Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 2018/ШЦТ/22

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж,

Нарийн бичгийн даргаар Э.Мөнхгэрэл,

Улсын яллагч П.Итгэл,

Шүүгдэгч Э.Т- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Т-ад холбогдох эрүүгийн 1738003350166 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Э.Т, 

Шүүгдэгч Э.Т- нь 2017 оны 09 дүгээр сараас 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар хавсралтанд багтсан Дельта-9 тетрагидроканнабинолийн агууламжтай ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.Т- нь 2017 оны 09 дүгээр сараас 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар хавсралтанд багтсан Дельта-9 тетрагидроканнабинолийн агууламжтай ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Шүүдэгч Э.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 9-р сарын дундуур яг хэдний өдөр байсныг нь сайн санахгүй байна, би зах дээр утас зарж байтал Эрдэнэтийнх ч гэлүү Дарханых ч гэлүү 3 залуу, 1 эмэгтэйн хамт дөрвүүлээ утасны ломбард асуугаад захын АНУ-гийн урд явж байсан. ...нэг залуу нь чамд маш их баярлалаа, өгөх юм байдаггүй ээ хөгшөөн чи Дарханд урагдаг өвс хэрэглэж үзэх үү, би зүгээр чамд бэлэглэж байгаа юм аа гээд 3 чимх хэмжээний дүнсэн тамхи шиг хатсан ургамал өгөхөөр нь би тухайн үед нэг их юм бодолгүй сонирхоод авсан юм. Тэр залуу хэлэхдээ цаасанд ороогоод тамхи шиг татчихдаг юм, дүнсэн тамхинаас ялгаагүй гэж хэлж байсан. Би тэр өвсийг нь сонирхоод цаасанд ороогоод татаж хэрэглэсэн юм. Би тэр өвсийг авсан дороо хэрэглээгүй, аваад бараг сар болсны дараа 10 сарын эхээр хэрэглэж үзсэн юм. Яг хэдний өдөр хэрэглэснээ санахгүй байна. Хэрэглэхэд тамхинаас ялгаагүй зүйл байсан...” гэх мэдүүлэг,

Гэрч Б.Э-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би 2017 оны 10 дугаар сарын 23-нд зах орчмоор гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд болох Цэнд гэгчийг эрэн сурвалжилж явсан. Би тэр үед ганцаараа явсан. Тэгээд би захын хойд талын Баянцагаан дэлгүүрийн урд 11:00 цагийн үед Т- гэдэг залуутай таарсан. Тухайн өдөр зах амардаг өдөр байсан болохоор тэр хавиар хөл хөдөлгөөн багатай байсан. Тэр үед Т- согтуу байсан. Тэгэхээр нь би чи мансууруулах өвс хэрэглээд байгаа юм уу, би энэ талаар хүнээс мэдээлэл авлаа гэхэд Т- миний буруу, би өвс хэрэглэсэн нь үнэн гээд цэнхэр өнгийн гялгар уутанд хийсэн бага хэмжээтэй /дүнсэн тамхиар бол 2 ороохоор/ өвс гаргаж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 10514 дугаартай:

  1. Шинжилгээнд ирүүлсэн “Хэрэг бүртгэлтийн 173800335 дугаартай хэрэгт Э.Т- шээснээс авсан дээж” гэж хаягласан хуванцар савтай шээсэнд тетрагидроканнабинолын агууламж илэрсэн.
  2. Тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг болно гэх дүгнэлт /хх-ийн 26 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 10515 дугаартай:

  1. Шинжилгээнд ирүүлсэн “Хэрэг бүртгэлтийн 173800335 дугаартай хэргийн эд мөрийн баримтаар хураасан өвс” гэж хаягласан цэнхэр өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйлд делта 9 тетрагидроканнабинолын агууламж илэрсэн.
  2. Делта 9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг болно.
  3. Дээрх ургамалд агуулагдаж байгаа делта 9 тетрагидроканнабинол хүний сэтгэхүйд нөлөөлнө.
  4. Дээрх шинжилгээнд ирүүлсэн ургамал мэт зүйл нь шинжилгээнд Эрүүгийн цагдаагийн газрын хар тамхитай тэмцэх газар болон цагдаагийн хэлтсүүдэд шинжилгээнд ирж байсан болно.
  5. Шинжээчид тавигдсан асуултын 1, 4, 6-р асуулт нь шинжээчийн тусгай мэдлэгт хамаарахгүй тул хариулах боломжгүй байна гэх дүгнэлт /хх-ийн 29-30 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/,

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-7 дугаар хуудас/,

Хэв загвар, дээж авсан тэмдэглэл /хх-ийн 9 дүгээр хуудас/,

Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Ганнямын илтгэх хуудас /хх-ийн 10 дугаар хуудас/,

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-15 дугаар хуудас/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримтыг  хангалттай тогтоосон байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Т-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, ял сонсгон, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна. Шүүгдэгч нь өөрийн гэм буруу болоод хэргийн үйл баримтын талаар маргаагүй, Прокуророос сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч буйгаа шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн байх бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудтай харьцуулан судалсан болно.

Иймд шүүгдэгч Э.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Э.Т-ад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Э.Т- нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь хавтаст хэргийн 47 дугаар хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Э.Т-ын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал,  түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цэнхэр гялгар уутанд боосон хатаасан ургамлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

Эрүүгийн 1738003350166 дугаартай хэрэгт хураагдан ирсэн бичиг баримтгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Э.Т-ыг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Э.Т-д хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1, 2.5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Э.Т-д оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан тэнссэн хугацаанд шүүхээс хүлээсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цэнхэр гялгар уутанд боосон хатаасан ургамлыг устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
  6. Эрүүгийн 1738003350166 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                   Н.АРИУНЖАРГАЛ