талбайтай газар, Баянзүрх дүүрэг, 22-р хороо, Өлгийн 19-р гудамж, 256 тоотод байрших Г-2204001451 гэрчилгээний дугаартай 463,46 мкв талбайтай газар, Баянзүрх дүүрэг, 22-р хороо, Өлгийн 18-р гудамж, 245 тоот байрших Г-2204014857 гэрчилгээний дугаартай 700 мкв талбайтай газрыг тус тус битүүмжилсэн, хөрөнгийн шилжилт хөдөлгөөн хязгаарласан шийдвэрүүдийг тус тус хүчингүй болгож уг 3 газрыг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гаргуулах зорилгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэх хэсгээс хасаж” гэж тодорхой болгож шийдвэрлэжээ.
8. Үүний дагуу
8.1. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 183 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 22250164/03 дугаар Хөрөнгийн эрх сэргээх тухай тогтоолоор “Төлбөр төлөгч “Гурван марал констракшн” ХХК /6148352/-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204102158 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Дандарбаатарын гудамж, 101А байр 5850 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн 2021 оны 4-189/13725 дугаар албан бичгээр түдгэлзүүлсэн шийдвэрийг цуцалж, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулах эрхийг сэргээж, хоригийг буцаан хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
8.2. Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 2-183/8603, Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 12/4-2408 тоот албан бичгүүдээр 101а байрны 11 тоот аягт байрлах 5 мкв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр Гэрэлийн Лхагвасүрэнг тогтоож, гэрчилгээ олгох асуудлаар сэргээж, хоригийг буцаан хэвээр үлдээхийг мэдэгдсэн.
8.3. 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн 01-189/9039 тоот албан бичигт “Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 3341 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 15 дугаар хороолол /13341/ Дандарбаатарын гудамж, 101а байрны 11 тоотод байрлах 57 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг Г.Лхагвасүрэнгийн өмчлөлд шилжүүлэх ...-ээр тус тус шийдвэрлэсэн. Иймд төлбөр төлөгч “Гурван марал констракшн” ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204102158 дугаартай Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 15 дугаар хороолол /13341/ Дандарбаатарын гудамж, 101а байранд байрлах 11, ... тоот байрлах үл хөдлөх хөрөнгүүдийн захиран зарцуулах эрхийг сэргээж” гэж тус тус шийдвэрлэснийг мэдэгджээ.
9. Мөн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2021/03341 дугаар захирамжаар Г.Лхагвасүрэнгийн нэхэмжлэлтэй “Гурван марал констракшн” ХХК-д холбогдох “орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, баримт бичиг бүрдүүлж өгөхийг даалгах” тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон.
10. “Гурван марал констракшн” ХХК-иас,
10.1. 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр “... компанийн зүгээс иргэдийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргах” хүсэлтийг холбогдох баримтууд/хуулийн этгээдийн гэрчилгээ, компанийн дүрэм, тусгай зөвшөөрөл, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, кадастрын зураг, хаягийн тодорхойлолт, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт, акт, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгийн захиалагчийн нэрсийн жагсаалт, архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгажих талбайн схем зураг/-ыг хүргүүлсэн,
10.2. 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 101 тоот албан бичгээр Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст “101а байрны 11 тоот хаягт байрлах 57 мкв талбайтай 2 өрөө байрыг Г.Лхагвасүрэн захиалан худалдан авсан ба өнөөдрийн байдлаар Г.Лхагвасүрэн нь төлбөрийн үлэгдэлгүй болохыг тодорхойлж байна. Иймд Г.Лхагвасүрэнгийн нэр дээр өмчлөх эрхийг шилжүүлж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргасан тухайд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс маргаагүй.
11. Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “тухайн үл хөдлөх эд хөрөнгө байрлаж буй газар нь “Чингис хаан” банкны барьцаанд бүртгэлтэй байгаа” гэж тайлбарласан.
12. Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 10 тоот албан бичигт “... тухайн үл хөдлөх эд хөрөнгийн газар нь эрхийн улсын бүртгэлийн Г-2204014857 дугаарт бүртгэлтэй, гэр бүлийн зориулалттай бөгөөд өнөөдрийн байдлаар “Чингис хаан” банктай 2018 онд байгуулсан ББГ-2018/ЗГ/69 тоот барьцааны гэрээ бүртгэлтэй” гэжээ.
13. Нэхэмжлэгчээс дээрх тайлбарын тухайд мөн маргаагүй, “Гурван марал констракшн ХХК, Чингис хаан банктай сарын өмнө уулзалт хийсэн. Гэтэл тус 2 байгууллагын хооронд мөнгөний асуудал байгаа юм байна лээ. Бид хүртэл хохироод байна ... гэсэн. Тэд бас шүүхэд нэхэмжлэл гаргаад явж байгаа гэсэн” гэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргав.
14. Энэ тохиолдолд(дээрх 11-13 дахь хэсэгт дурьдсан) маргаан бүхий эд хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжсэнийг бүртгэхээс татгалзсан хариуцагчийн татгалзлыг хууль бус гэж үзэх боломжгүй байна.
15. Учир нь Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3 дахь заалтын дагуу үл хөдлөх эд хөрөнгө гэдэг нь газраас салмагц зориулалтын дагуу ашиглах боломжгүй болдог онцлогтой байх бөгөөд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрх”-ийг үл хөдлөх эд хөрөнгийн эрх гэж ойлгохоор, 4 дүгээр зүйлийн 4.4-т “Орон сууц болон хэсгээр өмчлөх дундын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг тухайн үл хөдлөх эд хөрөнгийн доорх болон орчны газрын нэгж талбарын дугаарт үндэслэн бүртгэх”-ээр, 21 дүгээр зүйлийн 21.1.-т “Барьцаалбарын хууль ёсны эзэмшигч, эсхүл барьцаалагчийн хүсэлт, эсхүл шүүх, арбитрын шийдвэрийг үндэслэн барьцааны эрхийг дуусгавар болгох”-оор, 21.2-т “Барьцааны эрх дуусгавар болсныг эрхийн улсын бүртгэлд бүртгэснээр барьцаалбараар гэрчлэгдсэн эрх дуусгавар болж, энэ тухай хувийн хэрэгт тэмдэглэх”-ээр тус тус зохицуулсан байх тул үл хөдлөх эд хөрөнгө байрлаж буй газрын өмчлөх эрх нь өөр этгээдийн үүргийн гүйцэтгэлийг хангах барьцаанд бүртгэлтэй байгаа тохиолдолд уг газар дээр байрлах үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг салгаж бүртгэхэд барьцаалагчийн зөвшөөрлийг авсан байх шаардлагатай байна.
16. Өөрөөр хэлбэл, Тухайн орон сууцны өмчлөх эрхийг салгаж бүртгэхийн тулд орон сууцны доорх газрын өмчлөгчийн зөвшөөрөл шаардлагатай, нэхэмжлэгч нь газрыг өмчилж буй иргэн Д.Гүрсоронзонгоос бичгээр гаргасан зөвшөөрлийг мэдүүлэгтээ хавсаргасан хэдий ч газар өмчлөх эрхийг барьцаалагчаас зөвшөөрөл аваагүй, тус эрхэд хийгдсэн барьцаалбарын бүртгэл хүчинтэй байх тул мэдүүлгийг хүлээн авахаас татгалзсан нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Улсын бүртгэгч дараах үндэслэлээр эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзаж мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгийг буцаана:”, 29.1.3-т “мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгүүд зөрүүтэй” гэж заасанд нийцсэн шийдвэр болжээ.
17. Хэдийгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад эрх бүхий этгээдийн шийдвэрээр тухайн эд хөрөнгийн эрхийн бүртгэлд тавигдсан байсан хориг, хязгаарлалт, газрыг битүүмжилсэн тусгай тэмдэглэгээ нь дээрх 7 болон 8 дахь хэсэгт дурьдсан шийдвэр, албан бичгүүдээр цуцлагдсан, энэ талаарх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй боловч энэ нь хариуцагчийн татгалзалтай хамааралгүй байна.
18. Өөрөөр хэлбэл, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 160 дугаартай тогтоолоор гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гаргуулах зорилгоор эрхийн улсын бүртгэлийн Ү-2204102158 дугаарт бүртгэгдсэн эд хөрөнгийн эрхэд тусгай тэмдэглэгээ хийгдсэн байдлыг арилгасан хэдий ч өнөөдрийн байдлаар тус эд хөрөнгө байрлаж буй газрын Г-2204014857 дугаарт бүртгэгдсэн эрхэд барьцаалбарын бүртгэл хийгдсэн, нэхэмжлэгчээс уг барьцаалбарын бүртгэлийг цуцалсан, хүчингүй болгосонтой холбоотой аливаа баримтыг мэдүүлэгтээ хавсаргаагүй байх тул хариуцагч Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж буцаасныг хууль бус гэж үзэх боломжгүй юм.
19. Дээрх үндэслэлээр Г.Лхагвасүрэнгээс гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 4 дүгээр зүйлийн 4.4, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.1.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Лхагвасүрэнгээс Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан “Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс нь тус дүүргийн 22 дугаар хороо, 15 дугаар хороолол, Дандарбаатарын гудамж, 101А байрны 11 тоотод байршилтай орон сууцыг иргэн Г.Лхагвасүрэн миний нэр дээр бүртгэхээс татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, өмчлөгчөөр бүртгэхийг даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ