Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 2022/ДШМ/1175

 

 

 

 

 

 

  2022             12              13                                          2022/ДШМ/1175

 

 

        П.Б-ид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Ц.Оч, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Эрдэнэбаяр,

хохирогч Б.Ц,

шүүгдэгч П.Б-ийн өмгөөлөгч Б.О, Г.М,

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/1508 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч П.Б, түүний өмгөөлөгч Б.О, Д.Б, Г.М нарын гаргасан давж заалдах гомдлоор П.Б-ид холбогдох ...................... дугаар эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч П.Б нь 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн .......... дугаар хорооны нутаг дэвсгэр .......... дугаар байрны ..........тоотод хохирогч Б.Ц-гийн хүсэл зоригийн эсрэг хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: П.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч П.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-ийг 1 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-ид оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт хавсаргагдаж ирсэн нэг гар нь хугарсан нүдний шил 1 ширхэг, ягаан дотуур хувцас 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгаж, шүүгдэгч П.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч П.Б-ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч П.Б-ийн охин Б.У-д асран хамгаалагч харгалзан дэмжигч тогтоолгох асуудлыг шийдвэрлэхийг харьяа дүүргийн Засаг даргад тус тус даалгаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч П.Б давж заалдах гомдолдоо: “...Би Б.Ц-гаас энэ хэрэг явдалдаа албан ёсоор уучлал гуйж байна. Би гэм буруугаа мөрдөн байцаалтын шатнаас прокурорын шат шүүхийн шатанд бүгдэд нь хүлээсэн. Би бусдад төлөх төлбөр байхгүй. Бага насны нэг охинтойгоо амьдардаг ганц бие эцэг надад оногдуулсан 1 жилийн хорих ялыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч П.Б-ийн өмгөөлөгч Б.О, Д.Б нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогчийн мэдүүлэг зөрүүтэй мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд ч өгсөн мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй. Мөн гэрчийн мэдүүлэг, өмгөөлөгчдийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ хавтаст хэрэгт огт байхгүй байгаа зэрэг ноцтой хууль зөрчсөн байдлуудыг анхаарахгүй, нотлох баримтын хүрээнд хэргийг үнэн зөвөөр шударгаар шийдвэрлэх зарчмыг алдагдуулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Иймд шүүгдэгч П.Б-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлаас үзэхэд Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлд заасан хүчиндэх гэмт хэргийн шинж тогтоогдохгүй байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч П.Бийн өмгөөлөгч Г.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар бага насны нэг охинтойгоо амьдардаг ганц бие эцэг П.Б-ид оногдуулсан 1 жилийн хорих ялыг хүчингүй болгож тэнсэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолын биелэлтийг хойшлуулах аль аль боломж нь та бүхэнд байгаа тул эрх зүйн байдлыг дээрдүүлж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Б.Ц тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаж бичгээр өгсөн. П.Б нь гэм буруугаа хүлээж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй гэсэн байсан. П.Б надаас уучлалт гуйх боломжтой байсан. Миний хувьд сэтгэлийн гүн дарамтад орсон. Гэтэл одоог хүртэл биечлэн уучлалт гуйгаагүй. Цаашид уучлалт гуйх болов уу гэж бодож байна. П.Б-ид оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Эрдэнэбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх шүүгдэгч П.Б-ийг гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэж дүгнэсэн. Мөн хохирогч гомдолтой гэсэн учраас хорих ял оногдуулж шийдвэрлэсэн. Бага насны хүүхэдтэй гэх талаар яригдсан. Тухайн үед хүүхдийнхээ гэрчилгээг өгөөгүй байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцэгт...” хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах боломжтой. Шүүгдэгч П.Б-ийн хүүхэд 12 настай учраас ял хойшлуулах боломжгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч П.Б, түүний өмгөөлөгч Б.О, Д.Б, Г.М нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч П.Б нь 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн ........ дугаар хорооны нутаг дэвсгэр ............ дугаар байрны .............. тоотод хохирогч Б.Ц-гийн хүсэл зоригийн эсрэг хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Ц-гийн “...Тухайн үед П.Б хүчээр миний бэлэг эрхтэн рүү өөрийнхөө эрхтнийг оруулаад 1-2 удаа хийгээд больсон. Тэр үедээ П.Б хамгаалалт бэлгэвч гэх зүйл хэрэглээгүй. Шууд миний бэлэг эрхтэн рүү өөрийнхөө бэлэг эрхтнийг хийсэн. ...П.Б тухайн үед том өрөөнийхөө гэрлийг унтраагаад шууд миний дээрээс дараад авсан. Би П.Б-ид боль гэж хэлэхэд тоохгүй миний өмдийг тайлаад өөрийнхөө бэлэг эрхтнийг миний бэлэг эрхтэн рүү хийсэн. Тухайн үед би П.Б-ийг болиулах гээд хөлөөрөө жийж, хоёр гараараа түлхсэн тэгээд П.Б больсон...” /1хх 28-29/,

яллагдагч П.Б-ийн “...Манай гэр лүү ороод Б.Ц нойл ороод бие зассан. Б.Ц нойлоос гарч ирээд том өрөөнд буйдан дээр сууж байгаад надад чи намайг одоо зүгээр явуулахгүй байх гэх мэтээр ярьж байгаад, би Б.Ц-гийн гэрийн өмдийг нь бүр тайлж аваад өөрийнхөө бэлэг эрхтнийг Б.Ц-гийн бэлэг эрхтэн лүү 1 удаа хийтэл Б.Ц, больё гэж хэлэхээр нь би больчихсон. Б.Ц би чадахгүй юм байна, явъя намайг хүргэж өг гэхээр нь би Б.Цг гэрт нь хүргэж өгөөд өөрөө гэртээ харьсан. Тухайн үед өөр үйл явдал болоогүй. ...Б.Ц-д би ямар нэгэн байдлаар хүч хэрэглээгүй. ...больё гэхээр нь би бэлгийн харьцаанд орохоо больсон. ...Тухайн үед болон урьд өмнө нь бэлгийн харьцаанд орох үедээ Б.Ц бид хоёр хамгаалалт хэрэглэдэггүй байсан. ...Би 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Б.Ц-тай бэлгийн харьцаанд орсноо хүлээн зөвшөөрч байна. Өөрийн гаргасан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” /1хх 126-127/,

Шинжээч эмч Б.Г “...Үтрээнд дур тавиагүй буюу үрийн шингэн гадагшлаагүй тохиолдолд шинжилгээгээр эр бэлгийн эс илрэхгүй...” /хх 56-57/ гэх мэдүүлгүүд,

“...П.Б нь эрэгтэй хүн байна. Бэлгийн харьцаанд орох чадвартай байна. Бэлгийн замын халдварт өвчингүй байна.” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 386 дугаар дүгнэлт /хх 40-41/,

“...Б.Ц-гийн биед гэмтэл тогтоогдсонгүй. Үтрээний арчдас наалдац дээр эр бэлгийн эс, үзүүлэгчийн охин хальс үлдэц төдий байна. Шүүх бактериологийн шинжилгээний хариу гараагүй болно. Шүүх химийн шинжилгээний хариу гараагүй болно. Гадна бэлэг эрхтэн, хошногын амсар хэсэгт гэмтэл, эмгэг өөрчлөлтгүй байна.” гэсэн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 715 дугаар дүгнэлт /хх 47-48/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, дуудлага лавлагааны хуудас /1хх 7/, П.Б-ийн нэр дээрх “Хаан” банкны дансны хуулга /1хх 65-103/ болон дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 104-107/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 59-62/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээр дурдсан нотлох баримтуудаар гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, түүний сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ нотлогдсон байна.

Шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч П.Б-ид холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч П.Б-ийг хохирогч Б.Ц-гийн хүсэл зоригийн эсрэг хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүх, шүүгдэгч П.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг тайлбарлан зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Шүүгдэгч П.Б-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хорих ял шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тус тус тохирсон гэж үзэв.

Шүүгдэгч П.Б-ийн “...Би гэм буруугаа мөрдөн шалгах ажиллагааны шатнаас эхэлж хүлээсэн. Бага насны нэг охинтойгоо амьдардаг ганц бие эцэг надад оногдуулсан 1 жилийн хорих ялыг хүчингүй болгож өгнө үү....”, шүүгдэгч П.Б-ийн өмгөөлөгч Б.О, Д.Б нарын “...Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлд заасан хүчиндэх гэмт хэргийн шинж тогтоогдохгүй байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...”, шүүгдэгч П.Б-ийн өмгөөлөгч Г.М-ын “...бага насны нэг охинтойгоо амьдардаг ганц бие эцэг П.Б-ид оногдуулсан 1 жилийн хорих ялыг хүчингүй болгож, тэнсэж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.

Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд зааснаар тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх эрх хэмжээг хуулиар шүүхэд олгосон байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэхэд, шүүгдэгч П.Бийн охин Б.У нь 12 настай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах үндэслэлгүй байх тул шүүгдэгч П.Б, түүний өмгөөлөгч Г.М нарын энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн П.Б нь хохирогч Б.Ц-г хүсээгүй үед нь бэлгийн харьцаанд орж, бэлгийн халдашгүй байдалд нь халдаж хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул шүүгдэгчийн өмгөөлөгч Б.О, Д.Б нарын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.

Харин шүүгдэгч П.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, хохирогч Б.Ц-гаас давж заалдах гомдлоор бичгээр уучлалт гуйсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хорих ял шийтгэл оногдуулсныг өөрчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэх боломжтой гэж үзэв. Мөн тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч П.Б-ийг тэнссэн хугацаанд “хохирогчийн байгаа газар очих, хохирогчтой харилцахыг хязгаарлах” үүрэг хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/1508 дугаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/1508 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

            2 дахь заалтыг “Шүүгдэгч П.Б-ид “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй” гэж,

            3 дахь заалтыг “Шүүгдэгч П.Б-ид оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссэн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай” гэж тус тус өөрчилсүгэй.

            2. “Шүүгдэгч П.Б-ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар тэнссэн хугацаанд “хохирогчийн байгаа газар очих, хохирогчтой харилцахыг хязгаарлах хязгаарлалт тогтоосугай.” гэж,

           “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар “тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн” бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг П.Б-ид мэдэгдсүгэй.” гэсэн нэмэлт заалт тус тус оруулсугай.

          3. Шийтгэх тогтоолын 3 дахь заалтыг хүчингүй болгож, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

          4. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.АРИУНХИШИГ

 

 

                                 ШҮҮГЧ                                                              Ц.ОЧ

 

 

                                 ШҮҮГЧ                                                              Ж.ЭРДЭНЭЧИМЭГ