Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 2022/ДШМ/1148

 

 

 

 

 

 

  2022             12              06                                          2022/ДШМ/1148

 

 

     Б.А-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Уранбайгаль,

иргэний нэхэмжлэгч А.Л,

шүүгдэгч Б.А-ийн өмгөөлөгч Б.Д,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 2022/ШЦТ/1163 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Д-ийн гаргасан давж заалдах гомдлоор Б.А-д холбогдох ............ дугаар эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Б.А нь 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 18:03 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Толгойтын зам, “Сэлэнгэ” захын баруун талын замд “Toyota Corolla” маркийн …………………. улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад, Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.5-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.”, мөн дүрмийн 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас “Nissan Note” маркийн …………………… улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж, улмаар боржур давж, явган хүний замаар явж байсан явган зорчигч Б.Э, Б.Б нарыг мөргөж, Б.Э-ийн эрүүл мэндэд хүндэвтэр, Б.Б-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Б.А-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулж, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 /долоон зуун хорь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-ийн биечлэн эдлэх 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас заасан газарт эдлүүлэхээр тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхээс зайлсхийвэл Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг шүүгдэгч Б.А-д сануулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, шүүгдэгч Б.А-ийн В ангиллын ....... дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн ерөнхий газрын лицензийн төвд хүргүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 409 дүгээр зүйлийн 409.1, 505 дугаар зүйлийн 505.1,510.1 дүгээр зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Агаас нийт 1.608.710 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Э-д 356.310 төгрөг, иргэний нэхэмжлэгч А.Л-д 1.252.400 төгрөг тус тус олгож, хохирогч Б.Э цаашид хийлгэх эмчилгээний талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжпэх эрхтэйг зааж, шүүгдэгч Б.А нь иргэний нэхэмжлэгч Б.Б-д 1.000.000 төгрөг төлсөн, тэрээр гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлтийг гаргасан, иргэний нэхэмжпэгч М.Д  нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлтийг гаргасныг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг уг хэргийг архивт хадгапах хугацаагаар хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.А нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.А-ийн өмгөөлөгч Б.Д давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иймд 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биечлэн эдлүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байгаа тул ялыг өөрчилж, торгуулийн ялаар сольж өгнө үү. ...” гэв.

Иргэний нэхэмжлэгч А.Л тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбар байхгүй. Шийтгэх тогтоолд дурдсан 1.252.400 төгрөг болон надаас гарсан мөнгө болох 100.000 төгрөг, 95.000 төгрөгийг тус тус нэхэмжилж байна гэв. ...” гэв.

Прокурор Н.Уранбайгаль тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, иргэний нэхэмжлэгч А.Л нь иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй гэж өөрчлөлт оруулах саналтай байна. Бусад заалтыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.А нь 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 18:03 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Толгойтын зам, “Сэлэнгэ” захын баруун талын замд “Toyota Corolla” маркийн ………………. улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад, Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.5-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.”, мөн дүрмийн 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас “Nissan Note” маркийн ……………….. улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж, улмаар боржур давж, явган хүний замаар явж байсан явган зорчигч Б.Э, Б.Б нарыг мөргөж, Б.Э-ийн эрүүл мэндэд хүндэвтэр, Б.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Э-ийн “...Гэмтэл согог судлалын үндэсний төвд ирж зүүн хөлийн хагалгаанд орсон...” /хх 21-22/,

иргэний нэхэмжлэгч Б.Б-ийн “...ард хүчтэй чимээ гарсан, эргэж хартал хоёр машин хурдтай явж байгаад миний харалдаа ирээд мөргөлдөөд хоёр ойхдоо буцаж нийлээд нэг машин нь явган хүний зам дээр гарч ирээд над руу чиглээд явсан, миний зүүн талд зогсож байсан Э-г түлхээд алхаан дунд хөлөө татах үед баруун хөлийн булчинг шүргээд би газар унасан. Тэгээд босоод ирсэн чинь урд талд явсан эрэгтэй хүний хөлийг дайрсан, цаад талд нь машин мөргөсөн байдалтай байсан...” /хх 24/,

иргэний нэхэмжлэгч М.Д-ийн “...Ослын талаар мэдэх зүйл байхгүй...” /хх 28/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 3/, дуудлагын лавлагааны хуудас /хх 4/, Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, гэрэл зургийн үзүүлэлт /хх 5-12/, явган зорчигчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх 13-14, 17/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх 15-16/, мөрдөгчийн магадлагаа /хх 61-62/ зэрэг  хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.А-г Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүх, Б.А-ийн тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Э, Б.Б нарыг мөргөж, Б.Э-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Б.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Б.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 /долоон зуун хорь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тус тус тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Шүүгдэгч Б.А-ийн өмгөөлөгч Б.Д-г “...Б.Агийн 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биечлэн эдлэх боломжгүй нөхцөл байдлыг харгалзан ялыг өөрчилж, торгуулийн ялаар сольж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж тус тус заасан бөгөөд шүүгдэгч Б.А-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ял болгон өөрчлөхөд энэ хэм хэмжээний агуулгатай нийцэхээр байна.

А.А нь тохиолдын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, Улсын гуравдугаар төв эмнэлэгт 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн хэвтэн эмчлүүлж байгаа талаар тодорхойлолт /хх 233/ хэрэгт цугларсан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өөрчилж, 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Харин шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт “Б.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж гэмт хэргийн шинжийг бүрэн бичилгүй орхигдуулсныг зөвтгөж найруулгын өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Мөн иргэний нэхэмжлэгч А.Л-ийн хохирлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Дээрх үндэслэлээр шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Д-ийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9  дүгээр сарын 20-ны өдрийн 2022/ШЦТ/1163 дугаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9  дүгээр сарын 20-ны өдрийн 2022/ШЦТ/1163 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

-1 дэх заалтыг “Шүүгдэгч Б.А-г Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд  хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,

-2 дахь заалтыг “Шүүгдэгч Б.А-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж,  мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй” гэж тус тус өөрчилсүгэй.

-5 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай” гэж,

-7 дахь заалтыг “...хохирогч Б.Э болон иргэний нэхэмжлэгч А.Л нар нь цаашид хийлгэх эмчилгээний талаарх болон бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-д оногдуулсан 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ялыг магадлал хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн  5 дахь хэсэгт зааснаар Б.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шийтгэх тогтоолын 3 дахь заалтыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

5. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ц.ОЧ

 

                                 ШҮҮГЧ                                                              М.АЛДАР

 

                                 ШҮҮГЧ                                                             Ж.ЭРДЭНЭЧИМЭГ