Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 2022/ДШМ/1176

 

 

 

 

 

 

  2022             12              13                                          2022/ДШМ/1176

 

 

                                                             О.М, Б.Х  нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Ц.Оч, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Мөнх-Амгалан,

шүүгдэгч, хохирогч Б.Х, түүний өмгөөлөгч Б.Б,

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2022/ШЦТ/1485 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч, хохирогч Б.Хгийн өмгөөлөгч Б.Бгийн гаргасан давж заалдах гомдлоор О.М, Б.Хнарт холбогдох 2106000001756 дугаар эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч О.М нь 2021 оны 8 дугаар сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн ..... дүгээр хороо, ..... дүгээр гудамжинд орших Улаан худгийн хажууд Б.Х-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас хэрүүл маргаан үүсгэж, улмаар үсдэх, цохих, өшиглөх зэргээр зодож түүний зүүн бугалга, гуя, өвдөг, шилбэнд цус хуралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Б.Х нь 2021 оны 8 дугаар сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн ....... дүгээр хороо, .......... дүгээр гудамжинд орших Улаан худгийн хажууд О.М-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас хэрүүл маргаан үүсгэж, улмаар үсдэх, цохих, өшиглөх зэргээр зодож биед нь тархи доргилт, баруун шанаа, хүзүүний баруун доор, хүзүүний зүүн доор, цээжний зүүн урд хэсэгт зулгаралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: О.М, Б.Х нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч О.М, Б.Х нарыг тус бүрийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.Х-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.М, Б.Х нарт тус бүрд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг О.М, Б.Х нарт сануулж, энэ хэрэгт О.М, Б.Х нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг сидиг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.М, Б.Х нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч, хохирогч Б.Х-гийн өмгөөлөгч Б.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хавтаст хэрэгт цугларсан үйл баримтын тухайд Б.Хнь О.Мын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан эсэхэд үндэслэл бүхий эргэлзээтэй нөхцөл байдлууд тогтоогдож байна гэж үзлээ. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасны дагуу шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж, Б.Х-гийн үйлдлийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч, хохирогч Б.Х тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би энэ гэмтлийг учруулсан гэж үзэхгүй байна. О.М надад өс хонзон санасан зорилготойгоор өөрөө гэмтлийг үүсгэсэн байх боломжтой. ...” гэв.

Прокурор Т.Мөнх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хуралдаанд хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шинжээч эмчээс авсан мэдүүлгийг авч нотлох баримтаар үнэлсэн. Шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Тийм учраас оролцогч нараас гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч, хохирогч О.М нь 2021 оны 8 дугаар сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн .......... дүгээр хороо, ............ дүгээр гудамжинд орших Улаан худгийн хажууд Б.Х-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас хэрүүл маргаан үүсгэж, улмаар үсдэх, цохих, өшиглөх зэргээр зодож түүний зүүн бугалга, гуя, өвдөг, шилбэнд цус хуралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч, хохирогч Б.Хнь 2021 оны 8 дугаар сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн ....... дүгээр хороо, ................ дүгээр гудамжинд орших Улаан худгийн хажууд О.М-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас хэрүүл маргаан үүсгэж, улмаар үсдэх, цохих, өшиглөх зэргээр зодож биед нь тархи доргилт, баруун шанаа, хүзүүний баруун доор, хүзүүний зүүн доор, цээжний зүүн урд хэсэгт зулгаралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч Б.Х-гийн “...улсын дугаартай Хонда инсайт /Honda insight/ маркийн машинтай, найзтайгаа хамт О.М нь согтуу өөрөө барьж ирсэн. Би машин дотроо сууж байтал, манай нөхөр Ч.М нь яваад очсон. Тэгэхээр нь би араас нь яваад очсон. Тэр үед манай нөхөр машинаа холдуулах гээд яваад өгсөн. Тэгээд О.М бид хоёр муудалцаж үсдэлцээд авсан. О.М-ын найз бид хоёрыг салгасан. Тэгээд би 102-т дуудлага өгсөн...” /хх 8-9/,

хохирогч О.М-ын “...Тухайн үед би Б.Х-тай муудалцан хэрэлдэж, бие биетэйгээ барьцалдан үсдэлцэж авсан. Тэгээд Б.Х хөлөөрөө бөгсөн бие рүү өшиглөөд байсан. Би мэдээж зөрүүлээд үсдсэн, цохиогүй, ямартай ч барьцалдаад зууралдаж байсан. Хоромхон зуур болоод өнгөрсөн зүйл байгаа юм. Ч.М-тай 2019 онд Солонгос улсад байхдаа танилцаж хамтран амьдарч байсан. Улмаар хамт амьдарч байх хугацаанд Б.Х гэх эмэгтэй гарч ирсэн... Миний хүзүү урагдсан, шанаа урагдсан...” /1хх 12/,

гэрч С.Ц-ын "... Өнөөдөр манай найз О.М бид хоёрыг “Эх нялхас” ороод буцаад явж байтал Б.Х гэх эмэгтэй, манай найз руу залгаад байсан. Тэгээд удалгүй “том хүүгээр чинь тоглоно” гэсэн мессеж Б.Х-гаас ирсэн. Тэгээд утсаар хэрэлдээд уулзъя гэж тохирон, асуудлаа шийдье гээд Баянзүрх дүүргийн ...... дүгээр хороо, ........ дүгээр гудамжинд ............. тоотын гадаа уулзсан. Тэгээд хоёр талаасаа хэрэлдэж ирээд үсдэлцэж зодолдсон. Тэгэхээр нь би салгасан... Х нь О.М-ын нүүр болон хүзүүг маажсан...” /хх 14-15/,

гэрч Ч.М-ийн “... 2021 оны 8 дугаар сарын 2-ны өдөр эхнэр Б.Х-гийн хамт байрны асуудлаар гадуур ажил хөөцөлдсөн. Тэгээд 13-ын автобусны буудал дээр байрлах “Хас” банкны ард байрлах нотариат руу эхнэр орсон хойгуур нь би О.М руу залгаж биеийг асуусан... О.М нь манай эхнэр лүү залгаад “манай хүүхдээр оролдоно гэнээ, гурвуулаа уулзаж асуудлаа шийдье, ус авдаг Улаан худаг дээрээ хүрээд ир” гэсэн. Тэгээд бид 2 гэртээ очин хашаандаа орчихоод буцаж гараад замын хажууд зогсож байгаад, бид 2 жоохон маргалдан пиво уугаад сууж байтал, нэг машин хажуугаар хурдтай зөрж хашааны цаагуур ороод зогсохоор нь би О.М-ыг мөн байна гэж мэдээд очиж машиныг нь холдуулаад байж байтал манай эхнэр тэр 2 муудалцаад салсан байсан. Уурандаа О.М-ын барьж байсан машиныг аваад цаашаа явсан. Яг зодолдох үед нь би байгаагүй. Тэр хоёр муудалцаад салсан байсан...” /хх 20-21/

шинжээч эмч Н.Т-гийн “... Дээрх тархи доргилт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр толгойн тус газарт цохих, цохигдох эсвэл толгой хүчтэй сэгсрэх, сэгсрэгдэх үед үүсэх боломжтой. ...Толгойн үснээс сэгсрэхэд үүсэх боломжтой. Толгойн хэсгээс бусад хүний биеийн хэсэгт халдсанаар тухайн гэмтэл нь үүсэх боломжгүй юм. /1хх 205-206/ гэх мэдүүлгүүд,

“...Б.Х-гийн биед зүүн бугалга, гуя, өвдөг, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 7033 дугаар дүгнэлт /1хх 27-28/,

“...О.М-ын биед тархи доргилт, баруун шанаа, хүзүүний баруун доор, хүзүүний зүүн доор, цээжний зүүн урд хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 7046 дугаар дүгнэлт /1хх 31-32/,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 2/, БЗДЦГ ЦХ-2 Шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /1хх 3/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч О.М, Б.Х нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүх, шүүгдэгч О.М Б.Х нарыг хувийн таарамжгүй харилцааны улмаас хэрүүл маргаан үүсгэж, улмаар харилцан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Анхан шатны шүүх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.М, Б.Х нарыг тус бүрийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тус тус тохирсон байна.

Шүүгдэгч Б.Хгийн өмгөөлөгч Б.Б-гийн “...Шүүх шинжээч эмчийн мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлж, дүгнээгүй бөгөөд гагцхүү шинжээчийн дүгнэлтийг үндэслэсэн. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Б.Х-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь,

Хэрэгт авагдсан баримтуудыг судлан үзэхэд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 7046 дугаар шинжээчийн дүгнэлт /1хх 31-32/-ээр хохирогч О.М-ын биед тархи доргилт, баруун шанаа, хүзүүний баруун доор, хүзүүний зүүн доор, цээжний зүүн урд хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдсон, Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэсэн шинжээчийн дүгнэлтийг няцааж үгүйсгэсэн баримт хэрэгт авагдаагүй, өөр бусад хүчин зүйлийн үйлчлэлээр О.Мын биед хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шинжээчийн дүгнэлт бол шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд хийсэн шинжилгээний явц, үр дүнг тусгасан нотлох баримтын эх сурвалж болох баримт бичиг бөгөөд шинжилгээний бодит үр дүнг тусгасан, шинжлэх ухааны тодорхой арга зүйд тулгуурласан, шинжээчийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд хийгддэг учиртай.

Шүүх нотлох баримтыг шалгаж, үнэлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд заасан журмыг баримтлан хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэсэн байх бөгөөд эдгээр нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, шүүгдэгчийн гэм буруутайг тогтооход хангалттай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг үндэслэлтэй зөв тогтоосон байна.

Харин шүүх, шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч, хохирогч О.М, Б.Х нарт оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр дүгнэсэн боловч тогтоох хэсэгт торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож зөрүүтэй бичсэнийг магадлалд дурдаж, шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр ашигтай байдлаар буюу О.М, Б.Х нарт тус бүрт оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосныг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч, хохирогч Б.Х-гийн өмгөөлөгч Б.Б-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2022/ШЦТ/1485 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч, хохирогч Б.Х-гийн өмгөөлөгч Б.Б-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.АРИУНХИШИГ

 

 

                                 ШҮҮГЧ                                                              Ц.ОЧ

 

 

                                 ШҮҮГЧ                                                              Ж.ЭРДЭНЭЧИМЭГ