| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Отгон Аззаяа |
| Хэргийн индекс | 182/2024/05715/И |
| Дугаар | 182/ШШ2024/04602 |
| Огноо | 2024-11-06 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 182/ШШ2024/04602
| 2024 11 06 | 182/ШШ2024/04602 |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох
тухай
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Аззаяа би,
Нэхэмжлэгч: И-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ж.С/РД: /-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 3,501,850.28 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Зээлдэгч Ж.С нь манай компанитай 2022 оны 8 дугаар сарын 2-ны өдөр дугаартай “Цахим зээлийн эрх нээх гэрээ” байгуулсан бөгөөд гэрээнд “Цахим зээл гэж Зээлдэгчийн зээл олгогчид илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуулан зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг” гэж заасны дагуу богино болон урт хугацаатай, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д “Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно” гэж заасны дагуу зээлдэгч Ж.С цахимаар гаргасан хүсэлтийн дагуу Покет аппликейшнаас: 2022 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр дугаартай зээлийн дансны дугаартай, 1,739,000 төгрөгийн зээлийг 14 хоногийн хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн. Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүрэгтэй. Гэвч зээлдэгч нь зээлийг хугацаандаа төлж барагдуулах үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүү, авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд 2022 оны 9 дүгээр сарын 8-ны зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 1,738,999.74 төгрөг, шимтгэл 120,100.00 төгрөг, үндсэн хүү 1,362,708.78 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 272,541.76 төгрөг, нийт 3,494,350.28 төгрөг байна. Шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан зардал 7,500 төгрөг. Иймд хариуцагч Ж.С нийт 3,501,850.28 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Ж.С шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Миний бие Ж.С-ын 3,501,850.28 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Хуульд заасан үр дагаварыг ойлгосон хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч И нь хариуцагч Ж.С холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 3,501,850.28 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч хариуцагч Ж.С нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлага болох 3,501,850.28 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч И нь Ж.С холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,501,850.28 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасаныг хариуцагч Ж.С нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах заалтыг баримтлан И-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,979.60 төгрөгийн 50 хувь буюу 35,489.8 төгрөгийг улсын төсвийн данснаас, 35,489.8 төгрөгийг хариуцагч Ж.С тус тус гаргуулж, нэхэмжлэгч И-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ О.АЗЗАЯА