Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 2022/ДШМ/593

 

 

 

 

 

 

      2022          06            07                                          2022/ДШМ/593

      

Д.М-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаан:

прокурор Д.Туяа,

шүүгдэгч Д.М-ын өмгөөлөгч Д.Э, С.Н,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан, 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж, Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу, шүүгч М.Далайхүү нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 2022/ШТ/52 дугаартай шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч прокурор Т.Отгонтөгсийн бичсэн 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 23 дугаартай эсэргүүцэл болон шүүгдэгч Д.М-ын өмгөөлөгч Д.Э, С.Н нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор Д.М-д холбогдох 2110000001080 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Д.М нь 2018 оны 11 дүгээр сард Хан-Уул дүүргийн .... дүгээр хороолол, ..... дугаар хороо, ..... дүгээр байрны ...... дүгээр орцны подвальд өрөө түрээслэн амьдарч байхдаа 2008 онд төрсөн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай дагавар охин Б.Х-гийн бэлэг эрхтэнд хүрч бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийсэн, улмаар Хан-Уул дүүргийн ......дугаар хороо, .................. тоот гэртээ 2020 оны 1 дүгээр сараас 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл хугацаанд хохирогч Б.Х-г 12 настайгаас 13 нас хүртэл нь удаа дараа бага насны улмаас биеэ хамгаалах эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, өөрийн эрхшээлдээ байгааг нь далимдуулан бэлгийн харьцааны шинжтэй хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэсэн үйлдэл хийж үргэлжилсэн үйлдлээр хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн,

- Хан-Уул дүүргийн ...... дугаар хороо, ..............тоот гэртээ 2020 оны 11 дүгээр сараас 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл хугацаанд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай бага насны дагавар охин Б.Х-г удаа дараа хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орж өөрийн эрхшээлдээ байлгаж байнга хүчирхийлсний улмаас амиа хорлох нөхцөл байдалд хүргэж, 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн ....... дугаар хорооны нутаг дэвдгэрт байрлах ......... дугаар байрны .............. дээвэр дээрээс Б.Х /13 настай эмэгтэй/ үсэрч нас барсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Д.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.М-д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Энэ гэмт хэргийг ”...2.3 дахь заалтад “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүчиндэж...” гэж хуульчилжээ.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээдэд “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”-ийг хамааруулна,

Гэр бүлийн гишүүн гэж “гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг" ойлгохоор хуульчилжээ.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болох насанд хүрээгүй хохирогч, хохирогчийн төлөөлөгч, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээс үзэхэд шүүгдэгч нь насанд хүрээгүй хохирогч Б.Х-г 2 настай байхаас нь хойш цуг амьдарч байсан нөхцөл байдал тогтоогдсон байна.

Иймд шүүгдэгчийн Хан-Уул дүүргийн ......... дугаар хороо, ..................... тоот гэртээ 2020 оны 1 дүгээр сараас 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл хугацаанд хохирогч Б.Х-г 12 настайгаас 13 нас хүртэл нь удаа дараа бага насны улмаас биеэ хамгаалах эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, өөрийн эрхшээлдээ байгааг нь далимдуулан бэлгийн харьцааны шинжтэй хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэсэн үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж байгаа эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж хэргийг шүүхэд шилжүүлэх нь зүйтэй гэж шүүх үзсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “....Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана”, Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно” гэж хуульчилсан нь шүүх прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагчийн хэргийг хүндрүүлэх эрхийг хуулиар хязгаарласан байна.

Иймд дээрх ажиллагааг шүүх хуралдааны үед нөхөн гүйцэтгэх боломжгүй тул шүүгдэгчийн үйлдэлд дээрх гэмт хэргийн шинж байгаа эсэх талаар хууль зүйн дүгнэлт хийж хэргийг шүүхэд ирүүлэх нь зүйтэй.

Шүүгдэгч Д.М-д холбогдох эрүүгийн  дугаартай хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Хан-Уул дүүргийн прокурорын газарт буцааж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг сиди, гэрээслэл 2 ширхэг /хх 1-н 219-220/ зэргийг хэргийн хамт буцааж, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж,

Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Д.М-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжпүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Т.Отгонтөгс бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр гэм буруугийн шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцээд шүүхийн 2021/ШТ/52 дугаартай тогтоолоор прокурорт хэргийг буцаан шийдвэрлэсэн шүүхийн тогтоолыг 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр нь эрүүгийн хуулийн хууль ёсны зарчимд нийцээгүй гэж үзэн дараах үндэслэлээр хүлээн авах боломжгүй байна.

Шүүхийн тогтоолд: Прокуророос шүүгдэгч Д.М-ыг “2018 оны 11 сард Хан-Уул дүүргийн ........... ... дугаар хороо ........... дүгээр байрны ............ орцны подвальд өрөө түрээслэн амьдарч байхдаа 2008 онд төрсөн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай дагавар охин Б.Хгийн бэлэг эрхтэнд хүрч бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийсэн, улмаар Хан-Уул дүүргийн ...... дугаар хороо ..................... тоот гэртээ 2020 оны 11 дүгээр сараас 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл хугацаанд хохирогч Б.Х-г 12 настайгаас 13 нас хүртэл нь удаа дараа бага насны улмаас биеэ хамгаалах эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, өөрийн эрхшээлдээ байгааг нь далимдуулан бэлгийн харьцааны шинжтэй хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэсэн үйлдэл хийж үргэлжилсэн үйлдлээр хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар,

Мөн Хан-Уул дүүргийн ...... дугаар хороо ................. тоот гэртээ 2020 оны 11 дүгээр сараас 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл хугацаанд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай бага насны дагавар охин Б.Х-г удаа дараа хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орж өөрийн эрхшээлдээ байлгаж байнга хүчирхийлсний улмаас амиа хорлох нөхцөл байдалд хүргэж, 2021 оны 12 сарын 18- ны өдөр Баянгол дүүргийн ........... хорооны нутаг дэвсгэрт байрлах .............. дугаар байрны ............... дээвэр дээрээс Б.Х /13 настай эмэгтэй/ үсэрч нас барсан” гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүчиндэж...” гэж хуульчилжээ. ...Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болох насанд хүрээгүй хохирогч, хохирогчийн төлөөлөгч, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээс үзэхэд шүүгдэгч нь насанд хүрээгүй хохирогч Б.Х-г 2 настай байхаас нь хойш цуг амьдарч байсан нөхцөл байдал тогтоогдсон байна. Иймд шүүгдэгчийн Хан-Уул дүүргийн ...... дугаар хороо, .................. тоот гэртээ 2020 оны 01 сараас 2021 оны 11 сарын 04-ний өдрийг хүртэл хугацаанд хохирогч Б.Х-г 12 настайгаас 13 нас хүртэл нь удаа дараа бага насны улмаас биеэ хамгаалах эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, өөрийн эрхшээлдээ байгааг нь далимдуулан бэлгийн харьцааны шинжтэй хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэсэн үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж байгаа эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж хэргийг шүүхэд ирүүлэх нь зүйтэй гэж прокурорт буцаасан. Прокуророос Д.М-ыг “2008 онд төрсөн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай дагавар охин Б.Х-гийн бэлэг эрхтэнд хүрч бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийсэн, улмаар удаа дараа бага насны улмаас биеэ хамгаалах эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, өөрийн эрхшээлдээ байгааг нь далимдуулан бэлгийн харьцааны шинжтэй хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэсэн үйлдэл хийж үргэлжилсэн үйлдлээр хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн” гэж Д.М-ын үйлдсэн гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг тодорхой нэг бүрчлэн дурьдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн ба Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заалтад заасан “энэ гэмт хэргийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүчиндэж” гэх зүйл хэсгийг нэмж зүйлчлэх нь үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг нь “...бүх насаар хорих ял шийтгэнэ” гэж заасан учраас шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд эрүүгийн хариуцлага оногдуулах бүрэн боломжтой юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан ба Д.М-д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний хүрээнд шийдвэрлэх бүрэн боломжтой тул Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 2021/ШТ/52 дугаартай шүүхийн тогтоолыг хүчингүй болгуулж анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн” гэжээ.

Прокурор Д.Туяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Прокурор Т.Отгонтөгсийн бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Прокуророос Д.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэж хүндрүүлэн зүйлчилсэн. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн учраас шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр хэргийг буцааж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Д.М-ын өмгөөлөгч Д.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Д.Э, С.Н бид нар нь Д.М-ын ар гэрийн болон түүний хүсэлтээр шүүгдэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалан, түүний өмгөөлөгчөөр оролцсон бөгөөд шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 хэсэгт заасныг баримтлан давж заалдах гомдол гаргасан. Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 2021/ШТ/52 дугаартай шүүхийн тогтоолоор "...шүүгдэгчийн Хан-Уул дүүргийн ...... дугаар хороо ............... тоот гэртээ 2020 оны 1 дүгээр сараас 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл хугацаанд хохирогч Б.Х-г 12 настайгаас 13 нас хүртэл нь удаа дараа бага насны улмаас биеэ хамгаалах эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, өөрийн эрхшээлдээ байгааг нь далимдуулан бэлгийн харьцааны шинжтэй хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэсэн үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж байгаа эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж хэргийг шүүхэд шилжүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ” гэж үзэж шүүх хэргийг прокурорт буцаасныг зөвшөөрөхгүй байна.

Прокуророос Д.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн” гэж хүчиндэх гэмт хэргийн хүнд зүйл, хэсгээр зүйлчилж шүүхэд шилжүүлсэн. Энэ нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг харгалзан хэргийг хүнд гэмт хэрэгт нь багтаан зүйлчилсэн гэж үзэхээр байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул анхан шатны шүүх шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй шийдвэрлэх боломжтой байхад хэргийг прокурорт буцаасныг үндэслэлгүй гэж үзэж байна. Бидний үйлчлүүлэгч Д.М нь үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-аас албан ёсоор уучлалт гуйж, хэрэгт авагдсан баримтын дагуу хохирогчийн нэхэмжилсэн хохирлыг барагдуулсан, шүүх хурлыг нэг үе шаттай явуулсан ба шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх бүрэн боломжтой байхад хэргийг давхар зүйлчлүүлж хүндрүүлэхээр прокурорт буцааж байгаа нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байна. Иймд Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 2021/ШТ/52 дугаартай шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлж өгнө үү гэв.

Шүүгдэгч Д.М-ын өмгөөлөгч С.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэмж хэлэх тайлбар байхгүй” гэв.

 

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэл болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын хамтран гаргасан давж заалдах гомдолд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Прокуророос Д.М-ын 2018 оны 11 дүгээр сард Хан-Уул дүүргийн ...... дүгээр хороолол, ...... дугаар хороо, ...... дүгээр байрны ..... дүгээр орцны подвальд өрөө түрээслэн амьдарч байхдаа 2008 онд төрсөн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай дагавар охин Б.Х-гийн бэлэг эрхтэнд хүрч бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийсэн, улмаар Хан-Уул дүүргийн ...... дугаар хороо, ........... тоот гэртээ 2020 оны 1 дүгээр сараас 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл хугацаанд хохирогч Б.Х-г 12 настайгаас 13 нас хүртэл нь удаа дараа бага насны улмаас биеэ хамгаалах эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, өөрийн эрхшээлдээ байгааг нь далимдуулан бэлгийн харьцааны шинжтэй хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэсэн үйлдэл хийж үргэлжилсэн үйлдлээр хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн,

- Хан-Уул дүүргийн .....дугаар хороо, ......... тоот гэртээ 2020 оны 11 дүгээр сараас 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл хугацаанд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай бага насны дагавар охин Б.Х-г удаа дараа хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орж өөрийн эрхшээлдээ байлгаж байнга хүчирхийлсний улмаас амиа хорлох нөхцөл байдалд хүргэж, 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн ....... дугаар хорооны нутаг дэвгэрт байрлах ........ дугаар байрны ..... дээвэр дээрээс Б.Х /13 настай эмэгтэй/ үсэрч нас барсан гэмт хэрэгт холбогдуулан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 2022/ШТ/52 дугаартай шүүхийн тогтоолоор шүүгдэгч Д.М-д холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр Хан-Уул дүүргийн прокурорын газарт буцаахаар шийдвэрлэжээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шалгавал зохих байдлуудыг хангалттай тодруулсан, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй бөгөөд шүүх хуралдааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан байдлуудыг нотлох талаар мөн зүйлд заажээ.

Шүүгдэгч Д.М-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд прокурорт буцаасан анхан шатны шүүгчийн захирамж нь хууль ёсны, үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэв.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн тогтоолд заасан асуудлаар дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлан хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулж, бэхжүүлсэн хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудыг эх сурвалжийг магадлах аргаар шалган үнэлэлт өгч, тэдгээрийг агуулгын хувьд хооронд нь харьцуулан дүгнэлт хийж, эргэлзээ бүхий зарим асуудлыг тодруулахаар шаардлагатай оролцогчийг талуудын хүсэлтээр оролцуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн яллагдагчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд талуудын мэтгэлцээнд үндэслэн хэргийг хэлэлцэж гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимд нийцнэ.

Анхан шатны шүүхийн тогтоолд заасан асуудлаар нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийх нь хэргийн үйл баримтад нөлөөлөхгүй гэж үзэв.

Иймд “...шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх...”-ээр бичсэн прокурор Т.Отгонтөгсийн 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 23 дугаартай эсэргүүцэл болон “...шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлэх...”-ээр бичсэн шүүгдэгч Д.М-ын өмгөөлөгч Д.Э, С.Н нарын 2022 оны  5 дугаар сарын 12-ны өдөр хамтран гаргасан давж заалдах гомдлыг тус тус хүлээн авч, Д.М-д холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 2021/ШЦТ/52 дугаартай шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Д.М-д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд очих хүртэл шүүгдэгч Д.М-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

                                 ШҮҮГЧ                                                              Б.АРИУНХИШИГ

                                 ШҮҮГЧ                                                              Ж.ЭРДЭНЭЧИМЭГ