Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 153

 

 

                                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж 

          Улсын яллагч:Б.Б

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч:Ц.Б

Хохирогчийн өмгөөлөгч М.А

Өсвөр насны шүүгдэгч:Ц.О,

Шүүгдэгч:  Д.Н

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Г.Э, В.У 

Иргэний хариуцагч байгууллагын төлөөлөгч: С.Н

Иргэний хариуцагчийн өмгөөлөгч: Б.Д.Н

Гэрч: Х.З

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас 2002 оны Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1-т зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт  Ц.О, 2002 оны Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 187 дугаар зүйлийн 187. 1-т зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт  Д.Н нарт холбогдох ,,, тоот хэргийг хэлэлцэв.

Шүүгдэгч: Ц.О, Д.Н

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Ц.О нь 2017 оны 04 дүгээр сарын 09-ний орой Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Идэр-Улаан багийн нутаг дэвсгэр “Б” гэх газарт оршин суух Д.Н-ийн гэрт Тоз-8 маркийн калибр бууг оролдож байхдаа буу алдаж, улмаар Б.Л-ын баруун хацарт буудаж, түүний бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан, шүүгдэгч Д.Н нь өөрийн эзэмшлийн Тоз-8 маркийн калибр бууг хайхрамжгүй хадгалсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. 

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний охин Б.Л нь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн мал эмнэлгийн эмчийн ангид 3 дугаар курст суралцдаг. 2017 оны 03 сарын 27-ны өдөр дадлагад яваад 2017 оны 04 сарын 09-ний өдөр биедээ бууны шарх аваад өнөөдрийн байдлаар үнэхээр биеийн байдал муу,  хэцүү байна. 2017 оны 04 сарын 11-ний өдрөөс эхэлж эмчилгээ хийлгэж, түүнээс хойш миний охин нийт 6 удаа хагалгаанд орсон. Биеийн байдал нь сайжирсан зүйл байхгүй, хэвтрийн хүн болоогүй ч гэсэн босч сууж явахдаа тааруухан, хөдөлж суухад нь хүртэл зовиуртай байдаг нь илт харагддаг. Өмнөх  шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт оролцож өөрийн биеэр суухдаа дахин эмчилгээнд явж, эмчдээ үзүүлнэ гэж хэлсэн. Түүний дагуу эмчилгээ хийлгэх гээд эмч дээрээ очсон боловч дахин эмчилгээ байхгүй, одоо гуравдагч орон руу явж эмчлүүлэх шаардлагатай байна гэдэг бичиг хийж өгсөн. Миний охин бүрэн гүйцэд амаа ангайж чаддаггүй, шингэн юмаар байнга хооллодог, хагас ангайдаг. Энэ олон сарын хугацаанд миний охин маш их зовсон. Аман дотор хиймэл яс суулгасан боловч болохгүй, сүүжний яснаасаа тайруулж хийлгэсэн боловч бас л үр дүнгүй болоод одоогийн байдлаар төмөр суулгаж хоосон орон зайг нь нөхөөд хоёр эрүүг  нь тогтоосон байгаа.  Эмч нараас зөвлөхдөө цаг хугацаа алдахгүйгээр гуравдагч орон руу явж эмчлүүлэх шаардлагатай байна, заавал хагалгаанд орохгүй бол амь насанд нь аюултай, бид нар чадахаасаа чадахгүйгээ хүртэл 8 сарын хугацаанд эмчилгээ хийсэн байна гэж хэлсэн. 2017 оны 04 сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж байгаад эмчдээ үзүүлэхэд эрүүнийх нь ясыг хиймэл ясаар нөхнө гээд эрүүг нь тайрч аваад нөхсөн. Түүний дараа амыг нь хөдөлгөж болохгүй учраас шүдийг нь хооронд нь үдсэн. Түүнээс хойш халуурч, биеийн байдал нь дээрдэхгүй болохоор нь шинжилгээ хийлгэхэд хийсэн хагалгаа нь сайн байна, харин хүзүүний 3-4 дүгээр нугаламд сумны тунгалаг орсон байна. Гол судасны хажууд нэвчсэн байгаа учраас бууны тунгалгийг заавал авах шаардлагатай, гэхдээ судас шөрмөсийг нь бэхжсэний дараа авна гээд сарын дараа буюу 05 сарын 29-ний өдөр сумны тунгалгаа авахуулсан. Тэр хагалгаа нь бас 4-5 цаг үргэлжилсэн. Маш том хагалгаа болсон. Түүний дараа дахин 07 сарын 05-ны өдөр сүүжний яснаас аваад эрүүндээ хийлгэх хагалгаа хийгдсэн. Энэ хагалгаан нь 6-7 цаг үргэлжилсэн. Эмч нарын зүгээс надад тайлбарлаж хэлэхдээ бууны шарх гэдэг чинь хамгийн хүнд, хамгийн хэцүү шарх, эдгэрэх эсэх нь цаг хугацааны болон хүүхдийн чинь биеийн байдалд асар их нөлөөлнө, төмрөөр цохих үед ямар байдаг билээ, тэр өвдөлт зовлонг хэд дахин нугалсантай тэнцэх хэмжээний тийм том хэцүү шарх авсан байна гэдгийг маш олон удаа эмч нар надад тайлбарлаж хэлсэн. Тэгээд 2017 оны 08 сарын 03-ны өдөр талст нөхүүлэх 4 дах хагалгаанд орсон. 09 сарын 24-ний өдөр сүүжнээс авсан яс нь хайлаад биед нь нөлөөлж байсан учраас эрүүний яс тайруулах хагалгаанд орсон. Одоо металл төмрөөр тогтоолгосон байдалтай байгаа. Миний охин нийт 6 удаа хагалгаанд орсон. Саяхан эмдээ үзүүлээд ирсэн. Мөн одоо биеийн байдал ямар байгаа талаар нь эмчээс бичиг хийлгэж, охиныхоо одоо байгаа зургийг хэрэгт хавсаргасан. Эрүүний хоосон орон зайг тэгж хоосон хөндий хэвээр нь удаан байлгаж болохгүй, шүлс, шингэн хуримтлагдаад нян бактери үүсээд тархи толгой, цээжний хөндийд нөлөөлөх учраас гуравдагч орон руу явах хэрэгтэй, санхүү мөнгөний асуудлаа зохицуулаад ир гэж эмч хэлсэн. Тухайн хагалгааг монголд хийх ямар ч нөхцөл боломж бололцоо байхгүй гэдгийг эмч нар хэлсэн. Мөн тодорхойлолтдоо хүртэл бичиж өгсөн. Миний зүгээс шүүгдэгч нарыг ял шийтгэл эдлүүлээд байх сонирхол алга, одоо харин охин бид хоёрыг цаашдаа гарах эмчилгээний зардал болон баримтаар нэхэмжилсэн эмчилгээний зардлыг гаргаж өгнө үү. Охин бид хоёр 2017 оны 04 сарын 11-ний өдөр Улаанбаатарт очоод 2017 оны 10 сарын 04-ний өдөр нутагтаа ирсэн. 7 сар, 210 хоног айлд амьдарсан.  Эргээд 14 хоног гэртээ ирээд буцаад Улаанбаатар хот руу явсан. Миний охин эрүүл мэндээрээ асар их хохирсон. Би охиныхоо ирээдүй, гоо сайханы талаар яриагүй, зөвхөн эрүүл мэндийнх нь талаар ярьж байна. Миний охины гоо сайхан хамаагүй, зөвхөн эрүүл саруул болоход нь тусалж өгнө үү гэж хүсэх байна. Би ганцхан охингоо эрүүл саруул болгож авмаар байна. Эрүүл саруул хүүхдээ энэ сургуульд авчирч ирсэн. Миний зүгээс сургуулийг үнэхээр хариуцлагагүй ажлаа хийсэн байна гэж хэлмээр байна. Маш их гомдолтой байна. Сургуулийн захиргаанд гомдолтой байна. Сургуулийн захиргаа нь цаанаа хэндээ гомдлоо гаргахыг мэдэхгүй, миний зүгээс бол сургуулийн захиргаанд гомдолтой байна. Мөн урдаас нь юу ч хэлээгүй байхад миний охиныг буугаар буудсан Ц.О, буугаа хайхрамжгүй хадгалж гэртээ байлгасан Д.Н, ажил үүргээ биелүүлж чадаагүй Х.З багш, миний охиныг Д.Нийн гэрт хүргэж өгсөн Д.А нарт үнэхээр их гомдолтой байна. Миний охин хөдөлмөрийн гэрээ байгуулж, айлд очиж зарцлагдах гэж очсон биш, юм сурах гэж, мэдэж авах гэж дадлагад гарсан. Хүний боол болох гэж очоогүй. Охин минь одоо шингэн зүйлээр байнга хооллодог, гэдэс нь байнга өвддөг, маш аяархан ярьдаг, зүрх нь 120 дээш савлаж, цохиолдог. Өдөр болгон сумынхаа эмчид үзүүлж, зөвлөгөө авч байна. Миний охины биеийн байдал маш муу байна. Мөн хэрэг болсны дараа аймаг хотруу явахдаа байнга л багш болох Х.З, сургуулийн захиргаанд хандаж би л өөрөө залгаж ярьдаг байсан. Бид хоёр ирчихлээ, одоо хот руу явах гэж байна, зардал чирэгдэл маш их байна, та нарын буруутай үйл ажиллагаанаас болж ийм зүйл болсон, боломж бололцоогоороо тусалж дэмжээд өгөөч гэж маш их гуйсан. Хэрэг болох үед Х.З багшийг Д.А гэх малчин “эмч аваад ирээрэй, хүүхэд буудуулсан” гэж хэлэхэд аймгийн төвөөс гарсан байж эмч ч аваагүй, өөрөө дур мэдэж замд нь тариа тарьсан байсан. Х.З багшид маш их гомдолтой байна. Миний хүүхдийг өөрөө дур мэдэж тариа тарьж болохгүй шүү дээ, хүний төлөө гэсэн сэтгэлтэй байсан бол ядаж эмч, цагдаа дуудаж болох байсан шүү дээ. Охин бид хоёрыг аймагт ирэхэд ангийнхан хүүхдүүд манай охины эргэж ирэхэд нь би тухайн хэрэг болсон өдөр ямар үйл явдал болсон юм бэ гэж хүүхдүүдээс асуухад “багш бид нарыг анх дадлага хийхэд хүргэж өгөөгүй, багш яваагүй, нэг малчин гээд хүнд өгөөд явуулсан. Дадлага хийх газраа очоод 4-5 хонож байсан багш ирсэн, багш ирээд хэд хоносны дараа хүүхэд нь муу байна гээд эргээд явсан, явсны дараа буюу 4 хоногийн дараа энэ хэрэг болсон” гэж хэлсэн. Сургуулийн захиргаа, багш, малчин нарын буруутай үйлдлээс болж насанд хүрээгүй хүүхдүүд нэг нь хэрэгтэн болоод нэг нь эрэмдэг зэрэмдэг болсон байна. Эмчийн бичиж өгсөн тодорхойлолт болон эмчийн зөвлөснөөр хагалгаанд зайлшгүй орох шаардлагатай, тухайн хагалгаан нь гуравдагч улсад маш өндөр зардлаар хийгддэг, мөн хагалгаа гэж ганцхан үзэхгүй гоо сайханы хагалгаа гэж явагддаг учраас зардал мөнгө нь маш их гарна гэдгийг хэлсэн. Эмч хэлэхдээ эмчилгээний зардал гэхэд 16.000.000-17.000.000 доллар болох байх гэж хэлсэн. Тэр нь монгол мөнгөөр хэдэн төгрөг болох бол гэсэн чинь 60.000.000 төгрөг болно гэж хэлсэн. Тэгж хэлэхээр нь тэр үед юу ч ярьж чадаагүй, эмчийн өрөөнөөс гарч ирж уйлаад нэлээн тайвшрасны дараа эргээд эмч дээрээ ороход санхүүгийн талаараа мөнгөө олоод ир, эмч нь ямар ч байсан эндээс гуравдагч улс руу аль чадах талаараа яриад, судалж өгье гэж хэлсэн. Одоо хохирол төлбөрийн талаар ярихад 8 сар эмнэлгээр явахад 17.664.250 төгрөгийг зардал гарсан. Энэ мөнгөнд хагалгаа,  хоол унд, эм тариа, эмчилгээ гээд бүх л зардал мөнгө орсон. Улаанбаатар хотод урсгал зардал маш их гардаг юм байна. Гэхдээ автобусанд суусан мөнгө ороогүй. Яагад гэвэл баримт өгдөггүй юм билээ. Би ганцхан охиноо хараагүй, аав нь хоол унд хийгээд айлаас зөөнө, тэр болгонд л мөнгө хэрэгтэй болдог. Миний хүүхэд үнэхээр их хохирсон. Би Нямсүрэн захиралтай 2-3 удаа утсаар ярьсан. Ярих болгонд эсэргүүцсэн хариу өгдөг учраас сүүлдээ ярих үнэхээр сонирхолгүй болсон. Танай сургуульд явснаас болж миний охин дадлагад яваад ийм эрэмдэг зэрэмдэг боллоо гэхээр манай байгууллагад хамаагүй, шүүхээр асуудлыг шийдвэрлүүлнэ, та наад хуулиа унш, надад хамаагүй гэдэг байдлаар ханддаг байсан. Би тэр болгонд нь охиныгоо бодож хэдэн төгрөгийн бололцоо байвал, үнэхээр эмчилгээ хийлгэхэд мөнгө хэрэгтэй байна гээд чадах чинээгээрээ өгөөч гэж гуйж байсан. Тэр болгонд надад хохирол төлбөр, эмчилгээ хийлгэ гэж мөнгө өгсөн удаа байхгүй.  Хохирол төлбөртэй холбоотой 17.664.250 төгрөгийн баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Одоо эмчилгээний зардал 60.000.000 төгрөг нэхэмжилж байна. Хохирол төлбөртэй холбоотой гарсан мөнгөнд дүнгээс сургуулийн захиргаа болон шүүгдэгч Д.Н, Ц.Оаас авсан мөнгөн дүнгээ хасч тооцоолсон зүйл байхгүй гэв.  

Иргэний хариуцагч байгууллагын төлөөлөгч С.Н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Б.Л нь манай сургуульд элсэн суралцаж байгаад дадлага хийх явцдаа осолд орсонд нь сургууль хамт олон, хувиасаа үнэхээр их харамсаж байна. Насанд хүрээгүй нэг хүүхэд хохирогч, нэг хүүхэд хэрэгтэн болсонд харамсаж байна. Сургуулийн зүгээс сургалтын хөтөлбөрийн дагуу мал эмнэлгийг дадлагад жил болгон оюутныг явуулдаг. Манай сургууль энэ дадлагыг жил болгон мал эмнэлгийн хоёрдугаар курст нь гаргадаг. Сурагч нар суралцах хугацаандаа 3 удаа дадлага хийдэг. Түүний нэг нь төл эх барих дадлага байгаа. Энэ дадлагыг мал ихтэй мянгат малчины гэрт явуулдаг. Манай сургууль малчин Д.Атай гэрээ байгуулаад, олон жил хамтарч ажиллаж байна. Сургуулийн захирлын тушаалаар сургалтын төлөвлөгөөний дагуу захирал жил болгон энэ тушаалаа гаргаж дадлага удирдагч багшийг албан ёсоор томилж, дадлагын удирдамжийг хавсаргаж, аюулгүй ажиллагааны зааварчилгаа, дүрэм журмыг мөрдөж ажиллах үүрэг болгож, мөн дадлагын явцад хийх ёстой зүйлийг нарийн тусгаж удирдамжаа гаргасан. Өнгөрсөн жилийг дадлагыг З багшаар удирдуулаад, захирлын тушаалаар явуулсан. Дадлагын явцад ийм зүйл болсонд үнэхээр их харамсаж байна. Д.А нь манай сургуулийн дадлагын объект мөн, харин Д.Нийн гэр манай сургуулийн дадлагын объект биш. Б.Л охиныг гэмтэл авснаас хойш хувийн зүгээсээ болон сургуулийн захиргаанаас олон удаа тусалж дэмжсэн. Б.Лын ээжтэй олон удаа утсаар ярьсан, олон удаа муудалцаж ам зөрөх асуудал гарсан. Энэ хугацаанд би сэтгэл санааны дарамтанд байгаа. Хүн болгон над руу дайрч байсан. Хохирогчийн ээж, аав, өвөө, эмээ нар нь бүгд над руу дайрч байсан. Сургуулийн нэр хүндэд маш их сэв суусан. Олон нийтийн арга хэмжээ, хурал зөвлөгөөн, элсэлт огт байхгүй болсон гээд маш их хүнд нөлөөлсөн.  Ц.Бын зүгээс хагалгаанд орох гэж байна, 3.000.000 төгрөг хийхгүй бол хагалгаа хийхгүй байна гэж хэлэхээр нь Д.Н, Ц.О нарыг дуудаж уулзаад хэлсэн. Бид нар яахав, яаж тусалж дэмжих үү гэдэг дээр ажлаагүй биш, ажилласан. 2 цагийн дараа 6.000.000 төгрөг болсон, 3 цагийн дараа 8.000.000 төгрөг нэхсэн. Ийм маягаар олон удаагийн дарамт шахалт үзүүлсэн. Энэ хугацаанд яг л адилхан сэтгэл санааны дарамтад маш их орсон. Хэдийгээр энэ хүүхдийг би өөрөө гэмтээгээгүй ч гэсэн энэ хүүхдийг хохироосон, сургуулийн өмнөөс хариуцаж явсан багш нь байгаа хэрнээ би өнөөдрийг хүртэл маш их дарамт авсан.  Д.Нийн гэр манай сургуулийн дадлагын объект биш учраас бусад нь шүүхээс шийдэгдэх байх гэв.

 

 Гэрч Х.З шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Хэрэг болох үед би байгаагүй. 04 сарын 09-ний өдөр Архангай аймгийн төвөөс дадлагын бааз руу явж байсан. 17 цагийн үед сурагч П. Б.Л бууны шарх авсан гэдгийг хэлсэн. Тухайн үед ямар ч байсан хүүхэд рүүгээ явж нааш нь эмнэлэг дээр авчиръя гэж бодсон. Намайг очиход сумны шархтай байсан. Малчин Д.А миний сууж явсан машины урдаас өөрийнхөө машинтай ирж явсан учраас замынхаа голд таараад тэгээд эмнэлэг дээр авчирч ирсэн байгаа гэв. 

Эрүүгийн ,,,тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 

 

 *Насанд хүрээгүй хохирогч  Б.Лын өгсөн:

 

“...Би Архангай аймгийн Эрдэнэбулган сумын “Гурван тамир” дээд сургуульд малын эмчийн ангид суралцдаг юм. Тэгээд би дадлагаар Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Д.А гэдэг айлд очсон. Би 2017 оны 03 сарын 27-ны өдөр ангийнхаа Ц.О, П., У, Л, Б, Б Л, Ц.Н, З нарын хамт дадлага хийхээр явсан. Д.А гэдэг айлд манай ангийнхан ямар нэгэн сурган хүмүүжүүлэгчгүй очсон. Д.А гэдэг айлыг би Архангай аймгийн Эрдэнэмандал суманд байдаг гэдгийг л мэднэ, хаана ямар нэртэй багт, ямар нэртэй газар байдгыг нь мэдэхгүй байна. 2017 оны 04 сарын 09-ний өдөр Д.А ахын дүү Д.Н гэдэг хүн орж ирээд “би Архангай аймгийн төв рүү явах ажилтай боллоо, та нараас 2 эрэгтэй нь намайг иртэл мал хараад, 1 эмэгтэй нь хүүхэд хараад өгөөч” гэж надад хэлсэн. Би зөвшөөрөөд Д.Н гэдэг айлд түрүүлж очсон. Намайг очиход гэрт нь эхнэр нь байсан. Тэгээд Д.Н ах Архангай аймгийн төв яваад, эхнэр нь малдаа гарсан. Намайг хүүхдийг нь хараад Д.Н гэдэг айлд байхад араас Ц.О, Ц.Н нар орж ирсэн. Би энэ үед Д.Н ахын хүүхдийг тэврээд гэрийн баруун талын орон дээр сууж байсан. Ц.О, Ц.Н 2 орж ирээд Ц.Н миний сууж байсан орны хажууд зогссон. Ц.О гэрийн хоймроод явсан. Нэг хартал Ц.О нэг буу барьчихсан зогсож байсан. Тэгээд гэнэт буудчихсан. Би тухайн үед ухаан алдсан байсан. Намайг сэрэхэд миний тэвэрч байсан хүүхэд цус болчихсон харагдсан. Тэгээд над руу ус цацсан. Би сэрэхдээ орон дээр хэвтэж байсан. Намайг сэрэхэд Д.А ах болон манай ангийнхан ирцгээсэн байсан. Д.А ах эхнэртэйгээ багш болон цагдаа, эмнэлэгт мэдэгдье гэж байсан. Тэгээд Д.А ах намайг машинд суулгаад Архангай аймгийн төв рүү авч явсан. Замд ангийн багш Х.З таараад надад тариа хийж өгсөн. Тэгээд Архангай аймгийн эмнэлэгт очсон. Манай ангийн багш Х.З надад хамт цуг сурсан найздаа гомдолгүй гэж хэлээрэй, намайг хамт байж байгаад хүүхэд хатгаа аваад явсан гэж хэлээрэй гэж хэлсэн. Тэгээд Архангай аймгийн эмнэлэгт очоод, Дараа нь Улаанбаатар хотод эмнэлэгт ирж эмчилгээ хийлгэж, хагалгаанд орсон. Ц.О намайг яагаад буудсаныг нь би мэдэхгүй байна. Би ямар маркийн буу байсныг мэдэхгүй байна, нэг л удаа буудсан байх. Би тухайн үед юу болсныг санахгүй байна. Ц.О хаанаас буу авсныг нь мэдэхгүй, нэг л мэдэхэд гэрийн хоймор руу яваад нэг буу барьчихсан байсан. Би гэрийн баруун гар талын орон дээр Д.Н ахын хүүхдийг тэврээд сууж байсан. Энэ үед Ц.О гэрийн хойморт л зогсож байх шиг байсан. Би тухайн үедээ юу болсныг мэдээгүй. Дараа нь миний хацар хэсэгт оносон байсныг мэдсэн. Ц.О Д.Н ахын гэрт орж ирээд хоймор хэсэгт байсан бууг аваад барьчихсан, ийш тийш нь чиглүүлж байгаа харагдсан. Нэг харахад над руу чиглүүлчихсэн байх шиг байсан. Би тэгэхээр нь хүүе буу гэж хэлэхийн завдалгүй буу дугарах чимээ гарсан. Ц.О намайг санаатай буудахаар над руу буу чиглүүлж шагайсан зүйл байхгүй. Би Д.Н ахын гэрийн хаана, ямар буу байсныг хараагүй. Ц.О орж ирээд хоймор хэсгээс буу авчихсан зогсож байсан эсэхийг би мэдээгүй, хүүхэд тэвэрч байсан болохоор анзаараагүй. Ц.О бид 2 нэг ангийн хүүхдүүд, бид 2 өмнө нь ямар нэгэн хэрүүл маргаан хийж байгаагүй. Бид 2-ын хооронд ямар нэгэн өр авлага, өс хонзонгийн харьцаа байхгүй. Би Ц.О, ангийн багш Х.З, сургуулийн захиргаа, дадлага хийлгэж байсан айл Д.А, бууны эзэн Д.Н нарт гомдолтой байна. Би эмчилгээ хийлгэж байгаа. Би эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. Одоогоор хэдэн төгрөг болсныг мэдэхгүй байна. Цаашид гарах эмчилгээний зардал байгаа. Би энэ бүгдийгээ нийлүүлж, тооцож үзээд нэхэмжпэх болно. Цаашид миний эрүүл мэндийн байдал баталгаагүй байгаа. Би их гомдолтой байна. Одоо дахин хагалгаа хийлгэнэ. Дахин хагалгааны дараа эрүүл мэндийн байдал ямар байх нь шийдэгдэнэ. Манай ээж Баянжаргал одоо мөнгөгүй байгаа. Тиймээс дараагийн хагалгааны мөнгөө яаралтай авах хэрэгтэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-31 дүгээр тал/,

 

* Насанд хүрээгүй гэрч Ц.Нгийн өгсөн:

 

“...Би эдгээр хүмүүсийг танина, Д.Н гэдэг хүнтэй ямар нэгэн харьцаа байхгүй, Б.Л, Ц.О нар нь нэг ангийн хүүхдүүд. 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр дадлага хийхээр Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Идэр-Улаан багийн нутагт байдаг Д.А гэх айлд очсон. Тэр айлд дадлага хийгээд хэд хонож байтал 2017 оны 04 сарын 09-ний өдөр Д.А гэдэг айлынхаас өдрийн 13 цагийн үед Д.Н гэдэг айл руу очоод байж байсан чинь араас Б.Лыг Д.А ах хүргэж ирсэн. Тэгээд Д.Н ах тэр өдөр аймаг явсан байсан болохоор би малд нь туслах гэж Д.Н ахынд очсон байсан, харин Б.Л араа хүүхдийг нь харах гэж очсон. Тэгээд би Д.Н ахын мотоциклиор Д.А ахын гэрт очоод Ц.О надтай хамт явъя гэхээр нь сундалж Д.Н ахынд хамт ирсэн.  Би хонинд явж ирээд хурга, ишиг тавьж өгч байгаад гэрт орсон чинь Б.Л дүүг тэврээд гэрийн зүүн талын орон дээр сууж байсан. Ц.О гэрийн хойморт буу гаргаад ирсэн байсан, буу нь гэрийн зүүн орны шкабны завсар, амыг нь дээш харуулаад босгоод хийсэн байсан. Тэгээд Ц.О буугаар оролдоод байхаар нь сумтай байж магадгүй шүү гэсэн чинь Ц.О замгийг нь татаж үзэж байсан. Замгийг нь татахад хоолойгоос сум гарч ирээгүй, хоолой руу нь тонгойж харалгүй буцааж цэнэглээд удалгүй тус гээд буу дугарсан. Гэхдээ Ц.От өөрт нь ямар ч сум байгаагүй, сум хийж сумлаагүй, өөрөө сумтай байсан юм байна лээ. Буу дуугарсан чинь Б.Лын баруун хацар орчмоос цус гарч, царай нь цайгаад орон дээрээс орны урдуур унасан. Тэгтэл Отгонбаатар намайг Д.А ахыг дууд гэж хэлсэн. Тэр даруйд нь би гарч гүйгээд Д.А ахыг дуудаж ирсэн. Тухайн үед Д.Н /Мөнгөн/ ахын эхнэр гаднаас орж ирсэн. Тэгээд л эмнэлэгт хүргэхээр аймгийн төв рүү авч явсан. Тухайн үед Ц.О, Б.Л бид 3 байсан, Харин Д.Н ахын өлгийтэй хүүхдийг Б.Л тэвэрсэн байсан, өөр хүн байгаагүй. Мөнгөө ахын эхнэр 3 настай хүүхдийнхээ хамт гадаа хурга ишиг тавьж байсан. Замаг нь буундаа байсан, сум хоолойд байсан байх, өөр сум энд тэндээс аваагүй, харин замгийг нь татахад сум гарч ирээгүй, хонгиогоо сайн татдаггүй юм шиг байна лээ. Тэр буу нь гэрийн зүүн хойморт шкафны завсраар босгоод хийсэн. Ц.О нь Б.Л руу шагайж, чиглүүлж буудсан асуудал байхгүй. Буугаар оролдож байгаад санамсаргүй буудсан, санаатай чиглүүлж байгаад буудсан асуудал огт байхгүй. Тухайн үед хэрүүл маргаан, зодоон болоогүй. Буугаар оролдож сонирхож байгаад л санаандгүй сум алдсан. Бид нарыг Д.А ах Д.Н ахынх руу явуулсан. Тухайн үед багш байгаагүй. Б.Лын гадна талаас харахад баруун талын хацарт сум орсон шарх үүссэн байсан. Өөр бэртэл, гэмтэл байгаагүй. Сум нь гараагүй байсан, нэг л удаа буудсан...” гэх мэдүүлэг / хх-ийн 12, 48-49 дүгээр тал/

    

  *Гэрч Х.Згийн өгсөн: 

“...Манай сургууль хөдөө малын бага эмчийн дадлага хийхээр гэрээ байгуулсан. Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Алаг-Уул багийн нутагт Д.А гэх айлд манай ангийн 12 хүүхэд 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр очсон, манай анги нийт 21 хоног дадлага хийх ёстой байсан. Тухайн айлд хариуцаж очих ёстой байсан боловч 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө сурагчдын мэдээллийг сурагчийн санд шивж бүртгүүлэх шаардлагатай байсан тул малчинд хүүхдүүдээ хариуцуулаад явуулсан. Би 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүүхдүүдийн араас очихдоо 10 сартай өөрийнхөө хүүхдийг хөхнөөс гараагүй, харах хүн байхгүй байсан учир хамт авч очсон. Гэтэл 4 хоногийн дараа 2017 оны 04 сарын 04-ний өдөр охины бие тэнхээрхэж өвдөхөөр нь эмнэлэгт үзүүлэхээр аймгийн төв явсан. Аймгийн төв явахдаа малчин Д.Ат хүүхдүүдээ сахиж үлдээсэн байсан. Би 2017 оны 04 сарын 06-ны едөр явах ёстой байсан боловч цас ороод явж чадаагүй. Тэгээд 2017 оны 04 сарын 09-ний өдөр Д.Аынх руу явж байх замд сурагч П. утсаар яриад Б.Л сумны шарх авсан гэж 17 цагийн үед хэлсэн. Тэгэхээр нь багш нь очиж явна гэж хэлээд очиж байтал урдаас аймаг орохоор ирж явсан. Тэгээд аймгийн төвд нэгдсэн эмнэлэгг хүргэж ирээд, эмнэлгийн тусламж үзүүлсэн. Д.Атай захирал С.Н дадлага хийх гэрээ байгуулж, удирдамж гаргасан. Тэгээд л хөдөө гарсан. Дадлага хийх үед сурагчдын аюулгүй байдлыг ангийн багш миний бие хариуцах ёстой байсан. Би малчиндаа захиж үлдээгээд, аймаг орж хүүхдээ эмчид үзүүлэх зайлшгүй шаардлагатай байсан учир явсан. Дадлага хийж байгаа сурагчид малын эх барихын тусламж үзүүлэх, тарилга, туулга хийх, паразиттай тэмцэх газар дадлага хийх ёстой байсан. Мөн төлөлж байгаа малын хэрхэн төлөлж байгаад хяналт тавих, ажиглах үүднээс хариулга хийх ёстой байсан. ...Б.Лыг Ц.О буудсан гэж надад хэлсэн, яагаад буудсан талаар надад мэдэх зүйл байхгүй байна. Манай хүүхдийн биеийн байдал муу байсан учир явахаас өөр арга байгаагүй. Хүүхэд хөхнөөсөө гараагүй, ар гэрт харах хүн байхгүй учир дадлагын үед авч явахаас өөр арга байгаагүй. Б.Лд ямар гэмтэл бэртэл учирсан эсэхийг нь хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан хацарт нь нүхэлсэн шарх үүссэн байсан. Сургуулийн зүгээс багшаар намайг томилж, хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангаж ажиллах талаар надад амаар зааварчилгаа өгсөн, бичгээр гарсан ямар нэгэн баримт бичиг байхгүй... Т.Д.Нийг зүс танина. Дадлагын ажлаар хөдөө яваад таньдаг болсон. Ц.О, Б.Л нар нь миний хариуцсан ангийн хүүхдүүд байгаа юм. Манай ангийн хүүхдүүд дадлага хийхээр хөдөө явсан байсан, би хамт байж байгаад хүүхэд өвдсөн учир аймгийн төвд ирж 4 хоноод буцаад 2017 оны 04 дүгээр сарын 09-ний орой 17 цагийн үед хөдөө явж байтал манай ангийн П. утсаар яриад Б.Л сумны шарх авсан талаар хэлсэн. Тэгээд яваад очтол аймгийн төв рүү аваад өөдөөс ирж байсан. Тэгээд л аймгийн төв рүү авч яваад эмнэлэгт үзүүлсэн. Би өөрөө буудагдах үед нь хөдөө хажууд нь байгаагүй учир хэргийн талаа мэдэх зүйл байхгүй байна. Надад хүүхдүүд ярихдаа Д.Н гэдэг айлын гэрт Б.Л хүүхэд аваад сууж байхад нь Ц.О буугаар оролдож байгаад Ц.Н сумтай юм биш биз гэж хэлж байх үед гэнэт буу дуугарч буудсан гэсэн. Санаандгүй буудсан юм шиг байна лээ. Өөр мэдэх зүйл байхгүй байна. ...Дадлага хийж байгаа сурагчийн аюулгүй байдлыг би хариуцах үүрэгтэй байсан.  Дадлага хийж байгаа газар нь сургуулийн сургалтын орчинд хамаарна. Сургуулийн сургалтын орчинд сургалтаас гадуур ямар нэгэн ажил, үйл ажиллагаа явуулж болохгүй. Сургалтын хөтөлбөр төлөвлөгөөнд зааснаар Д.Нийн гэрт очиж сургалтаас гадуурх ажил, үйл ажиллагаанд хамрагдах ёсгүй байсан. Яагаад Д.Нийн гэрт очих болсон талаар надад мэдэх зүйл байхгүй байна. Би өөрөө тухайн үед байгаагүй.Б и Д.Нийн гэрт очиж байгаагүй учир буу нь хаана байсан талаар надад мэдэх зүйл байхгүй байна. Ц.О, Б.Л нар нь адилхан цайлган цагаан сэтгэлтэй, бүтээлч санаачлагатай, тогтвортой бус амархан уурлаж, амархан гомддог, гэхдээ цайлган цагаан сэтгэлтэй хүүхдүүд байгаа юм. Ц.О сурлага хүмүүжил сайн, хийхийн төлөө сэтгэлтэй, ямар нэгэн гаж буруу зангүй, архи тамхи хэрэглэж харагдаагүй, өмнө нь гэмт хэрэг зөрчилд холбогдож мэдэгдээгүй хүүхэд байгаа юм. Ц.Оын амьдралын нөхцөл ерөнхийдөө амьжиргааны түвшин доогуур, ээж нь хөгжлийн бэрхшээлтэй, аавгүй, мөнгө төгрөг хэрэгтэй болсон үе гардаг ч мөнгөгүйгээр өөр бусад байдлаар шийдвэрлэх гарц хайдаг, тэр тухайгаа нууж хаалгүй хэлж ярьдаг хүүхэд байгаа юм. Б.Лын биед тухайн үед баруун талын хацарт нь сумны шарх үүссэн байсан, мөн хавдсан байсан, өөр ил гэмтэл бэртэл байхгүй байсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй, ярьсан бүхэн үнэн...” гэх мэдүүлэг хх-ийн 15-16, 44-46  дугаар тал/

 *Гэрч Д.Аын өгсөн: 

“...Би “Гурван тамир” дээд сургуультай гэрээ байгуулж дадлага хийх 12 хүүхдийг  2017 оны 03 дугаар сарын сүүлээр авсан. Тухайн дадлагын хүүхдүүдийн дадлга хийх хугацааны аюулгүй байдлыг миний бие хариуцах ёстой байсан боловч 2017 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр намайг малд явсан хойгуур манайд байсан хүүхдүүдээс Б.Л, Ц.Н, Ц.О нар Д.Нийнд очоод нэгнийгээ буудсан асуудал гаргасан байсан. Тэгээд нэн даруй эмнэлгийн бараа харуулах гэж аймгийн эмнэлэг рүү хүний машинаар авч явсан. Замд багш Х.З манайх руу ирж байсан. Х.З өмнө нь манай тэнд дадлагын хүүхдүүдтэйгээ хамт байж байгаад нялх хүүхэд нь хатгаа авлаа гээд аймгийн төв рүү эмнэлэгт үзүүлэхээр  явсан байсан. ...Яг юунаас болж буудсан талаар би байхгүй байсан болохоор мэдэхгүй байна. Хүүхдүүд өөрсдөө ярихдаа буугаар тоглож байгаад буудсан гэж ярьж байсан. Дадлага хийж байгаа хүүхдүүд дадлагын удирдамжинд заасан ажлаа хийх ямар нэгэн байдлаар өөр айлд очих ёсгүй байсан. Би яв гэж хэлээд явуулсан асуудал байхгүй. Дадлага хийж байгаа хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах үүргийг гэрээгээр багш бид хоёр хүлээсэн. ...Б.Лын баруун талын хацарт буудагдсан гэхээр нүхэлсэн шарх үүссэн харагдаж байсан, өөр гэмтэл мэдэгдээгүй, сум гарсан шарх байгаагүй. Тэр буу талийгаач аавын буу байсан одоо Д.Н авч хадгалж байгаа, бүртгэлтэй эсэхийг мэдэхгүй байна. Өмнө нь бүртгэлтэй байсан. Б.Л Д.Нийн хүүхдийг харахаар ирсэн гэж өмнө нь ярьж байсан. Д.Нийн малыг харсан асуудал байхгүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар тал/

* Гэрч Ц.Бын гэрчээр:

 

“...Надад болсон явдлын талаар мэдэх зүйл байхгүй байна. Манай охин Б.Л “Гурван тамир” сургуулийн малын эмчийн ангийнхантайгаа Архангай аймгийн Эрдэнэмандал сум руу дадлага хийхээр 2017 оны 03 сарын 27-ны өдөр явсан. Тэгээд би Архангай аймгийн төв дээр 2017 оны 04 сарын 09-ний өдөр байсан. Тэгтэл шөнө 00 цагийн үед Б.Лын ангийн багш нь байна гээд Х.З гэдэг хүн яриад “танай хүүхэд хоолны хордлого авсан. Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэг дээр байна, хүрээд ир” гэж хэлсэн. Тэгээд би эмнэлэг дээр яваад очиход манай охины нүүр ам нь хавдсан, цус гарсан, тариа хийлгээд хэвтэж байсан. Танай охины биеийн байдал муу байна, яаралтай Улаанбаатар хот руу явсан нь дээр гэж хэлсэн. Тэгээд 2017 оны 04 сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод Цэргийн нэгдсэн эмнэлэгт ирж 2017 оны 04 сарын 11-ний өдөр хагалгаанд орсон. Би тухайн үед юу болсон юм бэ гэж асуухад Х.З гэдэг багш хэлэхдээ хүүхэд буу алдаад гэж байсан. Ангийнхан нь Ц.О гэдэг хүүхэд буу алдсан гэж ярьж байсан. Би хамт байгаагүй болохоор юу болсон талаар мэдэхгүй байна. Б.Лын биеийн байдал одоо дунд зэрэг байгаа. Анх хагалгаанд ороод биеийн байдал хүнд байсан. Одоо биеийн байдал засарч байгааг, эмчийн хяналтанд байгаа. Манай охинд ирүүний ясны бяцралт үүсч, 2 шүд бяцарч, 1 шүд унасан. Манай охины биед орсон сумны хошууг аваагүй байгаа. Эхний хагалгаагаар бяцарсан ясыг нөхсөн, ирүүний хальсыг нөхөх зэрэг эмчилгээ хийсэн. Энэ нь маш том хэмжээний хагалгаа болсон. Одоо дахиад хагалгаа хийлгэх шаардлагатай байгаа. Сумны хошуу хүзүүний 3 дугаар нугамтай ойрхон, гол судастай ойрхон байгаа болохоор хойшлогдоод байгаа. Энэ хагалгааг хийлгэх мөнгөгүй болсон байна. Хагалгаа 2017 оны 05 сарын 22-ны өдөр шийдэгдэнэ. Энэ мөнгийг холбогдох хүмүүсээс гаргуулан авах хүсэлттэй байна. Миний охиныг дадлага хийгээд явахад дадлага хариуцсан хүн яваагүй, дадлага хариуцах сурган хүмүүжүүлэгч явах ёстой гэж бодож байна. Мөн дадлага хийлгэж байсан Д.А гэдэг айл хүүхдүүд авчирчихаад хяналт тавиагүй, Д.Н гэдэг хүн буугаа хараа хяналтгүй орхисон зэрэг нь миний хүүхдийг ингэж хүнд гэмтэхэд хүргээд байна. Миний охин хүнд гэмтэл авсан, эрүүл мэнд болон цаашдын ирээдүй нь бүрхэг  байгаа. Эмч надад хэлэхдээ ирүүний гэмтсэн тал, хөгжил муутай байдаг болохоор эрүү мурийх эрсдэлтэй гэж хэлсэн. Ингээд нүүрний гадна үзэмж, шүд, хагалгааны сорви гээд асар их эрүүл мэндийн хохирол учирч, ирээдүй нь эрсдэлтэй байна. Одоо юм идэж чадахгүй, зажилж чадахгүй байгаа. Хоол идэхгүй, зөвхөн уургийн бэлдмэл идэж байгаа. Тиймээс эмчилгээ, хоол ундны зардал, хагалгааны зардал зэргийг холбогдох хүмүүсээс гаргуулмаар байна. Би Улаанбаатар хотод ирээд 40 хоног айлд амьдарч байгаа. Тэр айлын гэрэл цахилгааны мөнгийг төлөх, хоол унд авах, эмнэлэг рүү Улиастай гэх газраас таксидаж явж байгаа. Тиймээс гарах зардал их, хүндрэлтэй байна Манай охин сэтгэл санааны байдал, ой санамж гээд охинд маань их  сөргөөр нөлөөлж байна. Хүүхдүүдийг хараа хяналттай дадлага хийлгэсэн бол ийм зүйл болохгүй байсан байх. Миний охин ингэж эрүүл мэндээрээ хохироход ангийн багш Х.З, сургуулийн захиргаа, дадлага хийлгэсэн айл Д.А, бууны эзэн Д.Н, буу алдсан Ц.О зэрэг хүмүүст гомдолтой байна.Ангийн багш Х.З машинтайгаа миний охины урдаас ирж байхдаа яагаад эмч дагуулаад ирээгүй, цагдаа, эмнэлэгт мэдэгдээгүй, өөрөө дур мэдэн тариа хийж эмчилсэн байсан. Би ямар санаатай  хийснийг мэдэхгүй байна. Бас багшийгаа байсан гэж хэлээрэй, нэг ангийн найздаа гомдолгүй гэж хэлээрэй гэж миний охины бие муу байхад хэлсэн гэсэн. Би их гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-34 дүгээр тал/

 

*  Гэрч Д.Цийн өгсөн:

”...Ц.О нь миний зээ хүү, харин Б.Л, Д.Н нарыг танихгүй, ямар нэгэн харьцаа холбоо байхгүй. Ц.Оын холбогдон шалгагдаж байгаа хэргийн талаар надад мэдэх зүйл байхгүй, Ц.О надад ямар нэгэн зүйл хэлээгүй, ангийн багш, хүүхдүүд нь надад “Ц.О буугаар оролдож байгаад хүүхэд гэмтээсэн” гэж хэлсэн. Өөрөөс нь асуухаар надад хэлж чадахгүй байна лээ. Ц.Оын ээж нь болох Цэцэгмаа миний төрсөн охин байгаа юм. Цэцэгмаа хөгжлийн бэрхшээлтэй учир Ц.О нь миний гар дээр өсөж торнисон. Зан байдлын хувьд төлөв даруу, хүнд тусархуу, элдэв гаж зан ааш байхгүй, сурлага хүмүүжил сайтай, хүүхэд байгаа юм. Аймгийн төвд “Гурван тамир” сургуулийн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд малын бага эмчийн ангийн 2 дугаар курсэд сурч байгаа, аймгийн төвд хөлсний байранд амьдардаг. Цэцэгмаагийн амьдрал тааруу, мал муутай, өөрөө групп авдаг, Ц.Оын төрсөн эгч Амаржаргал нь ээжтэйгээ хамт хөдөө байдаг юм. Ц.О нь өмнө ямар нэгэн хэрэг, зөрчилд орж байгаагүй, сурлага хүмүүжил сайтай, ухаантай, оюун ухааны хөгжил сайн, сэтгэх чадвар сайтай хүүхэд байгаа юм. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг  /хх-ийн 37-38 дугаар тал/

 

*Гэрч Л.Цогзолмаагийн өгсөн: 

 

“...Би өөрөө тухайн үед байгаагүй. Манайхаас Д.Нийн гэр нилээн зайтай байдаг. Гэхдээ манайд дадлага хийхээр ирсэн байсан хүүхдүүд учир тэр  өдөр нь Д.Нийнд очихоор явсан байсан. Б.Л, Ц.Н нар Д.Нийн хүүхдийг харах хүн байхгүй гээд явсан. Харин Ц.О өөрөө явсан байсан, яв гэж хэлсэн хүн байхгүй. Гэтэл 2017 оны 04 сарын 09-ний өдөр оройхон хурга, ишгэ тавьж өгч байх үед 18 цагийн үед Ц.Н манайд морьтой хүрч ирээд хойно Мөнгөн ахынд болохоо байлаа хурдан очоорой гэхээр нь асуутал Ц.О буугаар оролдож байгаад Б.Лыг буудсан, Б.Л цус алдаад байна гэхээр нь Д.А машинаа асаагаад яараад явсан. Тэгээд удаад байхаар нь би яваад очсон чинь Д.Нийн гэрийн зүүн талын орны урд талын хулдаас нилээн их хэмжээний цус болчихсон, Б.Лын цус тогтсон байдалтай, баруун гар талын хацар нь цоорсон нүх гарсан байсан. Бууг нь сайн анзаараагүй. Би очоод  юу болсон талаар асуухад Ц.О буу алдаад буудсан гэж ярьж байсан. Аймгийн төв рүү авч яваад хурдан эмнэлэгийн бараа харуулах шаардлагатай гээд ангийн багшид нь хэл хүргээд явцгаасан. Тэгээд бид Дарханбаатар гэх нутгийн хүнийг гуйж аймгийн төв рүү манай хүнийг хүргэж өгөх үед нь хамт явсан. Манай нөхөр Д.А, Д.Н нар төрсөн ах дүүс бөгөөд Д.Нийн гэрт байсан буу талийгч хадам аавын амьд байхдаа хэрэглэж байсан буу байгаа юм. Хадам аав нас барснаас хойш Д.Нийн гэрт байдаг байсан. Тийм болохоор Д.Н хариуцах ёстой гэж бодож байна. Албан ёсны бүртгэлтэй байх ёстой манайх татварыг нь төлдөг. Д.Н бусадтай нийтэч, олонтой байдаг, архи, дарс уудаггүй, гаж буруу зангүй, өмнө нь гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй. Ааш зан сайтай хүүхэд байгаа юм. ... гэх мэдүүлэг хх-ийн  18-19, 39-41 дүгээр тал/,

 

*Гэрч Ү.Жавзандуламын өгсөн:

 

 “...2017 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 16-17 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Идэр-Улаан багийн “Ваартын их өвөлжөө” гэх газар өөрийн малаа нийлүүлж байтал манайд байсан Ц.Н нь мориор давхиад явсан.  Ц.О гэх залуу та хүрээд ирээч гэж дуудахаар нь гэртээ орж ирэхэд тогооны эргүүлийн урд талд өвдөглөөд суусан. Б.Л Ц.О нар байсан. Тэгтэл Б.Лын нүүр тэр чигээрээ цус болсон байхаар нь юу болсон юм бэ гэж асуухад Ц.О буу алдчихлаа гэж хэлсэн. Харин манай бууг байсан байранд нь буцаагаад авдар, шүүгээ хоёрын хооронд хийсэн байсан. Тухайн үед Дарханбаатар гэх нутгийн залуу гуйж аймгийн төв рүү шууд яваад замдаа их уулын өвөрт машинд суулгаж явуулсан байсан. манайд байгаа Тоз-8 маркийн калибр буу манай нөхөр Д.Нийн талийгч аавынх нь буу гэж байсан. бичиг баримттай. Хэрэг учрал болох үед Тоз-8 маркийн калибр бууг Ц.О гэх залуу барьж байгаад буу алдаж Б.Лын баруун гар талын хацарт сум орсон байсан бөгөөд манай нөхөр өнгөрсөн оны 11 дүгээр сард нүүдэл хийж, буугаа авдар хувцасны шүүгээ хоёрын завсар хийсэн. Тэрнээс хойш ямар нэгэн хүн буугаар оролдоогүй. Хоолойдоо сумтай байсан талаар мэдээгүй. Тухайн үед намайг гаднаас орж ирээд юу болсон талаар асууж тодруулах үед гэрийн хоёр баганы хооронд Тоз-8 маркийн калибр бууны хонгио байсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-22 дугаар тал/

 

      *Гэрч Л.Дүнхэрсүрэнгийн өгсөн: 

 

“...2017 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 18 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Идэр-Улаан багийн Ваартын их өвөлжөө гэх газар Д.Нийнд аймгийн төвийн “Гурван тамир” дээд сургуулийн мал эмнэлэгийн ангийн 2 дугаар курсын оюутан Ц.О, Ц.Н, Б.Л гэх оюутнууд байж байгаад Д.Нийн гэрийн авдар, хувцасны шүүгээ хоёрын хооронд байсан тоз-8 маркийн бууг авч, оролдож байгаад Ц.О нь Б.Л гэх оюутны баруун хацарт нь сум алдаж буудсан байна гэх талаар мэдсэн. Би тэр өдөр 18-19 цагийн үед Д.Нийнд ирэхэд Б.Л нь гэрийн баруун гар талын орон дээр хэвтэж байсан. Хэрэг болох үед Д.Нийн гэрт Ц.О, Ц.Н, Б.Л нар байсан юм байна лээ. Д.Н тухайн үед аймгийн төвд байсан. Д.Нийнд Тоз-8 маркийн буу байдаг талаар мэднэ. Чухам бичиг баримт байдаг талаар мэдэхгүй. ...надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар тал/,

 

* Иргэний хариуцагч С.Нийн гэрчээр өгсөн: 

 

“...Б.Лыг буудагдаж гэмтэл авсан гэх асуудлын талаар тухайн газарт байгаагүй болохоор мэдэхгүй, харин 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өглөө над руу багш Х.З утсаар ярьсан. Тэгээд л тэр талаар мэдсэн, өөр мэдэх зүйл байхгүй. Над руу Х.З багш хэлэхдээ дадлагын газар байсан хүүхэд буу алдаж, Б.Лыг буудсан байна. Би эмнэлэгийн анхны тусламж үзүүлээд эмнэлэгт аваад ирсэн. Өглөө үүрээр 05 цагийн үед Улаанбаатар хотуу явсан гэж хэлсэн. Хаана нь буудаж, ямар гэмтэл авсан талаар мэдээгүй. Намайг бие нь яаж байна гэж  асуусан чинь завж руу нь буудсан, цус нэг их алдаагүй гэж хэлсэн. ...Дадлагын удирдамж дээр дадлага хийж байгаа багш дадлагын үеийн аюулгүй байдлын зааварчилгаа өгч ажиллах үүрэгтэй. Мөн Д.Атай гэрээ байгуулсан, аюулгүй байдлын заалт орсон байгаа. Дадлага хийж байгаа газар нь сургуулийн сургалтын орчин, обьект болох эсэхийг мэдэхгүй байна. энэ талаар албан бичгээр хариу өгье. ... Надад өөр нэмж ярих зүйл байхгүй... “гэх мэдүүлэг /хх-ийн 50-51 дүгээр тал/

 

* Сэжигтэн яллагдагч Д.Нийг өгсөн:

 

 “...Малын эмчийн сургуулийн хүүхдүүд хөдөө дадлагаар очихоор нь багштай нь уулзаж байгаад Ц.Н гэх хүүхдийг би гэртээ авсан. Өдөр нь манайд байж байгаад орой нь хүргэж өгдөг байсан. би 2017 оны 4 сарын 09-ний өдөр аймгийн төв явах ажилтай болчихоод дадлагын хүүхдүүдээс нэг охиныг нь хүүхдүүдтэй хамт байж байг гэж бодоод манайд очих уу гэсэн чинь Б.Л би очъё гэхээр нь гэрт хүргэж өгсөн. Тэгээд аймаг явсан чинь орой 19 цаг 30 минутын үед байх хөдөөнөөс утсаар яриад нэг нь нөгөөгөө буудсан байх гэж хөдөөнөөс хэллээ. Намайг ирэхээс өмнө хүмүүс мэдээд очиж авахаар явсан. Тэгээд аймгийн эмнэлэгт хүргэж ирсэн. Надад болсон асуудлын талаар мэдэх зүйл байхгүй байна. ...манайд аавын барьж байсан калибрь /Тоз-8/ маркийн буу байсан. гэрийн зүүн хойморьт, шкафны араар хийсэн байсан. Тэр бууг огт ашигладаггүй. Би бууны замагийг салгаагүй байсан. салгасан байх ёстой гэдгийг мэднэ. Сумгүй байсан гэж бодож байсан. Бянт нь тасарсан, ямар ч юманд ашигладаггүй болохоор хэзээ хамгийн сүүлд ашигласан гэдгийг нь мэдэхгүй байна. Хоолойг нь шалгаж байгаагүй, гар ч хүрж байгаагүй. Санаатай сум хийж хүүхдүүд нэгнийгээ буудна гэж байхгүй. Тийм болохоор сумтай байсан юм байлгүй дээ. ...Манай аав Дамдинсүрэн 2004 онд нас барсан, тэрнээс өмнө бүртгэлтэй байсан, сүүлийн хэдэн жил татвар төлөөгүй, бүртгэлд хамрагдаагүй, бичиг баримт нь одоо хаана байгаа гэдгийг нь мэдэхгүй байна. Тухайн үед манай эхнэр Жавзандулам гадаа малдаа гарсан байсан гэсэн, гэрт Ц.О, Ц.Н, Б.Л нар байсан гэсэн. Өөр хүн байгаагүй. Б.Л нь Отгонбая, Ц.Н нартай дотно сайхан харьцаатай, нэг ангийн хүүхдүүд байх шиг харагдсан. Ямар нэгэн таагүй харьцаа манайд байх 14 хоногийн хугацаанд мэдэгдээгүй...” гэх мэдүүлэг хх-ийн 10-11 дүгээр тал/ 

 

* Насанд хүрээгүй сэжигтэн, яллагдагч Ц.Оын өгсөн:

 

“... 2017 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Д.А ахын хашаанд ямаа самнаад байж байтал манай ангийн хүүхэд болох Ц.Н мотоцикльтой ирээд морь услах гэж байгаа гэхээр нь ямаа самнахаас залхуураад Ц.Нтай явсан. Ц.Нтай хамт Мөнгөн ахынд очиход морийг нь усалсан гэхээр гэрт нь ороод сууж байгаад, хонь хургаа тавьж өгөөд Ц.Н Мөнгөн ахын гэрт оръё гэхээр нь гэрт нь орсон. Гэрт орж байж байгаад гарах гэтэл орны араар шкабны завсраар буу харагдахаар нь оролдож үзэж байтал Ц.Н наад буу чинь сумтай юм уу гэхээр нь замгийг нь татаж үзтэл сум гарч ирээгүй, тэгээд  буцааж замгийг нь түлхэж хийгээд бариул хэсгээс нь санаандгүй барьтал тас гээд  буудагдсан. Би өөрөө гох гэдгийг нь  мэднэ, гэхдээ гохон дээр нь дарсан эсэхийг мэдэхгүй байна. Гохонд гар хүрсэн. Ямар нэгэн байдлаар хэн нэгэн хүн лүү шагайж чиглүүлээгүй. Гэтэл манай ангийн охин Б.Л гэрийн зүүн талын орон дээр хүүхэд авч байгаад сөгдөөд орны урдуур унасан. Б.Л тэр доороо ёолоод хэвтээд өгсөн. Тэгээд л Д.А ахыг дуудаад, хүмүүст мэдэгдээд шууд аймгийн төв рүү эмнэлэгт хүргэхээр Б.Лыг аваад явсан. Өөр ямар нэгэн зүйл болоогүй. Бууны сумтай байсан эсэхийг шалгахдаа замгийг нь татахаар сум гарч ирдэг гэдгийг мэднэ замгийг нь татах үед сум гарч ирээгүй, замгийг нь татаад хоолой руу нь нарийн хараагүй, сум байхгүй байна гэж бодсон. Хэний буу гэдгийг мэдэхгүй, Мөнгөн ахын гэрт л байсан. Гэрт манай ангийн Ц.Н, Б.Лхагважаргап 2 байсан, мөн Мөнгөн ахын өлгийтэй хүүхдийг нь Б.Л авч байсан. өөр хүн байгаагүй, харин гэрийн гадаа урдаас хонин дээрээс Мөнгөн ахын эхнэр ирж байсан. Б.Лхагважаргапын биед гаднаас нь харахад баруун талын хацар дээр нь сум орсон нүх гарсан, тэр шархаар нь цус нэлээн гарсан, өөр гзмтэл бэртэл учраагүй. Санаандгүй сонирхож үзсэн юм. Хүн рүү шагайсан, чиглүүлсэн асуудал байхгүй. Нэг удаа л оролдож байгаад буудсан, дахиж буудсан асуудал байхгүй. Би буу ашиглаж мэдэхгүй. Би санаандгүй говхыг нь дарсан. Санаатай буудсан асуудал байхгүй. Би бууг авчихсан, гэрийн хойморт нь сууж байсан, харин Б.Л миний зүүн талд орон дээр Мөнгөн ахын хүүхдийг тэврээд сууж байсан. Буу нь дотроо сумтай байсан, надад сум байгаагүй.  Би бууны хоолойг шалгаагүй, гэхдээ замгийг нь хойш нь татсан чинь сум гарч ирээгүй.  Тухайн үед хэрүүл маргаан, зодоон болсон асуудал байхгүй. Бид хоёр нэг ангийн жирийн найзууд байгаа юм. Ямар нэгэн өс хонзон, өр авалга байхгүй. Тухайн үед том хүн байгаагүй. Би ээж Цэцэгмаа, эгч Амаржаргал нарын хамт амьдардаг, Манай ээж хөгжлийн бэрхшээлтэй групп авдаг, эгч хөдөө мал дээр байдаг, амьдралын боломж бололцоо муутай...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14, 97-99 дүгээр тал/

 

* Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн: 

“...Шинжилгээнд сангийн анги 33317 дугаартай замаг, 33317 дугаартай ЗХУ-д 1954 онд агнуур- Спорт сургалтын зориулалттай үйлдвэрлэгдсэн Тоз-8 загварын бууг ирүүлсэн байна. энэ буугаар буудлага үйлдэх боломжтой. Шинжилгээнд ирүүлсэн бууны замгийг сойсон тохиолдолд гох дарахгүйгээр доргилтоос буудлага үйлдэнэ. Шинжилгээнд ирүүлсэн нэг ширхэг хонгио нь сангийн анги 33317 дугаартай, замаг 33317 дугаартай, ЗХУ-д 1954 онд ан агнуур-спорт сургалтын зориулалттай үйлдвэрлэгдсэн Тоз-8 маркийн загварын буугаар буудлага үйлдэхэд хэрэглэгдсэн байна. Уг хонгио нь ОХУ-ын Климовскийн үйлдвэрт үйлдвэрлэгдсэн 5.6 15мм калибрийн Стандарт загварын ан агнуур-спрот сургалтын зориулалттай сумны хонгио байна. шинжилгээнд ирүүлсэн галт зэвсгээр буудлага үйлдсэн тохиолдолд амьд биетийг хөнөөх чадвартай...” гэх 2017 оны 4 дүгээр сарын 27-ны  өдрийн 2337  дугаартай дүгнэлт. \хх-ийн 55-56  дугаар тал\

 

* Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн:

 “...Шинжилгээнд ирүүлсэн гол төмрийн 33317 дугаартай, 33317 дугаартай буугаар гол төмрийг хамгийн сүүлд цэвэрлэснээс хойш 2 удаа буудлага үйлдсэн байна. харин хамгийн сүүлд хэзээ буудлага үйлдсэнийг тогтоох арга аргачлал болон техникийн бололцоо байхгүй тул шинжилгээ хийх боломжгүй...” гэх 2017 оны 4 дүгээр сарын 26-ны  өдрийн 3936  дугаартай дүгнэлт. \хх-ийн 60  дугаар тал\

 

* Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн: 

“...Б.Лын биед баруун хацрын доод хэсгээс эрүүний их бие, баруун салааны ясанд олон тооны үүрч бутарсан, хэлтэрхийт хугарал, буглаат нэвчдэс үүсгэсэн, баруун доод 3 шүд булгарч, хэлэн доорх ясыг хугалж гэмтээсэн урагдаж шалбарсан шарх, эрүү болон ойчийн доорх зай, зөөлөн эд, хүзүүний 3,4 дүгээр нугаламын харалдаа хүзүүний буулган артер вен, хүзүүний жолоо булчин орчимд сумны хошууны бялтны илрэл, хий нэвчдэс хуралт, 2017 оны 04 сарын 11-ний хагалгааны явцад гэмтсэн 14-р шүдний булгарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хошуут сумны нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.9-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид  хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна. Шинжилгээнд ирүүлсэн гол төмрийн 33317 дугаартай, 33317 дугаартай буугаар гол төмрийг хамгийн сүүлд цэвэрлэснээс хойш 2 удаа буудлага үйлдсэн байна. харин хамгийн сүүлд хэзээ буудлага үйлдсэнийг тогтоох арга аргачлал болон техникийн бололцоо байхгүй тул шинжилгээ хийх боломжгүй...” гэх 2017 оны 4 дүгээр сарын 26-ны  өдрийн 3936  дугаартай дүгнэлт. \хх-ийн 60  дугаар тал\

 

  *Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл хх-ийн 4-5 дугаар тал/

*Хэрэг учралын газарт гэрэл зургийн аргаар үзүүлсэн байдал

*Яллагдагч Ц.Оын гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэглэсэн Тоз-8 маркийн бууг эд мөрийн баримтаар хураан авсан талаарх баримт /хх-ийн 9 дүгээр тал/

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32-33 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

2017 оны 04 дүгээр сарын 09-ний орой Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Идэр-Улаан багийн нутаг дэвсгэр “Баартын Их өвөлжөө” гэх газарт оршин суух Д.Нийн гэрт өсвөр  насны шүүгдэгч Ц.О нь шүүгдэгч Д.Нийн буугаар оролдож байхдаа буу алдан хохирогч Б.Лын баруун хацарт буудаж, түүний бие махбодид хүнд гэмтэл учирсан гэх нөхцөл байдал нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.  

 

Архангай аймгийн прокурорын газраас насанд хүрээгүй шүүгдэгч Ц.Оыг 2002 оны Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Бовогт Д.Нийг  2002 оны Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 187 дугаар зүйлийн 187.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзлээ. 

 

Насанд хүрээгүй шүүгдэгч Ц.О нь 2017 оны 04 дүгээр сарын 09-ний орой Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Идэр-Улаан багийн нутаг дэвсгэр “Баартын Их өвөлжөө” гэх газарт оршин суух Д.Нийн гэрт Тоз-8 маркийн калибр бууг оролдож байхдаа буу алдаж, улмаар Б.Лын баруун хацарт буудаж, түүний биед хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Д.Н нь галт зэвсгийг хайхрамжгүй хадгалж бусдад ашиглах боломж олгосноос хүнд хор уршиг учирсан гэмт хэрэг үйлдсэн болох нь  насанд хүрээгүй хохирогч Б.Лын  “...Ц.О гэрийн хойморт л зогсож байх шиг байсан. Би тухайн үедээ юу болсныг мэдээгүй. Дараа нь миний хацар хэсэгт оносон байсныг мэдсэн. Ц.О Д.Н ахын гэрт орж ирээд хоймор хэсэгт байсан бууг аваад барьчихсан, ийш тийш нь чиглүүлж байгаа харагдсан. Нэг харахад над руу чиглүүлчихсэн байх шиг байсан. Би тэгэхээр нь хүүе буу гэж хэлэхийн завдалгүй буу дуугарах чимээ гарсан....” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Ц.Нгийн “...Д.Н ахынд Ц.О гэрийн хойморт буу гаргаад ирсэн байсан, буу нь гэрийн зүүн орны шкафны завсар, амыг нь дээш харуулаад босгоод хийсэн байсан. Тэгээд Ц.О буугаар оролдоод байхаар нь сумтай байж магадгүй шүү гэсэн чинь Ц.О замгийг нь татаж үзэж байсан. Замгийг нь татахад хоолойноос сум гарч ирээгүй, хоолой руу нь тонгойж харалгүй буцааж цэнэглээд удалгүй тас гээд буу дуугарсан. Гэхдээ Ц.От өөрт нь ямар ч сум байгаагүй, сум хийж сумлаагүй, өөрөө сумтай байсан юм байна лээ. Буу дуугарсан чинь Б.Лын баруун хацар орчмоос цус гарч, царай нь цайгаад орон дээрээс орны урдуур унасан...” гэх мэдүүлэг, гэрч Д.Аын “...2017 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр намайг малд явсан хойгуур манайд байсан хүүхдүүдээс Б.Л, Ц.Н, Ц.О нар Д.Нийнд очоод нэгнийгээ буудсан асуудал гаргасан байсан...” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй шүүгдэгч Ц.Оын “...Ц.Н наад буу чинь сумтай юм уу гэхээр нь замгийг татаж үзсэн чинь сум гарч ирэхгүй, юу ч мэдэгдэхгүй байхаар нь буцаагаад тавих гэж байсан чинь гэнэт буу дуугараад буудсан. Би тавихдаа гохыг нь дарсан. Ямар нэгэн байдлаар хэн нэгэн хүн лүү шагайж чиглүүлээгүй. Гэтэл Б.Лыг оносон байсан...” гэх мэдүүлэг, шүүгдэгч Д.Нийн “...Аав өөд болоод би гэртээ эхнэр авсан. Тэгэхэд аавын буу байсан.  Тэр бууг шкафны араар хийсэн байсан. Тэр бууг огт ашигладаггүй. Би бууны замгийг салгаагүй байсан. салгасан байх ёстой гэдгийг мэднэ. Сумгүй байсан гэж бодож байсан. Бянт нь тасарсан, ямар ч юманд ашигладаггүй болохоор хэзээ хамгийн сүүлд ашигласан гэдгийг нь мэдэхгүй байна. Хоолойг нь шалгаж байгаагүй, гар ч хүрж байгаагүй. Санаатай сум хийж хүүхдүүд нэгнийгээ буудна гэж байхгүй. Тийм болохоор сумтай байсан юм байлгүй дээ. Манай аав Д 2004 онд нас барсан, тэрнээс өмнө бүртгэлтэй байсан, сүүлийн хэдэн жил татвар төлөөгүй, бүртгэлд хамрагдаагүй, бичиг баримт нь одоо хаана байгаа гэдгийг нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг, гэрч Л.Цогзолмаагийн “...Тэгээд удаад байхаар нь би яваад очсон чинь Д.Нийн гэрийн зүүн талын орны урд талын хулдаас нилээн их хэмжээний цус болчихсон, Б.Лын цус тогтсон байдалтай, баруун гар талын хацар нь цоорсон нүх гарсан байсан. Бууг нь сайн анзаараагүй. Би очоод  юу болсон талаар асуухад Ц.О буу алдаад буудсан гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Ү.Ж “...Ц.О гэх залуу та хүрээд ирээч гэж дуудахаар нь гэртээ орж ирэхэд тогооны эргүүлийн урд талд өвдөглөөд суусан. Б.Л Ц.О нар байсан. Тэгтэл Б.Лын нүүр тэр чигээрээ цус болсон байхаар нь юу болсон юм бэ гэж асуухад Ц.О буу алдчихлаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, хохирогч Б.Лын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан талаар гарсан Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 7 сарын 31-ний өдрийн 326 дугаартай дүгнэлт  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 4 дүгээр сарын 26-ны  өдрийн 3936  дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

 

           Тус хэрэг 2017 оны 04 сарын 09-ний өдөр үйлдэгдсэн талаар хэрэгт нотлох баримтууд авагдсан бөгөөд тухайн үед 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан ба Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч нарт холбогдох хэрэгт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1, 187 дугаар зүйлийн 187.1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.

  

           2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт”...оногдуулсан ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэхээр...” хуульчилсан бөгөөд галт зэвсэг хайхрамжгүй хадгалсаны улмаас бусад хүнд хор уршиг учруулсан хэрэг нь  2015 оны Эрүүгийн хуулийн 20.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэгдсэн бөгөөд тухайн гэмт хэрэгт 2 жилээс 8 жилийн хорих ял оногдуулахаар, 2002 оны Эрүүгийн хуулийн 187 дугаар зүйлийн 187.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 1-3 сар баривчлах ял оногдуулахаар тус тус хуулчилсан байх тул шүүгдэгч Д.Нт холбогдох хэрэгт 2002 оны эрүүгийн хуулийг хэрэглэх нь түүнд оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн гэж, бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэх хэрэг нь 2015 оны Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэх ба  тухайн гэмт нэг жил хүртэл хугацаагаар эрх хасаж, 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдулахаар, 2002 оны Эрүүгийн хуулийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт 2 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан ба насанд хүрээгүй шүүгдэгч Ц.От холбогдох хэрэгт мөн 2002 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх нь түүнд оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, эрх зүйн байдлыг дээрдүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна. 

    

       Иймд насанд хүрээгүй шүүгдэгч Ц.Оыг хүний бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан, шүүгдэгч Д.Нийг галт зэвсгийг хайхрамжгүй хадгалж, бусдад ашиглах боломж олгосноос бусад хүнд хор уршиг учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна. 

            

         Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Удвалын уг буу бүртгэлтэй эсэх гэмт хэрэг үйлдэгдэхэд ашигласан буу нь хэний эзэмшилд байгааг тогтоогоогүй, Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн 20.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт байлдааны, хууль сахиулах зориулалттай галт зэвсэг гэж заасан, шүүгдэгч Д.Нийн буу ангийн зориулалттай буу байгаа. Иймд Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуулийг буцаан хэрэглэж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэснийг хүлээн авах боломжгүй юм. 2015 оны Эрүүгийн хуулийн 20.6 дугаар зүйлд Галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодист хамгаалахад хайнга хандах гэж заасан мөн шүүгдэгч Д.Н нь “...өөрийн аав нас барсны дараа аавынхаа гэрт эхнэр авсан, тэгэхэд л буу байсан, аавын буу байгаа...” гэж мэдүүлдэг бөгөөд хэрэгт уг буунд өөр эзэмшигч байгаа талаар баримт авагдаагүй, Д.Н нь уг бууг ааваасаа өвөлж авсан, байх тул Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2 дахь  хэсэгт заасны дагуу үүрэг хүлээнэ. Уг буу бүртгэлтэй эсэх нь тухайн хэрэгт ач холбогдолгүй гэж үзнэ. 

 

         Хэрэгт “Гурвантамир” мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийг иргэний хариуцагчаар татсан байх ба гэмт хэрэг гарах үед насанд хүрээгүй шүүгдэгч Ц.О, насанд хүрээгүй хохирогч Б.Л  нар нь тухайн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд суралцаж байсан болох нь гэрч, насанд хүрээгүй шүүгдэгч, хохирогч, иргэний хариуцагч байгууллагын төлөөлөгч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

 

           Гэмт хэрэг гарах үед шүүгдэгч Ц.О нь 16 нас 11 сартай, хохирогч Б.Л нь 16 нас 8 сартай байсан ба “Гурвантамир” мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд малын бага эмчийн ангид суралцаж байсан. Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд малын бага эмч мэргэжлээр суралцагч буюу техникийн боловсрол олгох сургалтанд  бүрэн дунд түүнээс дээш боловсролтой хүнийг элсүүлэхээр Мэргэжлийн боловсролын тухай хуульд заасан байхад  иргэний хариуцагч болох “Гурван тамир” мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв нь хууль болон суралцагч элсүүлэх журмаа зөрчин 12 дугаар анги төгсөөгүй, бүрэн дунд боловсрол эзэмшээгүй хүнийг элсүүлсэн, энэ талаараа иргэний хариуцагч тайлбартаа мэдүүлсэн. Мөн “Гурвантамир” мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв нь Мэргэжлийн боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсэгт зааснаар үйлдвэрлэлийн дадлагын ажил хийлгэх асуудлаар аж ахуйн нэгж, байгууллага, суралцагч, сургууль гурван талт гэрээ байгуулна гэсэн заалтыг зөрчиж насанд хүрээгүй хүмүүсийг эцэг эхийн зөвшөөрөлгүйгээр дадлага хийлгэхээр явуулсан, мөн тухайн дадлагад гарахдаа дадлага удирдсан багшгүй, тухайн сургуультай гэрээ байгуулаагүй хүнд суралцагч хүүхдүүдийг өгч явуулсан талаар шүүгдэгч, хохирогч болон тухайн хүүхдүүдийг хариуцаж байсан дадлагын багш болох гэрч Х.З мэдүүлсэн бөгөөд үүнийг иргэний хариуцагч байгууллагын төлөөлөгч үгүйсгээгүй болно. 

           Насанд хүрээгүй хохирогч нь “Гурвантамир” мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд суралцаж, сургуулийн захиргааны шийдвэрээ дадлага хийж байхдаа гэмтсэн бөгөөд тухайн сургуулийг энэ хэрэгт иргэний хариуцагчаар татсан нь хуульд нийцсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хууль ёсоор хариуцах этгээд мөн гэж үзнэ.

            Тухайн дадлагыг удирдаж байсан багш З, дадлага хийлгэхээр тохирсон гэх малчин Амгаланбаатар нарыг энэ хэрэгт иргэний хариуцагчаар татах хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах боломжгүй юм. Учир нь малчин Амгаланбаатартай сургууль хамтран ажиллах гэрээ байгуулсан гэж байгаа боловч /хх-131-132хуу/ уг гэрээний эх хувь  хэрэгт авагдаагүй, тухайн гэрээг байгуулсан этгээд гарын үсэг зураагүй, гэрээний хугацаа тодорхойгүй мөн дадлагад гарах үед албан ёсоор сургуулийн захиргаа хүүхдүүдийг хүлээлгэн өгөөгүй байдал шүүх хуралдаанд гэрч хохирогч, насанд хүрээгүй шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон. Багш Згийн хувьд өөрийг нь томилсон албан ёсны тушаалтай танилцаагүй гэж мэдүүлдэг бөгөөд тухайн үед 1 нас хүрээгүй хүүхэдтэй, томилолтоор явах боломжгүй талаараа сургуулийн захиргаанд мэдэгдсэн гэж байгаа мөн Л.Зг дадлага удирдагчаар томилсон тушаал хэрэгт хуулбар хувь авагдсан нотлох баримтын шаардлага хангахгүй байна. “Гурвантамир” мэргэжил сургалт үйлдэрлэлийн төв нь Мэргэжлийн боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсэгт зааснаар үйлдвэрлэлийн дадлагын ажил хийлгэх асуудлаар аж ахуйн нэгж, байгууллага, суралцагч, сургууль гурван талт гэрээ байгуулна гэсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, үүний улмаас насанд хүрээгүй хүүхэд гэмтсэн асуудалд тухайн байгууллагыг иргэний хариуцагчаар татах үндэслэлтэй байна.

 

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн бодит гарсан зардал гэх 17.664.250 төгрөгөөс эмчилгээний зардалд зарцуулсан болон ирж очсон унааны зардалд зарцуулсан 15.819.715 төгрөгийг нотлох баримтын шаардлагад хангасан байна гэж үзэн, хохиролтой шууд холбоогүй, өдөр тутмын хоол хүнс авсан гэх 1.844.535 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, насанд хүрээгүй шүүгдэгч Ц.О нь хохирогчид 2.450.000 төгрөг, шүүгдэгч Д.Н 4.400.000 төгрөгийг хохирогчид өгсөн талаар баримтыг ирүүлсэн, мөн иргэний хариуцагч байгууллага 200.000 төгрөгийг өгсөн талаар мэдүүлэх бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч тухайн мөнгийг шүүгдэгч, иргэний хариуцагч нараас авсан талаар маргахгүй байх тул насанд хүрээгүй шүүгдэгч Ц.О 2.450.000 төгрөг, шүүгдэгч Д.Н 4.400.000 төгрөг, иргэний хариуцагч Гурвантамир мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв 200.000 төгрөгийг тус тус хохирогчид төлсөн болохыг дурдав. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн нотлох баримтаар гаргаж өгсөн 15.819.715 төгрөгөөс хохирогчид шүүгдэгч иргэний хариуцагчаас төлсөн нийт 7.050.000 төгрөгийг хасч үлдсэн 8.769.715 төгрөгийг иргэний хариуцагч Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвөөс гаргуулан хохирогч Б.Лд олгуулах нь зүйтэй байна.  

           Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Лын биед амь насанд аюултай хүнд гэмтэл учирсан болох нь тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр тогтоогдох бөгөөд хохирогч нь 7 удаагийн мэс засалд орж, хөдөлмөрийн чадвараа алдсан, цаашид гадаад улсад эмчилгээ хийлгэх шаардлагатай талаар баримт хэрэгт авагдсан байна.

            2009 оны 07 сарын 09-ний өдрийн Хохирогчид нөхөн олговор олгох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “...эрүүл мэндээрээ хохирсон иргэнд шүүх эмнэлгийн шинжилгээгээр тогтоогдсон гэмтлийн хүнд зэргийг харгалзан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 112 дахин өсгөж олгох...” оор заасан хуулийн зохицуулалтыг үндэслэн хүнд гэмтэл учруулсаны нөхөн төлбөрт 21.504.000 төгрөгийг иргэний хариуцагч Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвөөс гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

             Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Тоз-8 маркийн гол төмөр 33317, замаг 33317 дугаартай калибр маркийн бууг Архангай аймгийн Цагдаагийн газарт шилжүүлж, шүүгдэгч Д.Н, өсвөр насны шүүгдэгч Ц.О нар нь энэ хэрэгт цагдан  хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Д.Н нь хохирогч Б.Лд 4.400.000 /дөрвөн сая дөрвөн зуун мянга/ төгрөг, шүүгдэгч Ц.О нь 2.450.000 /хоёр сая дөрвөн зуун тавин мянган төгрөг/ тус тус төлсөн болохыг дурдав.         

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 3,4, 5 дахь хэсэг,  36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

 

                                                       ТОГТООХ нь:

 

1. Насанд хүрээгүй шүүгдэгч Б овогт Ц.О-ыг бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б овогт  Д.Н-ийг галт зэвсгийг хайхрамжгүй хадгалж, бусдад ашиглах боломж олгосноос бусад хүнд хор уршиг учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар шүүгдэгч Д.Нийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, 2015 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч Д.Нт холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн 187 дугаар зүйлийн 187.1-д заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосгугай. 

 

3. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1.1, 69.1.3-т  заасныг баримтлан насанд хүрээгүй шүүгдэгч Ц.От 1 жилийн хугацаанд засарч хүмүүжихийг даалгах хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч, түүнд хяналт тавихыг түүний хууль ёсны төлөөлөгч Д.Цэд даалгасугай.

 

4. Шүүгдэгч Д.Н, Ц.О нар нь энэ хэрэгт цагдан  хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Д.Н нь 4.400.000 /дөрвөн сая дөрвөн зуун мянга/ төгрөг, шүүгдэгч Ц.О нь 2.450.000 /хоёр сая дөрвөн зуун тавин мянган төгрөг/ хохирогч Б.Лд тус тус төлсөн болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг  хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5, 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Тоз-8 маркийн гол төмөр 33317, замаг 33317 дугаартай калибр маркийн бууг Архангай аймгийн Цагдаагийн газарт шилжүүлсүгэй.

 

6. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1, 498 дугаар зүйлийн 498.1, 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар хохирогч Б.Лын нэхэмжилсэн 1.844535 /нэг сая найман зуун дөчин дөрвөн мянга таван зуун гучин тав/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, эмчилгээний зардалд 8.769.715 / найман сая долоон зуун жаран есөн мянга долоон зуун арван тав/ төгрөг нөхөн төлбөрт 21.504.000 / хорин нэгэн таван зуун дөрвөн мянга/ төгрөгийг “Гурван тамир” мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвөөс тус тус гаргуулан хохирогч Б.Лд олгож, цаашид гарах эмчилгээний зардлыг жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай. 

 

7. Шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч,  өмгөөлөгч, иргэний хариуцагч, түүний өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Н, Ц.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

 

 

 

 

                                                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ        П.ГАНДОЛГОР