Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 2022/ДШМ/1114

 

 

 

 

 

 

  2022             11              22                                          2022/ДШМ/1114

 

 

Ж.Н-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Ундрах,

хохирогч Г.С,

яллагдагч Ж.Н, түүний өмгөөлөгч Ш.Б,

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 2094 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Н.Ундрахын бичсэн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 35 дугаартай эсэргүүцлээр Ж.Н-д холбогдох ....................... дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Яллагдагч Ж.Н нь 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ найз болох Г.С-ын бичлэг хийж байсан Самсунг нөүт 20 ультра маркийн гар утсыг булаан авч газар шидэж гэмтээсний улмаас бусдад 2.000.000 төгрөгийн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Ж.Н-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан өмгөөлөгч хүсэлтдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.15-д тус тус заасны дагуу урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх тухай хүсэлт гаргаж байна. Хохирогчоор тогтоогдсон “С” хэргийг хэдийд гарсан талаар 2022 оны 5 дугаар сарын 30, 31-ний өдөр гэж 2 өөр огноо хэлдэг. Энэ хэргийг гэрчилж байгаа гэрч “Н” бол 2022 оны 6 дугаар сарын 30, 31 гэж хэлдэг. “Н” түүний нөхөр “З” нар ийм хэрэг манай гэрт болоогүй учраас мэдэхгүй ээ гэдэг. Бас ямар утас байдаг нь тогтоогддоггүй, ямар нэгэн утасны талаарх өнгө болон марк нь тодорхойлогддоггүй, үнэ нь нотлогддоггүй, тухайн утасны юу нь эвдэрсэн талаар тодорхой бус байдаг. Хохирогчийн мэдүүлгээр бол 2.000.000 төгрөг гэж хэлж байна. Үнэлгээний компани бол шууд хохирогчийн үнэлсэн үнэлгээгээр үнэлчихдэг. Энэ утасны дэлгэцийг нь солиод л хэвийн ажиллагаатай байгаа. Тэр чигээрээ 2.000.000 төгрөгийн утас биш, 2.000.000 төгрөгийн утасны зөвхөн дэлгэц нь эвдэрсэн байгаа нь тогтоогдож байна. Дөрөвдүгээрт энэ утас байсан уу гэдэг мөн эргэлзээтэй байна. Энэ айлд энэ утсыг барьж орсон эсэх нь мөн эргэлзээтэй байна...” гэв.

Прокурор гаргасан тайлбартаа: “...Хяналтын прокурорын зүгээс хэргийг бүхэлд нь уншсан. Мөрдөн шалгах ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулсан. Хохирогч С-ын хувьд гар утсыг нь шидэж эвдсэн гэх мэдүүлэг өгсөн байдаг. Мөн хохирогчийн зүгээс 5 дугаар сарын 30-ны өдөр Н-д очсон. Тэгээд гар утсыг маань шидэж эвдэлсэн гэдэг мэдүүлгийг хавтаст хэргийн 8-9 дүгээр хуудаст өгсөн байдаг. Дахин мэдүүлгээрээ мөн миний утсыг 2 удаа газар шидсэн гэх мэдүүлэг өгсөн. Тухайн үед дуудлагаар Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах тасгийн Г гэх мөрдөгч очсон байх ба тэрээр хэлэхдээ “тухайн шөнө буюу 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 23 цагийн орчимд хүмүүс зодолдоод байна гэх дуудлага мэдээлэл ирсэн” талаараа хавтаст хэргийн 82 дугаар хуудаст хэлсэн байдаг. “Т” компанийн хөрөнгийн үнэлгээгээр тухайн Самсунг нөүт 20 ультра маркийн гар утсыг 2.000.000 төгрөгөөр үнэлсэн байдаг. Гар утсанд үзлэг хийхэд дэлгэц нь бүхэлдээ ажиллахгүй байсан. Гар утасны өнгө, марк, загвар, ажиллагаа зэрэг нь үзлэгийн тэмдэглэл дээр байгаа...” гэв.

Дээрх асуудлуудын хүрээнд талуудын тайлбар болон тус эрүүгийн хавтаст хэрэгт цугларсан болон яллах дүгнэлтэд бичигдсэн зарим нотлох баримтыг шалгаж, нотолбол зохих зарим асуудлын талаар талуудаас тодруулсан болно. Урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцсэн дээрх асуудлын хүрээнд тус хэрэгт цугларсан, судлагдсан зарим нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэн дүгнэхэд тус шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх дараах үндэслэл тогтоогдов. Үүнд:

1.Тэнцвэр Эстимэйт ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайлангаар Самсунг нөүт 20 ультра маркийн гар утсыг хуучин хэрэглэж байсан нь 2.000.000 төгрөг гэх дүгнэлт гарсан /хх 22-23/ ба хохирогчийн гар утасны үнэлгээг хийлгэхдээ тухайн гар утсыг бүхэлд нь эсхүл эвдэрсэн хэсэгт нь үнэлгээ хийлгэсэн эсэх нь тодорхойгүй.

2. Гар утасны үнэлгээ хийсэн шинжээчээс эвдэрсэн гэх гар утсыг дахин засвар хийлгэсэн тохиолдолд ажиллагаа хэвийн болох эсэхийг тодруулах шаардлагатай.

Дээр дурдсанаар тус хэрэгт шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааны бүрэн бус, дутуу байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,

Иймд шүүх Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэглэхэд ноцтой зөрчил үүсгэхгүйн тулд тус хэргийг прокурорт буцааж, тус шийдвэрт дурдагдаагүй боловч мөрдөн шалгах ажиллагаа явуулах, прокурор хяналт тавих, нотлох баримтыг цуглуулах, шалгах, үнэлэх явцад үүссэн шалгавал зохих аливаа зөрүүтэй, эргэлзээтэй асуудал бүрийг нэг мөр шийдвэрлэхийг анхаарах нь зүйтэй. Уг хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, 2 ширхэг компакт диск хураагдсан байх ба яллагдагч Ж.Н-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байх тул тус таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Н.Ундрах бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 2094 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичсэн...” гэв.

Хохирогч Г.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Бичлэг хийсэн чинь булааж аваад хоёр удаа савж шидсэн. Гар утсаа засуулж болдог юм уу гээд засварын газар үзүүлэхэд засагдах ямар ч боломжгүй гэж хэлсэн. Үнэлгээний газар үнэлүүлэхэд мөн адил энэ утсыг засах боломжгүй байна гэж хэлсэн. Тухайн үед хэрэглэж байсан, хуучин гар утас гэж үнэлгээ хийсэн...” гэв.

Яллагдагч Ж.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би Г.С-ын утсыг эвдэж гэмтээгээгүй, ямар гар утастай орж ирснийг мэдэхгүй. Манайхаас нөхөртэйгээ хэрэлдэж байгаад гарсан. Прокурорын эсэргүүцлийн талаар хүлээн зөвшөөрөхгүй байна. Өнөөдөр би гүтгүүлсэн, нөхөр нь зодож байхад хамгаалсны төлөө би мөнгө төлөх болсон. Шүүх хуралдаанд хоёр удаа ирж оролцож байна, гомдолтой байна. Цагдаад би энэ хэргийг хийгээгүй, дахин шалгаж өгнө үү гэхэд миний хэргийг авч хэлэлцээгүй. Хоёр удаа буцаасан. Надад байгаа нотлох баримтуудын нэгийг ч аваагүй. Өнөөдөр би эмнэлэгт хэвтэх ёстой байсан. Шүүх хуралдаан болно гэж мэдээд хүрээд ирсэн. Г.С-д дахиж надаас битгий залилангийн мөнгө төгрөг аваарай гэж хэлсэн. Энэ асуудлыг дахин шалгаж өгнө үү...” гэв.

Яллагдагч Ж.Н-ийн өмгөөлөгч Ш.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул урьдчилсан мөрдөн байцаалтанд буцааж шийдвэрлэж өгнө үү. Энэ хэргийн үнэн зөвийг тогтоох шийдвэр гаргасан. Хохирогч Г.С гар утасны үнэлгээний хуудасанд 1.000.000 төгрөгний баримтыг 2.000.000 төгрөг болгосон. Тийм учраас мөрдөн байцаалтад буцах ёстой. Мөрдөн байцаалтад хэрэг буцвал мөрдөн байцаагчийн хууль бус ажиллагаа илрэнэ. Мөн хохирогч Г.Солонгын худал мэдүүлсэн нь нотлогдоно...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Прокуророос яллагдагч Ж.Н-ийг 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Г.С-ын бичлэг хийж байсан “Самсунг нөүт 20 ультра” маркийн гар утсыг булаан авч газар шидэж гэмтээсний улмаас бусдад 2.000.000 төгрөгийн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар “Самсунг нөүт 20 ультра” маркийн гар утсыг хуучин хэрэглэж байсан нь 2.000.000 төгрөг гэх дүгнэлт гарсан /хх 22-23/ ба хохирогчийн гар утасны үнэлгээг хийлгэхдээ тухайн гар утсыг бүхэлд нь эсхүл эвдэрсэн хэсэгт нь үнэлгээ хийлгэсэн эсэх нь тодорхойгүй. Гар утасны үнэлгээ хийсэн шинжээчээс эвдэрсэн гэх гар утсыг дахин засвар хийлгэсэн тохиолдолд ажиллагаа хэвийн болох эсэхийг тодруулах шаардлагатай гэж үзэж Ж.Нд холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг  бүрэн шалгаж тогтоогоогүй байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.С-ын хэрэглэж байсан гэх гар утсанд үзлэг хийсэн боловч эд мөрийн баримтаар тооцоогүй, тухайн гар утсыг устгасан эсхүл гэмтээсэн болохыг тогтоогоогүй байхад яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэв.

Эрүүгийн хэргийн талаар нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлсийг бүрэн нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийх, улмаар хэргийг зөв зүйлчлэхэд чухал ач холбогдолтой юм.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно. ...” гэж тус тус заасан тул мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй байна.

Иймд шүүгчийн захирамж болон магадлалд дурдсан ажиллагааг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 2094 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Харин анхан шатны шүүх, шүүгчийн захирамжийн 2 дахь талын сүүлийн “...Дээр дурдсанаар тус хэрэгт шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааны бүрэн бус, дутуу байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг...” гэсэн өгүүлбэрийг төгсгөөгүй байж дараагийн хуудасны өгүүлбэрийг догол мөрнөөс эхэлж бичсэн нь утга найруулгын хувьд дэс дараалалгүй, ямар дүгнэлт илэрхийлж байгаа нь ойлгомжгүй бичиж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг зөрчсөн алдаа гаргасан байгааг магадлалд тэмдэглэж, цаашид энэ төрлийн алдаа гаргахгүй ажиллахыг анхааруулж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 2094 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Н.Ундрахын бичсэн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 35 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ

 

                        ШҮҮГЧ                                                            Ж.ЭРДЭНЭЧИМЭГ