Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 15

 

 

                                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж 

            Улсын яллагч: М.Батзаяа

Шүүгдэгч: Н.Ж, С.Б

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: В.У, С.П

Гэрч: Ч.Б, О.С, Б.З

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дөлгөөн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  А овогт Н-ын Н.Ж,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт С. Бнарт холбогдох эрүүгийн ,,, дугаартай хэргийг хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Н.Ж, С.Б нар нь 2017 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Хан-Өндөр баг, Доод эрэг гэх газарт Гэрийн буурин дээр тугалын хашаа барилаа гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар харилцан зодолдож, Н.Жийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, С.Бын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 *Шүүгдэгч Н.Ж нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 

С.Бын биед гэмтэл учруулсан нь үнэн. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Санаатайгаар гэмтэл учруулсан зүйл байхгүй. С.Быг эмнэлэгт хэвтэхэд эмнэлэгийн ор дэр, хоногийн мөнгө гэж 600.000 төгрөг төлсөн байгаа. Гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв. 

*Шүүгдэгч С.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Н.Жийг модоор цохиогүй. Би модоор цохих гэсэн манай ээж надаас булаагаад авсан чинь би Н.Жийн доор нь орсон босч чадаагүй. Намайг шургаагаар цохисон гэж худлаа мэдүүлэг өгөөд байна гэв.

*Гэрч Ч.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 

С.Быг намаржаанаас нүүгээд Н.Жийн гэрийн дээхэн буусан. Тэгээд хониныхоо хашааг барьчихлаа гээд манайд ирсэн. Би тусдаа гэртэй ганцаараа байдаг. Тэгээд ирэхээр нь өө ашгүй танайх яасан хурдан нүүчихсэн юм бэ гэж хэлэхэд нөгөө жижгээ чинь манайхыг энд буулгахгүй гээд малын хашаа буулгаад хаячихлаа гэхээр нь ээж нь очье хөгшин хүн юм чинь буулгаад тохирчих байлгүй гэж хэлээд дагаад явсан. Тэгээд 20 минут болоод буцаад ирсэн. Түрүүнд нь энэ хоёр маргалдсан байсан. Намайг очсоны дараа энэ хоёр дахиад маргалдсан. Н.Ж давхиж ирээд шонгуудыг нь хугалаад хаяад байхаар нь ингэж хугалаад байж яахав ганцхан сарын зай байна, эвтэй байцгааж бай юундаа та хоёр бачуураад байгаа юм бэ гэхэд өвөлжөө, хаваржаан дээрээ гэрчилгээ авчихсан хэн ч буух эрх байхгүй. Энэ хоёр тэгээд муудалцаад эхнэртэйгээ давхиад ирэхээр нь за яах гэж байна та хоёр гэсэн чинь аа яадаг юм энд угаасаа хашаа бариулахгүй гээд Н.Ж хэлсэн. Тэгсэн С.Б нь барилгүй яадаг юм барих л болно гээд шон бариад авахаар нь би хүүе яаж байгаа юм чи хүний хүүхдийг цохиж болохгүй гээд шонгийн модыг нь булаагаад авсан. Тэгээд Жижгээ давхиж ирээд манай хүүхдийг ташиж унагаагаад доороо хийгээд авсан. Манай хүүхэд босч ирж чадаагүй. Н.Ж багалзуурыг нь шахаад байсан юм. Тэгэхээр нь битгий багалзуурыг нь шахаад бай наадах чинь чамд хэрэггүй ч гэсэн надад хэрэгтэй гэж хэлээд арай хийж салгасан.  Н.Ж ийн эхнэр нь дагуулаад дэлгүүр орох гээд явсан. С.Б босохгүй байсан. Тэгэхээр нь хүүе чи босооч харанхуй боллоо гэрээ барь гэсэн чинь ээжээ энд болохгүй байна гэхээр нь гүйгээд очсон чинь энд нь овойчихсон эгэм хугарчих шиг боллоо гэж хэлсэн гэв. 

* Гэрч О.С шүүхийн хэлэлцүүлэг мэдүүлэхдээ:

“...Нүүдэл хийгээд хашаа хороогоо бариад байж байсан чинь Н.Ж хүрч ирээд наана чинь буулгахгүй гээд манай хүнтэй маргасан. Тэгээд ээжийг ирээд юу яриад байгаа юм зусландаа бууж байхад хаана ч буусан яахав дээ гээд ээж хамт ирсэн. Тэгсэн ээжийг ирсэний дараа дахиж хүрч ирээд манай хүнийг дарж унагаасан. Эхлээд багалзуурдаад хашаан дээгүүр авч шидсэн. Сүүлд нь дээр нь гараад сууснаа араас нь очоод салгасан энэ 2 давхиад явсан чинь босч чадахгүй байна энд өвдөөд байна гэсэн. Яасан юм бол гээд очсон чинь эгэм хугарсан юм шиг байна, гэхээр нь багийн эмч дээр очиж үзүүлээд ирсэн. Н.Жийг бол зодоогүй шургааг бариад авсан ээж булаагаад авсан. Н.Ж зөөлөн эдийн гэмтэлтэй гэж гарсан. Тэр үед салгах гээд салахгүй байхаар нь барьж байсан юмаараа цохисон гэв. 

* Гэрч Б.З шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 

“... С.Б ахыг манай зуслангийн газар үхрийнхээ хашааг барьж байхад нь бид 

хоёр очсон. Буурьнаас зайдуу хашаагаа эрэг дээр барьчих гэж манай нөхөр хэлсэн. Тэгж хэлсэн чинь С.Б ах чамд өмчлөөд өгсөн газар уу гэж хэлсэн. Ч.Б эгч алтан дэлхий сугаа нуугаа юу гээд бид хоёр руу дайраад байсан. Тэгээд бага зэрэг холдуулаад барьчих, бага насны хүүхэдтэй үхэр, туглаа холдуулахгүй бол болохгүй гэж хэлсэн. Тэгээд энэ хоёр  маргалдаад байсан чинь С.Б ах чамайг алсан ч яахав гэж хэлээд манай нөхрийн нуруун дээр шургаагаар цохисон. Тэгээд энэ хоёр маргалдаж байгаад манай нөхөр Б ахын мөрөн дээрээс барьж авсан Б ах манай нөхрийг заамдаад тэгээд энэ хоёр газар унаад манай нөхөр Бууяа ахыг дарж унагасан. Тэгэхээр нь би хажуунаас нь юундаа хэрэлдээд байдаг юм учраа олчих гээд би нөхөртэйгөө явсан чинь араас Ч.Б эгч ирээд З чи Б ахыгаа үзээдэх гэхээр нь очоод үзсэн чинь эгэм нь хугарсан байсан. Тэгээд эгэм нь хугарсан байна гэхэд өөрөө аваад явсан гэв. 

 

* Эрүүгийн  ,,,тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

* Шүүгдэгч С.Б-ын хохирогчоор өгсөн:

“...Би Архангай аймгийн Ихтамир сумын Хан- Өндөр баг, Доод эрэг гэх газарт 2017 сны 08 дугаар сарын 29-ний өдөр намаржаалж буусан. Тэгээд малынхаа хашааг бариад байж байтал Ж/Н.Ж/ гэдэг залуу ирээд та миний буух гэж байсан газар буулаа, миний бууц гэх шиг юм яриад маргаан өдсөн. Миний зоож байсан шонгуудыг хуга, хуга цохиж хаясан. Чи яаж байгаа юм бэ гэхэд намайг түлхэж, барьж байсан хашаан дээр давуулж унагаасан. Би босоод иртэл дахин боож газар унагаагаад дарж авсан. Эмнэлэгт үзүүлэхэд эгэмний яс хугарсан байна гээд хагалгаанд орсон. Миний зүүн талын эгэмний яс хугарсан, толгойд зөөлөн эдийн бэртэлтэй гэсэн оношоор Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгийн мэс заслийн тасагт хэвтэн эмчлүүлээд эгэмний ясанд хагалгаанд орсон. ...Би Жтэй /Н.Ж/-тэй нэг нутгийн хүмүүс байгаа юм. Ямар нэгэн төрөл садангийн холбоо байхгүй. Намайг миний буух гэсэн газар буулаа гээд зодсон. Би уг нь нийтийн эзэмшлийн зуслангийн газар буусан. Тэрнээс Жа /Н.Ж/ -ийн  эзэмшлийн газар буугаагүй. Тухайн үед манай эхнэр О.С, ээж Ч.Б нар байсан. ...Би гомдолтой байна... гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр тал/ 

* Шүүгдэгч Н.Ж-ийн хохирогчоор өгсөн:

“...2017 оны 08 сарын 29-ний өдөр 15 цагийн үед манай хуучин бууж байсан зуслангийн буйран дээр С.Б ах малын хашаагаа бариад байсан. Би очоод манайх наад газарт чинь малын хашаагаа барих гэж байгаа юм гэхэд чиний буйр гэж юу байдаг юм, чиний газар гэж юу байдаг юм гэсэн. Би “манай гэрийн буйр наана чинь байгаа биз дээ, та манай гэрийн буйртай малынхаа хашааг тулгаж барилаа” гэхэд гартаа барьж байсан шургаагаараа миний баруун дал хэсэг рүү цохьсон. Би тэгэхээр нь та яасан гэж хүн цохиж байгаа юм бэ? гэхэд чамайг цохиод алчихсан ч яадаг юм гээд ухас хийхээр нь би шургаагнаас нь бариад авсан. Тэгтэл шургаагаа тавиад намайг заамдаж авсан. Тэгээд би зүүн мөрөн дээрээс нь барьж аваад ноцолдож байгаад хамт газар унаж, би дээрээс нь дарж унасан. Тэгээд би шууд хаячихаад явсан. Тэгтэл удалгүй манай гэрт С.Бын ээж нь ирээд С.Бын гар нь эвгүй болчих шиг боллоо. очоод үз гэхээр нь манай эхнэр Б.З очоод үзтэл С.Б ахын эгэм нь хугарсан байна гэж надад ирж хэлсэн. Тэгээд эхнэр, бид 2 С.Б ахыг Ихтамир сумын эмнэлэгт үзүүлчихээд Архангай аймгийн эмнэлэгт авчраад эмнэлэгт хэвтүүлсэн. Би С.Б ахыг манай гэрийн буйран дээрээ буулаа гэж хэлэхэд чиний буйр биш гээд хэрүүл маргаан болсон. С.Б ах миний баруун мөр, дал орчим хашаа барьж байсан шургаагаараа 1 удаа цохьсон. Дахин цохих гэхээр нь би бариад авсан. Тухайн үед манай эхнэр Б.З, С.Бын эхнэр эхнэр О.С, ээж Ч.Б нар байсан. ...Би С.Б ахын зүүн мөрөн дээрээс барьж авч байгаад дээр нь дараад унасан. Энэ үед л эгэм нь хугарсан байх. Намайг С.Б ахын мөрөн дээрээс барьж авсан байх үед С.Б ах миний подволкноос заамдаж, хоолой боож барьсан байсан. Би тавиулах гэж ноцолдож байгаад унасан...”   гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр тал/,

*Гэрч Ч.Б-ын өгсөн:

“...Манай гэр Архангай аймгийн Их Тамир сумын Хан-Өндөр багийн төвд байдаг юм. Манай хүү С.Бынх багийн төвийн доод талд Доод эрэг гэх газар байдаг юм. Манай хүү С.Бынх  2017 оны 08 сарын 29-ний өдөр зуслангийн бууцаа сэлгэж хажуухан талдаа буусан. Тэгээд намайг гэртээ байж байхад С.Б ирээд байтал Ж /Н.Ж/ гэдэг хүн намайг хашаа бариулахгүй гээд  хашааны шон хугалаад шидчихлээ гэхээр нь би дагаад очъё, хөгшин хүн болохоор гайгүй байх гээд цуг очсон. Тэгээд намайг очиход тугалын хашааны шонгуудыг унагаагаад тараагаад хаячихаад явсан байсан. Тэгэхээр нь би хамт босголцоод байж байтал Ж /Н.Ж/ эхнэр Б.Згийн хамт иргэж ирснээ эрэг дээр тугалын хашаагаа гаргаж барь, энд бариулахгүй гэхээр нь  би “ хэдхэн хоног барьчихаад зайлуулчихъя гэхэд манай хүү С.Б дээр очоод барьж авч мушгиад дартал манай  хүү С.Б босохгүй байсан. Тэгэхээр нь чи багалзуурдаад байгаа юм биш үү наад хүн чинь 3 хүүхэдтэй, чи алчихав гэж хэлсэн. Тэгээд би эхнэр Б.Зг нь нөхрөө салга гэхэд эхнэр нь хөдлөхгүй байсан. Тэгээд Н.Ж эхнэртэйгээ хамт явсан. Тэгтэл манай хүү босч чадахгүй байсан. Би эхнэр Б.З дээр нь очоод манай хүү босч чадахгүй байна, ирж үз гэж хэлээд үзүүлэхэд эгэм нь хугарсан байна гэж хэлсэн. Б.З манай багийн эмч байгаа юм. Тэгээд Архангай аймагт ирж хагалгаанд орсон. Намайг ирээгүй байхад Н.Ж С. Буянтогтохыг  хашаан дээгүүр давуулж шидсэн гэсэн. Харин намайг байхад заамдаж газар дараад босгохгүй байсан. Би их хүчтэй хүн байна гэж бодсон. Би салгах гээд дийлэхгүй, их хүчтэй байсан. Манай хүү С.Б  Н.Ж ийг цохиж зодоогүй. Манай хүү газар унаад босч чадахгүй байсан юм. Тухайн үед манай хүү С.Б,  эхнэр О.С, Н.Ж, түүний эхнэр Б.З бид хэд байсан. ... С.Быг Н.Ж цохиж зодсон, намайг гэртэй байхад С.Б орж ирээд Н.Ж намайг зодоод хашаа буулгаад хаячихлаа гэж хэлэхээр нь би хоёрын хооронд юм дээр ямар сүртэй юм бэ гээд би хамт очъё, намайг очихоор гайгүй байх гээд хамт яваад очтол манай хүүхдийг цохиж зодсон. Н.Ж манай хүүгийн хүзүү хэсгээс нь барьж аваад нугтраад унагаасан. Тэгээд  доош нь дарж, хүзүүг нь мушгиж дараад байсан. Би эхнэр Б.Зд нь нөхрөө салгаж аваач, багийн эмч хүн байж гэж хэлэхэд хөдлөхгүй байсан. Тэгтэл манай хүү газраас босч чадахгүй болсон байсан. С.Б шургааг барьж авах үед би шургаагийг нь булаагаад авсан. Тэгтэл С.Б Н.Ж зодож цохихын завдалгүй бариад авсан. Би салгах гээд дийлэхгүй байсан...  ” гэх мэдүүлэг  /хх-ийн 15-17,18-19  дүгээр тал/,

* Гэрч О.С-ийн өгсөн:

“... Манайх Архангай аймгийн Ихтамир сумын Хан-Өндөр багийн Доод эрэг гэх газар оршин суудаг юм. 2017 оны 08 сарын 29-ний өдөр зусланд буусан газраасаа бага зэрэг дээшээ  буйр сэлгэж буугаад малынхаа хашааг барьж байтал Н.Ж гэдэг хүн машинтайгаа хүрээд ирсэн. Тэгээд та энэд хашаа барихгүй гээд барьж байсан малын хашааг нь нурааж хаячихаад манай нөхрийг малын хашаан дээгүүр заамдаж түлхэж унагаасан. Тэгээд би таныг зодоогүй шүү хэлдэг газраа хэлээрэй гэж хэлээд явсан. Манай нөхөр бид 2 ээж дээр очиж хэлээд  ээж хамт ирсэн. Манай нөхрийн нэг нүдний хараа муу болохоор айгаад ээждээ хэлсэн юм. Тэгээд дахин малын хашаагаа босгож байтал Н.Ж эхнэр Б.Зтайгаа хамт ирээд малын хашааг дахин нураасан. Манай нөхөр “ах нь хэдхэн хоноод нүүхдээ малын баасаа цэвэрлээд нүүнэ” гэхэд чиний цэвэрлэх гэж юу байдаг юм гэж барьцалдаж, чи хэлдэг газраа хэл гээд заамдаж аваад түрж байснаа дашаад унагаах шиг болсон. Манай нөхөр эвхрээд дугарахгүй болчихсон. Тэгээд Н.Ж хашаагаа зайлуулаарай гээд яваад өгсөн. Манай нөхөр босч чадахгүй байхаар нь араас нь очиж эхнэрт нь хэлж үзүүлтэл эгэм нь хугарсан байна гээд аваад явсан. Би хүүхдүүдээ хараад үлдсэн. Тэгээд хагалгаанд орсон. Тухайн үед сүртэй их зодоон болоогүй. Эхлээд манай нөхрийг малын хашаан дээгүүр давуулж унагаасан. Дараа нь манай нөхрийг заамдаж авч дараад түрж байгаад унагаах шиг болсон. Тэгтэл эгэм нь хугарчихсан. Манай нөхөр С.Быг цохиж зодоогүй. Ээжийг байхад манай нөхөр шургааг барьж авахаар нь ээж барьсан модыг нь салгаж авсан. Н.Жийг модоор цохиж зодсон зүйл байхгүй. ..Тухайн үед архи уусан согтуу хүн байгаагүй.  Өмнө нь айл саахалт буугаад хэвийн л харьцаатай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-22,  23-24 дүгээр тал/,

 

  *Гэрч Б.Згийн өгсөн:

 

 “... 2017 оны 08 сарын 29-ний өдөр С.Б ахынх манай зуслан байсан газрын хойд талд нь буусан. Тэгээд манай зуслангийн бууцны ойролцоо малын хашаагаа барьсан гэсэн. Тэгээд манай нөхөр Н.Ж манай буурнаас хашаагаа зайлуулаад эрэг дээрээ буучих гэж хэлэхэд С.Б ах та нарт өмчлөөд өгсөн газар юм уу гээд уурласан гэсэн. Тэгээд удалгүй С.Б ахынд ээж Ч.Б гэдэг хүн ирсэн байсан. Тэгэхээр нь би нөхөртэйгөө хамт очоод юу болсон юм бэ гэхэд Ч.Б эгч та нарт өмчлөөд өгсөн газар юм уу гэсэн. Манай нөхөр Н.Ж С.Б ахтай хэрэлдээд байсан. Тэгээд С.Б ах чамайг алсан ч яадаг юм гээд шургааг модоор манай нөхрийн нуруун дундуур цохьсон. Дахиад цохих гэхээр нь манай нөхөр С.Б ахыг барьж авсан. С.Б манай нөхрийг заамдаж авсан. Манай нөхөр тавиулах гэж ноцолдож байгаад С.Б ахыг дараад унагачихсан. Тэгээд манай нөхөр бид 2 гэр рүүгээ явсан. Гэртэй хариад байж байтал Ч.Б эгч ирээд С.Быг үзээдэх гэж хэлсэн. Тэгээд би очиж үзтэл эгэм нь хугарсан байсан. Тэгээд Архангай аймагт ирээд хагалгаанд орсон. Манай нөхөр С.Быг цохиж зодсон зүйл байхгүй, дарж унасан. Энэ үед л эгэм нь хугарсан байх. Манай нөхөр болон С.Б ах нар ямар нэгэн архи уусан зүйл байхгүй. Хоорондоо их сайн харьцаатай, ах, дүү нар шиг л бие биенийхээ малыг харж өгдөг хүмүүс байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-27 дугаар тал/ 

 

* Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 387 дугаартай дүгнэлтэнд: 

“...С.Б-ын биед зүүн эгэм дунд 1/3 хэсгээр далд зөрөөтэй хугарсан гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл мохоо зүйлийн цохих цохигдох үйлчлэлээр үүснэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1, 2.3.2-д зааснаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр гэмтэлд хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг 15-30%-аар алдагдуулах ба эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамааран эргэн сэргэх боломжтой: ..” гэжээ. /хх-ийн 29 дүгээр тал / 

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч С.Х-ийн 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 388 дугаартай дүгнэлтэнд: 

 

“... Н.Жийн биед тархи доргилт, баруун мөрний дээд хэсэгт өнгөц жижиг зулгаралт, цээжний зүүн талд жижиг цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих цохигдох үйлчлэлээр үүснэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Шинжээч томилж , шинжилгээ хийлгэх тогтоолд үзүүлэгчийг Н.Ж гэж бичсэн байх боловч тухайн хүний бичиг баримт нь Н.Ж гэж байх тул Н.Жгэж гаргасан болно...” гэжээ. /хх-ийн 36-37 дугаар тал/ 

 

* Яллагдагч  Н.Ж-ийн өгсөн: 

 

”... 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр намайг гэртээ байж байтал С.Б ах манай зуслангийн гэрийн буйран дээр тугалынхаа хашааг барьсан байсан гэхээр нь би очоод С.Б ахад та тугалынхаа хашааг холдуулаад ар талын эрэг дээр жижигхэн зайлуулаад барьчих, тугалын хашаа ойрхон болохоор хүүхүүд малын хөлд орчихно шүү гэж хэлсэн. С.Б ах чи юу яриад хуцаад солиороод байгаа юм бэ гэж хэлээд ээжийнхээ гэр рүү яваад өгсөн. Тэгээд эргээд ирэх үед С.Б ах өөрийнхөө ээж Ч.Бын хамтаар ирсэн. Тэгэхээр нь эргэж ирээд Ч.Б эгчид тугалынхаа хашааг өөр газар барьчих гэж хэлтэл Ч.Б эгч “Алтан дэлхий сугаа хавччихсан юм уу” гэж хэлсэн. С.Б ах чиний буйр, чиний газар гэж юу байдаг юм гээд над руу дайраад байсан. Тэгээд бид 2 маргалдаад байж байх үед хашаа барьж байсан шургаагаар миний баруун дал хэсэгт нэг удаа цохьсон. Бии та яагаад намайг цохиж байгаа юм бэ гэж хэлтэл чамайг алчихсан ч яадаг юм гээд дахиад цохих гэхээр нь би шургааг нь барьж авсан.  тэгсэн С.Б ах шургаагаа тавиад намайг заамдаж боосон. Тэгэхээр нь би боолтыг нь тавиулах гэж байгаад С.Б ахын мөрөн дээрээс нь барьж аваад С.Б ахыг дараад уначихсан. Тэгээд би босч ирээд гэр рүүгээ яваад өгсөн. Тэр үед С.Б ах суучихаад босч ирэхгүй явган суусан байсан. Тэгээд би гэртээ ирчихээд байж байсан чинь Ч.Б эгч ирээд С.Бын гар нь эвгүй болчихсон байна очоод үз гээд манай эхнэрийг дагуулаад явсан. Тэр үед манай эхнэр очоод С.Б ахын эгэм нь хугарсан байна гээд Их Тамир сум руу эхнэрийнхээ хамтаар С.Б-ыг авч ирж үзүүлээд, аймгийн төвд авч ирж үзүүлээд аймгийн төвийн эмнэлэгт хэвтүүлсэн юм. ...Би тухайн үед С.Б ахыг тугалынхаа хашааг гэрийн буйртай ойрхон барилаа, өөр газар барчих гэхэд С.Б ах чиний газар гэж юу байдаг юм гэх мэтээр хэрүүл маргаан хийж улмаар барьцалдаж авсан юм. Би тухайн үед С.Б ахыг ямар нэгэн байдлаар цохиж зодоогүй. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. С.Б ах ч гэсэн эрүүл байсан байх. Тухайн гэмтэл миний буруутай үйлдлээс буюу С.Б ахыг газар дарж унах үед эгэм нь хугарсан гэж бодож байна. Би С.Б ахад 600.000 төгрөг өгсөн. Эмнэлэгт хэвтсэн 300.000 төгрөг, эгэм хадсан хадаасны 300.000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-46 дугаар тал/ 

 

* Яллагдагч С.Б-ын өгсөн: 

 

“...2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр би намаржаандаа буусан юм Тэгээд туглын хашаа барьж байсан чинь Н.Ж ирээд та энд хашаа барьж болохгүй гээд надтай маргалдаж эхэлсэн. Тэгээд миний барьж байсан хашааны шонгуудыг хугалж эхэлсэн. Намайг чи яаж байгаа юм бэ гэхэд миний газар, та энд барьж болохгүй гээд дахиад хашааны шон хугалсан. Тэгэхээр нь би очоод  түлхсэн чинь Н.Ж намайг барьж аваад хашаан дээгүүр давуулаад ар нуруугаар шидчихсэн. Тэгээд босоод ирсэн чинь Н.Ж гэр рүүгээ машинаа асаагаад яваад өгсөн. Тэгээд Н.Ж гэртээ харьчихаад иргэж ирээд энд хашаа бариулахгүй гээд намайг унагаагаад дараад хэвтсэн тэр үед би босох гэсэн боловч босч чадахгүй миний гар даагдахгүй байсан. Тэгээд миний эгэм хугарсан байсан. Тэгээд Н.Ж намайг төв рүү эмнэлэгт хүргэж өгсөн. Би Н.Ж-ийг цохиж зодоогүй. Намайг боож байх үед нь би ганц нэг удаа гараараа цээж орчимд нь түлхээн өөрөөр гар хүрээгүй. Би архи уугаагүй эрүүл байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 дугаар тал/ 

 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29 дүгээр тал/  

*Архангай аймгийн Ихтамир сумын Хан-Өндөр багийн Засаг даргын тодорхойлолт

/хх-ийн 59, 61, 103, 107 дугаар тал/

*Шүүгдэгч С.Б-ын мал тооллогын маягт /хх-ийн  60 дугаар тал/

*Шүүгдэгч Н.Ж-ийн мал тооллогын маягт /хх-ийн 62 дугаар тал/ 

*Шүүгдэгч С.Б-ын тэтгэвэрийн дэвтрийн хуулбар /хх-ийн 63 дугаар тал/  

* 2008 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 69-72 дугаар тал/

*Архангай аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн 891 дугаартай дүгнэлт /хх-ийн 56 дугаар тал/ 

2017 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Хан-Өндөр баг, Доод эрэг гэх газарт иргэн Н.Ж-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, С.Бын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэх нөхцөл байдал нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Шүүгдэгч Н.Ж, С.Б нар нь 2017 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Хан-Өндөр баг, Доод эрэг гэх газарт хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар харилцан зодолдож, шүүгдэгч С.Б-нь Н.Ж-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч Н.Ж нь  С.Б-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь хохирогч  С.Бын “...Чи яаж байгаа юм бэ гэхэд намайг түлхэж барьж байсан хашаан дээр давуулж унагаасан. Би босоод иртэл дахин боож газар унагаагаад дарж авсан. Эмнэлэгт үзүүлэхэд эгэмний яс хугарсан байна гээд хагалгаанд орсон. Миний зүүн талын эгэмний яс хугарсан, толгойд зөөлөн эдийн бэртэлтэй гэсэн оношоор Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгийн мэс заслийн тасагт хэвтэн эмчлүүлээд эгэмний ясанд хагалгаанд орсон...” гэх мэдүүлэг, хохирогч Н.Жийн “...Би С.Б ахын зүүн мөрөн дээрээс барьж авч байгаад дээр нь дараад унасан. Энэ үед л эгэм нь хугарсан байх. Намайг С.Б ахын мөрөн дээрээс барьж авсан байх үед С.Б ах миний подволкноос заамдаж, хоолой боож барьсан байсан. Би тавиулах гэж ноцолдож байгаад унасан...”  гэх мэдүүлэг, гэрч Ч.Бын “...манай хүү С.Б дээр очоод барьж авч мушгиад дартал манай  хүү С.Б босохгүй байсан. Н.Ж манай хүүгийн хүзүү хэсгээс нь барьж аваад нугтраад унагаасан. Тэгээд  доош нь дарж, хүзүүг нь мушгиж дараад байсан...” гэх мэдүүлэг,  гэрч О.Сийн “...Эхлээд манай нөхрийг малын хашаан дээгүүр давуулж унагаасан. Дараа нь манай нөхрийг заамдаж авч дараад түрж байгаад унагаах шиг болсон. Тэгтэл эгэм нь хугарчихсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Згийн “..2017 оны 08 сарын 29-ний өдөр С.Б ахынх манай зуслан байсан газрын хойд талд нь буусан. Тэгээд манай зуслангийн бууцны ойролцоо малын хашаагаа барьсан гэсэн. Тэгээд манай нөхөр Н.Ж манай буурнаас хашаагаа зайлуулаад эрэг дээрээ буучих гэж хэлэхэд С.Б ах та нарт өмчлөөд өгсөн газар юм уу гээд уурласан гэсэн. Тэгээд удалгүй С.Б ахынд ээж Ч.Б гэдэг хүн ирсэн байсан. Тэгэхээр нь би нөхөртэйгөө хамт очоод юу болсон юм бэ гэхэд Ч.Б эгч та нарт өмчлөөд өгсөн газар юм уу гэсэн. Манай нөхөр Н.Ж С.Б ахтай хэрэлдээд байсан. Тэгээд С.Б ах чамайг алсан ч яадаг юм гээд шургааг модоор манай нөхрийн нуруун дундуур цохьсон. Дахиад цохих гэхээр нь манай нөхөр С.Б ахыг барьж авсан. С.Б манай нөхрийг заамдаж авсан. Манай нөхөр тавиулах гэж ноцолдож байгаад С.Б ахыг дараад унагачихсан...” гэх мэдүүлэг, хохирогч С.Бод хүндэвтэр хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 517 дугаартай дүгнэлт, хохирогч Н.Ж-ийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 388 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Н.Ж-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч С.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тэдний гэм буруу хангалттай тогтоогдож байх тул шүүхээс шүүгдэгч Н.Жийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч С.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч Н.Ж С.Б нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэн нөхцөл байдалд  тооцож, эрүүгийн хариуцлага хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдаж,  гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, хуульд зааснаар хэсэгчлэн төлүүлэх  нь зүйтэй  гэж дүгнэв. 

Хохирогч С.Б нь шүүгдэгч Н.Ж-өөс 3075472 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хэрэгт 926182 төгрөгийн хохирлын баримт ирүүлсэнээс нотлох баримтын шаардлага хангаж байгаа 787450 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэснийг шүүгдэгч Н.Ж нь шүүх хуралдааны явцад төлж барагдуулсан бөгөөд хохирогчийн нэхэмжлэлээс 2288022 төгрөгийг хэлэлцэхгүй орхин, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг,  

Хохирогч Н.Ж нь шүүгдэгчээс хохирол төлбөр нэхэмжлээгүй бөгөөд хохирогч С.Б-д шүүгдэгч Н.Ж нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 600.000 төгрөг, шүүх хуралдааны явцад 790.000 төгрөг төлсөн, тухайн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 3,4, 5 дахь хэсэг,  36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А овогт Н.Ж-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол  санаатай учруулсан гэмт хэрэг, Б овогт С.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Жийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш шүүгдэгч  Н.Жийг 500 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр  торгох ялыг 1 /нэг / сарын хугацаанд, шүүгдэгч С.Быг  450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ж, С.Б нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15  /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүүгдэгч Н.Ж, С.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг, хохирогч С.Б-ын нэхэмжлэлээс 2.288022 төгрөгийг хэлэлцэхгүй орхин, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг  тус тус дурдсугай. 

 

6. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Н.Ж, С.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

 

 

                                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ           П.ГАНДОЛГОР