Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 112/ШШ2024/0022

 

Хариуцагчийн зөвшөөрлийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсүрэн би Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Г-ээс тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Д.О-д холбогдуулан гаргасан дүгнэлтийг 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Г  шүүхэд гаргасан дүгнэлтдээ: Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Г би, тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн эрх бүхий албан тушаалтан, хяналтын улсын байцаагч Д.О “...Т.О нь иргэний үнэмлэхийн 45 насны сунгалт хийлгэх хугацаа хэтрүүлсэн...” гэх 111 дугаартай гомдол, мэдээлэлд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, холбогдогч Т.О-д 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 0702720 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 20.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, шийдвэрлэсэн байна.

Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг хянахад эрх бүхий албан тушаалтан 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай болон хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл тус тус үйлдэж, 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Т.О-с холбогдогчоор мэдүүлэг авч, мөн өдрөө 0702720 дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч Т.О-д Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэл оногдуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны процесс ноцтой зөрчин шийтгэл оногдуулжээ.

Өөрөөр хэлбэл Т.О-той холбоотой гомдол, мэдээлэл Улсын бүртгэлийн хэлтэст албан ёсоор бүртгэгдээгүй байхад Т.О-с холбогдогчоор мэдүүлэг авч, уг өдрөө шийтгэл оногдуулчихаад дараа нь гомдол, мэдээллийн бүртгэлдээ оруулсан үйл баримт тогтоогдсон байна.

Эрх бүхий албан тушаалтны зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны процессыг ноцтой зөрчиж шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсыг эрх бүхий албан тушаалтан болон прокуророос шууд хүчингүй болгох боломжгүй байх ба Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу прокурорын дүгнэлтээр шүүхээс хянан хэлэлцэж, эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох эсэх асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иймд Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны процессыг зөрчиж, хүний эрхийг зөрчиж шийтгэл оногдуулсан үндэслэл тогтоогдож байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн эрх бүхий албан тушаалтан, хяналтын улсын байцаагч Д.О-ийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 0702720 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив гэжээ.

 

Хариуцагч Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Д.О шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:  Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Г-ийн “2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 0702720 дугаартай шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай" прокурорын дүгнэлттэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Д.О би “...Т.О нь иргэний үнэмлэхийн 45 насны сунгалт хийлгэх хугацаа хэтрүүлсэн” гэх гомдол, мэдээлэлд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, холбогдогч Т.О-д 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 0702720 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 20,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэхдээ өөрийн санамсар болгоомжгүйгээс гомдол мэдээллийг хүлээн авсан тухай маягт болон хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн ажиллагаа явуулсан тухай тэмдэглэлийн огноонд 16-ны өдрийг 17-ны өдөр гэж андуурч бичиж зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.  

 ҮНДЭСЛЭХ нь:

Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Г нь тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Д.О-ийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 0702720 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах  тухай прокурорын дүгнэлтийг тус шүүхэд гаргасан байна.

Шүүх хуульд заасан журмын дагуу зөрчлийн хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад Прокурорын дүгнэлтийг хариуцагч Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Д.О нь хүлээн зөвшөөрч байгаагаа 2024  оны 06 дугаар сарын  17-ны  өдөр тус шүүхэд бичгээр илэрхийлсэн байна.

Энэхүү хүлээн зөвшөөрч байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д заасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх хариуцагчийн эрхийн хүрээнд байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Өөрөөр хэлбэл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх нь хэргийн оролцогчийн бүрэн эрхийн хүрээнд байгаа төдийгүй зөрчилд холбогдогчийн болон бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй, холбогдох хуулийг зөрчөөгүй байна гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарлаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Говь-Алтай аймгийн Прокурорын газрын Хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Г-ээс тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Д.О-ийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 0702720 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай прокурорын дүгнэлтийг хариуцагч зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан Прокурорын байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болно.

 

 

ШҮҮГЧ                                        Ч.ОЮУНСҮРЭН