Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 2022/ДШМ/1059

 

 

 

 

 

 

2022             11              08                                          2022/ДШМ/1059

 

 

Т.Т-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Алдар, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор О.Доржмаа,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Ганбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 2022/ШЗ/1654 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор О.Доржмаагийн бичсэн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 40 дугаартай эсэргүүцлээр Т.Т-т холбогдох …………… дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Яллагдагч Т.Т нь 2022 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “П” зочид буудлын гадаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч С.С-тай маргалдаж, улмаар хөлөөрөө түүний нүүрэн тус газарт өшиглөх байдлаар эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн дотор болон доод ханын хугарал, зүүн алимны салстын цус хуралт, дээд зовхинд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Т.Т-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хавтаст хэргийн 37 дугаар тал шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол гарсан ба энэ тогтоолд зааснаар хохирогч С.С-ын биед үзлэг хийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Ц-гийн 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн №4739 дугаар шинжээчийн дүгнэлтэд “...С.С-ын биед зүүн алимын салстад цус хуралт, дээд зовхинд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд иртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь 2022 оны 3 дугаар сарын 13-ны өдөр үүссэн байх боломжтой.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 38-39 дэх тал/ гэж,

Хавтаст хэргийн 42-47 дугаар талд 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 16 дугаар дахин шинжилгээ хийлгэх прокурорын тогтоолоор Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээч нарын хавтаст хэргийн материалаар хийсэн 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн №377 дугаар шинжээчийн дүгнэлтэд “...1, 2, 5 С.С-ын биед зүүн нүдний ухархайн дотор болон доод ханын хугарал, зүүн алимны салстын цус хуралт, дээд, доод зовхинд зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ. С.С-ын 2022 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн гавал тархины КТГ-н зургийг /СД-1 ш/ дахин уншуулахад “зүүн нүдний орчмын зөөлөн эд хавагнаж хавдсан, зүүн нүдний ухархайн дотор болон доод хана хугарсан, хугарлын түвшинд этмойд хөндийд, зүүн хоншоорын хөндийд цустай” буюу зүүн ухархайн ханын хугарал нь шинэ гэмтэл байна.

3, 4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг тур хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь учрах үедээ амь насанд аюулгүй бөгөөд ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна.

8, 9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Ц-гийн 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 4739 дугаартай дүгнэлтийн зүүн ухархайн дотор, доод хана хуучин хугаралтай гэснээс бусад нь үндэслэлтэй байна.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 48-52 дах тал/ гэж,

Хавтаст хэргийн 56-58 дугаар талд 2022 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 18 дугаар дахин шинжилгээ хийлгэх прокурорын тогтоолоор Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээч нарын хавтаст хэргийн материалаар хийсэн 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн №445 дугаар дүгнэлтэд: “... хохирогч С.С нь зүүн нүдний ухархайн ясны доод, дотор ханын хугарал гэмтлийн улмаас хугарлыг нөхөх, имплант тавиулах хагалгаанд орсон байх ба одоо зүүн нүдний доод зовхи, зүүн хацрын дээд хэсгийн арьсны өнцөг мэдрэхүй буурсан нүд хоёрлож хардаг болсон, зүүн нүдний хараа буурсан /0.7/ нь нүдний эмч нарын үзлэг шинжилгээ, эмнэлгийн бичиг баримтуудаар тогтоогдож байна.

Хохирогч С.С-ын биед зүүн нүдний ухархайн дотор болон доод ханын хугарал, зүүн алимны салстын цус хуралт, дээд зовхинд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ. Учирсан гэмтэл нь ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Энэ гэмтлүүд нь шинэ гэмтэл бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 62-67-р тал/ зэрэг дээр дурдсан шинжилгээний 3 удаагийн дүгнэлт гарчээ.

Хэдийгээр хохирогч С.С-д шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлт хэрэгт авагдсан боловч дээрх талуудын маргаад байгаа маргаан бүхий шинжээчийн дүгнэлтийг гаргахад тулгуурласан баримт нь №4739 дугаар дүгнэлт биеийн үзлэгээр, №377, 445 дугаартай дүгнэлтүүд хавтаст хэргийн материалд тулгуурлан гаргасан нь эргэлзээ төрөхүйц өөр хоорондоо зөрүүтэй байх ба нөхцөл байдлыг талууд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байх тул тодруулах зорилгоор дахин 5 бүрэлдэхүүнтэй шинжээч нарын /шаардлагатай бол нарийн мэргэжлийн эмч нарыг оролцуулах/ дүгнэлт гаргаж, С.С-ын эрүүл мэндэд ямар гэмтэл, хор уршиг учирсан болохыг бүрэн, нэг бүрчлэн тогтоох нь зүйтэй байна. Иймд хохирогч С.С-ын биед учирсан гэмтэлтэй холбоотойгоор дараах асуудлуудыг тодруулах нь зүйтэй байна.

Үүнд:

-хохирогч С.С-ын биед ямар ямар гэмтлүүд учирсан, уг гэмтлүүд нь ямар хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн болох, /талуудын маргаад буй зүүн нүдний ухархайн дотор болон доод ханын хугарал, зүүн алимны салстын цус хуралт, дээд, доод зовхинд зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл нь учирсан эсэх, учирсан, учраагүйг ямар шинж тэмдэг, оношоор ялгаж байгаа болох талаар тайлбарлах/,

-хохирогчийн биед учирсан гэх гэмтлүүдээс аль нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүсгэгдсэн болох,

-С.С-ын биед учирсан гэмтлийг шинэ, хуучнаар ялгах боломжтой эсэх,

-мөн зүүн нүдний ухархайн дотор болон доод ханын хугарал нь тухайн үйлдлээс өмнө, эсхүл хойно үүссэн аль нь болохыг рентген зураг дээр үндэслэн хийсэн гэх КТГ-гээр тогтоох боломжтой эсэх, /хавтаст хэргийн 69-73 дахь тал/

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол шүүх дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгана” гэж, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т “Шинжээчийн дүгнэлт, эсхүл түүний зарим хэсэг үндэслэлгүй буюу үнэн зөв болох нь эргэлзээтэй байвал шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тогтоол, захирамж, хүсэлтээр дахин шинжилгээ хийнэ” гэж тус тус заасан. Бүрэлдэхүүнтэй шинжээч нар дүгнэлт гаргах явцад хэрэгт ач холбогдол бүхий асуулт, нөхцөл байдал илэрвэл дүгнэлтэд оруулах ба шинжээчийн дүгнэлт гаргахдаа шаардлагатай гэж үзвэл нэмэлт материалыг холбогдох этгээд, эрх бүхий байгууллагаас шаардан авах эрхтэй болно. Иймд Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн бүрэлдэхүүнтэй шинжээчдийг томилж, хавтаст хэрэгт авагдсан шинжилгээ нь №4739, 377, 445 дугаартай дүгнэлтүүдийн зөрүүтэй байдлыг мөрдөн шалгах ажиллагаагаар тодруулах нь зүйтэй байна.

Дээр дурдсан нөхцөл байдлыг нэг мөр шалгаж, гэмт хэрэг гарсан байдлыг бүрэн бодитой тогтоосноор гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, гэм буруугийн хэлбэрийг тодорхойлох, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг хэн ямар хэмжээгээр хариуцах, эсхүл хариуцах гэм хорын хэмжээг багасгах үндэслэлтэй эсэх болон гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл зэрэг гэх мэт хэргийг эцэслэн шийдвэрлэхэд ач холбогдолтойгоос гадна гэм буруутай этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын шинж чанар, хэр хэмжээнд нэгэн зэрэг нөлөөлөх тул эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд нийцүүлэн явуулах, хэрэгжүүлэх шаардлагад нийцүүлэн “шүүх хуралдааны явцад нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэхээр яллагдагч Т.Т-т холбогдох эрүүгийн ............................ дугаартай хэргийг Хан-Уул дүүргийн прокурорын газарт буцааж, яллагдагчид урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор О.Доржмаа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасныг зөрчсөн байна. 2022 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт хүчингүй болсон байх боловч Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5 дахь хэсгийн 29.5.1 дэх заалтад заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ. 

Хан-Уул дүүргийн прокурорын газар Т.Т-ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч С.С-тай маргалдаж, улмаар хөлөөрөө түүний нүүрэн тус газарт өшиглөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Т.Т-т холбогдох хэргийг хянан хэлэлцээд “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол шүүх дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгана” гэж, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т “Шинжээчийн дүгнэлт, эсхүл түүний зарим хэсэг үндэслэлгүй буюу үнэн зөв болох нь эргэлзээтэй байвал шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тогтоол, захирамж, хүсэлтээр дахин шинжилгээ хийнэ” гэж тус тус заасан. Иймд Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн бүрэлдэхүүнтэй шинжээчдийг томилж, хавтаст хэрэгт авагдсан №4739, 377, 445 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдийн зөрүүтэй байдлыг мөрдөн шалгах ажиллагаагаар тодруулах нь зүйтэй...” гэсэн үндэслэлээр Т.Тт холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор О.Доржмаагийн “...дахин бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан анхан шатны шүүх хэргийг шүүгдэгчийн хувьд шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянаж, цугларсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах замаар үнэлэлт дүгнэлт өгөх бүрэн боломжтой. ...” гэсэн эсэргүүцэл агуулгын хувьд үндэслэлтэй байна.

Шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулж, тэдний мэдүүлэг, тайлбар дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн шалгаж хянасны үндсэн дээр хэргийг прокуророос шилжүүлсэн хэмжээнд хэргийн бодит байдлыг тогтоон шүүгдэгчийг гэм буруутай эсэхэд хууль зүйн дүгнэлт хийх боломжтой байна.

Харин 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс дагаж мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ... 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтыг ... хүчингүй болсонд тооцсон” бөгөөд уг зохицуулалтаар давж заалдах шатны шүүхээс хэргийг прокурорт болон анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах эрх хэмжээ олгогдоогүй тул Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 2022/ШЗ/1654 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор О.Доржмаагийн бичсэн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 40 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 2022/ШЗ/1654 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор О.Доржмаагийн бичсэн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 40 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Т.ӨСӨХБАЯР

 

                        ШҮҮГЧ                                                                       М.АЛДАР

 

            ШҮҮГЧ                                                                      Ж.ЭРДЭНЭЧИМЭГ