Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 182/ШШ2024/04601

 

 

 

 

 

 

 

 

   2024     11         06                                      182/ШШ2024/04601

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Аззаяа би,

 

Нэхэмжлэгч: Б /РД: /-ын нэхэмжлэлтэй,

 

            Хариуцагч: Т ХХК /РД:Щ/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Нийгмийн даатгалын шимтгэлийн өр 48,354,300 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Бшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Т ХХК нь 2020 оны 08 дугаар сараас 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд 32,236,200 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өр үүсгэж Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т заасан нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүргээ ноцтой зөрчиж байна. Бид хууль журамд заасан эрхийн дагуу банкны харилцах дансыг хаах, албан шаардлага, мэдэгдэл хүргүүлэх зэрэг шат дараалсан арга хэмжээнүүдийг авсан боловч Т ХХК нь нийгмийн даатгалын шимтгэлээ төлөлгүй даатгуулагчдыг хохироосоор өдийг хүрлээ. Иймд “Нийгмийн даатгалын тухай ерөнхий хууль”-ийн 44 дүгээр зүйлийн 44.1.2- т “төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг энэ хуулиар, эсхүл эрх бүхий байгууллагын тогтоосон хугацаанд төлөөгүй, дутуу төлсөн бол хугацаандаа төлөөгүй, дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, уг шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги тооцно. Алдангийн хэмжээ нь төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна” гэх заалтыг баримтлан 32,236,200 төгрөг, 16,118,100 төгрөгийн алданги, нийт 48,354,300 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг нэхэмжлэн шүүхэд шилжүүлж байна гэжээ.

 

2. Нэхэмжлэгч Б итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т, Д.Э нараас шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

Б нэхэмжлэлтэй Т ХХК-д холбогдох 32,236,200 төгрөгийн үндсэн төлбөр дээр эвлэрч алданги 16,118,100 төгрөгөөс татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

Т ХХК нь 32,236,200 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг 2024 онд багтаан, 2024.11.30-ны өдөр 16,118,100 төгрөг, 2024.12.30-ны өдөр 16,118,100 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Бнь хариуцагч Т ХХК-д холбогдуулан, нийгмийн даатгалын шимтгэлийн өр 48,354,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Бнь нэхэмжлэлийн шаардлагаас алданги 16,118,100 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Т ХХК нь 32,236,200 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг 2024 онд багтаан, 2024.11.30-ны өдөр 16,118,100 төгрөг, 2024.12.30-ны өдөр 16,118,100 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.

 

Зохигчийн эвлэрэл нь иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул хариуцагчаас 32,236,200 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 319,131 төгрөгийн 50 хувь болох 159,565.5 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж, нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 1.Нэхэмжлэгч Бнь нэхэмжлэлийн шаардлагаас алданги 16,118,100 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Т ХХК нь 32,236,200 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг 2024 онд багтаан, 2024.11.30-ны өдөр 16,118,100 төгрөг, 2024.12.30-ны өдөр 16,118,100 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Т ХХК-иас 32,236,200 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 319,131 төгрөгийн 50 хувь болох 159,565.5 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.

 

            5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                        О.АЗЗАЯА