Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 2022/ДШМ/1147

 

 

 

 

 

 

  2022             12              06                                          2022/ДШМ/1147

 

 

        Д.М-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Энхбаатар,

шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч Б.Ц,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 2022/ШЦТ/615 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.М-ийн өмгөөлөгч Б.Ц-ын гаргасан давж заалдах гомдлоор Д.М-д холбогдох ..................... дугаар эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Д.М нь 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах .......... хотхоны ........ тоот байрны ......... тоот гэртээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухайн конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта 9 тетрагидроканнабинолын /delta 9 tetrahydrocanninol/ агууламжтай тос мэт зүйл, мөн үзүүр нь тос мэт зүйлээр бохирлогдсон гуурс зэрэг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Д.М-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-г 02 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, шүүгдэгч Д.М-д оногдуулсан 02 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-г Улаанбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн ................ дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан №1 дугаартай үзүүр хэсэг нь шар өнгийн тос мэт зүйл бохирлогдсон шилэн гуурс, №2 дугаартай шар өнгийн тос мэт зүйлээр бохирлогдсон тугалган цаас /Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа/-г шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.М нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус даалгаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.М-ийн өмгөөлөгч Б.Ц давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д.М нь ажлын газрын тодорхойлолт, нийгмийн даатгал болон бусад нотлох баримт хэрэгт байсаар байтал ажилгүй гэж шүүхээс дүгнэж зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн. Энэ нь гэр бүлийн амьдралын эх үүсвэргүй болгож, хүүхдийн эрх ашиг хохироход хүргэж байгаа тул тодорхой хугацаагаар тэнсэн харгалзах ял шийтгэл оногдуулж өгнө үү. Өмгөөлөгчийн хувьд цаасыг хаяагүй байсан нь хадгалсан гэж үзэх үндэс болох уу гэдэгт эргэлзсэн учир шинжээчээс асууж хэмжээг тодорхойлуулахыг хүссэн боловч тогтоох боломжгүй гэж хариулсан үүнийг анхаарч үзнэ үү. ...” гэв.

Шүүгдэгч Д.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай компани “Оюутолгой” компанийн захиалгаар гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлыг барьж өгдөг компани байгаа. ...” гэв.

Прокурор М.Энхбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Гэртээ хадгалаад хэрэглэж байсан болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Прокуророос шүүгдэгч Д.М-г “2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ..... хотхоны ..... тоот байрны ...... тоот гэртээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухайн конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта 9 тетрагидроканнабинолын /delta 9 tetrahydrocanninol/ агууламжтай тос мэт зүйл, мөн үзүүр нь тос мэт зүйлээр бохирлогдсон гуурс зэрэг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч Д.М нь 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... хотхоны ... тоот байрны ... тоот гэртээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухайн конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта 9 тетрагидроканнабинолын /delta 9 tetrahydrocanninol/ агууламжтай тос мэт зүйл болох хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар гэртээ хадгалсан, олж авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

яллагдагч Д.М-ийн “...Би 2022 оны 04 дүгээр сарын 27-ны орой шөнө Ла фонтана пабын гаднаас явган хүний зам дээрээс тугалган цаастай зүйл олж аваад хартал тугалган цаас дотор тос шиг зууралдсан зүйл байсныг авч халаасандаа хийгээд гэртээ хариад маргааш нь буюу 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр нөгөө тугалган цаастай ойл мэт зүйлээсээ бага зэргийг тугалган цаасан дээр тавьж доороос нь асаагуураар халааж ууршсан утааг гэрт байсан ундааны шилэн гуурсаар сорж хэрэглэсэн, үлдсэнийг нь 00 өрөөндөө орхиод унтсан. 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр ажилдаа яваад ажил дээр байж байхад цагдаа нар ирж миний бие болон гэрт үзлэг, нэгжлэг хийсэн, тэгэхэд 00-н өрөөнд байсан тугалган цаас, шилэн соруулыг хурааж авсан. ...би мансууруулах бодис хэрэглэсэн үйлдэлдээ маш их гэмшиж, харамсаж байна. Цаашид дахин мансууруулах  бодис хэрэглэхгүй...” /хх 61-62/,

шинжээч эмч Б.Цогтбаярын “...Шинжилгээнд ирүүлсэн 1 гэж дугаарласан шилэн гуурс мэт зүйлийн үзүүр хэсэгт, 2 гэж дугаарласан тугалган цаас тус бүрд нүдэнд харагдах шаргал өнгийн тосорхог бодис байсан, энэ нь шинжээчийн дүгнэлтийн гэрэл зургийн үзүүлэлтэд тод харагдана. Уг бодисын жинг нарийвчлан тогтоохын тулд шилэн гуурс болон тугалган цааснаас салгаж авах шаардлагатай гэтэл бодис нь тосорхог учраас ямар нэгэн багажаар хусаж авахад шилэн гуурс, тугалган цаас болон хусагч багажид тодорхой хэмжээгээр наалдаж үлдэнэ. Ийм учраас бодисын жинг нарийвчлан тогтоох боломжгүй...” /хх 55-56/ гэх мэдүүлгүүд,

нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 11-17/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 18-21/, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 22-24/, эд мөрийн баримтаар тооцох зорилгоор үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 28-29/ зэрэг нотлох баримтуудаар болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу шүүх хуралдаанд оролцогч нарын дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Д.М-г хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, олж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Д.М нь 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр гэртээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухайн конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта 9 тетрагидроканнабинолын /delta 9 tetrahydrocanninol/ агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, олж авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэв.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.М-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. ...” гэж заасан.

Анхан шатны шүүх, шүүгдэгч Д.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал, гэм бурууд тохирсон байна.

Шүүгдэгч Д.М-ийн өмгөөлөгч Б.Ц “...гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хувийн байдлыг харгалзан үзэж, ялыг тэнсэж өгнө үү....” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд зааснаар тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх эрх хэмжээг хуулиар шүүхэд олгосон байна.

Давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ц-с гарган өгсөн баримтаар шүүгдэгч нь “Уорли Инженеринг” компанид ажилладаг, бага насны хоёр хүүхэдтэй болох нь тогтоогдож байх бөгөөд Д.М нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэл оногдуулсныг өөрчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэх боломжтой гэж дүгнэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна. ...” гэж заасан.

Гэтэл, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт хэргийн үйл баримтын талаар “шүүгдэгч Д.М нь тос мэт зүйлээр бохирлогдсон гуурс зэрэг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай” гэж тос мэт зүйлээр бохирлогдсон гуурсыг хадгалсан гэж ойлгогдохоор буюу хэргийн үйл баримтын талаар буруу дүгнэлт хийсэн мөн шийтгэх тогтоолд /хх 131/ шүүгдэгчийн өмгөөлөгчийн үгийг “Д.М нь эрхэлсэн тодорхой ажилгүй, эхнэр хүүхдээсээ тусдаа амьдардаг” гэх зэргээр өөрөөр бичсэн байгааг магадлалд дурдаж байна.

Мөн, шүүх хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан тугалган цаас, гуурс зэрэг эд зүйлсийг устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж шийдвэрлэхдээ шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6, 7 дахь заалтуудад давхардуулан бичсэн алдааг засаж,  8 дахь хэсгийн “...дурдаж...” гэснийг дурдсугай гэж тус тус өөрчлөв.  

Иймд, давж заалдах шатны шүүх шүүгдэгч Д.М-ийн өмгөөлөгч Б.Ц-ын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 2022/ШЦТ/615 дугаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 2022/ШЦТ/615 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

            2 дахь заалтыг “Шүүгдэгч Д.М-д “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй” гэж,

            3 дахь заалтыг “Шүүгдэгч Д.М-д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссэн ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай” гэж тус тус өөрчилсүгэй.

            2. “Шүүгдэгч Д.М-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоосугай.” гэж,

           “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар “тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн” бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг Д.М-д мэдэгдсүгэй.” гэсэн нэмэлт заалт тус тус оруулсугай.

          3. Шийтгэх тогтоолын 9 дэх заалтын “...дурдаж” гэснийг “...дурдсугай” гэж өөрчилж,  4, 5, 6 дахь заалтуудыг хүчингүй болгож, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

          4. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.                                 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ОЧ

                        ШҮҮГЧ                                                           М.АЛДАР

                        ШҮҮГЧ                                                            Ж.ЭРДЭНЭЧИМЭГ