Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 112/ШШ2024/0021

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар               

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн дарга С.Б,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Г.Л,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.З нарын хооронд үүссэн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Б, хариуцагч Г.Л, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1. Нэхэмжлэгч нь Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн “С.Б-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/05 тушаалыг хүчингүй болгуулахаар маргаж байна.

Хоёр: Хэргийн үйл баримт, процессын тухайд:

2.1. Авлигатай тэмцэх газрын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 05/21337 дугаар “Хуулийн хэрэгжилт хангуулж, хариуцлага тооцуулах тухай” албан бичгээр “...Говь-Алтай аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн дарга С.Б нь 2023 оны 12 дугаар 05-ны өдрийн Б/43 дугаар тушаалаар Э.Б-г тус төвийн нягтлан бодогчоор томилохдоо түүний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулаагүй нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-т “Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүлээн авч Авлигатай тэмцэх газарт хүргүүлнэ гэж заасныг зөрчсөн байна. Иймд С.Б-д дээрх хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.2-т заасан хариуцлагыг Захиргааны ерөнхий хуульд заасан журмыг чанд баримтлан тооцож, Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт заасны дагуу тус газарт 2024 оны 01 дүгээр сарын 27-ны дотор хариуг ирүүлнэ үү” гэх шаардлагыг Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Г.Л-д хүргүүлжээ.

Дээрх албан бичигт заасан шаардлагын дагуу Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Г.Л нь 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр тус аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн дарга С.Б-д сонсох ажиллагааг явуулж, улмаар Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/05 дугаар тушаалаар Зоонозын өвчин судлалын төвийн дарга С.Б-ийн албан тушаалын цалингийн хэмжээг гурван сарын хугацаагаар 30 хувиар бууруулжээ.

2.2. Дээрх шийдвэрийг  тус аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн дарга С.Б нь эс зөвшөөрч, 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд дээрх шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч С.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Зоонозын өвчин судлалын төвийн нягтлан бодогчоор ажиллаж байсан С.Э нь аймгийн Эрүүл мэндийн газрын нягтлан бодогчоор ажилладаг, мөн Эрүүл мэндийн газрын ерөнхий эдийн засагчаар хавсран ажилладаг байсан бөгөөд 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр зоонозын өвчин судлалын төвийн нягтлан бодогчоос чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн бөгөөд тухайн үед жилийн эцсийн тайлан гарах хугацаа дөхсөн төрийн сангийн гүйлгээ хаах дөхсөн нөхцөл байдал үүсээд байсан тул өмнө тус төвийн нягтлан бодогчоор 2019 оноос хойш ажиллаж байгаад 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн байсан Э.Б-г нягтлан бодогчийн ажилд нь буцаан авсан.

Э.Б-г нягтлан бодогчоор ажилд томилохдоо хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянуулах хүртэл хугацаанд туршилтын журмаар ажилд авсан байдаг. Иймд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуулийн дагуу түр тушаалтай ажиллаж байгаа нягтлан бодогчийн тушаалыг үндэслэж үндэслэлгүйгээр тушаал гаргаж сахилгын шийтгэл ногдуулсан гэж үзэж байна гэжээ.

3.2. Нэхэмжлэгч С.Б шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Миний бие С.Б 2012 оноос хойш Говь-Алтай аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн даргаар ажиллаж байсан. 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр би Улаанбаатар хотод хуралд оролцох ажлаар томилолтоор явж байгаад замдаа Б аймгийн нутаг дэвсгэр дээр автын осолд орж маш хүнд гэмтсэн байдаг. Бүтэн сар эмчлүүлээд эргээд 2022 оны 9 сард ажилдаа орсон. Тухайн үед 19 яс хугарсан, амьсгалын дутагдалд орсон маш хүнд осолд орж эргээд ирэхэд 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хууль бусаар ажлаас чөлөөлсөн байдаг. Ажлаас чөлөөлөөд  би 3 шатны шүүхийн шийдвэрээр эргэж орсон. Анхан шатны шүүх 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хуралдаж ажлаас хууль бусаар чөлөөлсөн учраас ажилд нь эргүүлэн томилъё гэсэн шүүхийн шийдвэр гарсан. Шүүхийн шийдвэрийг давж заалдах болон Дээд шүүхэд удаа дараа гомдол гаргаж, хоног хугацаа хожих байдлаар явсаар байгаад 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Дээд шүүхээр эцэслэн тогтоогдож ажилд эргүүлэн тогтоохоор шийдвэр гарч шүүхийн шийдвэр баталгаажсан байдаг. Аймгийн Эрүүл мэндийн газар шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй албадан гүйцэтгэж явсны эцэст 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр одоо миний бие С.Б- Зоонозын өвчин судлалын төвийн даргаар эргүүлэн томилсон байдаг. Томилохдоо 12 дугаар сарын 01-ний өдрийн 14 цаг 30 минутад намайг Эрүүл мэндийн газар дээр дуудаж тушаалыг гардуулж өгөөд ажлын цаг ингээд дуусаж байна. Тийм учраас ажлыг чинь 1 дэх өдөр хүлээлцье гэж хэлээд явуулсан.  Ажлын хэсэг нь цуглараагүй. Ингэж явсаар байгаад 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр үдээс өмнө ажлын хэсгийн ахлагч Э.А нь бол утсаа унтраагаад алга болж тэр өдрөө ажил хүлээлцэхгүй явсаар байгаад ажил тарах 6 цагийн үед утас нь холбогдоод ажил хүлээлцсэн байдаг. Ажил хүлээлцэх ажлын хэсэгт Эрүүл мэндийн газрын нягтлан С.Э оролцсон байдаг. Ажил хүлээлцэхэд би танай байгууллагын нягтлан бодогчоор одоо түр ажиллаж байгаа. Би Эрүүл мэндийн газарт давхар ажиллаж 40%-аар ерөнхий эдийн засагч хийж байгаа. Тийм учраас одоо ажлаа өгмөөр байна гэсэн хүсэлтийг тавьсан. Чи ингээд ажлаа хийгээд байж бай. Ямар ч байсан одоо би дөнгөж ажлаа авч байгаа болохоор шийдвэрлэх боломжгүй байна гэж хэлтэл 12 дугаар сарын 05-ны  өглөө  ирээд ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөд яг одоо энэ ажлыг ав, авах хэрэгтэй байна. Жилийн эцэс болчихсон маш их ажилтай байна. Эрүүл мэндийн газрын нягтлан бодогч, дээрээс нь ерөнхий эдийн засагчийг би хавсран гүйцэтгэж байгаа. Тэгээд гуравдагчаар  танайхыг хавсран гүйцэтгэхэд маш хэцүү байна. Тийм учраас энэ ажлаа хурдан аваадхаач ээ, ямар ч байсан одоо өнөөдрийн дотор ав гэсэн хариу өгсний улмаас би  өмнө нь 2019 оны 8 дугаар сард төвийн нягтлан бодогчоор ажиллаж байгаад 2023 оны 01 сарын 02-нд ажлаас чөлөөлөгдсөн Э.Б нягтланг дуудаж авчирч ажлыг хүлээлцүүлсэн байдаг. Тэгээд төрийн байгууллагын нягтлан бодогч нар олоход хэцүү, шаардлага өндөртэй, яагаад гэхээр  төрийн байгууллагад 3 буюу түүнээс дээш ажилласан ажлын туршлагатай байх шаардлагатай гэдэг шаардлагыг бол Сангийн яамнаас тавьдаг учраас өмнө нь ажиллаад 11 сарын өмнө одоо ажлаас чөлөөлөгдсөн Э.Б-г авч ажиллуулсан байдаг. Ажиллуулаад тухайн үед  12 дугаар сарын 05-ны өдөр би Авлигатай тэмцэх газарт хөрөнгө, хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулахаар албан тоот илгээсэн. Э.Б-г томилохдоо би  хуулийн заалтыг  зөрчөөгүй гэж бодож байна. Яагаад гэхээр нягтлан бодогчийг би нягтлан бодогч гэж томилсон байгаа. Авлигын авлигын эсрэг хуулийн 4.1.2-т хөрөнгө орлогын урьдчилсан мэдүүлгийг мэдүүлэх ёстой хүмүүсийг тусгайлан заасан байдаг. Үүнд 4.1.2-т Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан болон ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч энэ хүмүүс бол хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулна гэж заасан байдаг. Тэгээд Засгийн газрын 2023 оны 240 дүгээр тогтоол байгаа. Би хувилсан хэлбэрээр хэргийн материалд өгсөн. Энэ 240 дүгээр тогтоолын төрийн үйлчилгээний 7-оор би цалинжуулсан. Төрийн үйлчилгээний 7 бол зүгээр нягтлан бодогч гэдэг мэргэжилтэн цалинжихаар байгаа. Төрийн үйлчилгээний 8 дээр ерөнхий нягтлан бодогч гэж заасан байдаг. 7 шатлалд нягтлан бодогч, программист, сүлжээний инженер, хуулийн зөвлөх, архитектор, технологич гэсэн ийм хүмүүсийг төрийн үйлчилгээний 7-оор цалинжуулдаг. Ингээд тушаалыг нягтлан бодогчоор гаргаад, цалингийн шатлалыг яг нягтлан бодогчийн цалингийн шатлалаар томилон ажиллуулсан. Тэгэхээр би Монгол Улсын хууль тогтоомж болон Засгийн газрын тогтоолыг зөрчсөн гэж үзэхгүй байна гэж бодож байна. Дээрээс нь Авлигатай тэмцэх азарт хянуулах ёстой гэдэг утгаар 12 дугаар сарын 05-ны өдөр, 12 дугаар сарын 21-ний өдөр, 12 дугаар сарын 28-ны өдөр би удаа дараа Авлигатай тэмцэх газарт энэ хүний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянаж өгнө үү гэсэн албан тоот бичгийг явуулсан. Энэ процесс нь яаж явагддаг юм бэ гэхээр албан бичиг би илгээх гэхээр Эрүүл  мэндийн газрын хуулийн мэргэжилтэн буюу эрх бүхий албан тушаалтан ЭБАТ Э.А хувийн ашиг сонирхлын мэдээллийг цахимд шивж оруулах, эрхийг нь нээх, хаягийг нь өгөх, нууц код өгч баталгаажуулдаг. Би Э.А-д Э.Б-ийн хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг би бичгийг нь явуулчихсан. Нээгээд өг гэхээр арга саам хийгээд энэ хүн нээж өгөхгүй байсан. Энэ бол миний мэдлийн ажил биш. Тэгтэл энэ Э.А ерөөсөө нээхгүй явсаар байгаад 2 сарыг хүргэсэн байдаг юм. 12 сарыг бүтэн өнгөрөөгөөд, 1  сарыг бүтэн өнгөрөөгөөд тэгээд сүүлдээ Авлигатай тэмцэх газраас ирсэн бичгүүд нотолж байгаа. 02 дугаар сарын 06-нд, 02 дугаар сарын 09-нд баталгаажаагүй учраас бид нар хянаж болохгүй байна гэсэн удаа дараа АТГ-аас хариу албан тоотууд ирсэн. Тэгж тэгж 2 сар гарсны дараа эрх бүхий албан тушаалтан Э.А баталгаажуулснаар 02 дугаар сарын 20-нд хяналаа гэсэн албан бичиг нь ирсэн. Тэгэхээр миний удаа дараа хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг хянуулахаар албан бичиг явуулж байсан гэдгийг нотолж байна. Дээрээс нь хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хэн явуулах юм бэ гэхээр миний ажлын байрны тодорхойлолтод тийм заалт байхгүй. Миний хийх ёстой ажил биш. Түүн дээр би Эрүүл мэндийн газраас нотлох баримтаар хуулийн мэргэжилтнийх нь ажлын байрны тодорхойлолтыг хэрэгт авахуулсан байдаг. Төрийн албаны зөвлөлөөс баталгаажуулсан ажлын байрны тодорхойлолтын зорилт 1.4-д Эрүүл мэндийн газрын хуулийн мэргэжилтэн хүн аливаа шүүх, прокурорт бүгдэд нь Эрүүл мэндийн газрыг төлөөлөн оролцоно. Энэ хүн ийм ажлыг хийх ёстой юм байна. 2 дугаар зорилтын 3-д зааснаар хөрөнгө орлогын мэдүүлэг болон хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдэгдлийг бас дээд шатад хүргүүлэх хүн нь энэ юу гээд заачихсан байгаа. ЭБАТ буюу эрх бүхий албан тушаалтан, хуулийн мэргэжилтэн Э.А хүргүүлэх ёстой. За дээрээс нь 7-д нь 2 дугаар зүйлийн 7-д харьяа байгууллагын хувьд мэргэжил арга зүй, хуулийн зөвлөгөө, мэргэжил арга зүйгээр хангаж ажиллана гэсэн байгаа. Энэ чинь би ингээд хөөцөлдөөд яваад байх биш. Э.А надад анх энэ хүн намайг ажил авахад за та нягтлангаас болж байгаа юм байна, энэ хүнийхээ ашиг сонирхлын мэдүүлгийг ингээд авчирч өгөөд ингээд ингээд би ингээд эрхийг нь нээж өгөөд ингэх юм байна гэдэг зөвлөгөө, зөвлөмжийг өгч ажиллах ёстой байсан. Дээрээс нь би хуулийг ойлгохдоо Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх тухай хуульд "эрх бүхий байгууллага, албан тушаалтан энэ хуулийг биелүүлээгүй бол хариуцлага хүлээнэ гээд заачихсан байгаа. Миний ойлгож байгаагаар би биш, Э.А хүлээх ёстой байсан. Яагаад гэхээр томилох эрхтэй хүн нь би боловч, хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг дээд байгууллагадаа өргөн барих, энэ хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах Эрүүл мэндийн газрын хуулийн мэргэжилтэн Э.А-ийн хийх ажил. Тэгэхээр энэ нь байгаа онохгүйгээр хуулийг яаж гажуудуулахаараа яаж ойлгохоороо тэгж ойлгодог юм. Би үүнийг бол зохион байгуулалтын арга хэмжээ гэж үзэж байгаа юм. Яагаад зохион байгуулалтын арга хэмжээ гэж байна гэхээр шүүхийн шийдвэрийг биелүүлээд намайг ажилд аваад ажилд авахад ажил хүлээлцэхгүй 2, 3 хоносон. Ажил арай гэж нэг хүлээлцээд тэр хооронд түр орлон гүйцэтгэгч н.Н нь байгууллагын тамгыг ашиглаад л тэр өрөөнд сууж л байсан. Эрүүл мэндийн газар ингэж хүнийг ялгаварлан гадуурхаж үздэг. Ингэж явсаар намайг ажилд томилсон. Томилонгуут тухайн Зоонозын өвчин судлалын төвийнхөн үйлчлэгч нь хүртэл ажлаа хийхээ байсан. Миний өмнөөс бичлэг хийгээд л удахыг чинь харъя. Үсрээд сар болно, сар ч болохгүй байж мэднэ. Та эндээс явна. Угаасаа өөрийг чинь 7 хоног ажиллуулаад л ажлаас нь чөлөөлнө гэсэн шүү дээ гэх байдлаар төрийн байгууллагын ажилчдыг хагалан бутаргаад, өдөөн турхирч энд тэнд ингээд бичиг цаас, тоот өгөөд маш их ийм арга хэмжээг авч дээрээс нь нягтлан бодогч дээр ийм зохион байгуулалттай арга хэмжээ авсан. Үүнийг би удирдах албан тушаалтан, Эрүүл мэндийн газрын дарга,  шийдвэр гаргах эрх бүхий хүн энэ дээр бол маш хариуцлагатай хандах байх гэж би бодсон. Над дээр энэ бичиг ирлээ гээд сонсох ажиллагаа хийх гээд мэдэгдэх хуудас явуулж байгаа юм. Мэдэгдэх хуудас явуулахаараа доод талд нь хугацаандаа ирж сонсох ажиллагаандаа оролцохгүй бол захиргааны ямар нэгэн шийдвэрт гомдол гаргах эрхгүй гэсэн. Миний эрхийг сүүлдээ хязгаарлаж эхэлсэн. Иргэн хүн хаана ч гомдол гаргах эрхтэй. Тэгэхэд өөр газар гомдол гаргах эрхгүйгээр  ийм мэдэгдэл хуудас өгөөд сонсох ажиллагаа хийсэн. Сонсох ажиллагаа хийхдээ над дээр Захиргааны ерөнхий хуулийг зөрчиж надад ямар арга хэмжээ, яаж авах гэж байгаа юм танилцуулаагүй, АТГ-аас ийм бичиг ирлээ гэдгээ уншиж өгсөн. Тэгээд чи өөрийн хүсэлтээр явчих юм бол бид нар чамд арга хэмжээ авахгүй байя гэж танилцуулсан. Тэгээд  гэнэт нэг өдөр орж ирээд л ажилчдаа цуглуул гээд л гүйцэтгэх ажиллагаа хийж байгаа хүмүүс шиг орж ирээд л тушаал уншдаг. Өмнө нь халах тушаалаа ч гэсэн тэгсэн. Би эмэгтэй хүн, энд сууж байгаа бүх хүмүүс ээжээс төрсөн. Эгчтэй, ахтай, эхнэртэй, хүүхэдтэй, үр хүүхэдтэй, охин хүүхэдтэй, дээрээс нь би Эрүүл мэндийн газрын даргыг эмэгтэйчүүдийн эмч хүн үнэхээр ийм харгис байна гэж би үнэндээ гомдсон. Үндсэн мэргэжил хүний их эмч тулдаа би ийм сэтгэл зүйтэй өнөөдрийг хүрч байгаа юм. Надаас өөр хүн бол энэ дарамт хавчлага шахалтыг тэсэхгүй. Тэгээд өнөөдөр 2022 оноос хойш болсон явдлыг ярья гэхээр итгэмжлэгдсэн төлөөлөгч нь одоо бараг хэрэгт хамаагүй гэж хүнийг дарамталж байна. Төрийн албаны тухай хууль, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль батлагдсан шүү дээ. Үнэхээр зохимжгүй ийм үйлдлүүдийг удаа дараа надад үзүүлсээр ирсэн. Намайг ажлаас чөлөөлөгдөхөд ажлаас чөлөөлөгдсөн шүүх хуралд Эрүүл мэндийн газраас итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А, Б гээд 2 эрэгтэй хүн томилчихож байгаа юм. Тэр 2 нь дахиад өмгөөлөгч авч байгаа юм. Б.О гээд урьд нь шүүхэд ажиллаж байсан өмгөөлөгч Б.О-г авсан. Э шүүгчийн туслахын нөхрийг авсан. Тэгээд гуравдагч этгээд Н нь Э гэдэг өмгөөлөгч авч байгаа юм. Тэр Э гэдэг өмгөөлөгч нь Говь-Алтай аймгийн шүүхэд ажиллаж байгаад сүүлд нь аймгийн Засаг даргын Тамгын газрын хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байгаад дахиад өмгөөлөгчөөр орж ирсэн. Өнөөдөр гэхэд Зооноз өвчин судлалын төв адилхан хуулийн төрийн байгууллага яагаад миний өмнөөс нэг нь ч явдаггүй юм. Тэгсэн атлаа өмгөөлөгч нь ч юм уу ямар ч юм итгэмжлэгдсэн төлөөлөгч гээд хоёулаа орж ирээд сууж байгаа. Аймгийн Засаг даргын тамгын газраас бас л шүүгчийн эхнэр, шүүгчийн эхнэр шүүхэд төлөөлж болдог юм уу? ёс зүйтэй баймаар байна. Тэгээд л  бүлэглээд бүхэл бүтэн аймгаараа Тамгын газартайгаа, Эрүүл мэндийн салбар тэр чигт нь хүний эсрэг байж болдог юм уу? Үнэхээр харамсмаар байна. Миний тушаал ерөнхийдөө тэгж гарсан. АТГ-аас удаа дараа хянаж өгнө үү гэсэн бичиг явуулаад хариу ирэхгүй байсаар байсан. Тийм учраас би Э.Б-ийн Б/43 дугаар тушаалыг хүчингүй болгоод түүн дээр би нягтлан бодогчоор гээд тушаал гаргаад авчихсан байсан. Тэгээд 12 дугаар сарын 21-ний өдөр тушаалаа өөрчлөөд хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулах хүртэл хугацаанд Хөдөлмөрийн тухай хуулийг үндэслээд туршилтын журмаар 3 сар хүртэл хугацаагаар түр авч ажиллуулъя гээд. Өмнө нь 12 дугаар сарын 05-нд гаргасан тушаалаа хүчингүй болгосон байгаа. Тэр хүчингүй болгосон тушаалаар Авлигатай тэмцэх газар сахилгын арга хэмжээ ав гэж хэлээд ийм албан бичиг явуулчихаж байгаа юм. Г.Л даргын хэлэх үгийг би мэдэж байна. Авлигатай тэмцэх газраас газраас ирсэн бичгийг л би үндэслэж авсан гэж хэлнэ. Угаасаа эд нар чинь ингэж хэлдэг хүмүүс. Энэ Авлигатай тэмцэх газраас ирж хуулийн хэрэгжилтийг хангуулахаар ирсэн албан бичиг нь 12 дугаар сарын 05-ны Б/43 гэдэг хүчингүй болсон тушаалаар над дээр сахилгын шийтгэл ноогдуулагдсан байгаа. Үүнийг бас уншаад үзээрэй. Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг томилох эрх бүхий байгууллага буюу албан тушаалтан хүлээн авч Авлигатай тэмцэх газарт хүргүүлнэ гэсэн байгаа. Энэ бол эрх бүхий албан тушаалтан гэж би ойлгоод байгаа юм. Дээрээс нь хүчингүй болсон тушаалаар ингэж хүнд сахилгын шийтгэл ноогдуулж байна. Энэ чинь хүний амьдрал шүү дээ. Би 19 яс хугараад хөгжлийн бэрхшээлтэй иргэний тоонд ороод группэд ороод явж байхад цалингийн 30%-аар 3 сар гэдэг чинь хүний амьдралд, өнөөдөр энэ нийгэмд ингэж хүнийг сахилгын шийтгэл ноогдуулж болдог юм уу, хүнийг ингэж дарамталж албан тушаалаа ашиглаж болдог юм уу гэдгийг би одоо асуумаар байна. Миний гаргасан тушаал шийдвэрүүд хуулийн хэмжээнд Засгийн газрын тогтоол, хуулийг зөрчөөгүй, өөрийнхөө эрх мэдлийн хэмжээнд гаргасан тушаалууд байгаа. Эрх бүхий албан тушаалтан Э.А нь өнөөдөр төлөөлөөд ирэх байх гэсэн үнэхээр өөрийнх нь буруутай үйлдэл болохоор ирэхгүй Тамгын газраас төлөөлөөд хүн аваад ирж байна. Э.А-ийн ажлын байрны тодорхойлолтод Э.А шүүх дээр ирэх ёстой хүн гэж заагаад өгчихсөн. Э.А-ийн ажлын байрны тодорхойлолтыг нотлох баримтаар судлуулъя гэж бодож байна. Шүүх дээр төлөөлөх хүн байж өөрөө буруутай үйлдэл хийсэн, өөрөө арга хэмжээ авахуулах ёстой байж байгаад эд нар ийм зохион байгуулалттай юм хийчихээд, иргэнээс ирсэн гомдлын дагуу гэж байгаа. Авлигатай тэмцэх газраас хариуцлага тооцуулах тухай энэ албан тоот дээр хүртэл эхлэхдээ тус газарт иргэнээс ирүүлсэн гомдол мэдээллийг үндэслэсэн гэж байгаа. Иргэнээс ирсэн гомдлыг нь би мэдэж байна. Э.А оролцсон. Өөрөө бүртгэж авахгүй, байлгаж байлгачихаад энэ хүн өөрөө зохион байгуулж ийм гомдол гаргасан. Гомдол гаргасан хүн дээр арга хэмжээ авахгүй. Тэгээд С.Б-н буруу гэж зүтгэсэн. Манай байгууллагын статусыг мэдэхгүй. Ашиг сонирхлын мэдүүлгийг авах ёстой байгууллага нь Эрүүл мэндийн газар гэж би ойлгож байна. Эрүүл мэндийн газар хүлээж аваад ЭБАТ нь дээш нь уламжлах ёстой. Цахимд шивэх ёстой, хийх ёстой бүх гардан үйлдлүүдийг нь Эрүүл мэндийн газар хийх ёстой байхгүй юу. Тэгэхээр ингээд буруу ойлголт төрүүлээд манайхыг тусдаа ЭБАТ-тай юм шиг ойлголт АТГ-ынханд төрүүлсэн байгаа юм. Манайх бол жижигхэн байгууллага шүү дээ. Манайд бол эрх бүхий албан тушаалтан ч байхгүй, хуулийн мэргэжилтэн ч байхгүй, юу ч байхгүй. Өнөөдөр би өөрөө өөрийгөө өмгөөлөөд энд ингээд зогсож байгаа юм. Тэгэхээр эднийх бол үнэхээр хүчтэй байна. Тамгын газартай нийлж байна, хавсарч байна гэдэг нь эндээс харагдаж байна. Эд нар ингээд өөрсдийнх нь хийх ёстой ажлыг хүн рүү чихэж байгаа нь үнэхээр муухай. Энэ хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг авах ёстой байгууллага нь Эрүүл мэндийн газар, цааш нь дамжуулж өгөх ёстой хүн нь Э.А буюу хуулийн мэргэжилтэн, эрх бүхий албан тушаалтан нь байхгүй юу. Эрүүл мэндийн салбарт 1 л ЭБАТ байдаг. Боловсролын салбарт 1 л ЭБАТ байгаа байх гэж би бодож байна. Яамнуудад 1, 1 ЭБАТ байдаг. Манайх ЭБАТ-ын хувьд бол яалт ч үгүй Эрүүл мэндийн газрын харьяа болчихож байгаа юм. Тэгэхээр үүнийг Эрүүл мэндийн газрын даргын гаргасан Б/05 тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү. Дээрээс нь энэ тушаалыг гаргахад нэгдүгээрт хүндэтгэн үзэх шалтгаантай байсан. 12 дугаар сарын 05 гэхэд шинэ Хөдөлмөрийн тухай хуулиар ажилчдын цалин хөлсийг заавал 2 хувааж өг гэсэн заалт байдаг. Би дөнгөж ажилд орсон байсан. Нягтлан бодогч нь ажлаа өгнө гэсэн. Дахиад нягтлан бодогч авах асуудал яригддаг. Дээрээс нь 12 дугаар сарын 10 гэхэд урьдчилгаа цалин олгох болсон байсан. Дээрээс нь 12 дугаар сарын 22 гэхэд 5 дахь өдөр байгаа юм 22-нд төсвийн хуулийн хугацаа дуусаад төрийн сан хаадаг. Энэ шалтгаанууд дээрээс нь тухайн үед  аймгийн Төрийн аудитын газраас танай дээр урьдчилсан аудит хийгдэнэ гэж аудитынхан ирсэн байсан. Дээрээс нь төсвийн жил хаагдаад төрийн сан 12 дугаар сарын 22-ноор хаагдах ийм хүндэтгэн үзэх шалтгаанууд байсны улмаас нягтлан бодогчийг туршилтын журмаар авч ажиллуулсан тушаал гаргасан байгаа шүү гэдгийг бас давхар хэлэх хэрэгтэй байх гэв.

3.3. Хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч Г.Л шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч С.Б-н Эрүүл мэндийн газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг хүргүүлж байна.

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн даргын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 05/21337 дугаартай хуулийн хэрэгжилт хангуулж, хариуцлага тооцуулах тухай албан бичгийн дагуу Зоонозын өвчин судлалын төвийн дарга С.Б-д сахилгын шийтгэл ногдуулсан болно.

Нэхэмжлэгч С.Б-н Эрүүл мэндийн газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа үүгээр мэдэгдэж байна гэжээ.

 

3.4. Хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч Г.Л шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Нэмж тайлбар гаргая. Сая энэ акт ирж хуулийн хэрэгжилтийг хангуулах, хариуцлага тооцуулах гэсэн ийм ирсэн бичгийн дагуу хариуцлага тооцсон байгаа. Хариуцлага тооцохдоо С.Б-г дуудаад бүх мэдээллүүдийг Захиргааны ерөнхий хуулийн дагуу өгсөн. С.Б өөрөө бүгдийг нь гарын үсгээ зурж аваад тэр үедээ гомдол гаргана гэсэн. Өөр зүйл яриагүй. Тэр үед бол 3 сараар гэдэг нь хүнддэж байна гэж яриагүй. С.Б өөрөө хөрөнгө орлогын мэдүүлгийг өгч байдаг төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан. Авлигатай тэмцэх газар луу энэ олон бичгийг явуулаад байх байсан юм уу? Авлигатай тэмцэх газар чинь бүртгэж аваад мэдээ ирүүлэхгүй. Эрүүл мэндийн газарт энэ хүнийг томилох гэж байна гэсэн бичиг ирүүлсэн юм уу? Эрүүл мэндийн газарт ЭБАТ байгаа гэдгийг С.Б өөрөө мэдэж байгаа. Тэгээд яагаад Эрүүл мэндийн газрын ЭБАТ руу энэ хүнийг томилох гэж байна гэсэн бичиг ирүүлээгүй юм бэ? Эрүүл мэндийн газарт тийм хүнийг томилсон, томилох гэж байна гэдэг талаар мэдээлэл аваагүй.

Нэхэмжлэгч өөрөө Эрүүл мэндийн газарт хүргүүлээгүй гэдгээ нотлоод хэлж байна. Э.А-д мэдэгдэх шаардлагагүй. Авлигатай тэмцэх газарт хүргүүлнэ гэсэн учраас би хуулийн дагуу ажилласан гэдгээ өөрөө хэлээд 1 ёсондоо зөрчлөө өөрөө хэлж байна гэж харж байна. Хоёрдугаарт 02 дугаар сарын 09-ний хянаад ирсэн албан бичиг нь 12 дугаар сарын 28-нд Зоонозын өвчин судлалын төвөөс яваад цахим программ баталгаажуулаад хүргүүлснийх нь хариу ирсний дагуу томилсон. Гэхдээ энэ хүн бол 12 дугаар сарын 05-наас хойш ажлаа хийж байсан хүн. Хэдийгээр 12 дугаар сарын 05-ны тушаалыг 12 дугаар сарын  21-ний 59 дүгээр тушаалаар хүчингүй болгуулсан ч гэсэн 12 дугаар сарын 05-ны өдрөөс 16 хоногоор ухрааж ажиллуулаад байгаа. Дараагийн тушаал нь мөн адил хууль зүйн үндэслэлгүй байгаа. Тэгээд өмнөх тайлбараа хариуцагч талаас дэмжиж байна. Эрүүл мэндийн газрын даргын тушаалыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

3.5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.З шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Юуны өмнө нэхэмжлэгч маань аваарт орсон асуудалтай холбоотой тайлбар 2022 оноос хойш болсон үйл явдлыг яриад байна. Хэдийгээр нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй ч гэсэн харамсалтай явдал болсон байна. Яг одоо бидний шийдэх гэж байгаа нэхэмжлэлийн шаардлагатай өнгөрсөн харамсалтай үйл явдал хамааралгүй гэдэг байдлаар нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбоотой та тайлбараа хэлнэ үү гэдэг байдлаар хэлсэн шүү. Хоёрдугаарт Эрүүл мэндийн газрын Э.А-ийн ажил гээд байна л даа. Үүн дээр би жишээ нь аймгийн ЭБАТ байгаа. Манай аймаг дээр байгаа ЭБАТ-уудыг би бүгдийг нь нэгтгээд бүгдэд нь үүрэг чиглэл өгдөг, аймагтаа ганцаараа үйл ажиллагаа хэрэгжүүлдэг. Э.А-ийн хувьд бүх хувийн ашиг сонирхол болон хөрөнгө орлогыг мэдүүлэх ёстой албан хаагчдыг бүртгээд хяналт тавьдаг ажил хэрэгжүүлдэг ч гэсэн Зооноз өөрөө мэдэгдэх үүрэгтэй. Түүнээс бид хаана ямар томилгоо хийж байна гэдгийг урьдчилж таамаглаад та үүнийг томилох гэж байна уу? гэдэг байдлаар мэдүүлэх ямар ч боломжгүй. Аймгийн хэмжээнд маш олон төрийн албан хаагч даргын тушаалаар ажилд томилогдож чөлөөлөгддөг. Тэгэхээр Зооноз маань өөрөө Э.А-д мэдэгдэх үүрэгтэй байсан. Мэдэгдсэн гээд яриад байгаа нь ямар нэгэн байдлаар нотлогдох ёстой. Албан бичгээр төрийн байгууллага хоорондоо харилцах ёстой,  би үхэхээр, чи үх гэдэг шиг одоо намайг ингэж байвал Э.А дээр л хариуцлага авах ёстой гэдэг байдлаар санаж болохгүй. Э.А өөрөө төрийн албан хаагч, төрийн захиргааны албан хаагч хүний хувьд Төрийн албаны тухай хуулийн 61.1.4-д зааснаар бүртгүүлэхгүй байх баталгаагаар хангагдаж байгаа. Нэг ёсондоо шүүх хуралдааны танхимд тэмдэглэл тусгагдсан байх, Э.А-ийг бол гүтгэж байна гэж харж байна. 2 сарын хугацаанд удаа дараа хувийн ашиг сонирхлын мэдүүлэг хянуулах гээд хүргүүлсэн боловч санаатайгаар ашиг сонирхлын мэдүүлгийн цаашаа Авлигатай тэмцэх газарт хүргүүлэхгүй байсан гэдэг тайлбаруудаа хэллээ. Тэр нь тэмдэглэлд тусгагдсан байх. Тэгээд Э.А-ийн хувьд ийм байна. Шүүгчийн эхнэр гээд намайг тодотгоод яриад байна л даа. Би өөрөө Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар хөдөлмөрлөх эрхтэй, би өөрөө хуульч хүн. Би шүүгчийн эхнэр байлаа гээд хөдөлмөрлөх эрхээ хязгаарлаж, ажилгүй сууна гэж байхгүй. Тэр үүргийнхээ хүрээнд би шүүхийн байгууллагад ажилладаг хүн биш. Говь-Алтайн Засаг даргын Тамгын газар, шүүх, хуулийн байгууллагын асуудал хариуцдаг ганцхан мэргэжилтэн. Өөрөөр хэлбэл миний мэргэжилтэй тохирдог ажлаа хийдэг. Тэгэхээр би Засаг даргын Тамгын газрыг төлөөлөөд төрийн байгууллага, шүүх, прокурор, цагдаагаар миний яг үндсэн ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг учраас би хэрэгжүүлээд явна. Засаг даргын Тамгын газартай нийлээд оролцож байна гэдэг байдлаар тайлбар хэлээд байна. Хэргийн материалтай танилцсан бол Эрүүл мэндийн газраас Тамгын газарт өгсөн албан бичиг байгаа. Тэгээд одоо юм л бол тэр оролцоотой, энэ оролцоотой гэдэг байдлаар их хандах юм. Одоо хөдөө орон нутагт ийм байдаг юм уу? Би албан бичгийн дагуу дээрээс ирсэн цохолттой, намайг Эрүүл мэндийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролц гэсэн. Миний хийж байгаа ажил үүрэгтэй холбоотой миний хувийн амьдралыг холбоод яриад байх нь зохимжгүй байна. Одоо яг нэхэмжлэлийнхээ үндсэн шаардлагын хариу тайлбартай холбоотой тайлбар хэлье. Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Эрүүл мэндийн газарт Авлигатай тэмцэх газраас албан бичиг ирсэн. 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 21/337 гээд албан бичиг ирсэн. Тус албан бичигт зааснаар Зооноз өвчин судлалын төвийн дарга С.Б нь нягтлан бодогчоор Э.Б-ийг томилохдоо Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах тухай хуулийн 23.5-ыг зөрчсөн байна. Иймд 29.2.2-оор арга хэмжээ аваач ээ гээд албан тоот ирсний дагуу Э.Б гэдэг хүнийг томилсон юм байна гэдгийг ерөнхийдөө Эрүүл мэндийн газар мэдсэн. Тэрнээс өмнө Э.А-д энэ хүнийг томилох гэж байна. ХАСХОМ-ийг АТГ-т хүргүүлээд өгөөч ээ гэдэг байдлаар албан бичиг огт ирж байгаагүй. Энэ албан бичиг үндэслээд Эрүүл мэндийн газар, Захиргааны ерөнхий хуулийн 24-27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа, нөхцөл байдал тодруулах ажиллагаагаа хийгээд цалингийн 3 сар 30%-ийн сахилгын арга хэмжээ авсан. Э.Б гэж хүний хувьд 2019 оноос хойш ажиллаж байгаад 2023 онд өөрөө хүсэлтээ өгөөд ажлаасаа чөлөөлөгдөж байсан хүн юм байна лээ. Тэгээд эргүүлээд ажилдаа томилохдоо 12 дугаар сарын 5-ны Б/43 гэдэг тушаалыг Зооноз өвчин судлалын төвийн дарга гаргаад яг энэ тушаалтайгаа хамт Авлигатай тэмцэх газар луу 12 дугаар сарын 05-ны өдрийн албан бичиг хүргүүлээд ХАСХОМ мэдүүлэхээр албан тоот үйлдсэн байсан. Чухам үүнийгээ  нөхөж хийсэн үү? тухайн үед Авлигатай тэмцэх газар тэр албан бичгийг хүргүүлээгүй байсан. Тухайн албан бичгийг хүргүүлээгүй гэдэг нь хавтаст хэрэгт байгаа Авлигатай тэмцэх газрын 02 дугаар сарын 20-ны өдрийн албан бичгээр нотлогдож байгаа. 02 дугаар сарын 06-ны өдрийн 05/ 2434 гэдэг албан бичгээр Зоонозын өвчин судлалын төвийн ерөнхий нягтлан бодогчоор томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын мэдүүлэг огт ирээгүй гэсэн албан бичиг ирүүлсэн. Тэгэхээр хавтаст хэргээс хэд хэдэн хувийн ашиг сонирхлын мэдүүлэг хүргүүлсэн, явуулсан гэж харагдаж байгаа. Албан бичгүүд огт очоогүй. 12 дугаар сарын 05-ны өдөр, 12 дугаар сарын 21-ний өдөр,  12 дугаар сарын 28-ны өдрийн албан бичгүүд огт очоогүй хянагдаагүй учраас Авлигатай тэмцэх газраас огт ийм цахим системд бүртгэгдээд, баталгаажаад хянуулахаар ирүүлээгүй байна.  Тийм учраас манайх хянах боломжгүй гэсэн албан бичиг нь бол нэхэмжлэгчийн хэлээд байгаа тайлбарыг няцааж байна. Өөрөөр хэлбэл анх томилохдоо энэ хүний хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг нь явуулсан, Э.А-д 2 сарын хугацаанд хэлсэн гээд байгаа нь дээрх нотлох баримт албан бичгээр нотлогдохгүй байна. Хоёрдугаарт 12 дугаар сарын 21-ний өдрийн 59 гэдэг тушаалыг мөн гаргасан байдаг. Тэр нь 3 дугаар заалтаараа 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/43 тушаалаа хүчингүй болгосон. 1 дүгээр заалтаараа 12 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн буюу тушаал гарснаас хойш 16 хоногийн өмнөөс эхлээд ажилд хүн авч томилсон. Төрийн албаны тухай хууль, Ашиг сонирхлын хууль бид өнөөдөр тушаал гаргачихаад л 2 сарын өмнөөс ажилд авсан гэж тушаал гаргадаггүй.  Тушаал бол гарсан өдрөөсөө хойш хэрэгждэг. Тэгэхээр Б/59 тушаал бас үндэслэлгүй. Гэхдээ яах вэ? Манай өнөөдрийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Б/43 дугаар тушаал байгаа учраас энэ тушаал дээрээ төвлөрч ярихын хувьд ийм байна. Тушаалын үндэслэл хэсэг бол Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5 буюу Засаг даргын дэргэдэх газар хэлтсийг өөрөөр хэлэх юм бол Эрүүл мэндийн газрын дарга тушаал шийдвэр гаргана, хэвлэмэл акт үйлдэнэ гэсэн тушаал байгаа. Мөн удирдлага болгож байгаа 2 заалт нь ашиг сонирхлын хуулийн 23.5 5-ыг зөрчсөн 29.2.2 буюу 3 сарын 30% хүртэлх сахилгын арга хэмжээ авах, цалин бууруулах заалтыг үндэслэл болгоод  2024 оны 01 дүгээр сарын 23-ны Б/05 тушаалыг Эрүүл мэндийн газраас гаргасан. Эрүүл мэндийн газрын даргын тушаал бол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий, сонсох ажиллагааг мөн хийсэн. Сонсох ажиллагааны тэмдэглэл дээр тушаалтай холбоотой өөрөөс нь тодруулж нэлээн асуусан зүйл байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 24-д заасан захиргааны байгууллагын эрх үүргээ бол хэрэгжүүлж ажилласан, сонсох ажиллагаатай холбоотой хууль ёсны эдлэх эрх, үүргийн тайлбарлаж өгөх гэсэн боловч нэхэмжлэгч өөрөө эрх үүрэгтэйгээ би танилцахгүй гээд татгалзсан байгаа. Засгийн газрын 2023 оны  06 дугаар сарын 21-ний өдрийн 240 гэдэг тогтоолоор, өөрөөр хэлбэл ноднин жилийн 7 сараас эхлээд энэ тогтоол хэрэгжээд төрийн албанд орж ажиллаж байгаад төрийн үйлчилгээ, төрийн захиргаа, төрийн захиргааны болоод төрийн үйлчилгээ, энэ тогтоолын хавсралтад дурдсан жагсаалт бүхий албан хаагчид ажилд томилогдох бол заавал хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг хуульд зааснаар мэдүүлэх үүрэгтэй. Энэ жагсаалт Засгийн газрын тогтоолын ТҮ-ийн 7.2 гэдэг дээр нягтлан бодогч гэдэг албан тушаалыг нь тухайлан заагаад өгчихсөн. Өөрөөр хэлбэл ерөнхий нягтлан бодогч ч энэ тогтоолын үйлчлэлд хамаарч байгаа. Нягтлан бодогч ч энэ тогтоолын үйлчлэлд хамаарч байгаа. Тэгэхээр өмнө нь хүмүүсийг ямар учраас хувийн ашиг сонирхлыг нь мэдүүлдэггүй байсан юм бэ? олон нягтлан бодогч нар гээд өмнөх шүүх хурал дээр нотлох баримт авсантай холбоотой хэлэхэд тухайн үед энэ тогтоол хэрэгжиж эхлээгүй байсан. 2023 оны 06 дугаар сарын 10-наас хойш төрийн албанд томилогдох албан хаагчдын жагсаалтын хавсралтад дурдсанаар ерөнхий нягтлан бодогч, нягтлан бодогч нар бүгд хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ Авлигатай тэмцэх газарт хянуулж байж томилгоо  хийгдэнэ. Нэхэмжлэгчийн зүгээс хэргийн материалтай танилцаад байхад томилчихоод яг тэр өдрөө албан бичиг төлөвлөөд Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн нөхцөл байдал тогтоогдсон. Ер нь эхлээд томилох тушаал гаргахаасаа өмнө хувийн ашиг сонирхлын мэдүүлэг, дүгнэлт нь ирсний дараа томилгоо хийдэг. Тэгэхээр 12 дугаар сарын 05-ны өдрийн Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн гээд байгаа албан бичгийг сүүлд хийсэн албан бичиг болов уу гэж хариуцагч талаас үзэж байгаа. Үүнтэй холбоотой бас шалгадаг газар нь өргөдөл гомдол гаргаад шалгаж болох байх. Төрийн албан хаагчийг гүтгэхтэй холбоотой тайлбар хэлсэн. Э.А-ийн хувьд ажлын байрны тодорхойлолт нь хэдийгээр эрх бүхий албан тушаалтан гэж байгаа боловч Эрүүл мэндийн газрын хэмжээнд эрх бүхий албан тушаалтнуудыг хэрэгжүүлнэ. Томилогдож байгаа албан хаагчид хэлтэс нэгж, албаны дарга нар бүгдээрээ албан бичиг ирүүлээд манайх энэ хүнийг томилох гэж байна, хувийн ашиг сонирхлыг нь хянуулаад өгөөч ээ гэдэг байдлаар ханддаг. Би өөрөө төвийн ЭБАТ учраас тийм албан бичгүүд аваад хувийн ашиг сонирхлыг мэдүүлээд, дүгнэлт нь ирсний дараа томилгоо хийдэг. Би мэдээгүй байхад манай Тамгын газарт тушаал гарчихсан байвал тэрийг нь би хариуцах ёстой гэж байгаа юм шиг байдлаар хэлээд байна. Тэрийгээ өөрөө мэдэгдэх ёстой. Жишээ нь манай харьяа агентлагууд дээр ч гэсэн томилгоо гээд эрх бүхий албан тушаалтан байдаггүй газрууд томилгоо хийхдээ манайх энэ хүнийг томилох гэж байна дүгнэлт гаргуулаад өгөөч гээд удирдах албан тушаалтнууд нь өөрсдөө ирдэг. Тэгээд манайх албан бичгээ төлөвлөөд, хүнийг нь дуудаж уулзаад баталгааны маягтыг аваад тэгж байж л би ажил үүргээ хэрэгжүүлэхгүй бол хаана хэн томилогдож байгааг би мэдэх ямар ч боломжгүй. Надад албан ёсоор мэдэгдээд энэ хүнийг томилох гээд байна гээд байхаар би үгүй, би наадхыг чинь явуулахгүй гэдэг байдлаар эс үйлдэхүй гаргаж байгаа бол би өөрөө Төрийн албаны тухай хуульд зааснаар хариуцлага хүлээх үүрэгтэй. Гэтэл яг албан ёсоор мэдэгдсэн зүйлгүй атлаа 2 сар Э.А-ийн ажил байхад энэ хүн өөрөө ажил хийхгүй татгалзсан гэдэг байдлаар тайлбар өгч байгаа нь төдийгөөс өдийг хүртэл төрийн албанд ажилласан хүний хувьд ёс зүйгүй харагдаж байна. Бид нар ч гэсэн хэлж байгаа үгнийхээ төлөө хариуцлага хүлээж авах ёстой. Тэгээд тэр тэрэнд хамааралтай, энэ тэрэнд хамааралтай гэдэг байдлаар дандаа юманд ханддаг байдал ажиглагддаг. Хууль шүүхийн хувьд хүн болгон эрх тэгш гэж хэлмээр байна. Нэмж хэлэхэд хэрэгт байгаа Авлигатай тэмцэх газар луу 3 удаагийн хүргүүлсэн хувийн ашиг сонирхлын мэдүүлэг хянуулах гээд явуулсан албан бичигт яг аль нь очсон, аль нь очоогүй гэдгийг мэдэх ямар ч боломжгүй байна. Зөндөө шат дараалаад гарчихсан. Тэгээд хамгийн сүүлд ярьсан Авлигатай тэмцэх газрын албан бичгийн талаар манайд юу ч байхгүй байна гэж ярилцсан байгаа. Тэгэхээр төрийн албаны удирдах албан тушаалтнууд доороо олон хүн ажиллуулж байгаа улс төрийн маш өндөр сахилга хариуцлагатай байх ёстой хүн ийм нотлох баримт үйлдээд ийм байдлаар ажилладаг бол үнэхээр харамсалтай байна гэж хэлмээр байна. Тэгэхээр Авлигатай тэмцэх газрын албан бичгийг бид нар үндэслэнэ. Авлигатай тэмцэх газар  нөхцөл байдлыг тогтоогоод газар дээр нь ирээд холбогдох зөрчил гаргасан этгээдээс мэдүүлэг тайлбар авсан байсан. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах тухай хуулийн 23.5 дээр зөрчил гаргасан албан тушаалтан гэж тодорхой зааж өгсөн байгаа. Зөрчил гаргаад байгаа албан тушаалтан нь Э.А биш, тушаал шийдвэр гаргаж байгаа, томилдог эрх бүхий албан тушаалтан.  Хувийн ашиг сонирхлын мэдүүлгээс яриад байдаг. Яг энэ хүн миний дор ажиллахад надтай ямар нэгэн байдлаар хамааралтай байна уу гэдгээ хянуулах гэж байгаа. Тэгтэл тэр хянуулах гэж байгаа хүн нь томилох гэж байгаа эрх бүхий албан тушаалтан нэг ёсондоо тушаал шийдвэр, тамга тэмдгээ дардаг, шууд дээд шатны удирдах албан тушаалтанд 23.5-аар зөрчил гаргаад байгаа албан хаагч болоод байгаа юм. Иргэнээс ирүүлсэн өргөдөл гомдол би тэрийг мэдэж байна гээд л нэг ховын  чанартай юм яриад байна. Бид нарт өргөдөл гомдол гаргаад ч юм уу хариуцагч талаас нь хүний мууг үзэх гээд яваад байх ямар ч шаардлага байхгүй. Ирсэн албан бичиг аваад арга хэмжээгээ авна. Ер бол өөрийнхөө толгой дээрх бухлыг харахгүй байж, хүний толгой дээрх өвсийг харна гэгчээр би ямар ч алдаагүй байхад эд нар ингээд байх юм гэж хандаад л байх юм бол энэ чинь улам л том болоод байна. Гэтэл яг шударгаар төрийн албанд олон жил ажилласан бол хариуцлагаа шударгаар хүлээгээд, үйл ажиллагаандаа ч гэсэн шударга байх ёстой л гэж хэлмээр байна. Ийм учраас Эрүүл мэндийн газрын даргын Б/05 тушаалыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Говь-Алтай аймгийн Зооноз өвчин судлалын төвийн дарга С.Б-с тус аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Г.Л-д холбогдуулан “Эрүүл мэндийн газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн  “С.Б-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/05 тушаалыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

  Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Г.Л тус аймгийн Зооноз өвчин судлалын төвийн дарга С.Б-д Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн тухай нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5, 29 дүгээр зүйлийн 29.2.2 дахь заалтыг үндэслэн албан тушаалын цалингийн хэмжээг гурван сарын хугацаагаар 30 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ.

2. Нэхэмжлэгч С.Б-с: - Засгийн газрын 2023 оны 240 дүгээр тогтоол байгаа. Төрийн үйлчилгээний 8 дээр ерөнхий нягтлан бодогч гэж заасан байдаг. 7 шатлалд нягтлан бодогч, программист, сүлжээний инженер, хуулийн зөвлөх, архитектор, технологич гэсэн ийм хүмүүсийг төрийн үйлчилгээний 7-оор цалинжуулдаг. Тэгэхээр би Монгол Улсын хууль тогтоомж болон Засгийн газрын тогтоолыг зөрчсөн гэж үзэхгүй; - 12 дугаар сарын 05-ны өдөр би Авлигатай тэмцэх газарт хөрөнгө, хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулахаар албан тоот илгээсэн. Э.Б-г томилохдоо би  хуулийн заалтыг  зөрчөөгүй; - ЭБАТ Э.А хувийн ашиг сонирхлын мэдээллийг цахимд шивж оруулах, эрхийг нь нээх, хаягийг нь өгөх, нууц код өгч баталгаажуулдаг. Би Э.А-д Э.Б-ийн хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг би бичгийг нь явуулчихсан. Нээгээд өг гэхээр арга саам хийгээд энэ хүн нээж өгөхгүй байсан. гэж,

Хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс: - Э.А-ийн хувьд бүх хувийн ашиг сонирхол болон хөрөнгө орлогыг мэдүүлэх ёстой албан хаагчдыг бүртгээд хяналт тавьдаг ажил хэрэгжүүлдэг ч гэсэн Зооноз өөрөө мэдэгдэх үүрэгтэй. Түүнээс бид хаана ямар томилгоо хийж байна гэдгийг урьдчилж таамаглаад та үүнийг томилох гэж байна уу? гэдэг байдлаар мэдүүлэх ямар ч боломжгүй; - Эрүүл мэндийн газарт Авлигатай тэмцэх газраас албан бичиг ирсэн. 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 21/337 гээд албан бичиг ирсэн. Тус албан бичигт зааснаар Зооноз өвчин судлалын төвийн дарга С.Б нь нягтлан бодогчоор Э.Б-ийг томилохдоо Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах тухай хуулийн 23.5-ыг зөрчсөн байна. Иймд 29.2.2-оор арга хэмжээ аваач ээ гээд албан тоот ирсэн; Засгийн газрын 2023 оны  06 дугаар сарын 21-ний өдрийн 240 гэдэг тогтоолоор, өөрөөр хэлбэл ноднин жилийн 7 сараас эхлээд энэ тогтоол хэрэгжээд  төрийн албанд орж ажиллаж байгаад төрийн үйлчилгээ, төрийн захиргаа, төрийн захиргааны болоод төрийн үйлчилгээ, энэ тогтоолын хавсралтад дурдсан жагсаалт бүхий албан хаагчид ажилд томилогдох бол заавал хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг хуульд зааснаар мэдүүлэх үүрэгтэй. гэж тус тус маргадаг.

3. Нэхэмжлэгч С.Б нь 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/43 дугаар тушаалаар Э.Б-ийг нягтлан бодогчоор авч ажиллуулан, цалинг ТҮ-8-аар бодож олгохоор шийдвэрлэжээ. Хэрэгт авагдсан баримтаар Э.Б нь тус газарт 2019 оноос нягтлан бодогчоор ажиллаж  байсан байх бөгөөд 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр өөрийн хүсэлтээр албан тушаалаас чөлөөлөгдсөн байна.

Э.Б нь анх 2019 онд нягтлан бодогчийн ажилд томилогдохдоо мөн л ТҮ-8 гэсэн ангиллаар цалинжиж байжээ. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 07 дугаар сарын 3-ны өдрийн 276 тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан /Төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай/ албан тушаалын зэрэглэлийн ТҮ-8 гэсэн хэсэгт “Ерөнхий нягтлан бодогч” хамаарч байсан байна.  

Мөн Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 240 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтаар батлагдсан төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэл, албан тушаалын жагсаалтын ТҮ-8 хамаарч байсан байх бөгөөд мөнхүү тогтоолд орсон өөрчлөлтөөр ТҮ-7 гэсэн зэрэглэлд ахлах нягтлан бодогч хамаарч байна.

Иймээс нэхэмжлэгчийн “...Засгийн газрын 2023 оны 240 дүгээр тогтоол байгаа. Төрийн үйлчилгээний 8 дээр ерөнхий нягтлан бодогч гэж заасан байдаг. 7 шатлалд нягтлан бодогч, программист, сүлжээний инженер, хуулийн зөвлөх, архитектор, технологич гэсэн ийм хүмүүсийг төрийн үйлчилгээний 7-оор цалинжуулдаг. Тэгэхээр би Монгол Улсын хууль тогтоомж болон Засгийн газрын тогтоолыг зөрчсөн гэж үзэхгүй гэх тайлбар үндэслэлгүй байна.

Түүнчлэн Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5-д Нягтлан бодогчийн нэг орон тоотой аж ахуйн нэгж, байгууллагад ажиллаж байгаа нягтлан бодогч, эсхүл гэрээт нягтлан бодогч нь ерөнхий нягтлан бодогчийн үүрэг гүйцэтгэнэ. гэж, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан болон ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч; гэж, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна. гэж тус тус заажээ.

Мөн Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/3 дугаар тушаалаар аймгийн Зооноз өвчин судлалын төвийн бүтэц орон тоог баталсан бөгөөд тус төв нь 1 нягтлан бодогчтой байхаар заагдсан тул тус төвийн нягтлан бодогчоор томилогдох этгээд нь хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг гаргаж, Авлигатай тэмцэх газарт хянуулах зохицуулалтад хамаарч байна.

4. Нэхэмжлэгчээс: Би 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Авлигатай тэмцэх газарт Э.Б-ийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулахаар албан тоот илгээсэн. Э.Б-ийг томилохдоо би  хуулийн заалтыг  зөрчөөгүй гэж маргадаг. Гэвч нэхэмжлэгч 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/43 дугаар тушаалаар Э.Б-ийг нягтлан бодогчоор авч ажиллуулан, цалинг ТҮ-8-аар бодож олгохоор шийдвэрлэсэн байдаг.

Нэхэмжлэгч Зооноз өвчин судлалын төвийн нягтлан бодогчоор Э.Б-ийг 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр түүний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газарт хянуулаагүй томилсон талаараа маргадаггүй. Тэрээр шүүх хуралдаанд “...ЭБАТ Э.А гэдэг мэргэжилтэн дээр томилгоо хийхээсээ өмнө очоогүй гэдэг дээр маргахгүй. Гэхдээ 2023 оны 12 дугаар сарын 10-нд очсон; 5-нд очиж уулзаагүй ...” гэж тайлбар гаргадаг.

Мөн Авлигатай тэмцэх газраас Говь-Алтай аймгийн Зооноз өвчин судлалын төвийн дарга С.Б-д 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 05/2434, мөн оны 02 дугаар сарын 09-ний өдөр 05/2773 дугаар албан бичгээр “... 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/59 дүгээр тушаалаар Э.Б-ийг Зооноз өвчин судлалын төвийн нягтлан бодогчоор томилсоны дараа хянуулахаар ирүүлсэн ..., ... хянан үзэх боломжгүй байна.” гэсэн хариуг хүргүүлсэн байна.

5. Нэхэмжлэгчээс: “...2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 43 дугаар тушаалыг би өөрийн эрх хэмжээний хүрээнд хүчингүй болгосон байхад уг тушаалыг дурдан сахилгын арга хэмжээ авсан нь үндэслэлгүй” гэж маргадаг.

Нэхэмжлэгч С.Б Э.Б-ийг нягтлан бодогчоор томилсон 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/43 дугаар тушаалаа 2023 оны 12 дугаар сарын 21-ний Б/59 дүгээр тушаалаар хүчингүй болгосон байх боловч Э.Б-ийн төрийн үйлчилгээний албан тушаалыг хашиж байгаа харилцааг дуусгавар болгоогүй байдаг. Өөрөөр хэлбэл Зооноз өвчин судлалын төвийн дарга С.Б-н 2023 оны 12 дугаар сарын 21-ний Б/59 дүгээр тушаалын 1 дэх заалтад “Э.Б-ийг 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн нягтлан бодогчоор авч Авлигатай тэмцэх газарт хувийн ашиг сонирхлын урьдчилан мэдүүлэг хянуулах хүртэл хугацаанд туршилтаар ажиллуусугай.” гэж заасныг Засгийн газрын тогтоол болон хуульд нийцүүлсэн гэж дүгнэх боломжгүй.

6. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.2-т ..., ... 23.5-д заасан үүргээ биелүүлээгүй, ... бол албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах; гэж, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүлээн авч Авлигатай тэмцэх газарт хүргүүлнэ. гэж тус тус заасан байна.

Тодруулбал, Энэ хуулийн зорилт нь нийтийн албан тушаалтны хувийн ашиг сонирхол болон хуулиар хүлээсэн албан үүрэг хоорондын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах, хянах замаар нийтийн албаны үйл ажиллагааг нийтийн ашиг сонирхолд нийцүүлэх нөхцөлийг баталгаажуулж төрийн албаны ил тод, итгэл даах байдлыг хангахад чиглэгддэг байна.

Энэ утгаараа тухайн албан тушаалд томилогдохоор нэр дэвшигчийн гаргасан мэдүүлэгт тулгуурлан тухайн албан тушаалыг хашихад нөлөөлж болохуйц хувийн ашиг сонирхол байгаа эсэхийг Авлигатай тэмцэх газар хянаж дүгнэлт гаргана. Үүний дараа томилох эрх бүхий этгээд Авлигатай тэмцэх газрын дүгнэлтийг харгалзан үзэж тухайн нэр дэвшигчийг албан тушаалд томилон ажиллуулахаар хуульчилсан байна.

Хуулийн энэ зохицуулалтаас харвал нэхэмжлэгч уг урьдчилсан мэдүүлгийг хүргүүлэлгүй шууд томилсноор уг зөрчлийг үйлдсэн гэж тооцох агуулгатай байна. Өөрөөр хэлбэл, Нэгэнт томилох эрх бүхий албан тушаалтан буюу нэхэмжлэгч нягтлан бодогчийг шууд томилсоноороо мэдүүлгийг урьдчилан хянуулах үүргээ биелүүлээгүй гэж үзэх нөхцөлийг бүрдүүлсэн байх бөгөөд тухайн үйлдлийг дараа нь залруулан зассаныг зөвтгөн дүгнэх үндэслэлгүй.

Энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн: “...Э.А-ийн хувьд бүх хувийн ашиг сонирхол болон хөрөнгө орлогыг мэдүүлэх ёстой албан хаагчдыг бүртгээд хяналт тавьдаг ажил хэрэгжүүлдэг ч гэсэн Зоонозын дарга өөрөө мэдэгдэх үүрэгтэй.” гэсэн тайлбар үндэслэл бүхий байна.

7. Нэхэмжлэгчээс: “... өмнө ажиллаж байсан нягтлан бодогч 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөр чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн тухайн үед оны эцэс болж байсан, ажилтнуудын урьдчилгаа цалин өгөх шаардлагатай байсан, оны эцсийн тайлан тооцоо гаргах болсон” зэрэг нөхцөл байдлуудын улмаас Авлигатай тэмцэх газарт Э.Б-ийн хувийн ашиг сонирхлын урьдчилан мэдүүлгийг хянуулж амжаагүй” гэсэн тайлбарууд нь дээрх хуульд заасан үүргээ биелүүлээгүй байдлыг  зөвтгөхгүй.

Мөн нэхэмжлэгчээс “...ЭБАТ Э.А гэдэг мэргэжилтэн цахим программд нээлт хийж өгөхгүй байсан, Э.А-д хамт арга хэмжээ аваагүй, намайг буруутгаж цаашид ажлаас халах зорилготой, сануулах ч юм уу, 1 сарын хугацаатай шийтгэл ногдуулах боломжтой байсан” гэж маргадаг.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.7-т Шүүх захиргааны байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн, эсхүл өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласны улмаас түүний гаргасан захиргааны акт, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүй хууль зөрчсөн эсэхийг шалгана. гэж заасан хүрээнд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг хянана.

Энэ тохиолдолд захиргааны байгууллагын сонгох боломжийн хүрээнд цалинг 30 хувиар 3 хүртэл сараар бууруулах сахилгын шийтгэл ногдуулах зохицуулалттай тул өөр арга хэмжээ авч болох байсан гэх үндэслэлгүй. Мөн нэгээс гурван сар хүртэлх хугацааг хэрхэн сонгож авах талаар захиргааны сонгох боломжийг хянан дүгнэх боломжгүй.

8. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2-т зааснаар энэхүү хууль тогтоомжийг хэрэгжүүлэх байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааг Авлигатай тэмцэх газар хянахаар заасан байх бөгөөд энэ хүрээндээ нэхэмжлэгчийн гаргасан зөрчилд холбогдох арга хэмжээг авахыг томилох эрх бүхий этгээдэд буюу хариуцагчид мэдэгдсэн байна.

Иймээс нэхэмжлэгчийн гаргасан үйлдэлд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.2-т заасан сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэл бүхий байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн  106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5, 29 дүгээр зүйлийн 29.2.2-т заасныг баримтлан Говь-Алтай аймгийн Зооноз өвчин судлалын төвийн дарга С.Б-с тус аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Г.Л-д холбогдуулан гаргасан “Эрүүл мэндийн газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн  “С.Б-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/05 тушаалыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн  47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дах хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ч.ОЮУНСҮРЭН