Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 112/ШШ2024/0025

 

Хариуцагчийн зөвшөөрлийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах би Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Г-ээс тус аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч О.С-д холбогдуулан гаргасан дүгнэлтийг 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Г  шүүхэд гаргасан дүгнэлтдээ: Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Г би, тус аймгийн Татварын газрын эрх бүхий албан тушаалтан О.С “...”Э т” ХХК нь 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр төлбөрийн баримт олгоогүй...” гэх зөрчлийн 2416000289 дугаартай хэрэгт зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, холбогдогч Н.Ц-д 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 0043846 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.1-т зааснаар 46.900 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, шийдвэрлэсэн байна.

Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг хянахад эрх бүхий албан тушаалтан 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай болон тэмдэглэл үйлдэж, 2024 оны 05 дугаар сарын 01-ний зөрчлийн хэрэг нээж, 2024 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Н.Ц-аас холбогдогчоор мэдүүлэг авч, 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 0043846 дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч Н.Ц-д Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.1-т зааснаар 46.900 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны процесс ноцтой зөрчин шийтгэл оногдуулжээ.

Өөрөөр хэлбэл Н.Ц-тай холбоотой гомдол, мэдээлэл Татварын газарт албан ёсоор бүртгэгдээгүй байхад Н.Ц-аас холбогдогчоор мэдүүлэг авч, зөрчлийн хэрэг нээсэн оруулсан, мөн торгууль оногдуулсан 46.900 төгрөгийг хэрхэн тооцож, ямар баримтад үндэслэн торгууль оногдуулсан нь тодорхойгүй торгууль оногдуулсан үйл баримтууд тогтоогдож байна.

Эрх бүхий албан тушаалтны зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны процессыг ноцтой зөрчиж шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсыг эрх бүхий албан тушаалтан болон прокуророос шууд хүчингүй болгох боломжгүй байх ба Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу прокурорын дүгнэлтээр шүүхээс хянан хэлэлцэж, эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох эсэх асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иймд Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны процессыг зөрчиж, хүний эрхийг зөрчиж шийтгэл оногдуулсан үндэслэл тогтоогдож байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон аймгийн Татварын газрын эрх бүхий албан тушаалтан О.С-ын “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 0043846 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив гэжээ.

 

Хариуцагч Говь-Алтай аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч О.С шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Прокурорын газраас ирсэн дүгнэлттэй танилцлаа. Миний бие хэргийн хугацааг 2024 ны 05 сарын 13 гэх хугацааг 2024 оны 04 сарын 13 гэж буруу бичиж алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч байна. Иймд прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Г нь тус аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч О.С-ын “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 0043846 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах  тухай прокурорын дүгнэлтийг тус шүүхэд гаргасан байна.

Шүүх хуульд заасан журмын дагуу зөрчлийн хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад Прокурорын дүгнэлтийг хариуцагч татварын улсын байцаагч О.С нь хүлээн зөвшөөрч байгаагаа 2024  оны 06 дугаар сарын  21-ний  өдөр тус шүүхэд бичгээр илэрхийлсэн байна.

Энэхүү хүлээн зөвшөөрч байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д заасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх хариуцагчийн эрхийн хүрээнд байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Өөрөөр хэлбэл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх нь хэргийн оролцогчийн бүрэн эрхийн хүрээнд байгаа төдийгүй зөрчилд холбогдогчийн болон бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй, холбогдох хуулийг зөрчөөгүй байна гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарлаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Говь-Алтай аймгийн Прокурорын газрын Хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Г-ээс тус аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч О.С-ын “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 0043846 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай прокурорын дүгнэлтийг хариуцагч зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан Прокурорын байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болно.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Э.ЗОЛБАДРАХ